Ю.Цэдэнбал гэдэг хүний их гэрэлд сүүдэр бас байсныг мартаж болохгүй, эрхэм гишүүд ээ

Ю.Цэдэнбал гэдэг хүний их гэрэлд сүүдэр бас байсныг мартаж болохгүй, эрхэм гишүүд ээ

 Ц.ЭРДЭМ

Улсын толгойд 44 жил суусан хүн улс орон, ард түмнийхээ төлөө гавьяа байгуулах ёстой. Бүр үүрэг нь

 

Социализм байгуулахаар зүтгэсэн 70 жилийн түүхийн 44-т нь Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалыг хашсан Ю.Цэдэнбалын асуудал 2015 оны арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд гэнэт улс төрийн халуун сэдэв болж, чуулганы танхимд яригдлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн тогтоолын төсөл өргөн барьжээ. Нэр нь "Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай”. Гэхдээ зөвхөн ойг нь тэмдэглээд зогсохгүй энэ хүрээнд түүнийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх тухай асуудал орж ирсэн нь маргаан дагуулав. Гишүүд ямар ч гэсэн Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байна. Чуулганы танхимд өрнөсөн яриа хөөрөөнөөс харахад 1990 онд МАХН тэр хүнийг намаасаа хөөсөн нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйл байсан гэнэ. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чухам юу хэлээд байгаа нь тодорхойгүй бөөрөнхий л юм хэлээд өнгөрлөө. "Тогтоолын төсөл санаачилсан Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар бол Ю.Цэдэнбалын гавьяа нь өнөөдрийн МАН-д хамаатай, харин гай нь хамаагүй болж таарч байна уу” гэж С.Эрдэнэ гишүүн өнөөдөр өрнөөд байгаа Цэдэнбал тойрсон асуудлын голыг олоод хэлчихнэ билээ.

Ю.Цэдэнбал гэдэг хүнд гавьяа бий. Түүнийг хэзээ ч үгүйсгэх аргагүй. Улсын толгойд 44 жил суусан хүн улс орон, ард түмнийхээ төлөө угаасаа гавьяа байгуулах ёстой. Бүр үүрэг нь байсан гэж хэлж болно. Тиймээс Ю.Цэдэнбалын гавьяа гэж хэт дөвийлгөөд байх нь бас л нэг талаасаа өрөөсгөл хандлага. Нөгөө талаас нь өөр өнцгөөс авч үзэж, Ю.Цэдэнбалын гавьяаг үнэлэхийн зэрэгцээ тэр хүний алдаа, сүүдэр хоёрыг байсан чигээр нь гаргаж ирж тавих ёстой. Түүнээс өнгөрсөн түүхийг өнөөдөр өөрчлөөд шинэчлээд бичиж болохгүй. Аль засаг, аль нам гарч ирсэнд нь тааруулж түүхийг хувиргаад байх эрх түүхчдэд ч, улстөрчдөд ч байхгүй билээ.

 

Х.Чойбалсан 1932 оны протоколыг дахин хөндсөн нь 1944 онд Тува Орост нэгдсэнээр түр намжжээ

 

Давст уулыг оросуудад өгсөн тухай асуудал яригдахад чуулганы танхимд "Тэр чинь Цэдэнбалтай холбоогүй. 1930-аад онд болоод өнгөрсөн асуудал. Тэр үед Цэдэнбал 15 настай хүүхэд байсан, яаж төрсөн нутгаа оросуудад өгсөн байж таарах вэ” гэдэг тайлбараар няцаагаад өнгөрч байна. Харин Давст уултай холбоотой асуудал 1958 оноос яаж эхэлж, яаж дууссан, 1960-аад онд тухайн үедээ Ю.Цэдэнбалаас мэдлэг боловсролоороо илүүрхэж байсан зарим сэхээтэн яагаад нутаг заагдан цөлөгдсөн бэ гээд олон асуудлыг чуулганы танхимд ярихгүй байгаа нь сонин. Нэг намын тогтолцооны, нэг хүнийг тахин шүтэх үзэл хэтэрхий газар авсан үеийн даргын тухай өнөөдөр парламентаар зөвхөн цагаатгах баримтуудын хүрээнд авч үзэж байгаа бол манай УИХ хуучин цагийн МАХН-ын Төв хорооноос юугаараа ялгаатай болох юм бэ.

Давст уулын хил хязгаарын асуудлыг 1932 онд шийдэж. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1932 оны наймдугаар тогтоол, БНТува улсын Ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 81 дүгээр тогтоолоор "Хоёр улсын хил хязгаарыг албан ёсоор тогтоохоор ажилласан хоёр талын комиссын хамтарч хуралдаж шийдсэн”-ийг баталгаажуулжээ. Ю.Цэдэнбалыг нутгаа зараагүй гэж батлаад байгаа баримт энэ. Гэхдээ асуудал дахин гарч ирсэн. Газар нутагтай холбоотой асуудлыг нэг талаасаа эцэслэн шийдэж чадаагүй, нөгөө талаасаа бусдад өгчихсөн буруугаа мэдсэн үү ямар ч гэсэн Х.Чойбалсангаас дахин энэ асуудлыг авч үзэх талаар Гадаад хэргийн ардын комиссар Молотовт хандаж захидал бичиж байжээ. Гэвч тун удалгүй эх орны дайн дэгдэж, улмаар 1944 онд Тува нь орост нэгдэж орсноор намжжээ.

 

Давст уулын асуудал Ю.Цэдэнбалаас өмнө 1930-аад шийдэгдээд өнгөрчихөөгүй буюу 1957-1958 онд юу болсон бэ?

 

Тува-Монголын хилийн цэстэй холбоотой асуудлыг оросууд 1957 онд сөхөн гаргаж ирсэн байна. Ингээд оросуудын тавьсан асуудлыг МАХН-ын Төв хорооны УТТ-ны 1957 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд 387 тоот тогтоол гаргажээ. Тогтоолоороо "Хилийн шугамыг тодруулан тогтоох хэлэлцээг явуулахдаа түүхт материалыг голчлон үндэс болгохоос гадна ард түмний одоогийн амьдралын шаардлагыг харгалзан гүйцэтгэх хэрэгтэй” гэсэн чиглэлийг Сайд нарын зөвлөлд өгчээ. Сайд нарын зөвлөл нь ч удалгүй хуралдаж, 485 тоот тогтоол гарган хилийн хэлэлцээр хийх Засгийн газрын төлөөлөгчдийг батлаж, даргаар нь Гадаад явдлын яамны сайд С.Аварзэдийг томилсон байна. Давст уулын асуудал Ю.Цэдэнбалаас ангид тэртээ 1930-аад шийдэгдээд өнгөрчихөөгүй юм шүү гэдгийг батлах нэг баримт энэ. Цааш бүр сонин болж үргэлжилнэ. 1932, 1934 оны гэрээг түүхэн баримт гэж үзэх эсэхээс эхлээд л хэлэлцээр сунжрах маягтай болж. ГЯЯ-ны сайд Аварзэд хатуухан байр суурь баримталж, Элчин сайд Молотов ЗХУКН-ын мэдэгдлийг манай дарга нарт хүргүүлжээ.

Хэлэлцээр сунжирч, хойноос мэдэгдэл ирж байх үед Ю.Цэдэнбал эзгүй, Орост байжээ. Тэгээд Москвагаас эргэж ирээд хэлэлцээрийн материалыг татаж авч танилцаад "...Анхнаасаа л хил орчмын ард түмний ашиг тусыг баримтлах байсан юм. Түүх гээд хол явчихаж” хэмээн цохолт хийж байжээ. Удалгүй буюу 1958 оны хоёрдугаар сарын 17-нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооноос ирсэн мэдэгдлийн хариуг явуулах талаар хэлэлцэхэд Ю.Цэдэнбал "Тува мужтай залгасан хилийг тодотгох тухай хоёр талын ажиллагаа эхлээд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд хэлэлцээрийн байдал удаашран зөрөх байдалд орсон байна. Үүнийг Зөвлөлт Монголын найрамдлын амьсгаагаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй” гээд шинэ тогтоолын төсөл Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Цэндээр хийлгэн яаралтай батлан хоёрдугаар сарын 26-нд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба элчин сайд Моловтовт албан ёсоор гардуулжээ. Молотов бичгийг гардаж аваад "Би юм хэлж чадахгүй ... нөхөдтэйгөө ярилцана. Ер нь манай хоёр талд харилцан ашигтайгаар тохиролцож болох байлгүй дээ. ...Аварзэд зарим асуудал дээр хэтэрхий нэг талыг барьж байсан...” гэж хэлж байсан талаар олонтаа бичигдэж байсан.

 

С.Аварзэд: 1932 оны протокол нь манай дотоод хуулиар ч гэсэн, олон улсын хуулиар ч гэсэн бүрэн хүчээ олоогүй юм

 

Молотовын яагаад "...Аварзэд зарим асуудал дээр хэтэрхий нэг талыг барьж байсан...” гэдэг үг юу хэлээд байв. Яагаад гэвэл С.Аварзэд Давст уулыг Тувад өгсөн 1932 оны хэлэлцээрийг хүчингүй гэж үзэж байсан аж. Үүнийг С.Аварзэд, Ю.Цэдэнбал нарын тэр үед МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд бичиж байсан захидлаас харж болно. Эдгээр захидал нь 1990 онд "Ардын эрх” сонины 6, 7 дугаарт хэвлэгдэж байсан билээ.

С.Аварзэд захидалдаа "...1932 оны протоколуудыг хүчинтэй гэж үзэх ямар ч үндэслэл алга. Цэдэнбал ямар нэг олон улсын хэлэлцээр хүчинтэй эсэх нь түүнийг хийхээр томилогдсон хүмүүст өгсөн удирдамжийн агуулгаас болдог юм гэх ойлголтыг төрүүлж байна. Гэтэл тэр удирдамж, даалгавар нь ажиллах арга, биелүүлэх зорилтыг заасан нэг талын материал болохоос өөр ямар ч нийтлэг хүчин байдаггүй билээ. Олон улсын хэлэлцээр, гэрээ хүчинтэй эсэх нь тэр гэрээ бодит байдалд чухам тохирч буй эсэх, хууль ёсны бүрэн хүчээ олсон эсэхээс шалтгаална. 1932 оны протокол тийм хүчээ олоогүй юм. Сайд нарын зөвлөл батласан ч гэсэн төрийн дээд байгууллага батлах ёстой. Харин Сайд нарын зөвлөлийн дарга өөрөө байгуулсан гэрээг Сайд нарын зөвлөл батлахгүй, шууд төрийн дээд байгууллагад оруулдаг ёс бий. /Жишээлбэл ЗХУ/ Иймд 1932 оны протокол нь манай дотоод хуулиар ч гэсэн, олон улсын хуулиар ч гэсэн бүрэн хүчээ олоогүй юм.

1932 оны протоколыг хүчингүй болгох хоёр дахь баримт нь уул протокол тусгай хэлэлцээрээр хүчингүй болгогдсон явдал юм. Тэр хүчингүй болгосон үйл ажиллагаанд олон улсын эрхийн норм зарчмыг зөрчсөн зүйл алга. Гэрээг байгуулах, цуцлах /үндэс ба хэлбэр/ бүх үйл олон улсын эрхэнд тохирч байна.

Молотов "хүчинтэй” гэж муйхарлаж байгаагаас биш хуулийн баримт нотолгоо гаргахгүй байгаа. Иймд ийм зүйлийг хууль ёсны гэж үзэх нь эвгүй юм биш үү. Би өөрийнхөө үзэл санааг хамгаалаад хэлж буй биш. Үнэхээр бодит байдал, эх орноо бодоод хэлж байна...” хэмээгээд 32 оны хэлэлцээрийг үндэс болгоно гээд Цэдэнбалын хийсэн зэмлэл дүгнэлтийг надад тулгах юм бол хэлэлцээрийн бүрэлдэхүүнд оролцох аргагүй гэдгээ илэрхийлжээ. Ю.Цэдэнбалыг ч С.Аварзэд баримттайгаар нэлээд хурц шүүмжилсэн байна.

 

Ю.Цэдэнбал: 1932 оны хэлэлцээрийг хүчингүй гээд бид хол явахгүй байх...

 

Ю.Цэдэнбал С.Аварзэдийн энэ шүүмжлэлийн хариу болгон "МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүд, орлогч нарт” гэж хаяглаж байгаад 1958 оны хоёрдугаар сарын 20-нд захидал бичжээ. Ю.Цэдэнбал өөрийг нь буруутгасан С.Аварзэдийн бичсэн үндэслэлүүдийг эсэргүүцэж тайлбар хийжээ.

Давст уулыг оросуудад өгсөн 1932 оны протокол хүчингүй гэдэг үндэслэл гаргаж ирсэний хариуд Ю.Цэдэнбал "...түүхэн баримтттай танилцсан, түүнийгээ Улс төрийн товчоонд би танилцуулсан..., түүхэн баримтуудыг С.Аварзэд ач холбогдолгүй гээд Улс төрийн товчоонд илтгээгүй нь бүр ч үл тохирох хариуцлагагүй явдал” гэж үзсэн тухайгаа бичжээ. Мөн "Сайд нарын зөвлөлийн дарга хүн гадаадаас ирээд юуны урьд Гадаад яамныхаа сайд, хэлэлцээр явуулж буй төлөөлөгчийн тэргүүнийг хүлээн авч, ажил байдалтай нь танилцаж, заавар зөвлөгөөн өгдөг байхад Цэдэнбал тэгэхгүй, Аюулаас хамгаалахын хэдэн нөхдөөр голдуу яриулаад хэтэрхий нэг талтай янз бүрийн дүгнэлт хийдэг нь агуулгын ба хэлбэр стилийн хувьд тохиромжгүй байна. Би гүйж байж, ажлын бус цагаар Цэдэнбал даргатай нэг уулзаж, бүх байдлыг ярьж танилцуулахыг оролдсон боловч хардав, гүтгэв гэх зэргээр элдэв зэмлэл тулгасаар байгаад өнгөрсөн билээ” гэжээ. Миний дутагдал бол Аварзэдийг түргэн хүлээж аваагүй явдал мөн. Би урьдаар хоёр төлөөлөгчийн хэлсэн үгүүдтэй танилцаад дараа нь уулзъя гэж бодсон юм. Тэр ёсоор ч Аварзэдийг хүлээн авсан юм. Бусад талаар дээр дурдсан зүйлүүд цөм үндэсгүй. Баримтаар яръя ...” гээд тайлбарлажээ. Ю.Цэдэнбалын С.Аварзэдийг буруутгаж бичсэн захидалд анзаарахгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ю.Цэдэнбал бичихдээ "...Бас тэгэхэд Аварзэд дор дурдсан зүйлийг хэлсэн. Үүнд: Бүс голын зүүн талаар хил татах саналыг Зөвлөлтийн нөхөд тавьж байгаа учир бол тэнд шинжилгээ хийж ховор элемент их олсон юм. "Геологоразведкийг” манайд Зөвлөлт улс шилжүүлэх үедээ нэг дэвтрийг санамсаргүй орхижээ. Тэр дэвтрийг манайхан олжээ. Түүнд тэр районы баялгийг тодорхойлжээ. Тэр дэвтрийг Москвад бичсэн байна” гэв. Би хэлсэн нь: Зөвлөлт Засгийн газар, Коммунист нам ер нь ийм аргыг хэрэглэж, газар авахыг бодож байна гэж миний тархи толгойд огт орохгүй байна. Доод зарим ажилтан хүн ийм асуудал тавьж болох боловч бас ховор гэдгийг хэлэв... гэх мэтчилэнгээр дурджээ.

Ю.Цэдэнбал захидлынхаа төгсгөл хэсэгт "...1932 оны хэлэлцээрийг хүчингүй гээд бид хол явахгүй байх. Нам, засгийн зохих шийдвэр нэгэнт гарсан. Харин 1940 оны хэлэлцээрээр тэр протоколуудыг хүчингүй гэж үзэх үү, үгүй юу гэдгийг зөвхөн авч ярьж болох юм. Тэгсэн ч гэсэн энэ нь одоо асуудлыг жинхэнэ байгаа байдлаас нь хил орчны аль аль талын ард түмний сонирхлыг баримтлан шийдвэрлэхэд онц ач холбогдолгүй санагдана. Би УТТ-ны хуралд хилийн асуудлыг шийдвэрлэх явдалд саналаа өгсөн...” хэмээжээ. Ю.Цэдэнбалын захиандаа "МАХН-ын Төв хорооны УТТ Аварзэдээс миний тухай тавьсан зэмлэлийг нэгэн тийш болгон таслаж өгнө гэдэгт найдаж байна. Харин би үүнийг хилийн асуудалтай холбож шийдвэрлэх хэрэггүй гэж би бодно” хэмээсэн байсан билээ. Шийдвэр гаргуулж асуудлаа таслуулах гээд байгаа МАХН-ын Төв хороо, УТТ-нд Ю.Цэдэнбал өөрөө сууж байсан. Нэг намтай, нэг хүнийг тахин шүтдэг байсан тэр цагт асуудал хэний талд шийдэгдсэн бэ гэдэг нь ойлгомжтой.

 

Ю.Цэдэнбалын өөдөөс дуугарсан, сөрсөн хүмүүсийн очдог газар буюу нутаг заах гэдэг цөллөг

 

С.Аварзэд, Ю.Цэдэнбал нар ингэж захидал бичилцсэнээс хойш нэг их удалгүй МАХН-ын Төв хорооны УТТ-гоор С.Аварзэдийн асуудлыг хэлэлцжээ. С.Аварзэдийг бүх албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Хилийн хэлэлцээр хийх Монголын комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад явдлын яамны сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд хилийн хэлэлцээр хийх комиссын даргаар Л.Цэндийг томилсон байна.

Сайд байсан С.Аварзэдийг ямар ажилд томилсон гэж бодно. СОТ гэж нэрлэдэг байсан Зөвлөлтийн барилгын трестэд жолооч болгож байжээ. Угтаа бол С.Аварзэд гэдэг тэр хүн өөрийнх нь хэлснээр "Үнэхээр бодит байдал, эх орноо бодоод...” явсан. Гэтэл эцэстээ намын эсрэг, зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж албан тушаалаасаа буугаад зогссонгүй. Бүр "Манайд газар нутаг өгөхгүй гээд байсан нөхөр чинь энэ” гэж даапаалуулах, чичлүүлэх тэр хэмжээнд оросуудын дунд аваачиж хаясан нь зүгээр нэг тохиолдол уу, эсвэл бодлого байв уу гэдгийг мэдэхгүй.

С.Аварзэдийн оронд Хилийн хэлэлцээр хийх Монголын комиссын даргаар томилогдож, Ю.Цэдэнбалын саналыг тусгасан МАХН-ын Төв хорооны УТТ-ноос гаргасан хамтын шийдвэрийн дагуу гэрээнд гарын үсэг зурах үүрэг хүлээсэн Л.Цэндийг "намын эсэргүү” хэмээн цоллож, Монголын хамгийн хүйтэн нутаг болох Тосонцэнгэл рүү модны үйлдвэрийн даргаар нутаг заан цөлжээ. Л.Цэнд гэдэг хүн нэргүй цөллөгт 19 жилийг үдсэн байна.

Ю.Цэдэнбалыг шүүмжилсэн, алдаа дутагдлыг нь хэлсэн хүмүүс цөлөгддөг нутаг заагддаг тийм л эмгэнэлтэй нийгэм байсан. Д.Төмөр-Очирыг 1962 онд намын гуравдугаар бүгд хурлаар "Үндсэрхэг үзлийг хөхиүлэн дэмжсэн, улс орны түүхэн ололтыг үл тоомсорлосон, нам, улсын удирдах боловсон хүчнийг гүтгэн дайрч, хутгах үймүүлсэн” хэмээн буруутгаад Баянхонгор аймгийн БУК-ын даргаар нутаг заан явуулж байсан. Түүнтэй хамт Ш.Бат-Очир нарын таван хүн бас нутаг заагдан цөлөгдөж байсан нь бодитой нотолгоотой баримт. /Сүүлд Д.Төмөр-Очир Дарханд бусдын гарт амь насаа алдсан бөгөөд хэрэгтэн нь өдгөө л илрээгүй явж байгаа билээ/.

Д.Төмөр-Очирын өмнөхөн Д.Дамба гэдэг хүнийг мөн л ийм маягаар намын удирдлагаас зайлуулсан байдаг. Тэгээд Лоохууз, Нямбуу, Сурмаажав гээд нутаг заагдсан цөлөгдсөн баримт дурдвал олон.

Нэг хүнийг тахин шүтдэг нэг намын тогтолцоотой нийгэм рүүгээ эргээд орчихоогүй л юм бол нэг хүний талаар ганцхан сайн талаас нь харж болохгүй гэдгийг Цэдэнбалын өөдөөс сөрж дуугарсан улсын туулж байсан нутаг заах гэдэг нэргүй цөллөг бидэнд өнөөдөр сануулж байна.

1990-ээд оны ардчилсан хувьсгал эхлэхэд ардчилагчдаас илүүтэй тэр үеийн МАХН-ын удирдлага 44 жил даргалсан даргаасаа ичиж, муу муухайг нь дуудаж байлаа. 1990 онд МАХН шийдвэр гаргаж, Ю.Цэдэнбалыг намаасаа хөөж байсан. Харин энэ шийдвэрээ 1997 онд өөрчилсөн байна. Ингэж нэг хүний тухай шийдвэрээ байн байн өөрчлөөд байдаг нь Хүрэлбаатар гишүүний хэлсэнчлэн тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байсан бололтой. 1990 онд хамаг муу муухайгаа ганцхан даргадаа үүрүүлээд өөрсдөө цэвэрхэн улс болох гэж байж. Харин өнөөдөр болохоор хэлмэгдсэн даргыгаа цагаатгасан гэдэг гавьяаг өөрсөд дээрээ наах гэж МАХН, МАН хоёр булаалдаж, түүнд нь АН татагдан орчихсон явж байна.

Шүүх бас цагаатгах эрх зөвхөн шүүхэд байх ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлж байсан. Монгол Улсын ардчилсан парламент хуучин цагийн Ху намын Улс төрийн товчоо шиг шийдвэр гаргаж, цаашлаад цагаатгалын асуудлыг шүүхээр биш парламентаар ярьдаг буруу жишиг тогтоочих вий дээ.

Ю.Цэдэнбал гэдэг их хүн. Их хүний гэрэл их. Их гэрлийн ард их сүүдэр нуугдаж байдаг гэдэг маргаангүй үнэнийг мартаж болохгүй.


ЭХ СУРВАЛЖ ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

 

 

 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх