Дөрвөн аймагт хугацаа нь дууссан эмээр үйлчилжээ

 


Б.Энэрэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Эмийн зохистой хэрэглээ” нэг сарын аяныг өрнүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхит аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, жор бичилт, эмийн жороор олголтыг сайжруулах зорилгоор салбарын сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг зохион байгуулах аж. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санд нэгдсэн шалгалт явуулснаа мэдээлэв. Тус шалгалтаар 32 эмийн үйлдвэрийн 83.3 хувь, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90.4, 1688 эмийн сангийн 25-30 хувийг хамруулсан байна.

27 эмийн үйлдвэрийн зах зээлд давхардсан тоогоор 1176 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний 71.4 хувь Монгол Улсын эмийн санд бүртгэгдээгүй, 52.2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүйн судалгаа хийгээгүй зөрчил илэрчээ.

Харин улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад 3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь хяналтын горим зөрчсөн, 57.5 тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг зөрчил илэрчээ.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх