МАН хагарлаа албан ёсоор зарлалаа

П.МАНДАХ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өчигдөр /2017.10.4./ томилогдсон. Чуулганаар Ерөнхий сайдыг  батламжилж санал хурааж байхад МАН-ын 65 гишүүний тал нь чуулган танхимын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өгөөд зогсч байлаа. Өөрөөр хэлбэл, МАН, АН, МАХН-ын нийлсэн 47 гишүүн чуулгандаа сууж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлав.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, огцорсон Засгийн газрын зарим сайд нар тэргүүлсэн 29 гишүүн эсэргүүцлээ илэрхийлж чуулганд суусангүй. Тэд "…У.Хүрэлсүх нар эвнэгдлээ хангаж, бидэнтэй ойлголцож тохиролцохгүй байна” гэж мэдэгдсэн.

Сүүлийн өдрүүдэд МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон. Нэг нь Ж.Эрдэнэбатыг огцруулсан 30 гаруй гишүүн, нөгөөх нь түүнийг хамгаалсан 30-аад гишүүн байгаа юм. Чуулганд суулгүй эсэргүүцэгч 30-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайд тэргүүтэй 6-7 яамыг авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Гэхдээ өөрсдөө  энэ мэдээллийг үгүйсгэж байгаа.

Чуулганд суугаагүй гишүүдийг олон нийт ихээхэн шүүмжил байгааг энд хэлэх хэрэгтэй. Төрийн ордны гадна эмч багш нар эсэргүүцэл илэрхийлж жагсаж, суугаад хэл хонож байна. Ажил хаяна гэж  мэдэгдсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүд 30-аараа шуудхан ажлаа хаячиаж байна. Эмч багш нар цалин нэм гэж байгаа. Харин тэд юу хүссэн бэ. Тэд Засгийн газрынхаа сайд нарын талыг томилох эрх мэдэл өгсөнгүй гэж ажлаа хаяжээ. Ердөө л сандал суудлын төлөөх эсэргүүцэл юм.

Шуудхан хэлэхэд, энэ үйл явдал МАН хагарлаа албан ёсоор зарлалаа гэж ойлгож болохоор байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн чуулганы индэр дээрээс хэлсэн үг ч ноцтой. Тэрээр "…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэсэн нь энэхүү хагарал, зөрчилтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй гэх хүн олон байна. УИХ-ын чуулганы индэр дээрээс ийм мэдэгдэл хийнэ гэдэг бол анхаарахгүй орхиж боломгүй явдал юм.

Ер нь МАН-д иймэрхүү аюултай, ноцтой гэж хэлж болох үйл явдлууд дараалан болж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа "…Надад айдас алга” гэдэг үгийг хавчуулаад авсан. Түүнээс өмнө, наймдугаар сард МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх "…Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна” гэсэн. Дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "…Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ. Ах нь хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн” гэж хэлсэн байдаг. Айдастай холбоотой үг ийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас хэд хэдэн удаа гарч байгаа юм.

Мөн дээрх Байнгын хорооны хурал дээр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат "…Намайг шорондоо хийнэ биз. Тэр шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ за юу. Арай авсанд хийчихгүй байлгүй дээ” гэж ярьсан. Түүнийг халамцуу байсан гэх "цайруулах” зорилго бүхий мэдээлэл тарж буй. Гэвч дээрх нь маш ноцтой мэдэгдэл юм.

Түүнчлэн МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар муудалцсан гэдэг. Л.Элдэв-Очир нь "…Дүү ахтайгаа мэндэлдэггүй ээ, ална шүү” гэсэн. Хариуд нь Б.Чойжилсүрэн "…Хүйс тэмтэрнэ шүү” гэсэн гээд байгаа. Бие биеэ халамцуу согтуу байсан тухай ч бас хэлээд байна.

Үүнээс гадна МАН-ынхан маш ноцтой нэгэн мэдээллийг тас нууж байна. МАН-ын Бага хурлын үеэр Сэлэнгээс ирсэн нэг төлөөлөгч нь "…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэсэн байгаа юм.

УИХ-ын 33 гишүүнийг занасан хэрэг биш гэж үү. Төрийн түшээдийг бөөн бөөнөөр нь хядна гэж заналхийлсэн байна шүү дээ. Гэтэл гудамжинд цагдаад салаавч гаргасан этгээдийг Төрийг доромжиллоо гэж үзээд шүүгээд, торгоод арга хэмжэээ авч байна.

Дээр дурдсан жишээнүүд бол УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, МАН-ын Бага хурал дээр болсон. УИХ бол Монгол төрийн эрхийг барих дээд байгууллага, харин МАН-ын Бага хурал бол энэ намын удирдах байгууллага нь юм. Тэгэхээр МАН удирдах төвшиндөө ёс суртахуун ярьж, биеэ барьж чадахааргүй болтлоо зөрчилдөж хагарсан гэдэг нь батлагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх