Хүүхдийн ордныг хувьчлах сураг ба хотын дарга нарын тохиролцоон

-Коммунизм байгуулна гэж будилж явахдаа ч хүүхдүүдээсээ харамлаагүйг ардчилсан дарга нарт сануулах нь-

 

Д.БАЯРБИЛЭГ

 

-Хотын орлогч Буяндалай яагаад ажлаасаа халагдах өргөдлөө өгчихөв?

-Хотын даргатайгаа муудалцсан юм байх. Хүүхдийн ордныг хувьчлахыг эсэргүүцэж, Үүл даргынхаа өөдөөс дуугараад дийлэхгүй болохоороо өргөдлөө өгсөн юм уу даа.

-Сайн байна Буяндалай. Энэ хүн шиг хүүхдийн төлөө сэтгэлтэй дарга энэ засагт ч нэг ч гэсэн байгаа нь яамай даа. Ийм яриа хүүхдийн байгууллагад ажиллаж байсан хоёр хүний дунд өрнөв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, Нийслэлийн Засаг даргын орлогч Буяндалай хувьчлалтай холбоотой асуудлаас болж даргатайгаа муудалцсан гэдэг нь тодорхой гэнэ. Хүүхдийн урлан бүтээх төв болон Усан спорт сургалтын төвийг хувьчлах асуудлаар орлогч нь даргатайгаа санал нийлэхгүй байгаа аж.

Хүүхдийн байгууллагын ахмадууд Хүүхдийн ордонг хувьчлах хотын дарга нарын шийдвэрийг "Ирээдүй рүүгээ буудаж байгаа их буу” хэмээн нэрлэж байна. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар гэдэг хүн Хүүхдийн ордныг хувьчлахаар шийдэхдээ хүүхдүүдээ бодсон хэмээгээд "Ордныг нь хувьчлаад хүүхдүүдийг дүүрэг дүүрэг дээрээ дугуйлан секцэд хичээллэх боломжийг олгох” гэж байгаа хэмээн тайлбарлаж байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүс дэх архитектур, уран барилгын талаасаа нийслэлд байгаа хуруу дарам цөөхөн сайхан барилгын нэг Хүүхдийн ордонг хувьчлах гээд байгаагийн цаана Төмөрбаатарын хэлээд байгаа шиг хүүхдээ бодсон "сайхан санаа” байгаа гэдэгт хэн итгэх юм бэ. Нөгөө талаасаа улсдаа ганцхан байгаа Хүүхдийн ордныг хувьчлаад олох мөнгөгүйгээр өнөөдөр энэ Улаанбаатар хот амьдарч чадахаа болчихоод байгаа юм уу Э.Бат-Үүл дарга аа гэдэг асуулт ч гарч ирнэ.

Хотын даргынхаа коммунизмыг үзэн яддаг гэдгийг бид мэднэ. Лениний хөшөөг буулгахдаа энэ харшил нь хэтрээд хятадуудын тухай дэмий баахан донгодоод сүүлдээ уучлал гуйх дээрээ хүрч байсан. "Төмөр замыг цэрэг байгуулна” гэдэг хөтөлбөр батлуулчихсан Х.Баттулгыг "Ийм коммунист байсан гэж яаж мэдэх юм” хэмээн сүртэй гэгч ярьсан нь цахимаар дүүрэн л байж байна. Коммунизмыг үзэн ядаж болно. Тэр бол хүний эрх. Харин хүүхдүүдийг үзэн ядаж болохгүй. Хүүхдүүдийг үзэн ядвал гэмт хэрэг болно.

Хотын даргын үзэн ядаад байгаа коммунизмыг байгуулах гэж будилж төөрч байхдаа Монгол Улс хүүхдүүдээсээ харамлаагүйгээр барахгүй ирээдүй хойч болсон хүүхдүүдээ сургах гэж тэдэнд зориулж ордон байгуулж өгч байсан юм шүү гэдгийг хотынхоо ардчилсан дарга нарт сануулъя.

Монголд хүүхдийн ордон байгуулсан түүх 1955 оноос эхтэй. 1955 онд шавыг нь тавиад 1958 онд ашиглалтад оруулж байжээ. Ордныг ашиглалтад оруулахын өмнө Сайд нарын зөвлөлөөс тогтоол гаргаж, уг ордонд хэрэгтэй зүйлийг төрийн яам тамгын газрууд хэрхэн яаж гаргахыг нарийвчлан зааж өгчээ. Тэр дагуу холбогдох байгууллагууд хөрөнгө хүчээ гаргаж, шинэ ордондоо хүүхдүүдээ хичээллүүлж эхэлсэн түүхтэй. Ордон барихад улсаас 10 сая төгрөг гаргаж байсан гэдэг тухайн үедээ бол маш их мөнгө бөгөөд дотор тавилгыг нь Хятадаас авчирч байжээ. Одоо хувьчлах гээд байгаа ордны шалан дээр байгаа улаан хүрэн өнгөтэй зузаан хивс бол тэртээ 1950-иад оны сүүлчээр Хятадаас ирж байсан гэдгийг мэдэх хүмүүс өнөөдөр байна. Дуу, хөгжим, бүжиг, бөхөөс эхлээд одон орон судлал хүртэл олон дугуйлан хичээллэж байжээ. Тэр ч бүү хэл "Сурч байгаа хүүхдүүдээ жолоо бариулж сурга” гэж улс "Москвич” машин тавыг өгч байсан юм. Жолооны дугуйлангаас гадна "ГАЗ-51” машинтай слесарь-засварын дугуйлан ажиллаж байсан гээд хүүхдүүдээ сургахын төлөө хөрөнгө зарж байсан баримт дурдвал олон. Анх 3000 хүүхэдтэй, 30 гаруй дугуйлан секц хичээллүүлж байжээ. Жилийн жилд энэ тоо бараг дээшээ доошоогоо бага зэрэг хэлбэлзэж иржээ. Гэхдээ тус ордонд хичээллэдэг хүүхдийн тоо 2000-аас буурч байгаагүй гэдгийг ажиллаж байсан улсууд нь хэлж байгаа юм.

Хуучин пионерийн ордон бууриа сэлгэж одоогийн хувьчлах гээд байгаа шинэ ордныг 1985 онд ашиглалтад оруулжээ. Нийгэм цаг үеэ дагаад нэрээ 1990 он гарсаны дараа өөрчилж, Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээр төв болсон байна. Өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд 2000 гаруй хүүхэд, 20 гаруй дугуйланд хичээллэж байна гэсэн албан тоо баримт байна. Жилд дунджаар 2000 хүүхэд хичээллэж байгаагаар тооцоод 56 жил ажилласан гэж бодвол 100 гаруй мянган хүүхэд энэ ордонд сурч, хичээллэж байжээ гэсэн тоо гарч байна.

Нийслэл энэ онд хувьчлах эд хөрөнгөөсөө 51 тэрбум төгрөгийг олно гэж тооцож байгаагаа хотын дарга нар яриад байгаа. Энэ 51 тэрбумд багтаагаад хүүхдэд зориулсан, бас зориулалтаараа ажиллаж байгаа ганц ордныг үгүй хийх нь гэдэг хардлага олон нийтийн дунд байна. Хүүхдэд зориулсан юмаа бүгдийг үгүй хийж устгаж болохгүй гэж үзэж байгаа Буяндалайгийн байр суурийг хотын дарга эхэндээ нэлээд сонсож байснаа сүүлдээ больсон, бараг шинэ эзэн нь тодорхой болсон гэх мэдээлэл ч дуулдаж байна. Хотын дарга Э.Бат-Үүл саяхан коммунизм-социализмаараа үлдсэн Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад айлчлал хийгээд ирснийхээ дараагаас Хүүхдийн урлан бүтээх ордны хувьчлалыг улам хурдасгах талаар эргэлт буцалтгүй гэж ярьж эхэлсэн нь шинэ эзэн тодорсон байх магадлалтай гэсэн хардлагыг улам гүнзгийрүүлж байгааг эх сурвалж хэлж байна.

Жил жилийн намарт Хүүхдийн ордны дугуйланд хүүхдээ бүртгүүлэх гэсэн ээж аавууд оочер дараалал үүсгэдэг. Үнэхээр Улаанбаатар хотод тус төв шиг мэргэшсэн, олон дугуйлан хичээллүүлдэг газар байхгүй. Хотын дарга нарын тайлбарлаад байгаа шиг дүүргүүдэд хүүхдүүдэд ойртуулна гэдэг бол зүгээр л үлгэр. Зарим хороод дээр байгуулсан "Номын өргөө” гэдэг шиг хулхины л юм болно. Дүүргүүд рүү, сургуулиуд руу нь ойртуулна гэдэг үлгэрээрээ хүүхдүүдээ хуурчихна гэж бодож байгаа хотын удирдлага үнэхээр ичмээр л харагдаж байна даа. Угтаа бол хот дахиад Нийслэлийн хүүхдийн ордон гэж дахиад нэгийг шинээр бариад өгчихнө гэсэн бол үнэхээр гоё харагдах байлаа Бат-Үүл дарга аа.

 

 

 

 

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

1958 оны 8 дугаар

сарын 22-ны өдөр Дугаар 276 Улаанбаатар хот

 

Улаанбаатар хотын пионерийн ордонг

ажиллаганд оруулах тухай

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

 

1. Сургуулийн хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотын пионерийн ордонг 1985 оны 9 дүгээр сарын 15-ны наана ажиллагаанд нь оруулсугай.

2. Улаанбаатар хотын пионерийн ордонг Гэгээрлийн яамны шууд харьяанд ажиллуулсугай.

3. Пионерийн ордонд Гэгээрлийн яамны хуваарийн ёсоор хүүхдэд зориулан киногоор тогтмол үйлчилж байхыг Соёлын яам /н.Сосорбарам/-д үүрэг болгосугай.

4. Пионерийн ордонд авто засварын баазаас ачааны хуучин авто машин 1, мөн зохих газраас нь усны цистерн 1-ийг шилжүүлэн өгөхийг Улсын төлөвлөгөөний комисс /н.Дулмаа/-д даалгасугай.

5. Техникийн дугуйлангийн хэрэгцээнд зориулан хуучин мотоцикл 2-ыг пионерийн ордонд үнэгүйгээр шилжүүлэн өгөхийг ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг/н.Лхагвасүрэн/-д даалгасугай.

6. Пионерийн ордны бүх кабинет, лабораторийг төхөөрөмжүүлэн ажиллуулах талаар Гэгээрлийн яаманд мэргэжлийн туслалцаа үзүүлж, зарим зайлшгүй шаардагдах зүйлийг гарган өгөхийг дор дурьдсан яам , тусгай газруудад үүрэг болгосугай.

а/ Хөдөө аж ахуйн павилон байгуулахад Хөдөө аж ахуйн яамнаас амьд амьтад, трактор, хөдөө аж ахуйн машиныг үнэгүйгээр шилжүүлж мэргэжлийн туслалцаа үзүүлсүгэй.

б/ биеийн тамир , спортын павилон байгуулахад Улсын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооноос мэрэгжлийн туслалцаа үзүүлж спортын төхөөрөмж хэрэгслийг өөрийн захиалгат зүйлээс гарган өгсүгэй.

в/ цэцэг ногооны теплиц байгуулахад Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанаас зохих туслалцаа үзүүлсүгэй.

г/ радио узел, лабораторийн монтажийн ажлыг Тээвэр, холбооны яамнаас хийж өгсүгэй.

д/ цаг уурын станцыг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгээс байгуулж өгсүгэй.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн

Орлогч дарга Д.МОЛОМЖАМЦ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга ЦЭРЭНЖАВ

ЭХСУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх