Шинэ Засгийн газрын өнгө төрх ямар байх вэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас дотоод зөрчил нь олон нийтэд ил болж, гурван сарын турш нэгнээ хэмэлсэн эрх баригч намын асуудал өнгөрсөн долоо хоногт хайнаа хагаллаа. МАН-ын Бага хурлын гишүүдийн 63.9 хувь нь Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд итгэл үзүүлснээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болоод байна.  

УИХ-аас өнгөрсөн ажлын өдрүүдэд Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулав. Ингэснээр намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдыг албан ёсоор батламжлах нь ээ. Үндсэндээ ирэх долоо хоногийн ажлын өдрүүдэд багтаж, сайд нарын томилгоо ч явагдах чигтэй байна.

Шинээр байгуулагдах Засгийн газрыг тойрсон хэд хэдэн анхаарал татаж буй асуудал байгаа юм. Эндээс нэгдүгээрт,сайд нарын томилгоог хэрхэн хийх, хоёрдугаарт, эдийн засгийн томоохон сорилтуудаа хэрхэн даван туулах, гуравдугаарт, дэд сайдтай байх эсэх асуудлыг долоо хоногийн тоймдоо онцлон мэдээлж байна.

НЭГ: САЙД НАРЫН ТОМИЛГОО ХЭРХЭН ХИЙГДЭХ ВЭ

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр давхар дээлний асуудлаар холбогдох хууль тогтоомжийг аль болох бариулахыг хичээнэ гэж мэдэгдэв. Хуулиараа үндсэн чиг үүргийн таван яамд давхар дээлтэй байж болно гэж зааж өгсөн. Гэхдээ Засгийн газрыг огцруулах бичиг өөрөө өндөр үнэтэй боссон учраас танхимын гаднаас найман сайд оруулж ирэх нь асар хүндрэлтэй билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, У.Хүрэлсүх таван яамны сайдыг парламентын гаднаас томилох асуудалд анхаарч буй аж. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Батлан хамгаалахын яам тэргүүтэй яамдын сайд нарыг парламентын гаднаас томилох магадлал нь өндөр байгаа юм.

Мөнхүү Засгийн газраа "Ардын” эсвэл "Итгэлийн”  гэж нэрлэх хувилбарууд ч яригдаж байгаа аж. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан тал дотооддоо 9 сайдын нэрийг тодорхой болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнд,

1. Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан

2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Я.Содбаатар                

4. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

5. Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар

6. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Сарангэрэл

7. Зам тээврийн сайд Ц.Бат-Энх  /уг мэдээллийг үгүйсгээд буй/

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

9. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар багтаж байна.  

ХОЁР: ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН СОРИЛТУУДАА ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ

Байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр он гараад төлөгдөх 500 сая Чингис бондын өрийг шинээр бонд босгож төлнө гэж тодотгосон юм. Сангийн яамнаас бондын төлбөрийг төлөх чиглэлд Хонконг, Сингапураас бонд босгохоор ажиллаж байсан билээ. Тэгэхээр шинэ Засгийн газар энэ ажлыг үргэлжлүүлнэ гэсэн үг. Гол нь Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэн бондын хүү өсөх эрсдэл байгаа юм.

Эдийн засгийн хүрээний томоохон асуудлуудын нэг нь багш, эмч нарын цалингаа нэмэхийг шаардаж буй нийгмийг хамарсан давалгаа. Энэ асуудлаар У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлэхдээ цалин нэмэх боломжгүй, нэмэх санаа байгаад ч эдийн засгийн хувьд дийлэхгүй гэв. Тэрээр ард түмэндээ үнэн байдлаа хэлээд, зарчмаа барина гэдгээ ч хатуу мэдэгдлээ.

Анхлан ОУВС-тай гэрээлэхдээ 2019 он хүртэл  цалин, тэтгэврийг нэмэхгүй гээд тохирчихсон. Тэгэхээр шинэ Засгийн газар санаачлага гаргалаа ч эргээд ОУВС-тай байгуулсан урьдач нөхцлүүдийг зөрчсөн гэх том асуудалд орохоор байгаа юм. Дараа нь, хүүхдийн мөнгөний асуудал. Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан.

Улмаар төсөвт суулгаад байсан мөнгөө сонгуулийн өдрүүдэд бүх хүүхдэд олгох замаар тарааж дууссан билээ. Ингэснээр наймдугаар сараас хойших хүүхдийн мөнгө санхүүжилтгүйн улмаас зогсоод байгаа юм. Уг мөнгийг У.Хүрэлсүх он дуустал бүх хүүхдэд олгохоо өчигдөр мэдэгдэв. Харин 2018 оноос хойш ОУВС-тай тохирсон гэрээний хүрээнд нийт хүүхдийн 40 хувьд нь олгоно гэж тодотгосон юм.

ГУРАВ: ДЭД САЙДТАЙ БАЙХ ЭСЭХ АСУУДАЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭВ

МАН-ын Бага хурлын дараа тус намын дарга ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дэд сайдтай байх эсэх асуудлыг Удирдах зөвлөл дээр нухацтай ярилцана. Ард түмэнд таалагдахгүй байгаа энэ суудлыг заавал байлгах эсэх шаардлагатай юу гэдгийг эргэж харах цаг нь болсон гэх утга бүхий байр суурийг илэрхийлсэн. Тиймээс ч шинээр байгуулагдах Засгийн газар дэд сайдтай байх эсэх асуудал нь хүлээлт үүсгээд буй юм.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын бүтцийг нь өөрчлөхгүй гэдгээ Бага хурлын үеэр мэдэгдсэн байдаг. Тэгэхээр дэд сайдын суудлыг бүтэц эвдэх замаар алга болгох бодолгүй байж болох. УИХ-ын гишүүдээс энэ асуудлаар хэд хэдэн байр суурийг ч авлаа. Тухайлахад, Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хувь хүнийхээ зүгээс өмнө нь би дэд сайдын суудлаас татгалзаж байсан. Одоо ч энэ байр суурь минь хэвээрээ байгаа. Гэхдээ үүнийг нам дээр ярьж шийдэх байх” гэсэн хариулт өгч байна.

Улмаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Дэд сайдын суудлаар оролдоод хэрэггүй биз дээ” гэсэн байр суурь илэрхийлсэн бол Ц.Гарамжав гишүүн мөн  л ийм утга бүхий тайлбар өглөө. Нэгэнт  У.Хүрэлсүх бүтцээ эвдэхгүй гээд  дуугарчихсан учраас дэд сайдын суудалд горилогсод бат итгэлтэй  байгаа бололтой. Дэд сайд нь жолооч, туслахтай, 1.6 сая орчим төгрөгийн цалинтай. Сайдын зарим чиг үүргийг шууд байдлаар хариуцан ажилладаг статус юм.

МАН өнгөрсөн парламентын үед сөрөг хүчин байхдаа дэд сайдын асуудлыг тууштай эсэргүүцдэг байсан ч өөрсдөө Засгийн эрхэнд гарангуутаа дэд сайдын томилгоо явуулсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээдэг билээ.

Ж.МЯДАГБАДАМ

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх