Хөнгөлттэй үнээр эм олгох эмийн сангуудын санхүүжилт дуусна гэж байдаггүй

Бид эрүүл мэндийн даатгалд зориулж сар бүр мөнгө төлдөг. Гэхдээ тэрхүү төлдөг мөнгөнийхөө хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сар бүр авч чадаж байна уу гэвэл үгүй юм. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон мэс засалд орох үед л эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ашиг тус гардаг гэж хэлж болно.  Өөрөөр эрүүл мэндийн даатгалын дэвтэр энгийн амьдралын хэмнэлд бидэнд  нэмэр болох нь ховор. Ханиад хүрэх, бие тавгүйрхэх мэтийн асуудал тулгарахад бид үнэтэй эмнүүдийг өөрсдийн мөнгөөрөө л худалдаж авдаг. Ядахад эмнүүдийн үнэ өртөг өндөр байдгийг хэлэх үү, цалингаас цалингийн хооронд амьдардаг зарим иргэд өөрийн уудаг болон хүүхдийнхээ эм тарианд түрийвчээ хоослох нь элбэг тохиолддог.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой гэсэн үг юм.

2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн "Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн  даатгалаар 178 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болсон. Тэрчлэн улсын хэмжээнд хөнгөлөлттэй үнээр эм худалддаг 778 эмийн сан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 230 орчим нь бий. Эдгээр эмийн сангаас иргэд 50-90 хүртэл хувиар нэр бүхий 900 брэндийн эмийг хөнгөлж авч болдог байна. Дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм болон бэлдмэлийн үнэ хэт өндөр орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ.

Харамсалтай нь манай иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас тэр бүр эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм.

Өөрөөр хэлбэл ЭМ-ийн даатгал төлдөг 0-ээс дээш бүх насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны Өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй.Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай эмийн жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган "Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авах эрхтэй. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж.

Харин дээр дурдсанчлан харьяаныхаа өрхийн эмнэлэгт үзүүлж байж  эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт очиж эмийн сангаар үйлчлүүлээд байх хүн манайд тэр бүр байдаггүй. Өрхийн эмнэлэг хаасан амралтын өдрөөр бие нь өвдсөн хүмүүс хөнгөлөлттэй үнээр эм худалдан авч чадахгүйд хүрч байгаа юм. Түүнчлэн эмийн сангууд яг ямар ямар эм байгааг иргэдэд хэлдэггүй нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Тодруулбал иргэд аль болох үнэ өртөг өндөртэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр авахыг боддог ч эмийн санчид уг эм жагсаалтад байхгүй хэмээн хэлдэг. Харин 400, 500 төгрөгийн үнэтэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгодог нь иргэдэд тэр бүр таалагддаггүй.

Мөн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн жагсаалтад орсон өндөр үнэтэй эм дууссан хэмээн өгдөггүй нь бас нэг бэрхшээл юм. Бас хаяг байршил зааж өгсөн нь иргэдэд  хүндрэл учруулж байна. Шөнө оройн цагаар яарч сандарсан үедээ өнөөх эмийн санг нь хайгаад явах боломжгүй зэрэг бэрхшээлүүд байна.

Иймээс л иргэд сар бүр цалингаасаа автоматаар өгч байгаа хэдий ч үүнийхээ үр дүнг хүртэж чадахгүй өөрсдийн мөнгөөрөө эм худалдан авсаар байна. Иймд  салбар хариуцсан яам тамгын газрын албан тушаалтнууд энэхүү ажлаа иргэдэд хүрч чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж үр дүнг нь эргэж хараасай хэмээн хүсэж байна.

Манай улс эмийн хэрэглээнийхээ 70-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдах үнэ хэт өндөр байдаг аж.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цагт өндөр настан болон хүнд өвчтэй хүмүүст эмийн хөнгөлөлт маш том дэмжлэг болж буй нь тодорхой. Харамсалтай нь, сүүлийн үед энэхүү эмийн хөнгөлөлтийг авахад нэлээд түвэгтэй асуудал болоод байна. Эмийн сангуудад сарын эхээр болон сүүлчээр санхүүжилт дууссан гэдэг нэрээр даатгалаар эм олгохгүй байгаа юм. 

Тэр дундаа хүн ам ихтэй захын дүүрэг, хороололд бүтэн нэг сарын ердөө хоёр, гуравхан өдөр л хөнгөлөлттэй эм худалдаад бусад цагт санхүүжилт дууссан гэдэг тайлбарыг өгч байна. Үүний цаана шаардлагатай эмээ авч чадахгүй cap гаруй хүлээдэг хүмүүс хохирсоор. Тэдний дийлэнх нь хүнд өвчтэй болон өндөр настнууд, бага насны хүүхдүүд байдаг.

Хөнгөлөлттэй эм иргэдийн халааснаас гарах зардлыг овоо хэмнэдэг. Гэхдээ тэрхүү хөнгөлттэй үнээр очих ёстой эмнүүд эзэддээ хүрч чадахгүй байна.

Иргэд хөнгөлөлттэй үнээр эм авах гээд очихоор гэрээт эмийн сангуудын үүдэнд "Санхүүжилтгүй тул хөнгөлөлттэй эм олгохгүй” гэсэн бичиг наасан байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 230 эмийн сангуудын  ихэнх нь санхүүжилт байхгүй гэсэн үгээр иргэдийн амыг тагладаг.

Нийгмийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгөний хязгаар тогтоож, санхүүжилт олгодог аж. Гэтэл санхүүжилт авч байгаа эмийн сангууд мөнгөө жигд зохицуулаагүйгээс ийм асуудал үүсдэг бололтой. Нөгөөтэйгүүр, олон хүн эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай журмын талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Гэтэл зарим нь үүнийг овжноор ашиглаж, эмийг хямд үнээр бөөндөж аваад, цааш нь дамлан зардаг байж болзошгүй байна.

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн даатгалын таван сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Иймээс эрүүл мэндийн даатгалын төсөв хөрөнгө даатгуулагчийн цуглаж байгаа шимтгэл улсын төсвийн адилаар даатгуулагчаас тодорхой хэмжээний мөнгө авч, эргүүлэн зарцуулах журамтай.Төсөв мөнгө Шилэн дансны тухай хуулиар цахим сайтад бүгд нээлттэй байдаг гэнэ.  Хуулиар иргэн бүр заавал даатгуулах ёстой байдгаас 93 хувь нь хамрагдаж байна.

Жилд нэг эмийн санд том жижгээс нь хамааран 10-20 сая, сард 1-2 сая төгрөг ногддог гэсэн тооцоо бий.

Томоохон эмийн сангуудын төсөв харьцангуй өндөр байдаг. Албаны хүний хэлж байгаагаар "Санхүүжилт дуусах асуудал байхгүй. Бид cap сард нь мөнгө төсөвлөдөг. Санхүүжилт тасрах асуудал огт байхгүй. Магадгүй өмнөх сардаа төсөв хэтрүүлчихсэн байж мэднэ” гэх. Тэгэхээр эмийн сангууд төсвөө зөв зарцуулж чаддаггүй байх нь.

Мөн эмийн хөнгөлөлт дээр зарим нэг санаа зовоосон асуудал гарч байгаа. Таньдаг өрхийн эмчээрээ өндөр үнэтэй эмүүдийг бичүүлж авч байна. Үүгээр зогсохгүй өрхийн эмч нар өөрийн нэр дээр болон хамаатан садан хүний нэрээр өндөр үнэтэй эм бичиж авдаг зүй бус үйлдэл гарч байна.

Энэ асуудал нэг хэсэг олон хүний бухимдлыг төрүүлж байсан. Тэгвэл холбогдох газраас  өрхийн эмнэлгүүдэд хяналт тавьж эхэлсэн байна.

Бүх тогтолцоо нь программ хангамжаар явдаг болсон учир хяналт тавихад амар болсон гэлээ. Регистрийн дугаарыг нь хийхэд л тухайн хүний бүтэн жил авсан эм нэрээрээ, хэдэн ширхэг авсан нь гараад ирдэг юм байна.Энэ тандалтыг улирал бүр хийдэг. Өнгөрсөн жил гэхэд л нэг хүн 800 гаруй антибиотик авсан байх жишээтэй гарсан байна.

Эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь иргэд, даатгуулагчдад "Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г харагдахуйц газар ил, тодоор бичиж байрлуулсан байх, өрх, сум, багийн эмч нар хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхтэй холбоотой мэдээллийг өгөх  үүрэгтэй ч энэ нь төдийлөн хангалтгүй байна.

Эрүүл мэндийн "даатгуулагчид” гэдэгт ямар хүмүүс багтах нь зарим хүмүүс тодорхой бус байж болох юм. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцдаг. Тэгвэл "даатгуулагчид” гэдэгт цалин хөлснөөсөө сар бүр шимтгэлээ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлээ өөрөө төлж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, шимтгэлээ өөрөө эсвэл Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, төр шимтгэлийг нь хариуцан төлдөг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчид, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу  тэтгэвэр авч байгаа иргэд хамаарах юм.

Үүнд хамаарах даатгуулагчид аль нутаг дэвсгэрийн засаг захиргааны харъяалалд байна тухайн нутаг дэвсгэрийнхээ уг журамд хамааралтай улсын болон хувийн эмийн сангаар үйлчлүүлэх учиртай. Ингэхдээ ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг эмийн жорын маягтад бичүүлэн, нэг маягтад 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг  "эмийн ерөнхий нэршлээр” бичсэн байх шаардлагатай юм.

Гэхдээ эмч нь тухайн өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг баримтлан эмийн жорыг нэг удаад 5 хүртэл хоногийн тунгаар бичих ёстой.  Харин удаан хугацаагаар хэрэглэгдэх уналт таталтын эсрэг, дааврын, цусны даралт, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгт хэрэглэх, чихрийн шижин эмчлэх, бамбай булчирхайн даавар, элэг цусны үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болох бөгөөд эмчийн бичиж өгсөн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар зохицуулагдсан байна.

Даатгуулагчид эмийн сангаас эмээ авахдаа харьяалагдах сум, хороо, багийн эмчийн бичиж өгсөн жорын бичиг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ авч очин хөнгөлүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Иймд даатгуулагчид аливаа өвчнөөр өвчилж, хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эмийг эмчийн жороор бичүүлсэн бол Нийгмийн даатгалын сангаас олгосон эрхийнхээ хүрээнд тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч байх эрхтэй гэдгийг санах хэрэгтэй.

WWW.ZALUU.COM

Хөнгөлттэй үнээр эм олгох эмийн сангуудын санхүүжилт дуусна гэж байдаггүй

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх