Б.ГАНБАЯР:БИ ТАКСИНЫ ЖОЛООЧ ААВТАЙ НИЙСЛЭЛ ХҮҮ

Б.ГАНБАЯР:БИ ТАКСИНЫ ЖОЛООЧ ААВТАЙ НИЙСЛЭЛ ХҮҮ

 


Ярилцсан:Ц.Энхмаа

"Монгол глобал” ХХК-ийн ерөнхий захирал Баасанжавын Ганбаяр шинэ оны өмнөхөн Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал "Алтан од” гардсан. Бизнесийн амжилтаа ганц биедээ наагаад, өөрөө л сайхан амьдарч байвал боллоо гэж боддоггүй энэ залуугийн хувьд хөрөнгө зарж, сэтгэл гаргаж зүтгэдэг, сайхан болгохсон хэмээн хичээдэг олон олон талбарынх нь нэг спорт.

Буудлагын холбооны удирдлагад олон жил ажилласан тэрбээр өдгөө Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хамгийн гол нь Б.Ганбаяр захирал өсвөр үеийнхнийг спортод дуртай болгохын төлөө их зүйлийг хийдэг нэгэн.

Энэ бүгдийг нь үнэлж түүнийг МҮОХ шагнасан. Их хотын иргэнтэй спортоос гадна олон зүйлийн талаар ярилцлаа.

-2014 он улирч, шинэ жил гарлаа. 2015 онд хийж амжуулахаар ямар төлөвлөгөө гаргав, юу хүлээж байна?

-Монголчууд бид амны билгээр гэж ярьдаг, 2014 он минь сайхан жил байлаа. Сүүлийн хоёр жилд эдийн засаг эрчимтэй өсч байснаа маш хурдацтай унадаг юм байна гэдгийг төр засгийнхан, бизнесийн салбарынхан төдийгүй ард иргэд ч харлаа. Тооцоотой байх хэрэгтэйг ойлгуулсан жил боллоо.

2015 онд бид хөдөлмөрлөх ёстой, энэ хямралаас хөдөлмөрлөж байж гарна. Бүсээ чангалаад, эв нэгдэлтэй л баймаар байна. Сүүлийн үед бид их туйлширдаг болжээ, манай нам, танай нам гэж талцаад л...

Жишээ нь, би Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Гэхдээ талцах дургүй. Эвтэй байж, хөдөлмөрч, зөв хүмүүсээ урдаа гаргах хэрэгтэй гэж би хардаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шүү дээ. Хамгийн чухал зүйл бол тухайн хүний үзсэн харсан, сонссон, туршлага, хувь хүний төлөвшил, манлайлагч байх чанар юм. Түүнээс аль намын гишүүн байх нь гол биш. Улс эх орныг ийм хүмүүс авч явна гэдэгт итгэдэг байсан, одоо ч хэвээрээ. Намын бодлогоо гаргаж, ард иргэддээ танилцуулж, ялалт байгуулсан нь засаг төрөө эмхэлдэг системтэй. Гэхдээ туршлагатай бизнесмэнүүдээ сонсдог, тэднийг хөдөлгөгч гол хүчээ болгох учиртай. Солонгост гэхэд тэдний есөн том компани л улсаа түүчээлээд явдаг шүү дээ.

-Хөдөлмөрч хүмүүс гэдэг нь бизнесмэн, том компанийн удирдлагуудыг хэлж байна аа даа?

-Ажлын байр олноор бий болгосон хүмүүс. Гэхдээ том компани гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Эхний шалгуур орлого биш юм. Орлогоор нь шалгаруулах бол өөр ойлголт. Оны өмнөхөн болсон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит 19 дүгээр хурлаар би тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Энэ жил "Entreprenuer” шагналын шалгаруулалтад дорвитой өөрчлөлт орсонгүй. Үзүүлэлтүүд нь хуучин системээрээ ороод ирсэн тул бид гоё сонголт хийж чадаагүй. Гэхдээ цензур тавьсан. Ирэх жилийнх их гоё болно. Үндэсний үйлдвэрлэгч гэж их мөнгө олсон, илүү татвар төлсөн аж ахуйн нэгжийг хэлэхгүй. Монголын ард түмэнд хэрэгтэй, гадаад ертөнцөд нүүр царай болсон, эсвэл өмнөх амжилтаасаа гоц үсэрсэн зэрэг шалгуур гаргаж ирэхгүй бол өнөө л хэдхэн компани. Энэ буруу, ийм байвал ямар ч шинэчлэл явагдахгүй гэдэг дээр манай гишүүд ойлголцоод шалгаруулалтын дүрэм журмаа өөрчилье гэж тогтсон. Хүн аливааг хийхэд нэг л юм боддог, ирээдүйтэй, зөв зүйл рүү хөрөнгөө хийж, гараа сунгах ёстой…

-Та АН-ын ҮЗХ-ны гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Өөр ямар ямар сонгуульт ажилтай вэ?

-Би спортод хайртай. Буудлагын холбооныхоо үйл ажиллагаанд оролцоно, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч…

Спорт бол бизнесмэнүүдийн багадаа хичээллэх учиртай эд гэдэгт би бат итгэлтэй байдаг. Спортоор дамжиж бизнесийн ухаанд суралцана, бизнес хийх сэтгэлийн тэвчээр олж авдаг. Спортоор хичээллэдэг хүмүүс аливаад амархан нугардаггүй. Тамирчин хүний зан шүү дээ. Нөгөө талаар ардынхаа өв уламжлалыг ажил, бизнестэйгээ хоршуулах ёстой. Ардын уламжлалаа бид их мартаж байна.

-Таны бизнесийн амжилтад спорт их нөлөөлсөн биз?

-Тэгэлгүй яахав. Хороооллын 77 дугаар сургуулийг 1987 онд төгссөн. Тухайн үед, спортын бүх төрлөөр, гар бөмбөг, сагс, хөнгөн атлетикаар хичээллэдэг. Биеийн тамир, цэрэгжилтийн багшийнхаа зааж сургаснаар "Дөл”, "Шонхор” тэмцээнүүдэд багаа ахлан оролцдог байлаа.

Эндээс л тэвчээр, багийн тоглолтыг, баг удирдах эрдмийг олж мэдсэн. Энүүхэн хооронд хичээллэсэн би ийм зүйл сурч мэдэж авч байгаа юм чинь үүнээс олон жил хичээллэсэн улс бол илүү ихийг сурна, бие бялдрын хувьд ч эрүүл. Хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг байнга уриалж захидаг.

Миний төгссөн 77 дугаар сургууль дээр жил бүр манай компанийн нэрэмжит тэмцээн болдог. Хүүхдүүдийг спортод хайртай, тэвчээртэй болгочихвол Монголын ирээдүй эрүүл, багаар ажиллах чадвартай, тэвчээртэй болж өснө гэдэгт итгэдэг.

-Ямар ч ажил, мэргэжил эзэмшсэн спортод элэгтэй, суурьтай байх ёстой гэж үү?

-Тийм. Хувь хүний төлөвшилд ч хэрэгтэй. Монголчууд сүүлийн үед солонгос кино их үзэж байна. Солонгосчууд "Энэ манай ангийнх”, "Миний цэргийн анд” гээд нэг нэгэндээ тун элгэмсүү. Ямар ч мундаг од байсан гурван жилийн цэргийн алба заавал хаана.

Цэрэгт эр хүн болж төлөвшин, эх орноо хайрлах сэтгэлтэй, тэвчээр хатуужилтай болдог. Манай улс тэр туршлагыг нь авах хэрэгтэй байгаа юм. Бидний багад зохион байгуулагддаг байсан "Шонхор”, "Дөл” тоглолт эх орноо хайрлах сэтгэл, тэвчээр суулгаж өгч байжээ. Ардчилсан хувьсгал ялсны дараа ийм уламжлалаа алдаад "Цэргийн арга хэмжээ хэрэггүй ээ” гээд хаачихсан.

Гэтэл өнөөдөр батлан хамгаалах салбарынхан ийм зүйл хэрэгтэй байна гээд эхэллээ. Хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг суулгахын тулд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах ёстой гэж боддог.

-Улс төр, спортоос гадна өөр ямар нэг холбоонд харьяаллагддаг уу?

-Терроризмын эсрэг Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

-Ямар сонин юм бэ. Японд цунами болж, атомын цахилгаан станц дэлбэрч олон хүний амийг авч одсон гамшиг болсны дараа танай компани амь үрэгдсэн хүмүүст зориулж ном хуруулж байсныг мэдэх юм. Тэр магадгүй холбооныхоо шугамаар хийж байсан ажил тань уу?

-Тэр бол дэлхий нийтийг цочоосон аймшигт үйл явдал. Тиймээс компанийнхаа залуусыг уриалаад Соёлын төв өргөөг түрээслэж манай Завханаас төрсөн гурван хамба Нацагдорж, Гончигсүрэн, Санждорж багш нарыгаа уриад амь үрэгдсэн хүмүүст буян хурааж ном уншуулсан. Тэндээс цугласан дөрвөн сая гаруй төгрөгийг Японы Элчин сайдын яаманд гардуулж байлаа. Мөн Өмнөд Солонгост сургуулийн хүүхдүүд авч явсан усан онгоц осолдоход ч манайхан нэг өдрийн цалингаа хандивласан. Монгол аюулд өртөхгүй гэж бодож болохгүй.

Дэлхийд болсон гай гамшгийг бид хуваалцаж байх ёстой. Орост амьдарч байхдаа Москвагийн метроны дэлбэрэлтийг нүдээрээ харж байлаа. Миний ороод гарсан дэлгүүрийн гадаа, намайг хөдөлснөөс ердөө таван минутын дараа ийм аюул болсон. Монголд минь ийм зүйл болох вий гэж айж, сэрэмжилж байх учиртай.

-Морин спортод нэлээд хообийтой гэж сонсч байсан. Энэ чиглэлийн холбооны гишүүн биш үү?

-Би чинь таксины жолооч аавтай нийслэл хүү. 1969 онд төмөр замын төрөхөд Баасанжав гэж айлын дөрөв дэх хүү болж төрсөн. Аав минь бурхны орныг зориод 10 жил болж байна. Аав такси баазыг анх байгуулалцаж явсан жолооч. Эцэг хүн хэлэхгүй мөртөө үйлдлээрээ захиа даалгавраа үлдээдэг юм билээ. Миний аав цэрэгт явтлаа Завхан аймгийн Сонгино сумандаа улаач хийж байсан, тэр үеийн шуудан зөөгч. Өртөө газарт мэдээ зөөж байгаад цэрэгт явсан юм билээ.

Аав минь өөрийгөө цэрэгт явтлаа адуучин байсан гэдэг юм. Би бизнес хийж, Москвад олон жил амьдарсан. Ирэх бүрт л аав надтай адууны тухай ярина, Завханд сайн хурдалж байсан хар азаргын туай яриад л авчихаач гэнэ. Зургаан сая төгрөгөөр үнэлэгдэж байсан юм. Авах бололцоо байсан ч сонирхоогүй. Харин аавыгаа өнгөрснөөс хойш "Намайг адуутай бай” гэж л тэгж хэлдэг байж гэж бодоод морьж уяж эхэлсэн.

Уяач болоход нутгийн залуучууд нөлөөлсөн, Шивээ-Овоогийн захирал Отгонбаатар хамт нэг гал болъё гэсэн. УИХ-ын гишүүн Наранхүүгийн алдарт шаргыг түрүүлэхэд Яармагийн дэнжид уяан дээр нь очиж баяр хүргэдэг байлаа. Наадмын талбайд очиход сайхан мэдрэмж төрнө, морьдын хөлс үнэртээд л. Тэгэхдээ уяачдын гэр энэ тэрээр орохоор өөрчлөлт хиймээр боддог байлаа.

-Өөрчлөлт хийе гэснийг бодоход таалагдаагүй бололтой, тийм үү?

-Бид өөрсдийгөө нүүдэлчин л гэдэг, монгол гэр гэхэд хэчнээн өөрчлөгдөв. Өөрчлөлт зөндөө хийгдэж байхад уяачдын байр байдал яг хэвээрээ.

Тиймээс би өөрөө үлгэрлэхээр шийдээд "Цэнгэлийн манлай” нэртэй өвөрмөц тохижилттой гал Хүй долоон худагт хийсэн. Тухайн үедээ хамгийн их хөрөнгө оруулалттай гал болж байлаа.

-Гол шийдэл нь юу байсан бэ?

-Наадам дуусахаар л гэрээ зөөгөөд алга болчихдог нь гунигтай санагдсан. Наадмын хоёр хоногт багширч байснаа 13-нд бүгд нүүгээд явчихдаг. Хүүхэд байхад зусланд гардаг, хичээл эхлэх дөхөхөөр айлууд хот руу нүүчихнэ. Наймдугаар сарын 29, 30-нд зусланд үлдсэн айлууд ялаандаа баригдаад хоцорно. Хамгийн сүүлд нүүж буй нь нэг их гунигтай, яг түүн шиг санагдаад байсан юм. Тиймээс намар болтол наадмын уур амьсгалаа хадгалахсан гэж боддог.

-Тэгээд та юуг нь өөрчилсөн юм бэ. Намар болтол Хүй долоо хоногт байж байх гэр босгоогүй байх?

-Уяачдын галд зочилж ирсэн хүмүүст олуулаа багтах тохилог гэр хэрэгтэй. Тэрийг хийсэн. Түүнээс гадна тухалж суугаад эрүүл хоол идэж болох шаардлага хангасан цайны газар ажиллуулъя гэж шийдсэн. Тавтай хооллосон хүмүүст цэвэрхэн тохитой ариун цэврийн газар зайлшгүй хэрэгтэй болдог.

Гэтэл хээ угалз болсон том гэрээс гараад хормойгоо дэвсээд суугаад байж таарахгүй биз дээ. Тиймээс орчин үеийн шийдэлтэй, цэвэрхэн орчинтой бие засах газар байгуулсан. Өөрийнхөө галд. Ийм хоёр шинэчлэлийг эхлээд хийсэн. Манайхаас туршлага аваад уяачид галаа их өөрчилсөнд баяртай байдаг аа.

-Үнэндээ ч бие засах газрын хувьд Хүй долоон худаг хэцүү байсан үе бий.

-2012 оны сонгуулийн дараа, өмнө ч гэсэн ч Бат-Үүл дарга манай галаар хэд хэд ирсэн юм. Монголчууд наадмаа сайхан хийхэд хотын гүйцэтгэх үүрэг маш их юм байна гэж хэлээд Хүй долоон худагт хөрөнгө оруулалт хийж шинэчилж эхэлсэн. Миний санаачилсан шинэчлэлийг хот шүүрч аваад маш том өөрчлөлт эхлүүлсэнд баяртай явдаг.

Самбуу гуай Цэдэнбал даргад ажлаа өгөхдөө хоёрхон зүйл захисан гэдэг. "За, миний хүү төрийн наадмаа өргөн дэлгэр хийж, цагаан сараа сайхан тэмдэглэж байгаарай. Энэ хоёр баяраа өнгө зүстэй сайхан тэмдэглэчихвэл Монголын буян заяа түшээд явчихна шүү” гэж. Үүнд манай төр засгийнхан анхаарах ёстой.

Ядуу байж гэрээ зараад цагаан сар хийчихлээ гэж бид шүүмжилдэг. Шүүмжлэх хэрэггүй юм. Цагаан сар Монголын уламжлалт баяр, хэчнээн ядуу байсан ч баяраа сайхан тэмдэглэг. Ерөөл бэлгэдлийн баяр. Өргөл барьц өгч, буян үйлдэх хэрээр ашиг орлого нэмэгддэг гэдгийн цаана монгол ахуйн бэлгэдэл байсныг хожуухан ч гэсэн хүмүүс олж харжээ.

-Хүй долоон худагт шинэ өнгө авчирсан шиг морины хүүхдүүд гэж шоовдорлогдсон хэдэн жаалын нэр хүндийг өсгөсөн гавьяа ч таных байх шүү?

-Монгол хүн адуундаа хайртай, морин уралдаанаа харж баяссаар олон жил болжээ. Уяан дээр анх очоод харахад нүдэнд туссан зүйл бол хүүхдүүд. Хэн ч тоохгүй өрөвдмөөр. Унаач хүүхдүүдийг бүгдээрээ мартчихдаг. Би илүүдээ гарсандаа сая саяар нь мөнгө тараагаад байгаа юм биш.

Энэ хүүхдүүдийн нэрийг гаргах, алдаршуулах гэж ийм шагнал бий болгосон. Нэгдүгээрт, хүүхдүүд аюулгүй уралдаад ирэх ёстой, ийм нөхцөл боломжоор уяачид хангаж, эрсдэлээс хамгаалж өгөх үүрэгтэй. Уралдаад ирж байгаа адуу нь удам судар, угсаа гарлаараа цоллуулж байхад хүүхэд хэн ч биш, нэр нь ч гарахгүй. Үүнийг эсэргүүцэж Хүүхдийн байгууллагын дарга байсан Дулбаагийн Алтай, одоо даргаар нь ажиллаж буй Ишбадамын Нарантуяа нарт дандаа хэлдэг.

Өнгөрсөн наадмаас эхлээд унаач хүүхдийн овог нэр, гарал үүслийг зарладаг болсон. Энэ бол миний хийсэн бүтээл, үүндээ үнэхээр бардам байдаг. Зарим уяач намайг уламжлалаа эсэргүүцэгч гэж ярьдаг гэнэ билээ. Би ингэж хэлүүлэхээс айхгүй. Үнэнийг хэлж засч байх ёстой.

-Айрагдсан морьдыг унаж хурдлуулсан хүүхэд бүрт сая төгрөг өгдөг, үүнээс өмнө алтан гулдмай өгдөг байсан гэж сонссон, үнэн үү?

-Сая төгрөгийн алтаар гулдмай хийж хүүхдүүдэд өгсөн. Тэгсэн зарим уяач "Энэ миний адууны бай” авчихсан байсан. Тиймээс дараа жилээс нь хадгаламжийн дэвтэрт нэг сая төгрөг хийж өгдөг болсон.

Хүүхдүүд 18 нас хүрээд мөнгөө авна. Зургаан насанд морио айрагдуулсан хүүхдүүдэд нийт 30 сая төгрөг өгч байснаа дараа жилээс нь 45 сая болгосон. Эрлийз морьдыг тусад нь уралдуулдаг болсноор аав ээжүүд "Эрлийз морь унаж хурдлуулсанд ч ялгалгүй өгөөч” гэсэн, тэдний зөв байсан. Энэ үйлсээрээ бахархахаас аргагүй, хөдөө явж байхад "Унаач хүүхдүүдэд сая төгрөг өгдөг залуу” гээд таньдаг юм шүү, намайг.

Би гурван ахтай. Бүгд Ган гэж эхэлсэн нэртэй. Миний ээжийг анхны хүүхдээ төрүүлэхэд гангаар эхэлсэн нэр өгөөрэй гэж эмч нь зөвлөсөн гэдэг. Би зургадугаар сарын 1-нд төрсөн учраас Ганбаяр нэртэй болж, бас хүүхдийн баяраар төрсөн болохоор ч тэр үү хүүхдүүдэд туслах, тэднийг баярлуулах дуртай. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Олимпийн анхны аварга ч энэ өдөр төрсөн.

Зургадугаар сарын 1-нд төрсөн хүмүүс ийм өдөр төрснөөрөө бахархдаг байх.

-Таны уясан морийг хүүхдүүд их дуртай унадаг байх?

-Харин ч эсрэгээр миний морь айрагдахгүй юм чинь, дургүй (инээв) Би бэлгэ тэмдгийн л уяач болохоос морь минь заавал айрагдаасай гэдэггүй.

Миний морьд дундуур л давхидаг. Морь унасан хүүхэд минь унаж бэртэлгүй сайхан хүрээд ирээсэй гэж залбирдаг.

-Жүдо бөхийн холбоотой яаж холбогдсон юм бэ?

-Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бид хоёр бол анхны ганзагын наймаачид, нэг нэгнээ сайн мэднэ. Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Бөхбат гэж залуу бий.

Бид 19 дүгээр хорооллын нэг байрных. Тэр "Та спортод хайртай, спортын хөгжлийн төлөө сэтгэлтэй хүн. Манай холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаач, урьж байна” гэсэн. Жүдогийн анхны эмэгтэй тамирчин Бундмаа манай байгууллагын нэр дээр барилддаг.

-Жүдогийнхон олимпийн анхны аваргыг төрүүлсэн. Тэр түүхэн цаг мөчид та Бээжинд байв уу?

-2008 оны олимпийн үеэр болсон нэг түүх ярья. Би 30 жилийн өмнө буудлагын секцэнд явж, энэ спортоор хичээллэж эхэлсэн. Манай буудлагаас Гүндэгмаа Бээжингийн олимпоос мөнгөн медаль авлаа. Секцэнд нэг үед явж байсан Мөнхбаяр Герман улсын нэрийн өмнөөс буудаж хошой хүрэл медальтай болсон.

Тэгээд баярласандаа буудлагынхнаа "Баянгол” ресторанд урьж, хүлээн авалт хийлээ. 30 гаруй хүн цугласан. Буудлагын спортынхноосоо 20 хүн аваад Бээжингийн олимп үзүүлсэн. Энэ шийдвэр тэр орой л гарсан юм.

-Олимпийн аварга төрөхийн урд өдөр л Бээжин явахаар гэнэт шийдсэн гэсэн үг үү?

-Яг тэгсэн. Мөнгөн медаль авлаа гэж хөөрөөд л Бээжин нисчихсэн. Одоо гайхдаг юм, олимп болж байгаа хот руу онгоцны билет нь тэр дороо олдоод, очингуут нь байрлах байр сууц нь ямар амархан олдсон юм гэж. Тэгж хөөрч очоод олимпийн аваргаа угтчихсан даа. Голдуу ахмадуудаа авч явсан, тэд их баярладаг. Олон хүнд амьдралын сайхан дурсамж бэлэглэсэн. Буудлагынхан энэ түүхээ байнга ярьдаг даа.

-"Бөртэ чоно” наадмын үеэр та МҮОХ-ы дээд шагнал "Алтан-Од” хүртсэн. Спортод оруулсан хувь нэмэр тань аргагүй их юм аа?

-Жүдо бөх, буудлагын спортод оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн байх. Буудлагын спортын ахмадын улсын аваргыг жил бүр манай компани ивээн тэтгэж явуулдаг. Төрөлх сургуулийнхаа биеийн тамирын заалыг тохижуулсан. Хаврын спартакиад явуулдаг, хүүхдүүдийнхээ урамшуулал шагналыг өгдөг.

Унаач хүүхдүүдийн шагнал байна. Эдгээр болоод спортод хайртай сэтгэлийг минь үнэлж ирсэн шагнал гэж хүлээж авсан. Баярлахын зэрэгцээ хойшид олимпизмыг хөгжүүлэхэд, монгол хүнийг эрүүл байлгах, спортоор хичээллүүлэхийн төлөө илүү их ажиллаарай гэсэн илгээлт юм болов уу гэж бодож байна.

-Түрүүн та Х.Баттулга гишүүнтэй хамт ганзагын наймаанд явж байсан гэсэн. Ямар наймаа хийж эхэлсэн талаар сонирхож болох уу?

-Их урт түүх. Хэдийгээр нас минь 40 гарч яваа ч бизнес хийсэн 30 жилийн түүх ярина шүү. Дунд сургуульд байхаасаа л Дэнжийн мянгын захад наймаа хийдэг байлаа.

-Дунд сургуулийн сурагч зах дээр юу зарж байсан хэрэг вэ?

-Тухайн үед гадаадад сурдаг оюутнууд жийнсэн өмд, гутал авчирдаг. Тэрийг нь өглөө эрт вокзал дээр очиж худалдаж аваад буцаагаад 50 төгрөгийн ашигтай зарчихдаг байв. Долоо хоногт 100 төгрөгийн орлоготой хүүхэд байлаа.

-Хуримтлал үүсгэж байв уу, тэр үед?

-Аравдугаар анги төгстөлөө хуримтлал үүсгэж чадаагүй. Эргэлтийн хөрөнгөндөө хүрэхгүй. Харин илүү гарсан ашгаа диско энэ тэрд үрчихнэ. Тэгэхэд хороололд 61 дүгээр байранд анхны диско клуб нээгдэж байлаа. Тэнд их орно, брэк бүжиглэнэ. Гэхдээ бид архи уудаггүй байсан шүү.

Үеийнхнээ сайхан хөгжөөдөг, бага нас дурсамжтай сайхан өнгөрсөн. Арав төгссөнөөсөө хойш эргэлтийн хөрөнгөө өсгөх ёстой гэдгийг ойлгосон. Гадаадад биеийн тамирын дээд сургуульд явчих гээд үзлээ, шалгалтад тэнцээгүй. 1987 оны намраас Сүлжмэлийн II үйлдвэрт ажиллаж эхэлсэн.

Гурван жил ажиллаад Чех явдаг байлаа. Миний хугацаа дөхөж байтал Чехэд ардчилал ялаад Монголтой социализмын харилцаагаа тасалсан. Ингээд миний төлөвлөгөө бүтээгүй ч Монгол оронд минь ардчилал ялж, бид бүгд гадаад паспорттай болж, гадаад явах эрх нээгдсэн. Ингээд 1989 онд бизнес хийхээр алтан Москваг зорьж байлаа.

-Та бизнес, наймааны хэр одтой хүн бэ?

-Манайхан бизнес хийхэд авьяас, од, зальжин зан хэрэгтэй гэдэг, тийм биш. Ганцхан л зарчим бий. Үнэнч шударга хөдөлмөрлөх. Энэ чинь бизнесийн алтан дүрэм.

-"Монгол глобал” компаниа хэзээ байгуулсан бэ?

-Би их мөрөөддөггүй, өмнөх ажлаа л хийдэг. Бизнес хийх гол зорилго маань гэр бүлээ тэжээх, аав ээж, ах дүү нартаа тусална, ажилчдаа ажлын байртай, цалинтай орлоготой байлгахыг л зорьдог. Ингэж явсаар 100 гаруй хүнтэй компани болжээ. Бид энэ хорвоод нүцгэн ирсэн, нүцгэн л буцна. Байгаа энэ үедээ ойр дотнынхон, найз нөхөд, ажилчдынхнаа амьдралыг нэг алхам ч гэсэн өөд нь татчих юм гэсэн бодолтой явдаг.

-Танай бизнесийн гол тулгуур нь ямар салбар вэ?

-Манайх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. Газар, хашаа байшин авна, хөрөнгө оруулалт хийж засварлана, борлуулна. "Евростандарт” гэж барилгын материалын дэлгүүртэй. 1990-ээд оны дундуур Монголд байх хугацаандаа байр орон сууц худалдаж авч засаад зардаг байлаа. Тухайн үед нэг загварын байруудтай. Гайгүй сайныг нь авна гэхэд л орон сууцны 3-4 өрөө байр л байлаа. Тэгэхэд би барилгын заслын компанитай, өөрөө засвар хийнэ.

Барилгын материал тэгэхэд өнөөдрийнх шиг хангалттай байсангүй, ингээд л бизнесээ өргөжүүлж барилгын материал оруулж ирдэг болсон. Зөв сайхан энергитэй бизнес шүү дээ. Архи, тамхи зарах хүсэлгүй. Монголчууддаа ийм хортой зүйл зарж болохгүй. Тиймээс хүнд дулаан энерги, амьдрал өгөх бизнес хийдэг. Манай сантехникийн дэлгүүрт голдуу халаалтын систем зардаг. Айлд дулаан элч өгдөг. Ийм бизнес хийдэгтээ бардам явдаг. "Саруул”, "Бэлх” зах бий.

-2012 онд АН орон нутгийн сонгуульд хүчтэй оролцсон. Та яагаад нэр дэвшээгүй юм. Намынхаа ҮЗХ-ны гишүүн гэсэн биз дээ?

-Намынхаа "Нэг ардчилал” клубт багтдаг. Монголчууд өнөөдөр нэг зорилготой байж, нэгнээ хүндэлж байх ёстой. 2012 оны сонгуульд нийслэлд нэр дэвших боломж байсан ч үеийн залуучуудаа дэмжье гэсэн юм. УИХ, нийслэл орон нутгийн сонгуульд дэмжигчээр оролцсон. Ер нь бол заавал улс төрөөр эх орноо хөгжүүлнэ гэж ойлгож болохгүй. Улс төрд орсон, ороогүй Ганбаяр хувь нэмрээ оруулна.

-Та зөв бизнес, зөв үйл хэрэг гэж их ярих юм. Ийм хүмүүжил төлөвшил хэдийд яаж тогтсон бол?

-Амьдралын өв уламжлалаас бий болсон юм болов уу даа. Аав, ээж, өвөө эмээгээс өвлөгдсөн чанар байх. Зүй бус, буруу үйл ажил амжилтад хүрдэггүй. Булавч бултайна, муу юм модон улаатай. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр… агуу үгнүүд шүү. Ардын энэ уламжлалд бидний бүх зан үйлийг хэлээд өгчихсөн байдаг.

-Буруу ташаа гишгэж, алдаж явсан үе бий юү?

-Хүүхэд, залуу байхад дэггүйтэх үе байна шүү дээ. Сургуульд байхдаа сахилгагүйтэж арга хэмжээ авахуулж, хөдөлгөөнтэй томоогүй явсан үе бий. Гэхдээ улс эх орондоо гэм хор учруулсан зүйл байхгүй. Сахилгагүйгээ би шинийг эрэлхийлдэг, адтай л хүүхдийн зан байж гэж боддог.

-Сүүлийн үед шинийг эрэлхийлдэг хүн цөөхөн болсон санагддаг уу, танд?

-Үйлдвэрлэл явуулъя, бизнес хийе гэж бодохгүй, мөнгөтэй бол ломбард ажиллуулъя гэсэн хүн л олон болж. 100 сая төгрөгтэй болчихлоо, 4,0 хувийн хүүтэй зээлүүлчих юм бол сард 4.0 сая төгрөг олчихно гэх юм.

Сэтгэлгээний хомсдол гэх байх даа, үүнийг. Энэ нь хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх сэтгэхүйг үхмэл байдалд оруулж байна. Эдийн засаг муудлаа, элгээрээ хэвтчихлээ. Хаана л бол хаана зарна гэсэн хашаа, байшин… ломбард, арай хийж хэдэн төгрөг олсон хүмүүсийг учиргүй өндөр хүүгээр шулах ийм бодлоготой банкууд л байна шүү дээ. Банкны салбар зөв хөгжихгүй байна, манайд. Дэлхийн брэнд банкны салбаруудыг Монголд оруулах ёстой.

-Ингэж ярихаар гадаадын банк оруулж ирэх нь гэж дургүйцээд бөөн шуугиан болдог шүү дээ.

-Энэ чинь банкныхны лообий. Би бизнесмэн хүн. Банкнаас хамгийн багадаа 18 хувийн хүүтэй зээл авч байна шүү дээ. Дээд тал нь 20 гараад явчихаж байна. Уг нь гаднын том банкуудыг оруулаад ирвэл тэд 8,0 хувийн хүүтэй зээл өгье гээд байгаа юм. Ялгаатай байгаа биз.

24 хүүтэй зээлж байснаас 8,0 хувиар зээл авчихаад тэр 18 хувиа ажилчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх, морины хүүхдүүдийнхээ шагналыг нэмэх, сургуулийнхаа тэмцээнийг өргөжүүлэх, цэцэрлэг барихад зарцуулбал сайхан аа.

Өнгөрсөн зун Бэлхэд байдаг гэрийнхээ орчимд 80 сая төгрөгөөр тоглоомын талбай барьж гудамжныхаа хүүхдүүдэд бэлэглэсэн, сайхан биз дээ. Дагвадорж аварга Хүүхдийн эмнэлэг барина гэсэн сайхан мэдээ дуулдсан. Манай том бизнесмэнүүд яагаад ингэж чадахгүй байна гэхээр тэдний зээлийн хүү өндөр. Бизнес хийхэд мөнгө хэрэгтэй. Бага хувийн хүүтэй зээл авч байж л бизнес өргөжнө. Энэ салбарт том өөрчлөлт хэрэгтэй, гэхдээ би өөрчилнө, дуу хоолойгоо гаргана л гэж боддог.

-Таны дэмжсэн АН засгийн эрх барьж байна. Та үйл ажиллагааг нь яаж харж байна?

-Монголд ганц л дутагдал байна. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Нам дотор, олон намууд дунд, төрийн гурван өндөрлөгийн дунд эв нэгдэл хэрэгтэй.

Алийн болгон ингэж хоорондоо байлдах юм бэ, тийм биз дээ.

-Та яагаад энэ намыг сонгосон юм бэ?

-Ардчилалд би өртэй хүн. 1989 онд гадаад явдаг E паспорт анх авч, гадаад худалдаа эрхэлж байсан учраас энэ нийгэмдээ өөрийгөө өртэй гэж боддог. Өрөө цайруулахын тулд намаа дандаа дэмжинэ ээ.

-Улс төр сайн мэдэхгүй юм. Гэхдээ манайх шиг хүн ам цөөтэй оронд энэ олон нам байгаа нь эв нэгдэлгүй харагдуулдаг, ийм байлгаад байгаа юм шиг санагддаг.

-Олон нам байж болно л доо, зөв. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа явуулах тэр 45 хоногт л байлдаанаа хийж, ур хүчээ уралдуулах ёстой. Сонгууль өнгөрч дүнгээ тавиуллаа, ялалт байгуулсан намаа хүндэтгэж, маргаашаас нь л эв нэгдэлтэй ажиллах ёстой. Нийслэлд харьцангуй гайгүй, орон нутагт намаар талцах явдал маш их.

Өнгөрсөн намар Хөвсгөлийн Рашаант суманд гаднынхан хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэх гэж очоод "Энэ их аюултай сум байна, олон намтай, тус тусдаа байшинтай, бүгд дээвэр дээрээ тугаа зоожээ” гээд төслөө хэрэгжүүлэхгүй буцсан. Сум, орон нутагт улстөржилт ийм хортой байна.

-Хотын даргын хийж байгаа ажлуудаас ямар ажлыг нь илүү үнэлж байна?

-Дугаарын хязгаарлалтаа л больчихмоор байна.

-Хотын даргын гол ажил болоод байгаа шүү дээ?

-Би л гэхэд ажлаа явуулахын тулд өөр дугаартай машин худалдаж авсан. Бээжинд нэг хэсэг сондгой, тэгш дугаараар нь хязгаарлаж явуулаад буруудсан шүү. Гурван жилийн дараа замын ачаалал яг ижилхэн болчихсон. Бараг бүгд хоёр машинтай болсон. Бид ч ялгаагүй.

-Хоёр жилийн өмнө Улаанбаатарт дугаарын хязгаарлалт хийснээр хөдөлгөөн 20 хувь буурч байсан, өнөөдөр тэр 20 хувьд нь машин нэмэгдээд ороод ирсэн, хязгаарлалт хийгээд ч нэмэргүй болох нь гэж Бат-Үүл дарга ярьж байна билээ?

-Бид машинуудыг чөлөөтэй явуулах, машины зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгох учиртай. Машинтай хот руу ороод ирлээ, зогсох газаргүй бол машин унахгүй биз дээ. Энэ зогсоолууд төлбөртэй болохоор тэр орчмоос орлого нэмэгдэж ирнэ. Нийтийн тээврээр иргэдийг үнэ төлбөргүй зорчуул, өөр арга байхгүй. Нийслэлд гурван төрлийн татвар гаргая гэснийг дэмжиж байна.

Төлбөрийн системд оруулахаас аргагүй. Машин гэдэг чинь тансаг хэрэглээ. Машин унах хүмүүс өндөр төлбөр, татвараа төлөөд уна. Харин энэ мөнгөөр нийтийн тээврээр үнэгүй явуул. Нийтийн тээвэр үнэгүй болчихвол 10 сая төгрөгийн машин унаж ажилдаа очих ямар хэрэгтэй юм бэ, тийм биз дээ.

-Хязгаарлалтаа зогсоовол улам л түгжрэх байх даа?

-Нам түгжрүүлчихмээр байгаа юм. Хэн машин унах юм, өөрсдөө татгалзаж эхэлнэ. Ингэж эцсийн цэгт нь хүргэж байгаад асуудлыг шийддэг гарц байна. Дугаарын хязгаарлалт бол социализмын үеийн захиргаадалтын арга шүү.

Ардчилал гэдэг чинь машинтай бол, түүнийгээ уна, ингээд л гүйцээ. Орон сууц байгууллагын дундах талбайг бүгдийг төлбөртэй зогсоол болгочихвол ажлын байр ч бий болно. Ингэж цугласан мөнгөөр сайн, чанартай нийтийн тээвэр оруулж ирэх хэрэгтэй, Төлбөргүй, тасалбар таслахгүй тул хэрүүл ч гарахгүй.

-Та өөрийгөө нийслэл хүү гэсэн. Улаанбаатар гэж сонсохоор танд хамгийн түрүүнд юу буудаг вэ?

-Улаанбаатар минь үнэхээр сайхан хот. Ганц гутааж байгаа нь утаа. Хүүхэд насны сайхан дурсамжууд л харагддаг даа.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх