Эмч нар шивээс эрүүл мэндэд хортойг сэрэмжлүүлж байна

Эдүгээ шивээс энгийн хэрэглээ мэт болтлоо хөгжжээ. Дэлхийн ихэнх оронд урлаг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ч эрдэмтдийн үзэж буйгаар эрүүл мэндэд хор хөнөөлтэй зүйл юм. Учир нь хүний арьсны гүнд элдэв химийн найрлагатай будаг шивснээр харшилтай болдог. Тэр ч бүү хэл арьсны гадна давхрагууд үхэждэг тул эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Мөн олон төрлийн халдварт өвчин үүсгэдэг ажээ. Шивээс арилгах нь шивээс хийлгэснээсээ ч илүү хортой юм байна.

Нэгэнт хийлгэсэн, арьсны гүнд шивсэн будгийг арилгахын тулд хүчтэй химийн бодис ашигладаг учир зарим тохиолдолд биеэр юм туурах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Тиймээс эрдэмтэд 18 нас хүрээгүй хүүхдүүд биедээ элдэв будгаар шивээс хийлгэхгүй байхыг анхааруулсаар иржээ.

"The Telegraph”-т мэдээлснээр, эмч нар шивээс нь хийлгэснээс хойш 15 жилийн дараа халдварын шалтгаан болж байгааг сэрэмжлүүлжээ. Тодруулбал, 30 настай австрали эмэгтэй тунгалгийн булчирхай нь томорсны улмаас эмнэлэгт хандаж, өвчилсөн шалтгааныг нь эмч нар түүний 15 жилийн өмнө хийлгэсэн шивээстэй нь холбон тайлбарласан байна.

Эдүгээ Британид насанд хүрэгчдийн гуравны нэг нь шивээстэй болжээ. Саяхан Европын синхротрон цацрагийн судалгааны төвөөс хийсэн судалгаагаар, шивээс хийлгэхэд хортой биетүүд бие махбодид нэвтэрч, тунгалгийн булчирхайг өвчлүүлдэг болохыг тогтоожээ.

Шивээсийг хүрэл зэсгийн үеэс эхлэлтэй гэж зарим эх сурвалжид мэдээлсэн нь бий. "Tattoo” гэдэг үг нь эртний Тайтигийн "tatau” гэсэн үгнээс гаралтай, энэ нь "бие дээрх тамга, мэнгэ" гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Үүний "tat” нь шивээс хийх багажаар арьсан дээр цоолборлон зураглах үйлдлийг, харин "au” нь шивээс хийлгэж байгаа хүний өвдөлтийг мэдэрч орилох чимээнийг хэлж байгаа ч гэж тайлбарладаг байна.

Шивээсний далд хор хөнөөл нь шивэх аппарат хэрэгслээ сайтар ариутгаагүйгээс ноцтой халдвар авах, халдвараас үүдэн дотор эрхтэн өвчлөх, улмаар ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх