Нийслэлчүүдийг хулхидаж барьсан автомашины зогсоол төлбөргүй болно гэж худлаа

Нийслэлчүүдийг хулхидаж барьсан автомашины зогсоол төлбөргүй болно гэж худлаа


Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах автомашины зогсоол иргэдэд төлбөртэйгөөр үйлчлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Уг нь энэ хэсэг газарт 3 давхар 800 автомашин зогсох боломжтой авто зогсоол барина хэмээн нийслэлчүүдэд итгүүлж байсан цаг саяхан.

-ТАЛБАЙН УРД ТАЛЫН АВТО ЗОГСООЛЫН ГАЗРЫГ ХУВЬД ЭЗЭМШҮҮЛЖЭЭ-

2015 оны 10 сард НИТХ-аар энэ газарт автозогсоол барих асуудлыг хэлэлцэж автозогсоол барих тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Гэсэн ч зогсоол барихаар төлөвлөж байсан уг газар нь хувийн эзэмшилд байсан аж. Ингээд нийслэл хотын маань төвд хэн энэ газрыг хувьд эзэмшүүлэх эрхийг олгов гээд үзэхээр тухайн үед Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр буюу одоогийн Барилга хот байгуулалтын сайд маань хувьд олгох шийдвэр гаргаж байсан гэх.

Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар түүнээс өмнө нийт 2,5 га энэ газрыг 2006 онд хотын Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяр 52 тоот захирамж гаргаж БНХАУ-ын "Ю Би Констракшн” ХХК-д олгох шийдвэр гаргаж байсан гэнэ. Гэтэл тус компани уг газраа банкинд барьцаанд тавиад орхисон байсныг Солонгосын нэр бүхий компани барьцаатай нь хамт худалдаж аваад 2015 онд барилга барина хэмээн маргаан дэгдээж байжээ. Улмаар солонгосчууд бидний авсан газрыг чөлөөлж өгөхгүй бол Олон улсын шүүхэд хандана хэмээн маргаан үүсгэсэн асуудал ч гарч байсан байна.


-ХОТЫН ДАРГА ХУВИЙН ЭЗЭМШЛИЙН ЭРХИЙГ НЬ ЦУЦЛАХ НЭГ НАЙДВАР БАЙНА-

Энэ асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяагаас тодруулсан юм.

-Хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд талын газар авто зогсоол барих асуудлаар НИТХ хуралдаж байсан. Тухайн үед уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

-НИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж байхад аль хэдийнэ хувийн эзэмшилд орчихсон байсан. Тиймээс хурлаар нийслэлийн төв цэг болсон Сүхбаатарын талбайн урд хэсгийн тус газрыг нийтийн эзэмшлийн талбай хэвээр нь үлдээх нь зохистой гэдэг саналыг тавьж байсан удаатай.

-Уг нь энэ газар 800 автомашины зогсоол барина гэж яригдаж байсан юм биш үү?

-Тийм. Дээшээ өндөр зогсоол барих нь зөв гэж яригдаж байсан. Гэхдээ төв талбайн урд хэсэг учраас тийм ч оновчтой шийдэл байгаагүй.

-НИТХ-аас энэ газартай холбоотой гаргаж байсан шийдвэр бий юу?

-Ер нь бол уг газрын асуудлыг шийдвэрлэж, цэгцлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байсан юм.Тухайн бүсэд байгаа нийслэлийн төр захиргааны албан хаагчдын автомашины зогсоолын асуудал ч хүндрэлтэй байсан учраас энэ газарт автозогсоол баригдахаас аргагүй гэж үзэж байсан. Гэхдээ нийслэлийн өнгө үзэмжид нийцсэн автозогсоолыг барих нь зүйтэй гэсэн саналтайгаар уг газарт автомашины зогсоол барих тогтоол гаргасан.


-Уг газар яг ямар байгууллагын эзэмшилд байдаг юм бэ?

-Тухайн үед Улаанбаатар банкны эзэмшилд байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирж байсан.

-"Ю Би Констракшн” гэсэн хувийн компанид 15 жилээр эзэмших эрхийг нь өгсөн гэсэн мэдээлэл байна. Үүнийг цулах боломж байдаг юм уу?

-Энэ бол Нийслэлийн засаг даргын мэдлийн асуудал. Хэрвээ Нийслэлийн засаг дарга С.Батболд шийдвэр гаргавал цуцлах боломжтой.

Эндээс үзэхэд нийслэлийн иргэдэд 800 автомашины 3 давхар зогсоол барьж өгнө гэж хулхидаад хувийн эзэмшлийн компани өөрийн газартаа төлбөртэй зогсоол барьсан байгааг харж болно. Улсын төв талбайнхаа урд талын томоохон автозогсоолыг төлбөргүй болно гэж хүлээх хэрэггүй болсон бололтой.

Уг нь тус газарт эргэн тойрны байгууллагын бүхий л ажилчид машинаа байрлуулдаг аж. Гэтэл өдөрт л 1000-5000 төгрөг төлж зогсоод байвал хэдэн жилийн дараа гэхэд гараж худалдаж авах хэмжээний болох биз дээ. Сүүлийн найдвар нь одоогийн Нийслэлийн захирагч С.Батболд уг газрын хувийн эзэмшлийг цуцлаж, нийтийн эзэмшилд шилжүүлэх л нэг арга үлдэж дээ нийслэлчүүд минь...

Т.БАТСҮРЭН

www.medee.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх