Театрын өндөр ээж тэнгэрт халив

Театрын өндөр ээж тэнгэрт халив

 

Театрын өндөр ээж тэнгэрт халив

 


Өглөө сонссон хамгийн таагүй мэдээ "Бөмбөгөр ногоон”-ы Лха.Долгор эгч минь тэнгэрт хальсан тухай байлаа. Утсаар ярих бүрт нь удахгүй очно оо хэмээн амлаж байсан ч амжилгүй явсаар өнөөдөртэй золгосон өөрийгөө зэмлэвч барахгүй сууна.

Гавьяат жүжигчин Лхамжавын Долгор эгчтэй би 20 гаруй жилийн өмнө танилцсан юм. Хэдийгээр түүний алтан тайзан дээр асч дүрэлзэж явсан ид үеийг төдийлөн сайн мэдэхгүй ч гэрт нь зочилж, сайхан цай, амттай хоолоор дайлуулж зөөлөн дарс хувааж шимэн хууччуулын тухай дурсамж яриаг нь сонсч, ховор сонин зургуудыг нь үзэх завшааныг хангалттай олон удаа эдэлсэн билээ. Түүний хамгийн сүүлд тайзнаа тоглосон дүр нь Д.Намдагийн "Жаргалт эх Оролмаа” жүжгийн Оролмаа. 1973 оны энэ бүтээлийг УДЭТ 2011 онд тайзнаа дахин тавихад Долгор эгч эгээ л өөрөө тоглох гэж буй мэт догдлон, тэр үед хамт тоглож байсан нөхдөө дурсан нулимс унагаж байсан сан.

Тэр жил манай "Бадрангуй урлаг”-ийнхан УДЭТ-ын 80 жилийн ойд зориулан "Алтан тайзны эзэд” номыг хийхэд бидэнд сэтгэл зүрхээрээ хамгийн их тусалж байсан хүн нь Лха.Долгор гуай. Тэгээд ч бид ном хийхээр театрт ажиллаж байсан үе үеийн уран бүтээлчдийн талаар материал цуглуулан хүмүүстэй уулзаж явахад "За наад хүний чинь тухай сайн мэдэх нь Лха.Долгор гуай даа”, "Одоо Долгор гуайгаас өөр мэдэх хүн байхгүй дээ” гэх үгийг олонтаа сонсч тэр бүрийд түүн рүү залгана, хаа байгаа газар нь шуудхан яваад очно. Долгор гуай ч түвэгшээж цааргална гэж байхгүй. "Хөөрхий дөө манай тэр үү...” гээд яриагаа эхэлнэ дээ. Бас өөр хэнээс энэ тухай лавлаж тодруулж болох вэ гэдгийг ч хэлээд өгнө. Нэг үгээр Монгол Улсад орчин үеийн тайзны урлаг 1930-аад онд ханаа шийрлэж, өрхөө татахад хүчин зүтгэж явсан анхдагчдаас арай хойхно буюу 1940-өөд оны эхээр театрт хөл тавьсан Лха.Долгор гэж эрхэм буурал яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн "хүн судар” байсан юм.

"Хүн судар” өөрийнхөө тухай л төдий л олныг ярихгүй. Харин нөхдийнхөө тухай бол нүд нь сэргэж ирээд л тас тас хөхрөөд л ярина.

-Жадамба гуай театр байгуулагдахаас өмнө байсан хүн юм билээ. Намайг анх театрт ороход 1943 онд шүү дээ, голдуу ламд тоглодог л нэг тийм хүн байсан. Зөөлөн зантай, нэг их өндөр биш нуруутай. Улаан шар гэх ч юм уу даа, царайтай. Юм тогтоохдоо их сайн. "Бөмбөгөр театр” шатахад хамаг зохиол шатаад юу ч үгүй үлдэхэд Жадамба гуай нэг зохиолыг цээжээр хэлж өгөөд түүнийг нь хүмүүс суугаад бичиж авч байсныг санаж байна. Гайхамшигтай ойтой байгаа биз.

...Түүнийг бүгд манай Эно гэнэ. Бүх хүний сэтгэлд цэл залуухнаараа, үргэлж инээмсэглэж явдаг сайхан төрхөөрөө хадгалагдан үлдсэн энэ бүсгүй Монголын театрын урлагт үеийн үед гялалзах шижир алтны нэг байсан юм...

...Лувсангийнхаа уран бүтээлийн талаар би ярьж үнэхээр хүч хүрэхгүй. Онцгой авьяастай хүн байсан. Ямар ч сургууль төгсөөгүй байж тийм их авьяастай, дүрүүд нь дандаа өөр өөр...

...Намайг театрт орсны дараа жил Т.Цэвээнжав ирсэн юм. Бид хоёр нэг ширээнд сууж, нэг аяганаас цайгаа хувааж ууж, хуушуураа булаацалдаж идэж, хувцсаа сольж өмсдөг найзууд байлаа.Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын гэргий З.Долгорсүрэн, Т.Цэвээнжав бид гурав тэрүүхэндээ юм юмаа ярьдаг, их ойр дотно байсан...

...Лувсанжамц гуай намайг театрт ороход байгаагүй. "Сүхбаатар” киноны зурганд хойшоо явчихсан байсан. Тэгээд ирсэн, нэг их өндөр нуруутай сайхан хүн. Бидэнтэй их тоглоно оо. Хар муу санаа байхгүй. Юу санаснаа ил хэлчихдэг. Хүнтэй их эвсэг хүн байсан юм...

-Манай З.Долгорсүрэн айлын ганц охин. Ижийтэйгээ хамт байдаг. Сайхан хүүхэн олоод ир гэвэл Долгорсүрэнг л авч очихоор байсан.

...Манай Жигжиддулам Дорнодын театрт дуучин байсан юм билээ. Тэгээд хүнтэй суугаад хот руу ирээд харин шууд театрт орсон гэдэг юм. Залуу, эмэгтэй гол роль бүр Жигжиддуламд ногдоно...

...Байдийг минь жижиг дүрийн урлаач гэж болно. Найруулагчид их загнуулсан ганц том дүр нь "Ээдрээ”-гийн нэг ноён. Тэр ноён нь зальжин, хөдөлгөөнтэй нөхөр. Гэтэл Байдий түүнийг нь нөгөө л аажуу монгол зангаараа гаргаад байсан. Бас их шогч. Тайзан дээр бид нарыг инээлгэчихээд өөрөө огт инээхгүй жаахан жуумалзаад өнгөрнө. Бид мөн ч их загнуулсан даа түүнээс болж...

...Надтай хамт таван хүн театрт ирснээс Н.Дугарсанжаа бид хоёр л үлдсэн юм даа. Тэр минь сайн жүжигчнээс гадна сайн найруулагч, сайн зохиолч байлаа...

...Феодалын хөрөнгийг хурааж байсан үед театрт хэрэг болж магадгүй гээд нэг хүн Ё.Шаравдоо гуайд ширээний шургуулгаар дүүрэн сувд авчирч өгчээ. Бүр жинхэнэ сувд. Гэтэл мань эр уурлаад, муусайн феодалын юмыг театр авах ёстой юм уу, аваад яв наадах аа гээд буцаагаад явуулсан гэдэг юм. Өөрөөс нь асуухад, тийм юм болох нь болсон шүү гэж билээ...

...Г.Гомбосүрэн гуай бол аргагүй сүрдмээр хүн дээ. Агуу хүн. Тухайн үед хүүхнүүд түүнд их сайн байдаг сан...

Энэ мэтээр Лха.Долгор эгчийн нөхдийнхөө тухай ярьсан дурсамж мөн арвин бий дээ, бидэнд. "Алтан тайзны эзэд” номд Долгор эгчийн ярьснаас багахан хэсэг нь л багтсан учраас 2015 онд сэтгүүлч Д.Отгонбаяр бид хоёр яруу найрагч Ц.Галбадрахын дэмжлэгтэйгээр буурал жүжигчний туулсан амьдралын түүхээр нь "Театрын өндөр ээж” нэртэй номыг бичиж хэвлүүлсэн юм. Шинэ номоо аваад очиход Долгор эгч хачин их баярлаж, "Мундаг жүжигчдээс түрүүлээд номтой болчихоогүй байгаа даа, би” хэмээн сандарч, "Ийм сайхан номтой болсныг хань минь, хайртай хоёр хүү минь тэнгэрээс хараад та нарт их баярлаж байгаа даа” гээд нулимс унагаж байсан сан. Харин дараа нь "Энэ номыг уншсан олон хүн намайг өөртөө цоо шинээр нээж, мартсан зарим нь санаж нэг үгээр Лха.Долгор гуай нь хэсэгтээ л зочдын хөлд дарагдаж, урилга заллага тасрахаа болилоо” гээд инээж суусан сан. Долгор эгч ямар ч үед өөрийгөө магтдаггүй, бас хэзээ ч хэн нэгнийг муулж байгаагүй. Бас зовлон гунигаа дэлгэж бурууг бусдаас хайж байгаагүй сайхан насласан буянтай буурал байсан юм.

Ийм л нэг гайхамшигтай "хүн судар” 95 насны сүүдэр зооглоод тэнгэрт оджээ. Таныгаа тэнгэрийн орноо зорих замыг тань сэтгэлийн мянган зулаар гэрэлтүүлэн үдье.

Н.САРАНГЭРЭЛ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх