7 хоногийн тойм: Томилгооны эсрэг хориг ба Улсын төсөв

Ерөнхийлөгчийн хориг буюу Улс төрийн гацаа

Монгол улсын эдийн засаг ирэх онд өөдлөх үү, уруудах уу гэдгийг шийдэх чухал хуулийг УИХ 11-р сарын 15 гэхэд батлах ёстой. Энэ бол 2018 оны Улсын төсөв. Нэг үгээр Монгол гэдэг их айлын ирээдүйн төлөвлөгөө, орлого, зарлагыг тодорхойлж нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын эрэмбэ дарааг тогтоох нэн хариуцлагатай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Харамсалтай нь улс төрчдийн талцал, Ерөнхийлөгч хориг долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хянуур хандах ёстой 2018 оны Улсын төсвийн тухай хуулийг "Цаг хугацааны хайчинд” орууллаа. Улсын төсвийг тухайн жилийн 10-р сарын 1-нд өргөн барьж 11-р сарын 15 гэхэд хэлэлцэж батлах номтой. Товчхондоо алдаа мадаггүй сахилга баттай төсөв батлаарай гэж 45 хоногийн хугацааг хуулиар олгосон. Гэтэл төрд үүссэн талцал төсөв хэлэлцэх хугацаанаас хомсолж 10 гаруйхан хоногт багтаан 2018 оны төсвийг батлах ёстой болчихлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Уул уурхайн лицензээр баяжсан 30 гэр бүлийн төлөөлөл гэж тодорхойлон Сангийн сайдын томилгоонд хориг тавьсан. Энэ 7 хоног Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нараас байгалийн баялгаар баяжсан гучин гэр бүлээр хэн хэнийг нэрлэснээ хэлэхийг шаардсан маргаанаар эхэлсэн. Эцэст нь Монгол улс хоёр Ерөнхийлөгчтэй болчихлоо гэж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дүгнэв. Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн хоёр ах Хотгор шанагын уурхайг зарж 3 сая ам.доллар авсан тухай баримтыг дэлгэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс уул уурхайн лицензтэй хүмүүсийг сайдаар ажиллуулахгүй гэж ам гарч байснаа эргэн нэг санахыг шаардсан. Улмаар У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын дунд ширүүхэн маргаан үүсч чи би дээрээ тулав. Ерөнхийлөгчийн хориг эрх баригч 65-ын бүлгийг дахин хоёр хувааж Төрд гацаа үүсгэж чадлаа. Үүний үр дүнд УИХ бүтэн нэг өдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж Улсын төсвийг хойш тавьсан. Талцал хэрүүл маргааны эцэст УИХ-ын гишүүдийн 84 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзаж ирэх оны төсвийг хэлэлцэхээр болсон нь энэ 7 хоногийн онцлох үйл явдлыг нэг байлаа.

Ирэх онд 7.2 их наяд төгрөгийн орлого олж, 9.6 их наядын зарлага гаргаж, төсвийн алдагдал 2.4 их наяд байхаар тооцсон Улсын төсвийг одоо нэг хэлэлцэх нь гэтэл Ерөнхийлөгч дахин хориг тавилаа. Гэхдээ энэ удаагийн хориг 2017 оны Улсын төсвийн тодотголтой холбоотой. Ерөнхийлөгчийн хориг 2018 оны Улсын төсвийг хэлэлцэхэд саад учруулахгүй мэт харагдах боловч цаад утгаараа тийм биш. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Цаг хугацааны хувьд 2018 оны төсвийг батлах ёстой хуулийн хугацаатай давхцаж байгаа юм. Үүнээс гадна хориг тавьсны улмаас хүүхдийн мөнгийг нөхөж олгоход, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардагдах санхүүжилт гацсан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хориг хуулийн үйлчлэлийг зогсоосон учир төсвийн тодотголоор нэмж суулгасан хөрөнгийг зарцуулах боломжгүй болсон. Уг нь бол энэ сарын 10-аас ес, арав, арваннэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгох байв. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцэн хориг тавьсан гэж мэдээлж байгаа. Ерөнхийлөгч зөвхөн төрийн албан хаагчдад олгох урамшуулалд хэсэгчилсэн байдлаар хориг тавих боломжтой байсан ч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Нөхцөл байдал ийм байдлаар цааш үргэлжилбэл төрийн ажил урагшаа явахгүй гэж зарим улс төрчид үзэж буй. УИХ 2018 оны Улсын төсвийн батлахад үндсэндээ 10 хоногийн хугацаа үлдлээ.

УИХ-ын зургаан Байнгын хорооны даргыг шинээр сонголоо

УИХ найман Байнгын хороотой. Үүнээс зургаан Байнгын хорооны даргыг энэ 7 хоногт шинээр сонголоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан

Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг

Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нарыг томиллоо.

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв

2018 оноос Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй учир 11-р сарын 13-аас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо энэ 7 хоногт багш нарын төлөөлөл мэдэгдсэн. Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцохоор болжээ. Боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэхээр болжээ. Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх хүртэл ажил хаялт үргэлжилнэ гэдгийг сануулаад байна.

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авчээ

Манай улс ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээл авчээ. Тодруулбал Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл манай улсын дансанд орж ирсэн байна. Цаашид Япон улсаас 850 сая ам.доллар, БНСУ-аас 750 сая ам.доллар, Энэтхэг Улсаас нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээл авахаар болжээ.

Г.Дугар

ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх