Нийслэлийн дараа орох хот болох зорилт тавьсан

Нийслэлийн дараа орох хот болох зорилт тавьсан Ш.НОМИН-ЭРДЭНЭ

2014 онд Улсын тэргүүний аймаг болсон Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай  ярилцлаа.

-2014 он Ховд аймаг улс орны төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан олон арга хэмжээ зохион байгуулсан онцлог үйл явдал дүүрэн он болж өнгөрлөө. Энэ амжилтаа ирэх онд бататгахаар энэ онд ямар ажлууд төлөвлөв?

-Бид иргэд, хувийн хэвшлийн оролцоо, идэвх санаачлагыг бүх талаар өрнүүлэн, бүх шатанд сайн засаглалын бодлого хэрэгжүүлж хөгжил, дэвшил, хөрөнгө оруулалтыг Ховд нутагтаа татаж жил бүр хурдацтай бөгөөд тогтвортой өсөж байдаг эдийн засагтай, "Хүн амьдрах таатай орчин­той, үйлдвэрлэл, биз­нест ээлтэй, ногоон хөгж­лийн загвар аймаг” болох зорилт дэвшүүлж ажил­лалаа. Нэг баг болж хамтран ажилласан хуга­цаанд өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэг­жүү­лэхийн төлөө эр­чимтэй хөдөлмөр­лөсний дүнд Ховд аймаг 2013 оны ажлаараа улсдаа тэргүүлж, Монгол улсын шилдэг, тэргүүний аймгаар, Үенч сум улсын тэргүүний сумаар шалгарч бахдам амжилт үзүүлсэн.

Ховдчууд бид 2014 онд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Зүүн гарын хаант улсын их хаан Галдан бошгит хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн их хурд, даншиг наадам, "Ховд-2014” бага олимп, олон угсаатны бүлгүүдийн өв соёлын их наадам, Хөөмийн олон улсын наадам, "Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр,  Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болон улс, бүс нутгийн хэмжээний 80 гаруй төвлөрсөн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг наадмыг зохион байгуулснаар манай аймгийн үнэлэмж Монгол улсын хэмжээнд эрс дээшилсэн.  Баяр наадмыг угтсан олон бүтээн байгуулалт хийсэн. Зөвхөн баяр наадмыг ойр орших  аймаг сумд, хөрш орнуудаас гэхэд 20 мянга гаруй  хүмүүс ирж сонирхсон байна. Энэ үед манай аймгийн цэвэр усны үйлдвэр, талх нарийн боов, зочид буудал гэх мэт үйлдвэр үйлчилгээний газрууд хагас жилийнхээ борлуулалтыг баярын өдрүүдээр хийсэн байх жишээтэй. Баруун бүс Ховд аймагт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтад 300 гаруй бизнес эрхлэгч оролцож хөрөнгө оруулалтын санамж бичиг, гэрээ байгуулагдсан. Эдгээрийн үр дүн гарч Ховд аймаг хөрөнгө оруулалтын хамгийн сайн орчинг бий болгосон, дэд бүтцийнхээ асуудлыг шийдэж чадсныг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтынхан, аж ахуй нэгжүүд хүлээн зөвшөөрч байна. 

-Гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн 2025 хүртэлх хөгжлийн стратегийн төлөвлөгөөг  сонирхоё?

-Ховд аймгийн ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хамтарч ажиллахаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр бодлогын шинж чанартай баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Аймгийнхаа 2025 он хүртэлх хөгжлийн стратегийг боловсруулан гаргасан. Аймгийн бүх сум, албан байгууллагууд энэхүү хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй сайтар танилцаж, судлаад зогсохгүй хэрэгжүүлэх талд анхаарч байна.

Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хөдөө аж ахуй, барилга дэд бүтэц салбар бүрийнхээ ажлыг стратеги төлөвлөгөөтэйгээ уялдуулан зохион байгуулснаар тогтвортой тасралтгүй өсөн нэмэгдэх эдийн засагтай, Монгол Улсын хувьд өндөр хөгжил дэвшлийн хүч тулгуур болсон аймаг болж чадна. Аливаа хөрөнгө оруулалтын орон зайг тал талаасаа дэмжиж ажиллаж байж амжилтад хүрдэг.  Ховд аймагт томоохон бодит хөрөнгө оруулалт орж ирж байж л түүний үр дүнд эдийн засаг эргэлтэд орж,бидний цалин хөдөлмөрийн бүтээмж өндөр байна.

Ховд хотынхоо хөгжлийн төлөвлөгөөг чамгүй их хөрөнгө гарган хийж дуусгасан. Дэлхийд алдартай хот төлөвлөлт, архетиктурын талаар мэргэжлийн өндөр түвшний чадвартай Италийн мэргэжилтнүүд, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг уг төлөвлөгөөг хийсэн. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу ирэх 2030 гэхэд Ховд хотоо бид Монгол Улсын тэргүүн хөгжилтэй,  нийслэл хотынхоо дараа орох хот болгох зорилттой ажиллаж байна.

-2014 онд манай аймаг улс орны хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан олон арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүхнээс тоймлон дурьдахгүй юу?

-"Ховд-2014” бага олимпийг төрийн бус байгууллагууд "Ховд аймгийн хөгжлийн төлөө” сан болон бусад байгууллагууд сумдуудтайгаа хамтран амжилттай зохион байгуулсан.  2014 он ялангуяа  биеийн тамир, спортын салбарт гайхмаар амжилттай жил байлаа. Бүсийн болон улс орны, тивийн, олон улсын шинж чанартай тэмцээнд манай баг тамирчид 300 гаруй медаль хүртлээ. 2014 онд Булган сумын харъяат Г.Баттулга АНУ-д болсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Гимнастикийн төрөлд Азийн аварга төрлөө.  Мөн хөөмэйн ОУ-ын наадам, мөнгөлөг шагшуурга цас, мөсний баярыг бүс нутгийн шинж чанартай өргөн хүрээнд  зохион байгуулсан. Тухайлбал, мөсний аялал жуулчлал  жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж улсын хэмжээний үлгэрчилсэн  төлөвлөгөөнд орсон. Энэ жилийн мөсний баяр 2015 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд  зохион байгуулагдахаар болоод ажиллаж байна. "Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд олон үндэстэн, ястныхаа нандин сайхан өв соёл, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилгоор зургаан сумын өдөрлөгийг зохион явуулсан. Дөргөн сумын ард иргэд 140 гаруй тэмээгээр жин тээж, энэ үеэрээ Алтан ганжуур хэмээх судар номоо хотынхоо төв талбайд залж, ховдчууд болон хол ойрынхныг  цэнгүүлснээрээ хамгийн шилдэг нь болсон.

-Ховд хотын утаа их гэцгээдэг. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээр нэлээд ажлуудыг хийж байна.  Үнэхээр амаргүй байгаа. Яагаад гэвэл энэ утаа нэг жилийн дотор бий болоогүй. Хотжилт бий болсон цагаас эхлээд  жар, далан жилийн турш хуримтлагдаж ирсэн. Эхний удаад авсан арга хэмжээ нь албан газруудын 50 гаруй жижиг оврын галлагааны зуухнуудыг зогсоож, дулааны станцад холбосон. Судалгаа хийж эх үүсвэрүүдийг зохицуулах тал дээр анхаарч ажилласнаар утаа харьцангуй шингэрч байна.

-Улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангаас Ховд аймагт ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ?

-2014 онд Ховд аймгийн хэмжээнд хувийн хэвшил, улсын болон ОУ-ын хөрөнгө оруулалт нийлээд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн жил болсон. Аймгийн төвд болон зарим сумдад хатуу хучилттай замтай боллоо. Мөн 69 шинэ барилга байгууламж баригдаж, шинэчлэл, засвар хийж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25 барилга шинээр баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн гурав, сургуулийн тав, сургуулийн дотуур байр хоёр, соёл, спортын төв гурав,  лаборторын зориулалттай дөрөв гэх мэт нийт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий барилга бий. Хувийн хөрөнгө оруулалтаар олон барилга шинээр баригдаж байна. 

-Энэ жил хаа сайгүй өнөтэй дулаан өвөл болж байна. Ховд аймгийн цаг үеийн ажил, мал өвөлжилтийн байдал ямар байна вэ ?

-Сүүлийн жилүүдэд байгаль дэлхий, Алтай нутгийн минь тэнгэр биднийг ивээж аймаг даяар хур бороо цагтаа орж дэлгэр сайхан зун, өнтэй өвөл болж цэцэг ногоо, арвай буудай арвин дэлгэрч, мал сүрэг өсч, сүү сааль нь бялхаж, түмэн олны маань сэтгэл санаа амар амгалан, олон угсаатан Ховдчууд бид бүхний эв эе нягтарч, ажил үйлс өөдрөг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Манай аймаг 2013 онд 2.241.324 мал тоолуулсан бол 2014 онд 2.6253,577 толгой мал тоолуулж өмнөх онтой харьцуулбал 384253 тоо толгойгоор мал өссөн байна.

Малыг таван төрлөөр нь авч үзвэл тэмээ 20628, адуу 96261, үхэр 138155, хонь 995053, ямаа 1.375.480 боллоо.

-Ховд аймаг 2015 онд ямар  зорилт дэвшүүлж байна вэ?

-2015 оны ажлын анхны өдрөөс эхлэн ажлын айлчлал олон байна. Бидний зорьсон зорилго улс дотроо төдийгүй, олон улсын  түвшинд амжилт олж байгаагийн  илрэл юм. 2014 онд манай аймгийн гадаад харилцаа өндөр түвшинд хүрсэн жил болсон. Эдгээр боломжуудаа цаашдаа улам  боловсронгуй болгон, хөгжүүлж ажиллана.

Хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болж хөгжих алсын хараатай, мэдлэгжсэн, санаачлагатай, баялаг бүтээгч, хөгжсөн олон тулгуурт өсөн нэмэгдэх эдийн засаг бүхий Монгол Улсын хөгжлийн баруун үүд болж хөгжих стратеги зорилт дэвшүүлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх