“Ил тод, нээлттэй Улаанбаатар, 1000 сэтгүүлчийн форум”: Хэн юу хэлэв

“Ил тод, нээлттэй Улаанбаатар, 1000 сэтгүүлчийн форум”: Хэн юу хэлэв

 


 

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой гуравдугаарсарын 6-нд тохиолоо. Энэ ойн хүрээнд МСНЭ, НЗДТГ хамтран "Ил тод, нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум”-ыг гуравдугаар сарын 4-нд Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын хэлсэн тоо баримтаар бол, энэ форумд Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 15 төрийн бус байгууллага, нийслэл хотод ажилладаг 110 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцжээ. Цаг хугацааны хувьд сонгуулийн жил таарч байгаа болоод ч тэр үү "Сэтгүүлчдийн эвлэл нийслэлийн удирдлагуудын сонгуулийн сурталчилгааг хийгээд эхэллээ” гэж шүүмжлэх хүн ч байлаа. Мөн анх удаа хийж байгаа гэж хэлсэн нь 2012 оноос өмнө нийслэлийн удирдлагуудын хийдэг байсан "Хот бас сэтгүүлч” арга хэмжээг үгүйсгэлээ гэж зарим хүнийг бухимдуулаад авна билээ. Хэдийгээр ийм хэл ам дагуулсан ч гэлээ "Ил тод, нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум” нь сэтгүүлчдийн хувьд ойн баярын арга хэмжээгээ ажил хэрэгч, шинэлэг байдлаар хийж болохыг бусад салбарынханд харуулсан содон жишээ болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Нөгөө талаасаа хотын дарга нарын тухайд ч 1000 сэтгүүлчийн өөдөөс харж байгаад хийсэн болон хийх ажлаа товч бөгөөд тодорхой ярина гэдэг нэгэн том шалгалт байсан нь лавтай. "Ил тод, нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум” хэн юу хэлэв гэдгийг уншигчдадаа хүргэж байна.

 

 

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө одоо зайлшгүй биелүүлэх хууль болсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Улаанбаатар хот бидний үр хойчийн гэр орон. Бидний үр хүүхэд залгаад амьдрах гэр орон. Энэ гэр орноо сайхан болгохын тулд юу хийх вэ гэдгээ бодож тунгааж нягтлаад, мэргэжлийн хүмүүсийн туслалцааг аваад 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжбатлуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг бас анх удаа төрийн дээд шатанд буюу УИХ-аар батлуулсан. Ингэснээр энэ төлөвлөгөө зайлшгүй биелүүлэх хууль болсон. 2014 онд батласан ерөнхий төлөвлөгөө хэрэгжих юм бол бид өнөөдөр хөгжлөөрөө гайхуулж байгаа хотуудын жишигт хүрсэн хот болно. Метротой, нийтийн тээврийн хүчирхэгтогтолцоотой, инженерийн орчин шийдэл бүхий үйлчилгээтэй, амьдарч оршин суухад таатай өндөр хөгжилтэй хот болно. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил маань өнгөрсөн дөрвөн жил өрнөсөн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүн юу хийх ёстой вэ гэдгийг багаараа, удирдлагаараа ярилцаад "ил, тод, нээлттэй, авлигагүй сайн засаглалтай хот болох” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ил, тод, нээлттэй, авлигагүй сайн засаглалтай хот болохгүй бол хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Одоо бид үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Гаргаж байгаа шийдвэрүүдээ ил тод нээлттэй мэдээлж байна. Иргэдээсээ саналыг нь асууж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна.

2000-2013 оны хооронд үнэгүй олгосон газруудыг дуудлага худалдаагаар борлуулсан бол 26.6 их наяд төгрөгийн орлого олох байсан гэсэн тооцоо гарч байгаа юм. 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан метро зэргээс эхлээд бүх ажлыг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Тэгэхээр бид маш том боломж алдсан гэсэн үг. Энэ бүх боломжийг ард түмэнд хүргэх ажлыг сэтгүүлчид хийдэг.

 

Ил тод, нээлттэй засаглал нь нийслэлийн иргэн бүрт боломж олгож байна

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид:

-Нээлттэй засаглалын тухай ойлголт олон улсад идэвхтэй хэрэгжиж эхдээд тав, зургаахан жил болж байгаа ч үүний давуу тал нэгэнт илэрхий болоод байна. Иргэд нь төрийн байгууллага юу хийж байгаа талаархи бүх мэдээллийг шилэн зарчмаар хүлээн авах боломжтой, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан төрийн байгууллагын бодлого шийдвэрт оролцох боломжтой, энэхүү хамтын шийдлийг бодит ажил хэрэг болгох ажлыг төр захиргааны байгууллага нь иргэддээ олгодог тогтолцоог нээлттэй засаглал гэж нэрлэдэг. Ингэж ил тод байдлыг хангаснаар нэг талаас төрийн албаны албан тушаалтан эрх мэдэлтнүүд хууль зөрчсөн шийдвэр гаргах боломжгүй болдог, нөгөө талаас иргэд өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой шийдвэрийг цаг алдалгүй олж мэдэх боломж нь нээлттэй болдог. Үүнийгээ дагаад хариуцлагын тогтолцоо, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрддэг. Бас нэг сайн тал нь нийгмийн бүх гишүүд төрийн аливаа төвшний бодлого боловсруулах, шийдвэр гаргахад жигд оролцох нээлттэй болдог. Өмнө нь дарга шийдвэр гаргадаг, иргэд тэр шийдвэрийг дуртай ч дургүй ч биелүүлэх үүрэг хүлээдэг байсан бол нээлттэй засаглалын зарчмыг ажил хэрэг болгосноор өөрчлөгддөг. Улаанбаатар хотын удирдлагууд ил тод нээлттэй засаглалыг хэрэгжүүлж байгаа нь нийслэлийн иргэн бүрт боломж олгосон сайхан хэрэг юм. Та бид нийслэл хотын нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас гадна нүдэнд үл харагдах их өөрчлөлтийн гэрч, оролцогч, үр шимийг нь хүртэгчид болж байна.

Өнөөдөр нийслэл хотын иргэд нутгийн захиргааны 24 байгууллагын 453 төрлийн үйлчилгээг ямар нэгэн хүнд сурталгүйгээр нэг цэгээс авч чадаж байгаа нь нээлттэй засаглалын үр шим юм. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх үү болих уу, нийслэлийн төсөв ямар байвал зохистой вэ, бидний хийхээр төлөвлөж байгаа ажлыг та юу гэж үзэж байна хэмээн иргэдээсээ саналыг нь асууж, олонхи нь дэмжсэн асуудлыг л шийддэг болж байгаа нь, тэгэхдээ энэ нь нэг удаагийн арга хэмжээ биш тогтсон соёл болж байгаа нь нээлттэй засаглалын үр дүн юм. Нийслэлийн цагдаагийн газрын даргын сонгуульд иргэдийн санал нөлөөлж байгаа нь нээлттэй засаглалын үр шим юм. Хууль бусаар бусдын эзэмшилд очсон газрыг иргэдийн мэдэлд буцаан өгч, төрийн хамгаалалтад авсан нь бас ил тод нээлттэй засаглалын үр дүн юм. Энэ мэтээр нээлттэй засаглалыг бэхжүүлэхийн төлөө Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудын зүгээс сэдсэн санаачилсан, хийсэн бүтээсэн ажлыг нэрлээд байвал олон байна.

Энэ бүхэн хэвлэл мэдээлэлд ямар хамаатай юм бэ, ийм олон сэтгүүлч цуглуулаад ийм зүйл ярих хэрэг байна уу гэсэн асуулт гарч болох юм. Улстөржүүлэн хардах эрх ч та бүхэнд бий. Ийм бодол өвөрлөн сууж байгаа хүн байвал хуучин тогтолцооны хаалттай байсан үеийн Улаанбаатар хотын захиргаа, иргэддээ нээлттэй өнөөгийн үйл ажиллагаа хоёрыг харьцуулан жишиж үзэхийг зөвлөмөөр байна. Аливаа шатны дарга удирдлагын гаргасан шийдвэрийг өөлж шүүмжлэх, өөрийн хувилбарыг санал болгох боломж хорь гаруйхан жилийн өмнө бидэнд хаалттай байсныг ахмад, дунд үеийнхэн сайн мэднэ. Тэр үеийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн үүрэг, боломж ямар хязгаарлагдмал байсныг бас сайн мэднэ. Ардчиллын эхэн дунд үед ч гэсэн янз бүрийн түвшний дарга удирдлагын зарим тушаал шийдвэрийг олж харахын тулд мөшгөн сурвалжлах, ингэж мэдээлэл олж авсныхаа төлөө хуулийн өмнө өвдөг сөгдөх шаардлага сэтгүүлчдэд тулгардаг байлаа. Мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн ач холбогдлыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй эрхтэн дархтанууд одоо ч гэсэн энд тэнд бий.

 

Нийслэлийн иргэд бид өөрсдөө их өөрчлөгдсөн. Энэ бол маш чухал бөгөөд том өөрчлөлт

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга:

-1000 сэтгүүлчдэд ажлаа гурван минутад багтаагаад товч танилцуулна гэдэг хэцүү байдаг юм байна. Бидэнд маш том сургамж боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хот өөрчлөгдсөн, үүнийг би бардам хэлнэ. Зам талбай, тохижилт, хотын ил тод байдал, удирдлагын гарч байгаа шийдвэр гээд олон юман дээр өөрчлөлт гарсан. Би ганцхан зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Нийслэлийн иргэд бид өөрсдөө их өөрчлөгдсөн. Энэ бол маш чухал бөгөөд том өөрчлөлт. Сэтгүүлчид та бүхэн ч өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Өнөөдөр нийслэлийнхэн дүрэм журам гэдэг юм вэ гэдгийг мэдэрдэг болсон. Хууль дүрэм журмыг сахьдаг болсон. Хэн нэгэн дарга дураараа дургихыг хэзээ ч тэвчихээргүй болсон. Нийслэлийн дараа дараагийн удирдлага хөшигний цаана шийдвэр гаргах юм бол нийслэлчүүд хүлээж авахгүйгээр болсон. Эрс шинэчлэл хийсэн дөрвөн жилийнхээ ажлыг тайлагналаа. Энэ хийгдэж байгаа ажил цаашаагаа үргэлжлэх ёстой гэж би бодож байгаа. Улаанбаатар бол шинэчлэгдэж байгаа хот. Үүнийг цааш үргэлжлүүлье.

 

Толгойтоос Амгалан хүртэл явдаг метротой болно

Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр:

-2012-2015 онд хийгдсэн зам барилгын ажил хоёр салбарт хуваагддаг. Шинээр баригдсан болон өргөтгөн шинэчилсэн гэж. Энэ хугацаанд нийтдээ 263 км замыг өргөтгөн шинэчилж, шинээр барьсан байгаа. Гүүрний тухайд 323 м гүүрийг 2013 онд шинээр барьсан. Гүүрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт дандаа шинээр хийгдсэн байгаа. Зуун айл, Шарга морьт, Яармаг гээд. Өлзийт хороолол хүрэх 9,9 км замыг анх удаагаа концессын гэрээгээр хийж гүйцэтгэлээ. Энэ замыг дагаад иргэдийн суурьшил нэмэгдэж байна. Гүүрэн гарцуудыг 2012 оноос хийж эхэлсэн.

Нийтийн тээврийн ухаалаг төлбөрийн системд шилжсэн.

Метро баригдана. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр явагдаж байна. Одоо зээлийн асуудал яригдаж байна. Энэ нь 47 сая орчим ам.долларын өртөгтэй босно гэсэн тооцоо гарч байгаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. Метроны маршрутын тухайд Толгойтоос 25 дугаар эмийн сан хүртэл илээр яваад тэндээсээ газар доогуур Зүүн дөрван зам хүртэл 6,6 км явна. Зүүн дөрвөн замаасаа Троллейбусны эцсийн буудал буюу Амгалан хүртэл ил замаар явахаар ТЭЗҮ-д тусгасан байгаа. Хойшилсон хүлээгдэж байгаа шалтгаан нь хөрөнгө оруулалтын хувьд хоёр улсын Засгийн газрын өрийн тааз гэдэг зүйл Их Хурал дээр яригдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ бүхнийг шийдэхээр бид ажиллаж байна. Дэлхийн томоохон хотуудын нийслэл метротой байдаг. Бид метро барих байгуулах бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.

 

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан

Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ:

-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заасан ногоон байгууламжийн ажлыг хийхийн тулд өнөөдөр нийтдээ 1,7 сая модыг тарьж ургуулсан байна. 54 мянган ам метр талбайд цэцэг тарьсан байна. 850 мянган ам метр талбайг зүлэгжүүлсэн. Анх удаа гэр хорооллолд хоёр дахь цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Байшин хорооллын дундахь талбайд барилга барих биш харин тохижилт хийсэн.

Ногоон байгууламжийг мэргэжлийн төвшинд орчин үеийн технологи ашиглан бүтээн байгуулж байна. Үүний ачаар өнгөрсөн гурван жилд 63 га талбайгаар ногоон байгууламжийг хэмжээг нэмж чадлаа. Цаашид ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 2020 он хүртэлх Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан.

 

Ерөнхий төлөвлөгөөндөө цэцэрлэгт хүрээлэн 22-ийг байгуулахаар заасан байгаа. Эхний 7-8-нд нь хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн 960 орчим га газар бол манай Улаанбаатар хотын ундны усны төвийн эх үүсвэр. Тийм учраас Цэцэрлэгт хүрээлэнд ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэсэн бодлоготой, бүр хуультай. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хөрөнгө оруулалттай нийлээд Цэцэрлэгт хүрээлэнд долоо орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадсан. Ингэж чадсанаараа нийслэлчүүдийн амарч зугаалах орчинг тохижуулахад дэвшил гарсан. Энэ жил хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч гэлээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Одоо баруун талынх нь 25 га газрыг тохижуулах ажлыг эхлүүлэх гээд тендер шалгаруулах ажиллагаа нь Худалдан авах ажиллагааны газар дээр явагдаж байгаа. АСЕМ-ийн хурлаас өмнө ашиглалтад оруулах зорилготой байгаа.

 

Нэг төвтэй хотоос олон төвтэй хот буюу найман дэд төвтэйгөөр хөгжүүлэхээр төлөвлөсөн

 

Хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат:

-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө хөтөлбөр батлагдсагнаар нэг төвтэй хотоос олон төвтэй хот буюу найман дэд төвтэйгөөр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн хүрээнд анхны хоёр дэд төвийг хөгжүүлэх асуудлыг асар богино хугацаанд буюу жилийн дотор Азийн хөгжлийн банктай хамтран боловсруулж, 320 сая доллараар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг хөгжүүлэх ажлыг эхлүүллээд хийж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий төлөвлөгөө батлагдсан даруйдаа шууд хэрэгжих ажил нь эхэлсэн. Хоёр дэд төвийг байгуулаад зүгээр орхичихож байгаа хэрэг биш. Түүнийг холбосон зам, дэд бүтцийн дагуу нийтийн тээвэрт тулгуурласан хөгжлийн коридорыг байгуулахаар зорьж байна. Үүнтэй холбоотой дэд бүтцийг барьж байгуулах ажил эрчимтэй өрнөж байна. Төлөвлөлт нь тодорхой байгаа болохоор хөрөнгө оруулагчид ч нааштай хандаж байна. АХБ хамтран санхүүжүүлэгчээр оролцож байна.

Хотын шинэ төвийг барьж байгуулах ажил өрнөж байна. Ханын материал орчимд шинэ төвийг байгуулснаар баруун хойд буюу хойд бүсийн төвийн үүргийг давхар гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 24 байршил дээр хийгдэж орон сууж барьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2000 гаруй орон сууц барьсан. Үүний нэг хэсэгт нь газраа чөлөөлж өгсөн иргэд орж байгаа бол нөгөө хэсэг нь зах зээлд худалдаалагдаж байгаа. Бас нэг хэсгийг нь бид нийслэлийн төр захиргааны системийн албан хаагчид захиалга өгвөл оруулж байгаа. Ингэхдээ бид урьдчилгаа төлбөрийнх нь 50 хувийг төлөх замаар борлуулалтыг нь дэмжиж байгаа. Цаашдаа үнэ тохиролцвол түрээсийн орон сууцны хэлбэрээр ашиглах бололцоо байгаа эсэхийг төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ хамтран ярилцаж байна.

 

Хороодоор дамжин олгосон 12 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт 95-100 хувьтай байна

Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай:

-Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хариуцсан салбартаа гурван хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэллээ. Эхнийх нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр гарсан "Бичил бизнес, ядуурлыг бууруулах хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн санхүүжилт 15 тэрбум төгрөг. Энэ мөнгийг хэн нэгэн дарга, эсвэл дундын зуучлагчгүйгэр иргэдэд хүргэх зарчим барьсан. Үр дүнд нь энэ 15 тэрбум төгрөгийг нийслэлийн хороо болгонд ижил тэнцүүгээр хуваарилсан. Нэг хороонд 100 сая төгрөг хуваарилагдаж байгаа. Энэхүү хороодод очсон мөнгийг зээл авахыг хүсч байгаа хүнд хүргэхийн тулд нэлээд ажил хийсэн. Ингэсний дүнд тухайн хорооны зээл авахыг хүсч байгаа иргэд хорооныхоо даргын зарласан газар, цагт цуглуулан хуралдуулж, тэдгээр иргэдэд хуулийн эрх бүхий компани байгуулах эрх олгосон. Энэ байгуулсан компани нь Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлөө авсан. Ингэснээр иргэд хоршооныхоо гишүүдэд хэнд, хэзээ, хэдэн төгрөгийн зээл олгохоо шийдээд явж байгаа. Энэ ажлыг эхлэхэд сөргөөр харж байсан хүмүүст хоршоод өнөөдөр үйл ажиллагаагаараа хариулт өгч байна. Тодруулбал, нийтдээ 12 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосны эргэн төлөлт 95-100 хувь байгаа гэдэг тоо баримт харуулж, хариулж байна.

Хоёр дахь нь "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь Улаанбаатар хот иргэдэд ээлтэй байхын тулд хүүхдэдээ ээлтэй байх ёстой гэдэг санаа. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар болохын тулд өнөөдөр хотын есөн дүүрэгт хүүхэд хамгааллын байгууллагатай боллоо. Сургууль, гэртээ харих зам хүүхдэд ээлтэй байхаас гадна нийслэлийн 300 мянган гэр бүл хүүхдэд ээлтэй байх нь хамгийн чухал. Улаанбаатар хотод архи зардаггүй, архигүй өдөр гэж байсан бол одоо нийслэл гэр бүлийн өдөртэй болж байгаа. Сар бүрийн сүүлийн ням гаригийг нийслэлийн өдөр болгох шийдвэрийг НИТХ-аар батлан гаргалаа.

Гурав дахь нь орон гэргүй тэнэмэл иргэдийг ганцхан хотын захиргаа хариуцдаг байсныг өөрчилж, есөн дүүргээ татан оролцуулах хөтөлбөр. Орон гэргүй тэнэмэл 3000 гаруй иргэн буюу нийслэлийн 100 айл өрх тутмын нэг нь орон гэргүй байна гэсэн тоо гарч байгаа. Энэ хүмүүсийг нийгэмшүүлэх, орон гэртэй болгох ажлыг дүүргүүдтэй нь хамтран хийх ажлыг эхлүүллээ.

 

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр ийм ажил хийлээ

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал:

-Ерөнхий төлөвлөгөөний дагуу хот нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр хийсэн ажлаас товч танилцуулъя.

Нөөцийн цогц удирдлага, ажлыг уялдаа холбоог сайжруулах, чадамжийг дээшлүүлэх үүднээс нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийг байгуулсан.

Шуурхай удирдлага зохицуулалтын төвийг байгуулснаар анх удаа 24/7 горимоор хот нийтийн аж ахуйн үйлчилгээг шуурхай зохицуулдаг боллоо. Үндэсний баяр наадам болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах "Монгол наадам” цогцолборыг шинээр байгуулсан.

Цахилгаангүй 6000 гаруй өрхийг эрчим хүчинд холбож, хүчдэлийн уналттай 12 мянга гаруй өрхийн цахилгаан хангамжийг сайжруулсан. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг 21 мянга гаруйгаар нэмэгдүүлж, алсын нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүллээ. 34 үерийн далан сувгийг өргөтгөн шинэчилж, 232 орон сууцны дээврийн засварыг хийж, 434 байранд лифтний шинэчлэл хийж, хуучин орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг эхлүүлж байна.

Шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар хотын усан хангамжийг сайжрууллаа. Ногоон байгууламжийн арчилгааг хувийн хэвшлийн компанид хариуцуулан өгч, 470 мэргэжлийн цэцэрлэгчийг сургалаа.

Хот тохижилтын болзолт уралдааны хүрээнд хувийн хэвшлийнхэн 35 тэрбум төгрөгийн гадна тохижилтыг хийсэн бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дөрвөн гудамж, 113 автобусны буудлыг иж бүрэн тохижуулсан. Мэргэжлийн уран бүтээлчдийн оролцоотойгоор хөшөө дурсгал уран баримлуудыг орчин үеийн чиг хандлагаар хөгжүүлэх суурь тавигдлаа. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байсан 1939 самбар, мэдээллийн байгууламжийг буулгаж, эрх зүйн шинэчлэлийг хийлээ.

Хог хаягдал зайлуулах чиглэлээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх шинэ тогтолцоог нэвтрүүллээ. Мөн хог хаягдал боловсруулах зорилго бүхий "Эко парк” төслийг эхлүүллээ.

Зам талбайн үйлчлэгчдийн тоог 2012 онтой харьцуулахад 2,2 дахин, цалинг 50 хувиар нэмэгдүүлж, амьдрах орчноо цэвэрлэж, тохижуулах үүрэг бүхий иргэдийн 70 нөхөрлөлийг байгууллаа.

 

НИТХ өнгөрсөн дөрвөн жилд 38 удаа хуралдсан

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун:

-2012 онд мөрийн хөтөлбөрийг НИТХ баталсан. Хөтөлбөрийг батлаж байхад Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгыг томъёолж байсан юм. Үүнийг дахин сануулъя. "Иргэдийн шууд оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёсыг улам бэхжүүлж, төрийн албаны ил тод нээлттэй байдлыг ханган нийслэлээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, байгальд ээлтэй, бие даасан хөгжил бүхий авлигагүй, агаар цэвэр, найрсаг хот болгон хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон юм. Энд орсон бүх үг өгүүлбэр ажил хэрэг болж хэрэгжиж байгаа.

Иргэдийн шууд оролцоо, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхийн тулд дараахь ажлыг хийлээ. Хамгийн гол нь Нийслэлийн удирдлагын тогтвортой байдлыг хангаж ажиллаж ирлээ. Нийслэлийн шийдвэр гаргадаг байгууллагуудын үйл ажиллагааг тогтмолжуулсан. ИТХ байнга хуралддаг болсон. Өнгөрсөн дөрвөн жил шахамын хугацаанд ээлжит 32, ээлжит бус 6 хуралдааныг хийсэн.

Нийслэлийн удирдлагын зөвлөл долоо хоног бүр хуралдаж байна. Иргэний танхим байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна. Нийслэлийн мэдээллийг шуурхай хүргэдэг Ulaanbaatar.mn сайтаар мэдээллийг шуурхай хүргэж байгаагаас гадна manaikhoroo.mnсайтаар дамжуулан эрүүл аюулгүй орчны зураглалыг гаргаж байна. байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх