Чуулган: Шуудхан хэлчихье цалин нэмэх боломж байхгүй

 

Чуулган: Шуудхан хэлчихье цалин нэмэх боломж байхгүй

 

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /10,05/ чуулганаар 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг эгүүлэн татсаныг хэллээ. Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг шинэ танхимын сайд нарт танилцах боломж олгохын тулд эгүүлэн татсан гэв.

Үргэлжлүүлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Багш нарын цалинг нэмэх бололцоотой юу. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Шуудхан хэлчихье. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн сайдаас "Эмч нар цалингаа нэмүүлэх гээд жагсаад эхэллээ. Цалин нэмэх байгаа юм уу” гэсэн асуултад тэрээр хариуллаа.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг -Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн. Цалинг 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай. Манай салбар Эрүүл мэндийн даатгал, улсын төсөв хоёроос санхүүждэг. Боломж бол байгаа. Яаж гаргаж ирэх вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарынханд нь урамшуулал хэлбэрээр үлдээх. Жилдээ улсын төсөвт 54 тэрбум төгрөг оруулчих юм бол 30 хувиар нэмчих гаргалгаа бий.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: -Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх. ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. Алдагдлыг аажмаар бууруулах шийдэлд хүрсэн. Энэ дагуугаа явж байна.Засгийн газар ОУВС-тай тохирсноо биелүүлээд явсан. Ажлын хэсэг эхний үнэлгээ хийхээр ирээд амжилттай гэж үнэлгээ өгсөн.

Бүх макро эдийн засаг алдагдсан, төсвийн тэнцлийн алдагдал их байгаа. Үүнээс гарах арга зам нь Засгийн газар өнөө маргаашдаа экспортыг огцом нэмэх шаардлагатай. Ингэвэл өрийн дарамтад орохгүй байх онолын боломж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Засгийн газрын гадаад, дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн.

2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан. Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байхгүй. Шулуухан хэлэхэд 2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. 2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмэхээр тооцоолж байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх