Хүмүүс нэгнээ хүндэлсэн найрсаг хот болно, манай Улаанбаатар

Монгол сур харвааны түүхэнд гарамгай мэргэн цолтой аав хүү хоёр ганцхан буй. Тэр бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн, түүний хүү гарамгай мэргэн Ц.Хүдэрчлуун нар.

Аав хүү хоёр улсын наадмын найман түрүүг авсан байдаг. Удамт харваач Хүдрээ мэргэнтэй уулзаж ийн ярилцав.

Өөрийнхөө үгэнд үнэмшээд "тогоо нэрнэ”

-Таныг гадагшаа сур харвааны тэмцээнд явах гэж байгаа гэж сонслоо. Зэр зэвсгээ агсаад хаанахыг "дайлаар мордох” нь вэ?

-Аа, урд хөрш рүү явах гэж байгааг хэлж байна уу. Бээжингээс цааш нэг хотод зэвт сумны харваа болох юм. Түүнд ирж оролцооч гэж өвөрлөгч нэг найз маань уриад.

-Зэвт сумны харваа гэж ямар харвааг хэлнэ вэ?

-Амьтны дүрстэй байг зэвтэй сумаар харваж өрсөлддөг тэмцээн. Товчхондоо, үндэсний сураар байт харваж байна гэж ойлгож болно.

-Зай хэмжээ нь манай үндэсний сурынхтай адил уу?

-Манайх 75 метрт харвадаг шүү дээ. Зэвт сумаар таван зайд буюу 20, 30, 40, 50, 60 метрт харвадаг.

-Үндэсний сур харвааны тэмцээн олон оронд болдог болж. Манайхан ч үргэлж оролцож байгаа сураг дуулдах юм. Хэр амжилт гаргаж байна вэ?

-Өө, их сайн оролцдог шүү. Ер нь л аваргална гэж үзнэ. Ялангуяа манай эмэгтэйчүүд түрүү бараг алддаггүй.

-Та түрүүлж байв уу?

-Байсаан, байсан. Унгарын Будапешт хотноо болсон олон улсын уламжлалт харвааны тэмцээнд арав гаруй орны хоёр зуугаад тамирчин цэц мэргээ сориход эмэгтэйчүүдэд нь манай спортын мастер Ц.Туваанжав, эрэгтэйчүүдэд нь би түрүүлж л байлаа.

-Дорнодын Баян-Уулыг хамгийн олон мэргэн төрсөн нутаг гэдэг. Та ч бас тэр нутгийнх...?

-Би Улаанбаатар хотын унаган хүү. Хоёрдугаар төрөхөд мэндэлсэн. Аав ээжийнхээ нутгаар Баян-Уулынх гэж дуудуулж явдаг юм.

-Таныг төрөх үед аав ээж тань ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байгаа вэ?

-Аав нефть баазад, ээж Төмөр замд ажилладаг байв. Манай гэр бол Толгойт өртөөнд. Багадаа би ясли, цэцэрлэгт огт явж байгаагүй. Жаахан дүрсгүй. Ахыгаа өдөж байгаад ихэнхдээ зодуулна.

Ах бид хоёр хааяа ээжийн ажил дээр очдог байсан юмдаг. Ээж сумчин хийдэг болохоор шөнө бид хоёрыг байрандаа орхичихоод явчихна. Тэгэхээр нь би ахыгаа айлгана даа.

-Яаж вэ?

-"Ээж ирэхгүй” гээд л. Ах айгаад уйлна. Ахыгаа хараад нээрээ ээж ирэхгүй бол яана гэж өөрийнхөө хэлсэн үгэнд үнэмшээд дагаад "тогоо нэрчих”-ийг нь яана...

-Аав тань Монголын сурчдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар, гарамгай мрэгэн хүн байсан. Өөрийг тань харваач болоход мэдээж гол нөлөөлсөн хүн биз?

-Өө, тэгэлгүй яахав. Гэхдээ учиргүй шахаж шаардсан зүйлгүй. Анх арван настайдаа хүүхдийн отго харваанд "Мухардаан” Пүрэв гуайн урласан нумаар харваж 20 сумнаас 14 онож гуравдугаар байр эзлэхэд аав минь их баярлаж байж билээ.

-Хэдэн онд тэр вэ?

-1975 онд. Тэр үеэс л ах дүү бид гурав аавыгаа бараадан сурын талбайд очдог болж сүүлдээ салахаа байсан даа. Ер нь сур харваа руу сэтгэл нэг татагдсан хүн эргээд амар хялбар гардаггүй.

 

 Хүмүүс нэгнээ хүндэлсэн найрсаг хот болно, манай Улаанбаатар

 -Ах дүү "гурван чулуун” нэг наадмаар хүүхдийн харваанд эхний гурван байр эзэлсэн тухай соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Р.Чулуун гуай бахархан өгүүлж байсныг санаж байна...?

-Тийм ээ. Үнэхээр ховор хувь заяа. Тэр чинь 1976 оны наадмаар юм. Хүүхдийн харваанд манай дүү Ц.Батчулуун түрүүлж, би удаалж, Ц.Идэрчулуун ах гуравт орж байлаа.

Ах дүү хоёр маань сур харваагаар тууштай яваагүй. Эзэмшсэн мэргэжил, ажил төрлөөсөө шалтгаалаад сур харваагаа орхисон. Харвахаа больсон ч надад санхүүгийн дэмжлэг үзүүлж бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангаж байдаг.

-Наадмын хүүхдийн харваанд та хэд түрүүлсэн билээ?

-Хоёр. Түрүүлэхээсээ өмнө олон жил харваж, гурван ч удаа хоёрт орж байсан удаатай. Ах дүү хоёроо бардаггүй байв. Улсын наадмаар манай ах Ц.Идэрчулуун нэг, дүү Ц.Батчулуун дөрөв түрүүлсэн.

Би нэлээн хашир болсон хойноо буюу 1980, 1981 оны наадмаар жил дараалан магнайлсан юмдаг. Харин хоёуланд нь 20 сумнаас 18 онож байлаа. Түрүүлээд Хүүхдийн төлөө фондын дарга Анастасия Цэдэнбал-Филатова гуайгаас гарын бэлгийг нь хүртэж байснаа мартдаггүй.

-Сур харваж сурахад эхэндээ бэрхшээл зовлон мундахгүй биз?

-Аливаа зүйлийг анх сурахад амаргүй л байдаг шүү дээ. Эрхий хурууны өндөг өвчин орж хөндүүрлэхээс л эхлээд халшрах үе тохиож л байсан. Гэхдээ сураад ирэхээр зүгээр болчихдог юм аа.

 

Ааваас ялгардаг нэг л шинж бий, надад

-Үндэсний сур харваа бүлсэг спорт юм шиг ээ. Аав хүү, аав охин, нөхөр эхнэр, ах дүү, эгч дүү харваач олон байдаг...?

-Тийм шүү. Мөн насны хязгаар гэж байхгүй. Аав минь 48 настайдаа анх сурын талбайд очиж 49 насандаа улсын наадамд анх түрүүлж, нийтдээ дөрөв түрүүлсэн гарамгай мэргэн хүн. Мөн найман удаа хоёрт орсон байдаг. 90 нас хүртлээ сурын алтан зурхайдаа сум тавьсан даа.

Аав шиг минь харваач мөддөө төрөхгүй л болов уу. Би аавынхаа уйгагүй хөдөлмөрч занг дуурайхсан гэж хичээдэг.

-Мундаг хөдөлмөрч хүн байсан байх даа?

-Шаргуу, дайчин хэрнээ хээ шаагүй, гүдэсхэн. Наадмаар шүүгчид аавын оноог дарж будлиан үүсгэх явдал гардаг байсан юм билээ. Тэгэхэд аав хэл ам, хэрүүл маргаан хийхгүй, дараа дараагийн тэмцээн уралдаанд амжилтаараа л тэдэнд хариуг нь барьдаг байж.

Аавын зан чанараас ялгардаг нэг шинж надад бий.

-Юу тэр нь..?

-Шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй. Тэмцэнэ шүү дээ. Зарим хүнд энэ зан маань уур омогтой, догшин ширүүн харагдуулдаг шиг байгаа юм.

-Аав тань нум сумаа өөрөө урладаг байсан. Та анхнаасаа л аавынхаа урласан "зэвсгээр” наадаж эхэлсэн үү?

-Үгүй ээ. Гарамболд гэж хүн намайг хүүхэд байхад сур харвахыг зааж өгсөн. Наадмын хүүхдийн харваанд багшийнхаа нумаар харваж байв. Аав минь тэр үед нум сум урладаггүй байсан юм аа.

Харин намайг наймдугаар ангид байх үеэс л нум урладаг болсон. Түүнээс хойш аавынхаа урласан нумаар харваж эхэлсэн дээ. Сүүлдээ аавыгаа дуурайн өөрөө урлаж сурсан даа.

Аавын минь урласан нум надад ээлтэй, цаанаа л нэг тийм сайхан байдаг. Аавынхаа урласан нумаар харваж улсын мэргэн, хошой мэргэн, гоц мэргэн, гарамгай мэргэн болсондоо баяртай явдаг.

-Харваа улирлын чанартай наадгай. Өвөл "ичиж” орхино. Нумаа хөвчнөөс нь буулгаад хураахыг юү гэдэг юм бэ?

-Хүйлнэ гэдгийм.

-Өвөл харвадаггүй болохоор урь ортол хүйлээтэйгээ байх уу?

-Хөвчилж үзэж болно л доо.

-Нум хийхэд ямар, ямар материал ордог вэ?

-Мод, бод малын шөрмөс, янгирын эвэр.

-Янгирын эвэр хэр элбэг олдохов?

-Хүнд л захидаг юм. Янгирын эвэр бугынх шиг унадаггүй шүү дээ. Тийм болохоор өтлөөд үхсэн янгирын эврийг хээрээс олуулж авчирдаг.

-Нэг нум хэдий хугацаанд хийгдэж гараас гардаг бол?

-Намар есдүгээр сард эхэлж хийгээд наадмын өмнө л бэлэн болно доо. Шөрмөсийг нь хатаах гэж их цаг авдаг юм.

 

Хувь заяагаа бүү чамла

-Олоон жилийн өмнө дөө, Хандгайтад аав ээж хоёртой тань очиж уулзахад даам их нүүдэг тухайгаа хуучилж байж билээ. Таныг ч шатар даам сайн тоглодог гэж байсан сан...?

-Намайг долоон настай байхад аав нэг орой ах, эгч бид гуравт шатрын нүүдэл зааж өгсөн юмдаг. Маргаашнаас нь л ноёноо идэлцээд тоглодог болсон, бид. Нэгдүгээр ангидаа би сургуулийнхаа шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон чинь хоёрдугаар байрт шалгарчихаж билээ.

Дараа жил нь хоёрдугаар ангид байхад "Оюунтүлхүүр” сэтгүүлийн нэрэмжит шатрын тэмцээн нэгдүгээр сургууль дээр болдог юм. Баттулга гэдэг хүүхэдтэй нүүж байгаад шатрынхаа хөлгөөр толгой руу нь цохичихсон чинь "гай газар дороос” гэгч болоод.

-Тархийг нь хөдөлгөчихсөн үү?

-Үгүй ээ, толгойг нь хагалчихсан. Нөгөөх чинь орилоод бөөн хэрэг мандах нь тэр. Би ч айгаад "маш хүнд” байдалтай тэмцээнээ дуусгаж билээ.

-Байр эзлээ юу?

-Чүү ай, дөрөвдүгээр байрт орсон. Тэр тэмцээнд одоо энэ олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа түрүүлж байв.

Бас нэг удаагийн тэмцээн дээр гурав дараалан хожигдоод бөөн гуниг. Тэгтэл манай хичээлийн эрхлэгч Ядамсүрэн багш бууз авч өгдөг юм. Би их нэрэлхүү, хоёрыг нь л идсэн. Дараа нь харин гурав дараалан хожиж билээ.

-Харваач хүний хувьд шатар, даам тоглохын ач холбогдол юу вэ?

-Харваач гэлтгүй л дээ. Шатар, даам тоглодог болсноор ялалт, ялагдлын үнэ цэнийг багаасаа ухаарсан. Наадмаар ч юм уу, ямарваа нэгэн тэмцээнээр хожигдлоо гэхэд сэтгэлээр унахгүй, түрүүлж магнайллаа гээд онгирч сагаад байхгүй сэтгэлээ барьж сурсан даа.

-Аавыг тань "Хамуур мэргэн” гэдэг байсан гэж хэн нэгнээс сонсч байв. Яагаад тийм нэр авсийм бол?

-Нэг хэсэг аав энд тэндхийн сур харвааны тэмцээнд түрүүлээд хамаг л бай шагналыг нь авчихдаг байж. Тийм болохоор л харваачид аавыг тэгж нэрлэсэн гэдэг юм.

-Хүүхдүүддээ үзүүлдэг гол үлгэр дууриал нь юу байв, аавын тань?

-Аав архи тамхи хэрэглэдэггүй байсан. Тэр нь бидэнд их үлгэр дууриал болсон. Хал нь гаднаа хайр нь дотроо өсгөсөн дөө, биднийг.

-Тэгвэл ээж тань...?

-Аав гурван хүүгээ дагуулаад сурын талбай руу явчихна. Гэрийн хамаг л ажлыг ээж, эгч хоёр минь нугалдаг байж. Одоо бодоход ээж минь сэтгэлийн их хаттай хүн байсан санагдана. Тэмцээн уралдаанд амжилт гаргахгүй, сэтгэлээр унасан үед "Энэ наадамд чиний хуваарьтай зүйл ирээгүй болохоор чи түрүүлсэнгүй. Хэзээ нэгэн цагт хуваарь нь ирэхээр чи түрүүлнэ ээ” гэж урам хайрладаг сан.

Нийгэм солигдож, хүн болгон л наймаа арилжаа хөөсөн шүү дээ. Тухайн үед сур харваагаа орхиж ганзагын наймаа хийдгийм уу гэхэд ээж "Хөрөнгө мөнгөтэй болох гэж, баяжих гэж бүү яар аа. Заяагаараа чи баяжих учиртай бол баян л амьдарна. Тийм болохоор хувь заяагаа бүү чамла” гэдэг сэн.

Сэтгэл санаагаар унасан үедээ ээжийнхээ тэр үгийг би үргэлж бодож тайвширдаг.

 

Сумаа яаралгүй тайван мултлаарай

-Таны түрүүлсэн дөрвөн наадам өөр өөрийн дурсамж үүх түүхтэй биз...?

-Эхлээд түрүүлэхэд мэдээж хязгааргүй их баярлаж байсан. Улсын наадамд анх түрүүлсэн болохоор.

-Нэлээд хүнд байдлаас гарч хоёр дахиа түрүүлсэн байдаг...?

-Өрсөлдөөнтэй наадам байсан даа. 1994 онд Ардын хувьсгалын 73 жилийн ойн их баяр наадам шүү дээ. Ш.Даваахүү мэргэнтэй оноо тэнцэж товхлоод. Зургаан алхам ухарч байж түрүүлсэн. Наадамч олноо ихээр хөгжөөн баясгасан тэр наадмыг дурсах дуртай.

-Зургаан удаа оноо тэнцэж зургаан алхам ухарч товхолсон тохиол урьд өмнө нь хийгээд хойшид ч гараагүй л бол уу. Санахгүй юм?

-Ш.Даваахүү мэргэн бид хоёрын тэр товх харваа нэгэн өвөрмөц амжилт болж монгол наадмын түүхэнд үлдсэн дээ.

-2002 онд гурав дахиа түрүүлэхдээ Ш.Даваахүү мэргэнтэй дахиад л товхолж бай луу?

-Үгүй ээ, товхлоогүй. Наадмын хоёр дахь өдөр Ш.Даваахүү мэргэн 34, З.Сүлдболд мэргэн 33, би 32 оноотой байв. Сүүлчийн дөрвөн сумаа тавихын өмнө ядаж нэгийг нь ч болтугай оноогоор гүйцэж товхлох юмсан гэж бодож байлаа.

Өглөө талбай дээр очоод хоёр, гурван сум тавьж үзтэл тэнэж явчихаад ер болох биш. Тааруухан байна даа гэж өөрийгөө голж байв. Харваачид ч түрүүчээсээ босч эхэллээ. Нумаа хөвчилж суутал Ш.Даваахүү мэргэн эхний сумаа алдаж харагдав. Удаа ч үгүй байтал дахиад нэг алдчихав.

Хэрвээ сайн харвах юм бол надад тэнцээ байж болох юм байна гэж бодлоо. Хоёр сум тавиад онотол Ш.Даваахүү мэргэн дөрвөн сумнаасаа ганцхан онож 35 оноотой боллоо гэх нь сонсдов. Үлдсэн хоёр сумандаа би нэг л оночих юм бол товхлох болчихож байгаа юм чинь.

Гурав дахь сум маань онолоо. Дөрөв дэх нь ч бас. Би ер нь сүүлчийн дөрвөн сумаа сайн мулталсан. Аав минь дэргэд зааж хэлж байв. Багийнхан маань ч дэмжээд. Ингээд л од гийж 36 оноотой болсноор түрүүлсэн дээ.

-2012 онд дөрөв дэхээ түрүүлж, аавынхаа дөрөв түрүүлсэн амжилтыг давтаж, адилхан гарамгай мэргэн цолтой болсон. Монгол наадмын түүх нэгэн шинэ хуудсаар баяжиж аав хүү гарамгай мэргэн анх төрсөн нь гайхамшиг гэлтэй...?

-Тэр жилийн наадам хэзээ ч мартагдахааргүй наадам. Аавынхаа зөвлөсний дагуу харваж түрүүлсэн.

-Нууц биш бол аав тань юу гэж зөвлөө вэ?

-Сүүлчийн дөрвөн сумаа тавихын өмнө аав "Миний хүү яарч сандарч болохгүй шүү. Нумаа сайн атгаж, сумаа яаралгүй тайван мултлаарай” гэсэн. Аавыгаа тэгж хэлээгүй бол би яах ч байсан юм билээ. Хэт яараад алдаа гаргах ч байсан байж болох.

Хэрвээ алдаа гаргасан бол насаараа ч харамсаад барахгүй, аавынхаа итгэлийг алдсан хэрэг болно шүү дээ.

Аавтайгаа адилхан дөрөв дэхээ түрүүлж, аавтайгаа ижилхэн гарамгай мэргэн цолны болзол биелүүлчихээд аав руугаа л харайлгачихсан даа. Сурын алтан зурхайд баярын нулимстай аавдаа үнсүүлсэн тэр агшин хором яасан сайхан байсан гэж санана.

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй юм хойно, танд дараагийн зорилго байгаа байлгүй...?

-Дахин түрүүлж аавынхаа амжилтыг эвдэж даяар дуурсах мэргэн болохсон гэж боддог шүү.

 

Учир зүггүй сигналддаг нь хэцүү

-Хотын унаган хүүд Улаанбаатар гэдэг нэрийг сонсох бүрт санаанд тань юу эхэлж бодогддог вэ?

-Хуучныхаар бол баатарлаг түмний нийслэл гэдэг утгаар баатар гэдэг нэрийг өгсөн болов уу. Улаан нь бол тодорхой. Улаан залаат монгол гэж ярьдгийг бодолцсон биз.

-Ямар тохиолдолд та өөрийгөө хотын хүн гэж бардам хэлж чадах вэ?

-Ямар ч тохиолдолд. Хотод төрж, хотод өссөн унаган хүүхэд нь юм чинь.

-Таныг Хандгайтын наахантайх Майхантолгойд алхаад ирдэг гэж аав ээж хоёр тань ярьж байсан. Түүнээс хол газар алхаж байв уу, хотод...?

-Алхана аа, алхана. Манайх Толгойтод байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Толгойтоос I хороолол хүртэл алхаж л байв. Зургаан буудлаас ч хотын төв рүү алхаж л байв. Одоо ч XIII хорооллоос Зайсан толгой руу алхдаг.

-Улаанбаатарт очих дуртай газар тань хаанах вэ?

-Зайсан толгой. Агаар нь сайхан. Зайсан толгойн оройгоос хотоо бараг бүхэлд нь харж болно шүү дээ.

-Хотын хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, таныхаар...?

-Хэнтэй ч боловсон харьдаг, хотоо, цэцэг зүлэг, модыг нь хайрладаг хүнийг л тэгж хэлнэ дээ.

-Улаанбаатарынханд л байдаг хамгийн таалагддаггүй зан чанар...?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын учир зүггүй сигналддаг нь. Манай Улаанбаатараас өөр хотуудад ийм муухай үзэгдэл байдаггүй шүү дээ.

-Тэгвэл хамгийн таалагддаг нь...?

-Нэг үеэ бодвол хог новшоо хаа сайгүй хаядаг шиддэг байдал алга болж байгаа нь сайн хэрэг. Яваандаа бүр сайхан болно гэж боддог.

Жолоо барьж яваа хүмүүс нь нэг нэгнээ хүндэлсэн, зай тавьж өгдөг, гудамжаар алхалж яваа хүмүүс нь бие бие рүүгээ инээмсэглэсэн, толгой дохиж мэндэлсэн найрсаг хот болно оо, манай Улаанбаатар.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юу бол...?

-Том бүтээн байгуулалт... дэд бүтэц юм болов уу. Зам, зам л байна даа. Хамаагүй сайжирсан. Тэр дундаа ойрын гурав, дөрвөн жилд бүр ч өөр болж байгаа нь хэн хүний нүдэнд ил байна.

-Та ажил албаны хэргээр дэлхийн олон орны хотуудаар явсан байлгүй. Сэтгэлийг тань хамгийн ихээр соронздон татсан нь хаанахын ямар хот вэ?

-Австралийн Сидней. Их найрсаг хот. Хүмүүс нь бие биетэйгээ маш халуун дотно харьцдаг нь таалагдсан. Таних танихгүй, ази европ гэхгүй инээмсэглээд л бие бие рүүгээ толгой дохиод байна шүү дээ.

-Тэнд ямар хэргээр зорчиж байв?

-Харвааны тэмцээнд оролцсон. Ангийн хэлбэртэй 3D бай харвадаг харваа тэнд болдгийм. Түүнд Монголоос гурвуулаа оролцож байлаа.

-Улаанбаатарын тухай сэтгэлд тань үргэлж эргэлдэж байдаг дуу, шүлгийн мөрөөс хэлнэ үү?

-За юу билээ.

...Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриа сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан

Учралын болзоонд залуус яаруухаан... гэсэн дуу л санаанд бууж байна.

Мөн Х.Төмөрбааатарын дуулдаг "Сайн байна уу, Улаанбаатар” гоё дуу ш тээ.

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг

Хүний нутагт сэтгэл тогтсонгүй ээ

Холоос гүйсэн хангал морь шиг

Хорвоод хосгүй чамдаа ирлээ... одоо ч гэсэн энэ дууг сонсоход сайхан байдаг.

-Нийслэл маань 400 жилийн ойгоороо ямар болсон байх тухай та төсөөлдөг үү?

-Өргөөшөө их сайн тэлж хөгжсөн байх болов уу. Зүүн тйишээ Налайх, баруун тийшээ 52-ын даваа хүртэл тэлсэн байх биз. Бусад улс орнууд нийслэлээ жаахан зөөгөөд тэлж хөгжсөн байдаг. Манайх ч ялгаагүй тэр зарчмаар л хөгжих нь гарцаагүй.

Нийслэлийнхээ төр, захиргааны байгууллагыг Налайх ч юм уу, өөр тийш нь нүүлгэчихвэл төвлөрөл энэ тэр нь гайгүй болоод аятайхан л болох байх. Багануур руу оюутны хотхоныг байгуулахаар болж байгаа нь зүгээр л санагддаг.

Мастер болох гэж зовсон

-Сур харвахад бөхчүүд шиг найраа хийх, байгаа онохгүй худлаа харвах тохиол гардаг бол уу. Ухаан нь та дүүтэйгээ, эсвэл найзтайгаа оноо тэнцээд товх харвахад онох байсан ч албаар алдах гээд...?

-Боломжгүй. Боломж нь байдаг бол бас л найрах байлгүй. Би боддог.

-Юу гэж...?

-Хэнд ч өгөхгүй гэж. Чаддаг юм бол гараад л ирнэ биз. Энэ чинь эр хүний наадам болохоос хэн нэгэнд ая тал засахын нэр биш биз дээ.

-Анх спортын мастер болох гэж их зовсон гэж нэгэнтээ та дурссан удаатай...?

-Тэр үед 40 сумнаас 30 онож байж мастер болдог байв. Би таван удаа 29 оносон юмдаг. Тэгж тэгж нэг удаа 30 онож байж мастерийн болзол хангах болчихдог байгаа. 1987 онд Монголын бүх ард түмний VII спартакиадаар 31 онож мастер болсон.

Галсанцэрэнтэй зэрэгцэж зогсч байгаад онож мастерийн болзол хангаж байв. Мөн наадмаар гурав дахиа түрүүлэхдээ мөн л Галсанцэрэнтэй зэрэгцэж зогсч харваад түрүүлсэндээ бэлгэшээж явдаг.

-Танайх шинэ хүнтэй болсон гэсэн. Хүү юу?

-Тийм ээ. Дөрвөн бандитай боллоо, эхнэр бид хоёр.

-Сур харваагаар авсан медаль тань хэр олон бэ?

-Өө, олон олон. Медаль гэснээс аавыг маань анх улсын аваргаар түрүүлж байхад өөр медаль өгдөг байсан байдаг.

-Өөр гэдэг нь юү гэсэн үг вэ?

-Хөнгөн атлетикийн гүйж яваа, эсвэл барилдаж буй бөхийн дүрстэй медаль. Сур харваанд зориулсан медалийг тусгайлан үйлдвэрлэдэггүй байсан хэрэг л дээ.

-Та аль ордынх вэ?

-Загас.

-Энэ ордынхны ямар зан чанар нь өөрт чинь байдаг вэ?

-Амиа боддог нь.

-Тийм аминч хүн үү, өөрөө...?

-Наадам дөхөөд ирэхээр багийнхнаа хаяихаад алга болчихно шүү дээ. Наадам дээр бол бүр ч. Өөрөө өрсдийгөө л мэдэг гээд тоодоггүй. Тэгэхээр аминч л байгаа биз дээ.

-Таны шүтээн...?

-Алтан-Овоо. Шилийн Богд дээр жилдээ нэг гарна шүү.

-Харваач хүн анд хорхойтой л байлгүй?

-Өвөл чононд явахаас буцахгүй. Тарваганд бас тууна аа, тууна.

-Нум сумаараа ан хийж байв уу?

-Ёстой үгүй юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх