Энэ цагийн Аида

 

 

 

Ч.ГАНТУЛГА

Этиопийн гүнж Аида. Түүний цөхрөл шаналал. Жижигхэн биедээ баймгүй сэтгэлийн хат зориг тэвчээр. Тэр дурласан. Дурлалдаа үнэнч үлдсэн. Хэдийгээр хааны удмын гүнж ч харийн оронд олзлогджээ. Боолын амьдралаар амьдарсан ч, гүнж хэмээх омог бардам зан түүний цусанд бий. 16-хан настай ч зоримог алхам, зоригтой шийдвэрийг гаргаж чадах юм. Боол болж амьдрахдаа хайр сэтгэлдээ үнэнчээр амиа золин эх орон, газар шороо, дайн дажингүй амьдралын төлөө тэмцэхдээ огтхон ч бууж өгөөгүй, хүчирхэг бүсгүй…

Хөшиг хаагдсан ч үзэгчдийн нижгэнэсэн алга ташилт үргэлжилсээр. ДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийнхээ үзвэрийн нээлтээ алдарт Ж.Вердийн "Аида” дууриар амжилттай нээлээ. Энэ удаагийн дуурь ихээхэн онцлогтой. 2010 онд дуурийг анх найруулан удирдаж байсан ЗХУ-ын алдарт удирдаач А.П.Чепурной долоон жилийн дараа Монголын тайзнаа дууриа дахин удирдлаа. Харин энэ цагийн Аида нь дуурийн театрын отгон гавьяат Балгансүрэнгийн Эрдэнэтуяа байв. Тэр дэлхийн дуурийн урлагийн оргил, дуучнаас хоолойн хүч, тэсвэр тэвчээр шаардсан энэ бүтээлд хоёр өдөр дараалан дуулж, ямар дуучин болохоо харуулсан юм. Дэлхийн урлагийн түүхэнд энэ дуурийг дарааллан хоёр өдөр тоглосон тохиолдол байхгүй. Харин Монголын театр, монгол дуучин чадлаа. Энэ бол бахархал. Б.Эрдэнэтуяа СУИС болон Италийн урлагийн сургуульд боловсрол эзэмшсэн туршлагатай уран бүтээлч. Энэ удаагийн "Амьдралын тойрог”-тоо түүнийг онцлох болно.

 

16 НАСТАЙ ГҮНЖИЙН ДҮРЭЭР АМЬДАРСАН

Дуучин Б.Эрдэнэтуяатай уулзахаар дуурийн театрыг зорилоо. Театрын уран бүтээлчид ээлжит үзвэртээ бэлдээд завгүй байна.  Энд тэндгүй хөгжмийн аялгуу эгшиглэх нь театр гэдэг ариун сүмд ирснийг минь илтгэх шиг. Ээлжит Аида маань уран бүтээлчид тарсны дараа ганцаараа үлдэж, бэлтгэл хийнэ гэсээр биднийг угтсан юм. Тэрээр "Аида” дуурьт дуулахад хоолой болон сэтгэл зүйн хувьд бэлэн болжээ. Дуучин хүнд хоолойн чадлаас сэтгэл зүй гэдэг хамгийн чухал. Анх "Аида” дуурийг тавих сургаар энэ удаагийн Аида хэн байх бол гэсэн тандалт дуурийн урлагт хайртай хүн бүхэнд байсан. 2010 онд тавихад нь С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг гэсэн туршлагатай дуучин дуулж байв. Тухайн үед дуурийн театрт гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа ирж очин байдаг байжээ. Учир нь Италийн театрт ажилладаг, хааяа эх орондоо ирж дуулчихаад буцдаг байсан үе нь таарсан юм байна. Анх түүнд энэ дуурьт дуулах санал тавихад энэ том дуурийг дуулах нас хараахан болоогүй гэж татгалзсан гэдэг. Санал тавьсан тухайгаа итали багштайгаа зөвлөлдөхөд "Үгүй ээ Туяа. Чиний хоолойд хамгийн тохиромжтой дүр. Чи энэ дуурийг дуулах ёстой. Энэ бүтээлийг дуурь гэдэг том утгаар нь бүү хүлээж ав. Харин 16-хан настай жижигхэн гүнж гэж хараад бүтээ. Аавын танхилхан охин. Хүнд дурлачихсан. Тэртээ тэргүй цаг хугацаа өнгөрөхөөр дүрдээ дасна” гэж урамшуулжээ. Энэ үеэс хойш нийтлэлийн баатар маань  дуулах бүртээ багшийнхаа үгийг санадаг байж. Тэрээр "Аида” дуурьт дөрвөн удаа дуулсан юм. Монголын тайзнаа 2013 онд анх дуулсан. Энэ удаагийн Аида нь түүний эх орныхоо тайзан дээр гарч буй гурав дахь "Аида” байв. Тиймээс боловсорч гүйцсэн, энэ цагийн Аида гэж үзэгчид түүнийг дүгнэсэн юм. Б.Эрдэнэтуяа Аидад дуулах бүртээ өөр, өөр мэдрэмжийг авдаг гэсэн. Хэдийгээр насны хувьд зөрүүтэй ч 16 настай залуухан бүсгүйгээр амьдарч түүний сэтгэл хөдлөл нүдний харц, үнэнч сэтгэлийн тунг нь тааруулж тоглохыг хүсдэг гэж байв. Энэ удаагийн тоглолтыг дараалан хоёр удаа тоглож буй нь бас учиртай. Дуурийн театрын удирдаач Н.Туулайхүү өвдсөн. Энэ нөхцөл байдлаас  хамаарч ОХУ-ын удирдаач А.П.Чепурнойг урьсан байна. Удирдаачийн ажлын хуваарь шахуу учир хоёр бүрэлдэхүүнтэй ажиллах хугацаа байхгүй.  Нэг багаар тоглох боломжтой гэвэл очъё гэсэн юм байна. Тиймээс нэг групп хоёр өдөр дараалан тоглохоос өөр аргагүй болжээ. Дуурь бүтнэ гэдэг хамтын хөдөлмөр. Зөвхөн гол дүрийн дуучин сайн дуулаад бүтээл болчихдоггүй. Энэ бүтээлийг босгохын тулд ДБЭТ-ын бүхий л уран бүтээлчид эрвийх дэрвийхээрээ ажиллажээ. Ялангуяа тайз засалт ихээхэн хүнд болж. Гэхдээ дэлхийн ямар ч тайзтай зүйрлэхээргүй хөнгөвчилсөн, шинэлэг, содон юм. Мөн театрын найрал дуучдаас гадна ЦДБЭЧ, Хөгжим бүжгийн коллежийн найрал дуучдаар хүч нэмжээ. Ялангуяа дуурийн гуравдугаар үзэгдэл их хэцүү. Аида ари дуулмагцаа аавтайгаа хоршино. Араас нь шууд хайртай залуу Радаместэй хоршиж дуулаад залгуулан гурвуулаа дуулна. Энэ нь ч их учиртай гэж Б.Эрдэнэтуяа гавьяат ярилаа. Учир нь хөгжмийн зохиолч Ж.Вердийн эхнэр дуурийн дуучин байжээ. Тиймээс дуучдын хоолойны онцлогийг мэддэг, хаана нь удаан дуулуулж, амраахаа нарийн тооцоолж бүтээлээ бичдэг байж. Энэ нь "Аида” дуурьт илүү ажиглагддаг юм байна. Учир нь Аида гуравдугаар үзэгдэлд тасралтгүй дуулчихаад дөрөвдүгээр үзэгдэлд хоолой нь харьцангуй амарчихсан байдаг гэнэ. Тиймээс ч үхлийн хэсэгт харьцангуй хүчтэй, хоолойнхоо цар хүрээг илүү тодотгож дуулдаг юм байна.

 

ЭХ ОРНЫХОО ТЕАТРЫГ СОНГОВ

Б.Эрдэнэтуяа Венецийн урлагийн сургуулийг төгссөн. Дуурийн урлаг өөрөө Италиас эхтэй. Тиймээс энэ цагийн дэлхийн урлагийн өнгийг тодорхойлж яваа чадалтай дуучид төрсөөр байна. Итали хэл өөрөө гайхамшигтай юм. Энэ хэлний 70 хувь нь эгшиг үсгээс бүтдэг юм байна. Тиймээс ч дуу нь их уянгалаг, зөөлөн сонсогддог гэж Б.Эрдэнэтуяа тайлбарласан юм. Харин манай алтан үеийн уран бүтээлчид энэ урлагийг Монголын хөрсөн дээр буулгахдаа их зөв суурийг тавьсан гэж УДБЭТ-ын өнөө цагийн гоцлол дуучин бүсгүй дүгнэлээ. Тэрээр сургууль төгссөн үеэсээ гадны театруудад уригдаж дуулдаг байжээ. Хэдийгээр Италийн театрт ажиллаад амьдрах боломж дүүрэн байсан ч тэрээр эх орныхоо театрыг сонгосон юм. Учир нь эцэг эх, элгэн садан, эх орон нь түүнийг дуудсан гэдэг. Үүнээс гадна өөр нэгэн том шалтгаан нь сонгодог урлагийн хөгжил. Өнөөгийн дэлхийн сонгодог урлаг харьцангуй модерн чиглэл рүүгээ хөгжжээ. Харин Б.Эрдэнэтуяа "цэвэр” сонгодогт дуулах хүсэлтэй. Тиймээс ч эх орондоо суурьшжээ. Тэрээр Монголын сонгодог урлагийг дөнгөж ундарч буй ямар ч булингаргүй, дэндүү ариухан булагтай зүйрлэв. Нийтлэлийн баатар маань өөрийгөө уран бүтээлчийнхээ хувьд "хуучинсаг” гэж дүгнэсэн юм. Хэдийгээр урлагийн хөгжил хурдацтай өрнөж байгаа ч аливаа зүйл үнэн утгаа алдахад дургүй нэгэн юм байна. Италийн театрт дуулж байсан ч үзэл бодол нь үргэлж зөрчилдөж байжээ. Б.Эрдэнэтуяа эх орондоо ажиллаж, амьдарч бай­гаадаа харамсч үзээгүй гэнэ. Харин ч энэ театрт, хамт олон­тойгоо хийж бү­тээх олон зүйл байна гээд инээмсэглэж байна лээ.

 

ЭРХЭМ БАГШИЙН БУРХАН УХААН

 

Одоо тэрээр театртаа гоцлол дуучны хариуцлагатай албыг хашихаас гадна СУИС-д багшилж байна. Энэ нь Монголын дуурийн урлагт оруулах том хувь нэмэр юм. Тэрээр Италид боловсрол эзэмшиж, ажиллаж, амьдарч байсны хувьд Орос болон Итали хэлийг төгс эзэмшжээ. Тиймээс театрын дуучдынхаа болон оюутнуудынхаа хэллэгийг засах тал дээр анхаарч ажилладаг гэнэ. Залуучуудынхаа дуулах дууны текстийг засварлаж, орчуулах хариуцлагатай албыг хашдаг ажээ. Б.Эрдэнэтуяа одоогоор долоон шавьтай.Тэрээр анх 1992 онд СУИС-ийн босгоор алхаж М.Найдалмаа багштайгаа учирсан юм. Тухайн үед дөнгөж Монголдоо ирчихсэн, эх хэлээ бараг мэддэггүй байж. Энэ үеэс нь М.Найдалмаа хэмээх эрхэм хүн түүнийг өдий зэрэгтэй дуучин болох "А” үсгийг нь анх заасан гавьяатай. Сургуулиа төгсчихөөд багшийнхаа замналаар театрт оржээ.

Шавиа эх орондоо суурьшсан цагаас нь өөрийхөө дагалдан болгож, багш хэмээх эрхэм алдрыг хайрласан байна. Хэдийгээр ид дуулах насандаа багшилмааргүй байна гэж зөрүүдэлсэн ч багшийнх нь бурхан ухаан түүнийг энэ сонголтыг хийхээс өөр гарцгүй болгожээ. Үүнээс гадна тэрээр дуучин болно гэж боддог байснаас яг дуурийн дуучин болно гэж зориогүй юм байна. Харин энэ сонголтыг М.Найдалмаа багш нь түүнээр гаргуулжээ. Энэ бол багш хүний мэдрэмж алсын хараа байж. Тэрээр шавиа ямар чиглэлээр явбал амжилтад хүрч болохыг эртнээс анзаарчээ. Б.Эрдэнэтуяа анх энэ мэргэжилдээ дурлахдаа багшийнхаа замналаар "Чио Чио Сан”-г дуулна даа гэж өөртөө амлажээ. Энэ амлалтдаа ч хүрч тэрээр эрвээхэй хатагтайд дуулсаар байгаа юм.

ТАВАН НАСТАЙДАА ЗХУ-ЫГ ЗОРИВ

Энэ цагийн дуурийн урлагийн өнгийг тодорхойлж, авьяас чадвараа гайхуулж яваа бүсгүй маань сэхээтэн айлаас гаралтай. Хүний амьдралын буян гэж байдаг бол аав ээжийнхээ ачаар тэр л цагаан буяныг нь харамгүй эдэлж яваа гэж гавьяат маань онцолсон юм. Учир нь тэрээр таван настайдаа гэр бүлийн хамт ЗХУ- руу явжээ. Аав Балгансүрэн нь физикч мэргэжилтэй. ЗХУ-руу урилгаар ажиллахаар болж, гэр бүлээрээ ийнхүү нүүсэн гэнэ. Бяцхан охины бага нас Орост өнгөрсөн. Хойтон жил нь нэгдүгээр ангид орох охин нь ямар ч хэлний мэдлэггүй. Энэ үеэс ээж, аав нь орос хүүхдүүдтэй цэцэрлэгт оруулжээ. Монгол хүүхдүүд их хөгжимлөг учир дуулах байх гэж бодоод цэцэрлэгийн хоор дууны ангид өгчихжээ. Энэ үеэс л энэ цагийн алдарт дуучны суурь тавигдсан гэдэг. Б.Эрдэнэтуяа дөрвөн хүүхэдтэй айлын ганц охин. Тиймээс ээж нь охиноо эмч болгоно гэж зүтгээд чадаагүй гэнэ. Бяцхан охины урлагт дурласан сэтгэл нь эргэлт буцалтгүй энэ сонголтыг хийхэд хүргэжээ. Харин 0-5 нас хүртлээ Шувуун фабрикт эмээгийнхээ өвөрт өнгөрүүлжээ. Эмээ нь "Хүн үргэлж тэвчээртэй байх хэрэгтэй. Түргэн зан хүнд хэрэггүй, тэвчээртэй бай, аливаа зүйлийг бодож байж хий” гэж захидаг байж. Харин аав, ээж нь "Өөрийн гэсэн бодолтой бай. Хүний үзэл бодлыг хэзээд хүндэлж яв” гэсэн агуу ухааныг охиндоо төлөвшүүлжээ. Өнөөг хүртэл охин нь эмээ болон аав, ээжийнхээ энэ сургаалийг үргэлж санаж, амьдралдаа хэрэгжүүлсээр иржээ.

 

ИТАЛИ НАЙЗ ОЛОН БИЙ

Б.Эрдэнэтуяа магистраа Италид хамгаалсан юм. Дуучны амьдрал энэ улстай салшгүй холбоотой. Инээд хөөр, баяр баясал цалгисан дөрвөн жилийг халуун цуст италиудтай өнгөрөөсөн билээ. Энэ орны хүмүүс ерөнхийдөө монголжуу зантай гэнэ. Дуулахдаа хүртэл бүх зүрх сэтгэл, эмоцио гаргадаг. Хэдийгээр очих хугацаа нь холдож байгаа ч түүнийг ирлээ гэдэг сургаар зориод ирдэг найз цөөнгүй бий. Үүнтэй адилхан гавьяат маань итали найзуудаа эх орондоо урьж, байгалийн сайхныг үзүүлж, монгол хоолоор дайлах дуртай. Тэрээр СУИС-д таван жил сурсан юм. Энэ хугацаандаа хичээлээс өөрийг мэддэггүй байж. Харин Италид эсрэгээрээ. Хэл сурах, дуурийн урлагийг илүү мэдрэхийн тулд найзуудтайгаа гадуур зугаалж өдрийг хөгжилдөн өнгөрөөдөг байж. Хувийн зардлаар сурч байсан учир цагийн ажил хийнэ. Долоон цагт 20 цагийн ажил хийх ёстой. Харьцангуй эх орондоо бакалавр хамгаалаад, театртаа ажиллаж байгаад явсан учир юуг анхаарч, голчлон сурах ёстойгоо мэддэг байж. Хэдийгээр хоёр оюутан нас нь олон зүйлээр ялгаатай ч аль аль нь түүнд өгөөжөө өгсөн гэнэ.

 

"ЧИО ЧИО САН” ДУУРЬТ ХАМГИЙН ОЛОН ДУУЛСАН

 

СУИС-ийн төгсөх курстээ буюу 1997 онд анх "Кармен” дуурьт дуулжээ. Хэдийгээр дөнгөж төгсөөд Италийг зорьсон ч эх орондоо ирэх бүрт нь театрын уран бүтээлчид халуун дулаан, найрсагаар түүнийг угтдаг байв. Эргээд очих газартай, тосоод авдаг хамт олонтой байна гэдэг хамгийн сайхан. Харин театртаа суурьшаад дуулсан анхны том дуурь нь "Онегин” дуурийн Татьяана байв. 13 жил хүлээлээ. Би унаган орос хэлтэй, энэ дуурьт заавал дуулна гээд зоригложээ. Үүнээс гадна тэрээр эх орныхоо болон гадны тайзан дээр хамгийн их бүтээсэн дүр нь эрвээхэй хатан. Өөрөө Ази эмэгтэй учир Япон бүсгүйн дүр төрх, хоолойн өнгө нь зохицдог гэнэ.

 

ДУУРИЙН УРЛАГТ ЗҮТГЭЭД 20 ЖИЛ БОЛЖЭЭ

Б.Эрдэнэтуяа гэрээсээ ганцаар урлагийн замыг сонгосон юм. Ах болон дүү нар нь түүнээс тэс өөр мэргэжилтэй. Уран бүтээлч Б.Эрдэнэтуяа түмний өмч бол хувь хүн Б.Эрдэнэтуяагийн амьдрал зөвхөн өөрийнх нь гэсэн үзэл бодолтой юм байна. Нийтлэлийн баатар маань гэртээ бол сайн тогооч. Орос, Италид олон жил амьдарсан учир хоол хийхдээ түүртдэггүй гэнэ. Мөн жаахан бухимдалтай үедээ хэдэн цагаар ч хамаагүй гэрээ цэвэрлэхэд дотор нь уужрах шиг болдог гэв. Тэрээр өөрийгөө жаахан шаардлага өндөртэй гэж дүгнэсэн юм. Үүнийг өөртөө эерэгээр ашиглах үе нь олон.

Хэрэв нүүр будаггүй, хувцасгүй, хөгжимчид, хамтран дуулах дуучин байхгүй бол дуурийн дуучин хэн ч биш. Тиймээс энэ 20 жилийн хугацаанд Б.Эрдэнэтуяагийн хувь хүн талдаа олж авсан хамгийн том ололт бол хүн хүнээ хүндлэх ухаан ажээ. 20 настайдаа яаж дуулж сурах вэ гэж боддог байсан дуучин маань 30 нас хүрээд яаж гоё дуулж сурах вэ гэж боддог байж. Харин өнөөгийн өнцгөөс би гараад гоё дуулахдаа биш яаж бүгдээрээ сайхан бүтээл амилуулах вэ гэж боддог болж. Энэ бол хувь хүн болон уран бүтээлчийнхээ хувьд боловсорч гүйцсэний жишээ болов уу. Дуучин маань энэ жилийн амралтаа өвөг дээдсийнхээ нутгаар аялж, дуулж өнгөрөөжээ. Харин гавьяатынхаа найрыг өнгөрсөн есдүгээр сарын 11-нд хийсэн юм. Энэ өдөр бас л учиртай. Анх сургууль төгсөөд 1997 оны есдүгээр сарын 11-нд түүний ажлын тушаал анх гарчээ. Тиймээс дуурийн урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойн өдөр дуурь гэдэг энэ урлагт хүчин зүтгэхэд нь хамт байсан эрхэм хүмүүстээ хүндэтгэл үзүүлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх