СИ ЖИНПИН ХЯТАД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ

 

СИ ЖИНПИН ХЯТАД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ

 

Хятадын улс төр дэх хамгийн чухал үйл явдал Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-нд эхэлнэ. Таван жилд нэг удаа хуралддаг уг хурлаар намын дээд шийдвэр гаргадаг улс төрийн товчооны байнгын хорооны удирдлагад томоохон өөрчлөлт орох юм.  Хятадын удирдагч Си Жинпин 2022 он хүртэл ХКН-ын удирдлагыг гартаа авсан хэвээр байх нь тодорхой боловч дараагийн удирдагчийг гаргаж ирэх томилгоо энэ удаагийн их хурлын гол үйл явдал юм.

Хятадын ерөнхийлөгч Си Жинпин  ХКН-ын их хуралд ирэх таван жилийн улс төрийн тэргүүлэх зорилтоо тодорхойлж, улс төрийн илтгэл тавих ажээ.  88 сая гишүүнтэй ХКН-ын их хуралд ойролцоогоор 2250 гишүүн оролцож,  Төв хороо, (205 гишүүнтэй), УТТ  (25 гишүүнтэй) УТТ-ны байнгын хороог  (7-9 гишүүнтэй)  томилох юм. ХКН-ын УТТ-ны байнгын хороо нь намын дээд шийдвэр гаргадаг байгууллага боловч гишүүд нь нам дотор онцгой үүрэг гүйцэтгэдэггүй. Харин ХКН-ын улс төрийн удирдлага дор засгийн газраа толгойлдог. УТТ-ны байнгын хороонд одоогийн ерөнхийлөгч Си Жинпин, ерөнхий сайд Ли Көцян, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, хууль зүйн яамны сайд болон ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон сүүлийн жилүүдэд авлигын эсрэг улс орныг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй кампанит ажлыг явуулж буй Сахилга батын төв комиссын дарга нар багтдаг. ХКН-д лидерүүдийн насны хязгаарыг 67 гэж тооцдог бичигдээгүй хууль бий.  Энэ бичигдээгүй хуулиар ерөнхийлөгч Си Жинпин болон ерөнхий сайд Ли Көцян хоёроос бусад ахмад гишүүд тэтгэвэртээ суух учиртай. Сахилга батын төв комиссын даргын ажлыг үргэлжлүүлэх хүнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

ХКН-ын XIX их хурлаар УТТ-ны байнгын хорооны дөрөв, таван гишүүн шинээр томилогдож, шийдвэр гаргах төвшний дээд байгууллагад томоохон өөрчлөлт орох юм. Тэдгээр шинээр томилогдох гишүүдээс 2022 оны Хятадын ерөнхийлөгч сонгогдох билээ. ХКН-ын дарга арван жилийн хугацаанд хоёр удаа бүрэн эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд одоогийн удирдагч Си Жинпин хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх сонгуулийн өмнө ирээд байгаа юм.

Си Жинпин таван жилийн өмнө ХКН-ын удирдлагыг гартаа авсан цагаасаа эдийн засгийн реформыг эхлүүлж, армийн ерөнхий командлагч, армийн төв комиссын даргын  хувиар зэвсэгт хүчнийг  хяналтандаа авсан. ХКН-ын их хурлын өмнө аравдугаар сарын 11-д бүгд хурал болох ажээ. ХКН-ын XIX их хурлаар улсын дотоод дахь тулгамдсан асуудал болон олон улсын тавцанд өрнөж буй нөхцөл байдлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард ХКН Си Жинпинд манлай удирдагч гэж цоллож түүнийг Хятадын агуу удирдагчид Мао Зөдун, Дэн Сяопин нарын эгнээнд аваачсан.

Си Жинпинийг манлай удирдагч гэж цоллосон нь ХКН-ын их хурлын өмнө рейтингийг нь өсгөх нэг тактик байсан билээ. Си Жинпин намын XIX их хурлын өмнө ойрын хүрээний хүмүүсээ их хурлын чухал албан тушаалд томилсны цаад шалтгаан нь УТТ-ны байнгын хороонд оруулах далд зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тэдгээр томилгооны нэг нь Чунчин хотын намын дарга Чэнь  Минь-эр бөгөөд түүнийг өнгөрсөн долдугаар сард томилсон байна. 2022 оны ХКН-ын их хурлаар Си Жинпин намын удирдлагыг дараагийн хүнд шилжүүлэх боловч өөрөө намын лидер эсвэл өөр томоохон албан тушаалд үлдэх магадлал өндөр байгаа тухай хов жив их байгаа юм. Си Жинпин өнгөрсөн таван жилийн бүрэн эрхийн хугацаанд эдийн засгийн реформ, армийн шинэчлэл мөн авлигын эсрэг кампанит ажилд голлон анхаарсан тул XIX хурлын хэлэлцэх асуудалд орох нь гарцаагүй.

Өнгөрсөн хугацаанд Си Жинпиний авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд  хэдэн арав биш, хэдэн зуун мянган албан хаагч баривчлагдан, хатуу ял шийтгүүлсний дунд Хятадын КН-ын нөлөө бүхий улс төрч Жоу Юнкань ч багтсан юм. Эдийн засгийн өсөлтийн  өнгөрсөн оны гайхалтай тогтвортой байдал удаан үргэлжлэхгүй байх вий гэдэг болгоомжлол байсан ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсөлт нэг их буураагүй. Гэсэн ч Хятадын эдийн засгийн суурь асуудлууд арилаагүй хэвээр. Гадаад нөхцөл байдал нь АНУ-тай харилцах худалдааны харилцаанд  зөрчил үүссэнээс ээдрээтэй болсон. Дотооддоо Хятад улс эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай гадаад зээлийн хэмжээ өндөр байгаа нь санаа зовоох асуудал хэвээр байгаа бөгөөд S&P саяхан Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулсан билээ.

ХКН-ын XIX их хурлын өмнө Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлагад халаа сэлгээ явуулсан Си Жинпин хилийн чанадад ч мөн армийн үүргийг бэхжүүлэхээр зорьж байгаа юм. Си Жинпин 'Хятадын ардын чөлөөлөх арми бол өөрийн газар нутгаас таслан хуваахыг хэнд ч зөвшөөрөхгүй байлдааны өндөр чадвартай арми.” хэмээн мэдэгдсэн юм.

Хятадын цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэх олон шалтгааны нэг нь бүс нутагтаа Гималайн уулсаар хиллэдэг  Энэтхэгтэй мөн Өмнөд Хятадын тэнгист 3.5 сая км/кв нутаг дэвсгэрт хэд хэдэн улстай газар нутгийн шийдвэрлэгдээгүй маргаантай байгаатай холбоотой юм. Си Жинпин 2012 онд коммунист намын удирдлагыг гартаа авах үедээ 2049 он гэхэд Хятад улс ядуурал, агаарын бохирдол, авилга болон угсаатны мөргөлдөөн зэрэг олон асуудлаа бүрэн шийдсэн орчин үеийн, хөгжин цэцэглэсэн улс болно гэсэн амлалт өгсөн нь 'хятад мөрөөдөл' гэх нэр томъёог бий болгосон юм. Си Жинпин одоо хятад мөрөөдлөө биелүүлэхийн тулд  ирэх таван жилийн бүрэн эрхийн хугацаанд бэлтгэж байна. 

ОРЧУУЛСАН Н.ЭНХТУЯА

WWW.NEWS.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх