С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад тусална

Б.ЭНЭРЭЛ

МУГЖ С. Жавхлан, МУГЖ Т. Баясгалан нар 13 жилийн дараа тайзнаа дахин хамтран дуулж үзэгчдийнхээ сэтгэлийг баясгасан билээ. Тэд энэ удаа малчин түмэндээ туслахаар "Илгээлтийн эзэд” аяныг санаачилсан аж. Монгол хүний холч ухаан, сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон аяны хүрээнд "Нэг хүүхэд-нэг нэмнээ”, "Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотоос эхлэх "Илгээлтийн эзэд” аялан тоглолт нь монгол орны бүх аймаг сумдад тоглогдох ба сэтгэлд хоногшсон аялгуут сайхан дуугаараа малчдад хүнд хэцүү цаг үеийг даван туулах сэтгэлийн дэм өгөх зорилготой гэнэ. Уг аяныг олон нийтэд таниулан сурталчилах ажлын хүрээнд "Илгээлтийн эзэд” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх ажээ. Энэ талаар гавьяат жүжигчин Т.Баясгалан "Удаан уулзаагүй түмэн олонтойгоо уулзах болсондоо баяртай байна. Малчин түмэн маань 20 орчим жилийн турш бидний дууг сонсч ирсэн. Тиймээс бид ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас та бүхнийг тоглолтод минь хүрэлцэн ирж малчиддаа сэтгэлийн дэм хайрлаарай” хэмээн уриалав. Тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх бөгөөд уран бүтээлчид тоглолтын орлогоо цаг уурын хүнд нөхцөлд амьдарч байгаа малчдад сэтгэлийн дэм болгож өгнө гэлээ.

С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад тусална

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх