ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БАГШ НАРЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

 

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ БАГШ НАРЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

 

Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, шинжлэх ухааны байгууллагуудын нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан болон удирдах зөвлөлийн төлөөлөл өнөөдөр /2017.10.02/сэтгүүлчдэд хандлаа.

 Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын талаар тэдний эрх ашгийг хамгаалан ажиллахгүй байна гэсэн олон нийтийг төөрөгдүүлэх, хутган үймүүлэх худал мэдээллийг зарим улс төрчид болон багш нарын түр хорооноос нийгэм олон нийтэд түгээж байгаад харамсалтай байна гэв.  Худал мэдээлэл түгээж байгаа  шалтгаан нь өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр багш нарын онц хурал хийхтэй холбоотой зардлыг манай холбооноос гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч,  Гүйцэтгэх хорооны хурлаар багш нарын онц их хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Холбооны үйл ажиллагааны санхүүгийн төлөвлөлт жилээр хийгдэж батлагддаг тул төсвийн дагуу зарцуулах шийдвэр гаргадаг болохоо танилцуулсан аж.

Тус холбоо нь зөвхөн багш нарын төдийгүй, нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчны хувьд хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр зохицуулдаг гэнэ.Энд МҮЭХ, төрийн албан хаагчид, Монгол Улсын засгийн газар гэсэн талууд оролцох юм. Энэ зохицуулалтыг 25 жил хийж, багш нарынхаа эрх ашгийн хамгаалан ажилласаар ирснээ ч тэд хэлж байна.

Салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ –ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгээд байгаа. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг  шийдвэрлэж өгөхгүй бол энэ сарын сүүлчээр багш нарын хугацаагүй ажил хаялтыг  дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Г.МӨНХТУЯА

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх