Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд Мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд Мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

 


Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээж, үйл ажиллагаагаа өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Тухайн эмнэлгүүдийн нөөц бололцоонд тулгуурлан барилгын засвар үйлчилгээг хийж, мэс заслын өрөө тасалгаа болон орчин нөхцөл, хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ. Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас мэс заслын шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалтад зориулж хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ийнхүү ерөнхий болон мэс засал, гэмтлийн эмчилгээг гурван дүүрэгт хийх боломжтой болж байгаа төдийгүй цаашид бусад дүүрэгт мэс засал, гэмтлийн тасгийг шат дараатай нээж ажиллуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, алслагдсан хорооны гэр хорооллын иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвийн болон зарим нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулах үүднээс энэ онд нийслэлийн дөрвөн дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээ, зургаан дүүрэгт гемодиализын тусламж, үйлчилгээг хүргэж эхэлсэн билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтарсан төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг алслагдсан гэр хороололд өрхийн эрүүл мэндийн загвар 10 төв болон хоёр нэгдсэн эмнэлгийг барихаар шийдвэрлэсэн байна. Мөн Туркийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Өрхийн эрүүл мэндийн 10 төвийг барих талаар хэлэлцэж, гурван газарт барилгын шав тавьжээ.

Б.ЦЭЛМЭГ

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх