Өөрийн эрхгүй солиорсон нь Азиз НЕСИН

Өөрийн эрхгүй солиорсон нь Азиз НЕСИН

Нөхөд минь! Ийм юман дээр яарч сандарч болохгүй. Бүгдээрээ толгойгоо ажиллуулж, дотроо бодолтой доороо суурьтай үзвэл зохино гэж нүдний шилт эхэлж хэлэв.

Цугларагсдын хамгийн залуу нь үүнийг өлгөн авч, зүйтэн сайн бодох хэрэгтэй. Эс тэгтээс хар толгойдоо ихээхэн гай тарина шүү гэв.

-Юуны өмнө одоогийн хотын дарга бидний санаанд таарч байна уу үгүй юу гэдгийг сайтар тунгаая гэж нэг сэвхтэй хүн хэлэв.

-Таарахгүй байна гэж цөм нэгэн дуугаар өчив.

-Яагаад гэж сэвхт асуув.

-Солиотой юм билээ гэж нүдний шилт хариулав. Бусад нь мөн л ийм саналтай байлаа.

-Яг үнэн, солиотой юм!

-Орон гаран, элий балай.

-За ойлголоо хэргийн учир үүнд байгаа юм байна. Одоо ийм хүнийг яаж сонгохгүй байх вэ?

-Үүний өмнөх нь бас л мулгуу амьтан байсан гэж гэдсээ унжуулсан эр хэлэв.

-Өмнөх нь ч бас ижил.

-Түүний урьдах ч мөн адил.

-Миний мэдэхийн л энэ албан тушаалд байсан улс цөм солиотой байсан.

-Тэгвэл бид туйлын ухаалаг, болгоомжтой ажиллах хэрэгтэй байна. Ухаалаг, зөв сэтгэдэг хүн сонгоцгооё гэж хамгийн залуу нь хэлэв.

-Бид түрүүчийн ноёдыг өөрийн ухаантай эсэхийг нь харгалзаагүй байна. Бид юм мэддэг, юмны наадах цаадахыг ойлгодог гэж сонгосон маань дандаа л засаршгүй, найдваргүй солиотой улс байх юм гэж нүдний шилт гар занган өгүүлэв.

Байн байн бөг бөг ханиалгаж байсан хорчгор өвгөн:

-Аллах тэнгэр минь ийм хачин юм байх гэж. Энэ албан тушаалд орсон хүн болгон сэтгэл мэдрэлийн гажигтай болчих юм гэв.

Бүдүүн эр үүнийг залруулж,

-Энэ албан тушаалд орсон хүн биш. Энэ албан тушаалд бидний сонгосон хүмүүс гэв.

-Албан тушаал энд ямар ч хамаагүй.Дарга байсан хүмүүс энэ албанд орохоосоо өмнө л юмтай байсан. Харин үүнийгээ харуулах боломж л олдохгүй байсан хэрэг, тийм л байж таарна. Тэдэнд эрх мэдэл өгөхөөр л бүр хадуурч орхидог юм гэж залуу эр мөрөө хавчин хэлэв.

 

Хорчгор өвгөн сүүрс алдан,

-Дандаа л ийм байдаг шүү дээ. Ямар ч хүн хотын дарга болсон солиотой байдаг. Нэг ч эрүүл ухаантай хүн байхгүй гэв.

Сэвхт цөхрөн толгой сэгсрээд ,

-Гэхдээ та нар юу ч гэсэн ярьсан, одоогийн хотын даргатай би гучиг жил үерхсэн. Өмнө нь зүгээр л хүн шиг санагдаж байсан. Гэтэл хотын даргаар сонгосон чинь л … гэлээ.

-Тэнэг улс болгон эхээсээ гарахдаа тэнэг төрдөг юм биш. Тэр ч хотын тэргүүнээр сонгохыг хүлээгээд байж л дээ. Тэгээд сонгомогц солиорсон хэрэг байна.

-За больцгоо. Өнгөрсөн юмыг яриад яахав. Одоо л харин хэнийг сонгохоо сайтар бодоцгооё гэж нүдний шилт маргааныг зогсоов.

Нэр дэвшүүлсэн бүх хүнээ тэр дор нь хэрэггүйд тооцов. Хотын шинэ даргын ухаан бодол одоо болоод хожмын өдөр яах бол гэсэн эргэлзээ өчүүхэн ч төрүүлэхээргүй байх хэрэгтэй гэж үзэв.

Олон ч хүний нэр дэвшүүлж үзлээ, нийтийн сэтгэлд таарах хүн гарсангүй. Нүдний шилт эцэст нь,

-Би түрүүн яагаад санасангүй вэ. Расим-бейгийн нэрийг дэвшүүлбэл ямар вэ гэж хашхирав.

-Аллахын нэрийг барьж тангараглая, тэр чинь үнэхээр шударга хүн.

-Атаа жөтөөгүй, сувдаг шунахай зангүй, нуруутай.

-Хөдөлмөрч, туршлагатай.

Расим-бейг магтсан үг мөндөр шиг тал талаас асгарав.

Расим-бей хотын дарга болохгүй гэвэл яана гэж бүдүүн эр хэлсэнд,

-Би бүр багаас нь мэднэ. Энэ албан тушаалд ажиллахыг зөвшөөрөхгүй болов уу хэмээн хорчгор өвгөн түүнийг дэмжив.

Сэвхт санал нийлж,

-Тэр мэдээж үгүй л дээ. Яасан ч зөвшөөрөхгүй. Тийм ажилтай зууралдах дургүй хүн байгаа юм гэв.

-Цаадахь чинь бидний саналыг хүлээж авахгүй дээ гэж залуу эр ч бас хэлэв.

-Тэгээд бид яах болж байна? Ямар ч байсан Расим-бейг ятгаад үзье. Цорын ганц тохирох хүн маань татгалзана гэж үү дээ хэмээн нүдний шилт дуу алдав.

Цугларагсдын нэр дэвшүүлсэн хүн сонгогдохгүй байна гэсэн таамаглал талаар болов. Хүмүүс түүнд хязгааргүй их итгэл найдвар хүлээлгэж, бас өөрсдийнх нь хүсэл зоригоос түүнийг зөрнө гэж хэний ч толгойд орж ирсэнгүй.

Бүгдээрээ Расим-бейгийнд очихоор явлаа. Урьд өмнө хотын даргаар сонгогдож байсан улс яваа яваандаа юу яагаад…, юу ч гэмээр юм б дээ…, нэг л биш…, гэж түүнд байдлыг учирлан тайлбарлав.

Та нар юу бодоо вэ? Намайг бас солиоруулах гээ юү гэж Расим-бей асуув.

-Тэнгэр тэтгэг! Чи бол ухаантай, эрүүл сэтгэдэг хүн. Чамайг гуйя, чи зөвшөөрөөч дээ.

-Үгүй ээ, яасан ч үгүй.

-Расим-бей, энэ бол эх орныхоо өмнө чиний хүлээсэн үүрэг!

-Бас ард түмнийхээ өмнө!

-Расим-бей, чамд үндэстэн чинь найдаж байна!

-Энэ бол төрийн чухал үйл хэрэг шүү, Расим-бей минь!

-За яах вэ, би зөвшөөрье гэхдээ нэг болзол тавья гэж Расим-бей хариу хэлэв.

-Хэл, хэл!

-Ямар ч болзол байсан бид биелүүлнэ.

-Би нэг ийм болзол тавья. Би илэн далангүй ярьдаг хүн, хожим намайг сануулж хэлээгүй гэж бүү яриарай. Би зусар бялдууч занд даанч дургүй, тэвчиж чаддаггүй! Та нар намайг дайлж цайлж хүлээн авах цайллага хийх хэрэггүй, ямар ч ул үндэсгүйгээр алдар нэр хүртээж, тэнгэр тултал цаасан малгай бүү өмсгөөрэй! За энэ болзлыг биелүүлэх үү? Би чинь жирийн хүн шүү дээ. Ухаан санаа ээдэрч болно. За, зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө, зөвшөөрнө! гэж цөм нэгэн дуугаар тосож авав.

-Шударга хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ!

-Энэ бол ухаантай хүн гэсэн үг.

-Ёстой сайн байна, Расим-бей!

Расим-бей сонгуульд ялж, хотын дарга боллоо. Дарга болсон тэр л өглөөгөө тавь гаруй баярын цахилгаан авав. Нэгийг нь задалж үзвэл,”Эрхэм хүндэт Расим-бей! Эх орны чухаг хүндэт хүн минь ээ! Ард түмний сонгодог хүү минь!” гэж эхэлжээ.

Расим-бей цааш нь уншсангүй,

-Тэнгэр минь, ухаан санааг минь хэвээр байлгаж хайрла! гэж амандаа үглэв.

Төдхөн хаалгыг нь тогшлоо. Өнөөх нүдний шилт цэцгийн баглаа тэвэрсээр орж ирээд гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолж, хотын шинэ даргад баяр хүргэв. Расим-бей өөдөөс нь хөмсөг зангидан харж,

-Сүржин нялуун үг ямар хэрэг байна вэ! гэв.

Удаад нь хорчгор өвгөн орж ирлээ. Нэг гартаа таяг, нөгөөдөө цэцгийн том баглаа барьжээ. Өвгөн доор мэхийж, Расим-бейн гарт уруулаа хүргэв.

-Өөртөө ингэж ажил удаад яах нь вэ дээ! гэж дарга царайгаа барайлган хүйтэн хэлэв.

Дараа нь залуу эр, сэвхт, бүдүүн эр цөм орж, Расим-бейд талархал хүргэж гүн хүндэтгэл үзүүлээд гарч одов.

Расим-бей хоёр гараа тэнгэр өөд сарвайж,

-Аяа, дээд тэнгэр минь, ухаан санааг минь эрүүл байлгаач! гэж шивнэв.

Үдэд түүнд мэдэгдсэн нь:

-Танд зориулж цайллага бэлтгээд байна гэжээ. Расим-бейг очих эсэхээ шийдээгүй байтал машин давхиж ирлээ. Дайллагын танхимыг ордны хүлээн авах өрөөний байдлаар чимэглэжээ. Дөчин хүний ширээ засаж, дүүрэн болор сав, хундага, цэцгийн баглаа, лааны мөнгөн тавиур өржээ. Нүдний шилт хундага барин босож, баяр хүргэн үг хэлээд цааш нь:

-Аугаа их ухаантай… хосгүй гарамгай хүн таны ачаар, таны эрч хүчээр манай хот богино хугацаанд … гээд цааш ярив. Расим-бейгийн нүүр улайгаад босож гэртээ харьжээ. "Эдэнд сайн сургамж болог” гэж боджээ. Маргааш нь ажилдаа явлаа. Гудамжуудыг баяр ёслолын байдлаар чимжээ. Гэрийнх нь үүднээс хотын захиргаа хүртлэх замд битүү хивс дэвссэн аж. Бөмбөр нижигнэж, хөгжим хангинаад, газар сайгүй лаврын мөчир үзэгдэж, сургуулийн хүүхдүүд явган замын хоёр хажуугаар жагсжээ. Алга ташиж нижигнэв. Энд тэндгүй "Ура” хашгирч байна. Залуу эр хотын үлээвэр хөгжмийн бөмбөрчинд:

-Хар тэнхээгээрээ нүдээд бай!гэж хашгирав. Дараа нь сургуулийн хүүхдүүд уруу эргэж,

-Чанга, чанга! гэв.

-Ур-ра-а-а!

Гудамжинд өргөлийн хонь гаргаж байлаа. Хотын захиргааны байшингийн өмнө нуман хаалга босгож лаврын мөчөөр чимжээ. Хаалганы дээд талд манай хотын шинэ тэргүүн мандтугай гэсэн лоозон дурайна. Хотын захиргааны үүдэнд босгосон индэр дээр цүндгэр гэдэстэй бүдүүн эр гарч,

-Дайчин шуурхай чанар, үнэнч шударга зан, зохион байгуулах авъяас, эх орондоо хязгааргүй үнэнч сэтгэлээрээ хотынхны сэтгэл зүрхийг булаасан манай хотын шинэ дарга бол… гэж үгээ эхлэв. Галзууртлаа уурласан Расим-бей илтгэгч уруу гүйж очоод магтаалын үг бичсэн цаасыг нь булаан авч урж хаяв. Тэгээд

-Би наадхыг чинь эсэргүүцэж байна гэж бүдүүн эрийн улаан нүүр өөд хашхирав.

-Иргэд ээ! Энэ бол ховорхон даруу зангийн үлгэр жишээ биш гэж үү! Та нарын дотор ийм юм үзсэн хүн байна уу? Манай хотын шинэ дарга мандтугай! гэж сэвхт хашхиран уриалав.

-Мандтугай!...

Нижигнэтэл алга ташицгаав.

Хотын шинэ дарга энэ бүх талархлаас гал усны гашуун зовлонгоос зугтах мэт буруулж захиргааны байшинд гүйж оров. Хотын захиргааны хүлээх танхимд хөл ихтэй байлаа. Цөмөөрөө даргадаа баяр хүргэх юм гэнэ. Залуу эр гэдсэн дээрээ гараа зөрүүлэн тавиад хүндэтгэлтэйгээр:

-Та юу гэж тушаахсан бол гэв.

-Энэ албан тушаалд тохирох хүн танаас өөр даанч алга гэж хорчгор өвгөн зулгуйдан хэлэв.

-Аллахын нэр барьж тангараглая, би огцорно! Аль вэ, эндээс бушуухан зайлцгаа! гэж хотын дарга уурлан хашгирав. Цугларагсад бөхөлзөн ухарсаар хаалга чиглэв.

-Гүйцэтгэе!

-Та тушаал хайрла!...

-Таны үг бүхэнд хууль!...

Расим-бей гаслан санаа алдаж,

-Ээ тэнгэр минь, намайг авраач! гэж хэлэв.

-Эрхэм ээ, та амарч үзээч дээ гэж сэвхт түүнд зөвлөсөнд,

Нүдний шилт түүнийг дэмжиж,

-Эрхэм ээ, та дураараа л загна, харин эхний өдрөөсөө л биеэ бодоорой, ядаргаа болчих бий гэнэ.

Расим-бей дүрсхийн уурлаж,

-Эндээс зайлцгаа гэж хашхирав. Ажил хийх ямар ч боломжгүй байсан тул өрөөнөөсөө гарав.

-Зай тавиарай, зай тавиарай!.. хотын тэргүүн явж байна!... зам тавь, зам тавь.. гэж өнөөх залуу эр гудамжинд бархирч байлаа.

Расим-бей гэртээ орж ирээд үүдээ түгжин суув. Тэр өдөртөө гэрээс цухуйсангүй. өглөө нь хотод гардаг хоёр сонин авчрахыг тушаалаа. Хоёуланд нь түүний том хөргийг тавьжээ. Нэг сонинд "Аугаа их ухаант хүн, манай хотын оршин суугчдын бахархал!” гэж бичжээ. Нөгөөд нь "Дэлхийн хамгийн зүтгэлтэй хотын дарга!” гэсэн байв. Хоёр сонин түүнийг магтсан үгээр дүүрчээ. Оройхон тийшээ хотын даргынд бас нэг машин давхиж ирлээ.

-Манай хотод бүжигчид ирлээ. Тэд танайд ирэх үү, та өөрөө бүжгийн хүрээлэнд заларч тэднийг гялайлгах уу?

-Би өөрөө очьё гэж Расим-бей хэлэв.

Бүжгийн хүрээлэнд өнөөх залуу эр:

-Манай хотын дарга эрхэм хүндэт хүн ирээд байна. Түүнтэй нэг агаараар амьсгална гэдэг бол олдошгүй аз завшаан… гэж үгээ эхлээд хагас цаг ярихад энэ удаа Расим-бей түүний үгийг тасалсангүй. Дараа нь нүдний шилт үг хэллээ.

-Манай эрхэм хүндэт дарга шиг ийм буянтай сайхан хүнтэй хамт байгаадаа бид хязгааргүй баяртай байна…

Расим-бей дуугүй инээмсэглэн суужээ.

Үүнээс хойш жил шахам боллоо. өнөөх хүмүүс дахин цугларч ярилцсан нь:

-Үгүй нөхөд минь бид цаадахыг чинь дийлэхээ байлаа!

-Яах аргагүй солиотой хүн юм аа!

-Өмнөх дарга нараа дагуулахгүй солиотой амьтан байна!

-Бидний сонгосон дарга энэ шүү дээ!Ямар аймаар юм бэ?

-Биеэ тоосон амьтан! Өөрийгөө хорвоо ертөнцийг бүтээгч л гэж ярина шүү дээ.

-Дэлхийн эзэн гэх нь холгүй байхыг яана!

-Яасан жудаггүй эд вэ?

-Ёстой нэг ухаангүй улс аа!

-За яах вэ, цөмөөрөө Дараагийн сонгууль болтол энэ маанаг гайхлыг ингээд байлгаад байх уу?

-Өө яалаа гэж дээ! Яаж болдог юм бэ? Төрсөн гэрээ музей болгочихсон шүү дээ, бод л доо, нөхөд минь. Төв талбайд хөшөөгөө босго гэж тушаасан!

Өчигдөр манай нэг хүний нүүр рүү нулимсан шүү дээ!

-Өнгөрдөг шөнө мал болтлоо согтож, дайллагын ширээн дээр гарч бөгсөө хаялан гэдсээ цүндэгнүүлэн бүжиглэсэн.

-Энэ солиотыг яах вэ?

-Ганцхан л арга байна. Эмчид үзүүлж, магадлан гаргуулаад эмчилгээнд явуулах л үлдээд байна.

-Цаг алдаж болохгүй. Цаг алдвал цаадах чинь бидний нэгний толгой дээр гарч багалзуурдана шүү гэж нүдний шилт хэлэв.

-Зүйтэй нөхөд минь, зүйтэй! Яаравчлах хэрэгтэй!

-Маргааш эртхэн шиг хүлж баглаад эмнэлэгт хүргэе. Тэгээд шинэ сонгуульдаа оръё.

-Зүйтэй үгүй тэгээд хэнийг сонгох вэ?

-Нөхөд өө, болгоомжтой хөдөлнө шүү! Одоо алдаж болохгүй, өөрийн ухаантай хүн сонгоё.

-Яг үнэн! Энэ муусайн тэнэг юмнууд бүр залхааж гүйцлээ.

ЭХ СУРВАЛЖ ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх