“Түүчээ буюу хүүхдийн Д.Сүрэнжав” ном уншигчдын хүртээл боллоо

“Түүчээ буюу хүүхдийн Д.Сүрэнжав” ном уншигчдын хүртээл боллоо

 

 

Т.САЙХАН

Сэтгүүлч Д.Отгонбаяр "Түүчээ буюу "хүүхдийн” Д.Сүрэнжав” түүхэн дурсамжийн номоо уншигчдын хүртээл болголоо. Тэрээр энэхүү бүтээлээ хүүхдийн байгууллагаар овоглосон Д.Сүрэнжав хэмээх эрхмийн үүх түүх туулсан амьдрал ярьсан түүх, баримтыг хоёрдугаар биеийн өмнөөс биш тухайн хүний хүүрнэсэн хэлбэрийг нь хадгалж бичсэн нь номын онцлог юм. Мөн номдоо дурьдсан бүхнийг түүхчдийн хийсэн баримт нотолгоогоор баяжуулан хүүрнэл зохиолын хэлбэрээр бүтээжээ. Номын гол баатар болох Д.Сүрэнжав нь амьдралынхаа замналыг сургуулийн захирлаар эхлээд монголын пионерийн байгууллагын төв, зөвлөлийн дарга, МХЗЭ-ийн төв хороонд сургууль, пионерийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга зэрэг албыг олон жил хашсан болохоор уг номд хүүхдийн гэсэн тодотгол зүүх эрхтэй нэгэн юм байна. Мөн номын нэгэн сонирхолтой хэсэг нь түүний аав Даваагийн туулж өнгөрүүлсэн амьдрал тэмцлийн түүх юм. Тэр түүх ужигтай урт бас нажидтай ээдрээтэй байж 1910-аад онд Хятадын Шинжаан буюу Илт Тарвагатайн нутагт манжийн дарлалын эсрэг бослого хөдөлгөөн өрнөж тэнд цахар түмний нэг хэсэг болон 1921 онд Ардын хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж, оройлон тэмцсэн байдаг. Тэр дунд Д.Сүрэнжав эмээгийн аав Даваа явж эх оронч сэтгэл зүрх, амьдрал хуйгаа хэрхэн өсгөж өндийлгөж үр хүүхдээ сайн сайханд хүргэсэн тухай мөн үнэний шүүлтүүрээр тод томруун болж үлдсэн содон хийгээд сэтгэл өмөрч ухаан санаа будилмаар бэрхшээл саадыг яаж давж байсныг энэ номд өгүүлсэн байна. Тэгснээр номын цаад утга агуулга нь зөвхөн Зэлтэрийн орчимд суурьшин амьдарсан цахар түмний амьдралын төдий биш Монголын нийгмийн өнгөрсөн түүхийн нэгээхэн хэсэг нь үнэнд хамгийн ойр бодит баримт юм. Энэхүү нэгэн сонирхолтой номын нээлт өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд боллоо. Номын гол баатар "Хүүхдийн” Д.Сүрэнжав "Миний амьдралаар ном бүтээгээд өгөөч ээ” гэж би зохиогчоосоо хүсээгүй. Миний амьдралыг харуулсан нэгэн удаагийн нэвтрүүлгийг үзээд надтай ярилцаж энэ номыг бичсэн Отгонбаяр охиндоо талархаж байна” хэмээсэн юм. Энэ үеэр номын талаар хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог: Би Д.Сүрэнжав даргатайгаа олон жил хамтран ажилласан. Намайг 1960 оны эхээр Булганд эвлэлийн төв хорооны хоёрдугаар даргаар томилсон. Тэгсэн Д.Сүрэнжав дарга маань "Чи угаасаа улс төр биш ном зохиол бичих ёстой” гээд намайг уран зохиолын замд оруулсан. Үүнд маш их баярлаж явдаг. Мөн энэ хүн монголын хүүхдийн байгууллагыг шинэчилж аливаа бодлогыг хүүхдийн хүмүүжил боловсролд шууд хүргэж чаддаг юм. Тиймээс энэ хүний тухай ном гаргаснаараа хүүхдийн байгууллагын зарим түүхийг чухал баримтуудыг дэлгэж чаджээ гэж бодож байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн: Би "Түүчээ буюу хүүхдийн Д.Сүрэнжав” номыг уншлаа. Нэрийг нь их оновчтой өгчээ. Тухайн цаг үеийн тэмүүлэл, түүчээ болж явсан хүн юм. Ер нь ном бичихэд сэдэв, нэрээ оновчтой олно гэдэг их чухал юм даа. Бичлэгийн хэлбэр их сонирхолтой байлаа. Хүн бүр анхны номоо ингэж бичдэг бол гайхалтай л юм. 20 зуунаас баримтат нийтлэлийн ач холбогдол өндөр үнэ цэнэтэй болж байна. Үүнийг манай Д.Отгонбаярын ном баталлаа. Амьд домог болсон сайхан буурлуудынхаа тухай ийм ном цаашид олон гаргаасай гэж хүсч байна.

Орчуулагч: Н.Пүрэвдавга: Энэ хүний амьдралаар ном хийснээр маш олон асуудлыг гаргаж ирлээ. Монгол түмэн туулж өнгөрүүлсэн бэрхшээл бүрээс гандаж гундаж биш өсөж өндийж, шинэ хүч бүхнээр өөрийгөө сэлбэсээр өдийг хүрлээ гэдгийг Сүрэнжав гуайн амьдралаас харж болохоор байна. Мөн номон дээр хүүхдийн байгууллагын сураг тасарсан бололтой гэж Сүрэнжав гуай харуусах янзтай дуугарсан байна. Нээрээ өнөөдөр хүүхдийн хамт олны эвлэлдэн нийлж сурч мэдэх нийгмийн хэрэгцээ үгүй болчихсон юм уу? Өнөөгийн хүүхдийг төрийн зүгээс зөвхөн харж хамгаалах бодлого л хэрэгжүүлэхдээ тултал ийм зэрлэгшээд байгаа хэрэг үү. Энэ мэт олон асуулт номон дотроос сонсогдож байна.

 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх