З.Энхболд даргын мэнгэ нь голлосон өдрүүд

 Ц.Эрдэм

Өмнө нь ҮЗХ-ны ирц бүрдээгүй, одоо ээлжит бус чуулганы ирц бүрддэггүй

Сонгуулийн жилийн хаврын улс төр сөрөг хүчин МАН-ын гэдийлтээр эхэлж, эрх баригч намын дарга З.Энхболд ирцээ бүрдүүлж чадахгүй хүчгүйдэж, ээлжит бус чуулганы нээлт хүлээгдсэнээр өрнөж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг эхнээсээ дэмжээгүй МАН-ын тухайд "Олонхи өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Гэтэл АН болон "Шударга ёс” эвслийн гишүүд чөлөөтэй, өвдсөн, тасалсан гээд олон шалтгааны улмаас яаран зарлаж, 14 хоногт 28 асуудал шийдэхээр төлөвлөсөн ээлжит бус чуулган эхэлж чадаагүй байна. УИХ дээр үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг эрх баригчид МАН төрийн ажлыг гацааж байна гэдгээр тайлбарлаж бүх бурууг сөрөг хүчнээс хайж гаргаж ирэх пиар ч явж байх шиг. Харин угтаа бол ээлжит бус чуулганы гацааг АН дахь дотоод зөрчилтэй холбоотой гэж зарим ажиглагч тэмдэглэж байна. Товчхондоо бол, УИХ-ын даргад ээлжит бус чуулганы ирц, Үндсэн хуулийн цэцийн даргын асуудал, айсуй сонгууль дөхөж байхад сөрөг хүчнээсээ тааруу үнэлгээтэй байгаа гээд олон мэнгэ голлочихоод байна. Зарим хэвлэл "З.Энхболдын хүчгүйдсэн өдрүүд” хэмээн тоймложээ. Энэ ч бас оргүй биш. Нэгдүгээр сарын 20-нд товлогдоод ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдаж чадаагүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал байна. АН-ын даргын суудалд сууснаасаа хойш З.Энхболд дарга ҮЗХ-гоо хуралдуулж чадаагүй өдий хүрч байгаа. Шалтгааныг нь тус намын ҮЗХ-г бүрдүүлж байгаа гишүүдийн олонхи нь өмнөх даргын буюу Н.Алтанхуягийн хүмүүс байгаатай холбон тайлбарлаж байсан билээ. Ямар ч гэсэн З.Энхболдын АН-ын даргынхаа хувьд анх удаа зарласан ҮЗХ-ны хурал үнэгүйдсэн нь түүнийг намтайгаа, намын гишүүдтэйгээ ихээхэн тулж ажиллах хэрэгтэй гэдгийг хатуу ойлгуулсан нь лавтай. Намынхаа бодлого, үйл ажиллагааны эсрэг яриад шүүмжлээд кноп дараад байгаа хүмүүст хариуцлага тооцно гэж дарга нь хэлсэн талаар тус намынхан жиг жуг хийж, эхнээсээ хүмүүжиж байгаа тухай яриа хөөрөө ч гараад амжсан. З.Энхболд намын даргынхаа хувьд нэр дэвшүүлэх асуудлыг шийдэх гол хүн. Ийм эрх мэдлийг атгаж байгаа хүн "хариуцлага тооцно” гэж хэлсэн бол нэр дэвшүүлэхгүй л гэсэн үг гэдгийг тус намынхан мэдэхийн дээдээр мэдэж буй биз ээ.

"Эксель”-тэй жагсаал ба суудал нь ганхсан Ж.Амарсанаа

Сар шинээр үндсэндээ долоо хоног амарлаа. Амарч, амарч энэ даваа гариг буюу нэгдүгээр сарын 15-нд хүмүүсийг ажилдаа ороход "эксель” машин унасан улсын жагсаал угтсан билээ. Чухам юу болов гэтэл Цэцийн даргыг эсэргүүцэж байгаа гэх. Үндсэн хуулийн цэцийн дарга, гавьяат хуульч Ж.Амарсанаад үнэтэй, туулах чадвар сайтай машин авч унуулж, Засгийн газар, тодруулбал, С.Баярцогт авлига өглөө гэдэг асуудал яригдсан даа. Тэгэхэд Ж.Амарсанаа дарга "Тэгээд "эксель” унаад явж байх юм уу” гээд хэлчихсэний хариу энэ аж. Цэцийн даргын үгийг "эксель” машин унадаг жолооч нар доромжлол гэж хүлээж авч, эсэргүүцлээ илэрхийлж, цэцийн даргыг огцруулахыг шаардаж байх юм. Хэлсэн дор нь эсэргүүцэж жагсахгүй, юун ч хожуу илэрхийлдэг юм гэдгээс эхлээд "эксель”-тэй жагсаалын эргэн тойронд асуултын тэмдэг олон гарч ирээд байх юм. Хариултыг нь хүмүүс өөр өөрийнхөөрөө тунгааж буй биз ээ.

Хэрвээ УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн бол хамгийн түрүүн хэлэлцэх асуудлын нэг нь Үндсэн хуулийн цэцийг огцруулах тухай яригдах байлаа. Нэг талаасаа Үндсэн хуулийн цэц гэж ипотекийн зээлийг зогсоохоос эхлээд хөгжилд саад болсон шийдвэрийг гаргаж байгаа гэдэг дээр дөрөөлөн Ж.Амарсанаа даргыг огцруулах ажиллагаа эхэлсэн. Харин угтаа бол Шүүхийн тухай хууль гэдэг том суурь байсан билээ. Шүүхийн шинэтгэл хийж байна гээд бүсчлэн шүүхүүдийг байгуулсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг асуудал цэцэд очсон. Цэц үүнийг нягтлаад Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тогтоол гаргачихсан. Хэнтий аймгийн хүн давж заалдах шатны шүүхэд хандах гэхээр Дорнод аймаг руу явах хэрэгтэй болсон гээд угтаа бол энэ хуульд ч бас асуудал байсан. Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр "шүүхийн шинэчлэл” гэж шуугиулаад бужигнуулчихсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндорж хүртэл маш олон "шинэчлэгчдийн” хөдөлмөрийг үгүйсгэхэд хүрсэн. Ядаж байхад УИХ цэцийн шийдвэрийг зөв гээд хүлээгээд авчихсан. З.Энхболд дарга Цэц болон "шүүхийн шинэчлэл” хийгчдийн дунд иймэрхүү тоглолт хийхээ эрх биш мэдэж байсан биз ээ. Харин одоо З.Энхболд дарга ипотекийн зээлийг зогсоосон буруутан болчихоод байгаа хөөрхий Ж.Амарсанааг огцруулах гээд үзэж тарж байна. Ядаж байхад нөгөө Ж.Амарсанаа нь "жа даргаа өргөдлөө өгье” гээд хэлчихгүй өөдөөс нь хууль яриад байдаг. Дээрээс нь МАН Цэцийн даргыг хамгаалаад, УИХ-ын дарга хууль зөрчлөө энэ тэр гэдэг юм яриад. З.Энхболдын Ж.Амарсанааг огцруулах ажил ч амархангүй л байх бололтой.

 

М.Энхболдын хэлсэн тоо ба "АН бол биш юм аа”

МАН-ын дарга М.Энхболд цагаан сарын өмнөхөн news.mn сайтын оны хүнийхээ хувьд нэг том ярилцлага өглөө. Улс төрийн сонгууль ойртсон энэ үед улс төрийн том намын даргын ярьсан яриа олны анхаарлыг татсан. Сөрөг хүчин МАН-ын нэр хүнд өндөр байгаа гэдгийг дарга нь хэлж байна. Мэдээж өөрсдийгөө магтах нь зүй гэж үзэж болох. М.Энхболд намынхаа рейтингийг 39 хувьтай байгаа гээд улс төрийн тулхтай хүчний хувьд МАН ард түмнийхээ итгэж найдаж байгаа нам болчихоод байгааг онцоллоо. М.Энхболдын хэлсэн энэ тоо яг таг биш ч гэсэн өнөөдөр МАН-ын нэр хүнд АН-аас хамаагүй илүү болчихоод байгааг тус намын зарим зүтгэлтэн хүлээн зөвшөөрч байна. Хөдөө гадаа, хаа сайгүй "АН бол биш юм аа”, "МАН нь арай дээр байх” гэдэг үзэл хандлага ихээхэн газар авсан байна. Тэгэхээр М.Энхболдын хэлсэн тоо биш юмаа гэхэд, "МАН нь арай дээр байх” гэдэг хандлага нэмэгдээд байна гэдэг АН-ын дарга З.Энхболдын тухайд улаан гэрэл улалзуулан аюулын дохио өгч байна гэсэн үг. Энэ улаан гэрлийг яаж багасгах вэ гээд янз бүрийн л арга бодож байгаа бололтой. МАН-ын дарга М.Энхболдын нэр дэвшиж гарч ирсэн тойрог болох Төв аймагт хурдан морины уралдаан хийхийг хориглосон захирамжийг Төв аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн Б.Баярбат гаргачихлаа. Үүнийг наанаа хүүхдүүд бодож байгаа сайхан шийдвэр ч цаана нь улс төр явж байна гэж зарим хэвлэлд бичиж байх жишээтэй.

"Намынхаа гишүүдийг хүмүүжүүлж” болно, нэр дэвшүүлэхгүй гээд айлгаж болно харин "АН бол биш юм аа” гээд байгаа сонгогчдыг яаж эргүүлэх вэ гэдэг зургадугаар сарын 29 хүртэл З.Энхболд даргад голлох том мэнгэ болчихоод байна.

Эх сурвалж: "Улаанбаатарын сонин”

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх