Шатахууны ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс "Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт багтаан хийж байхаар төлөвлөөд байна. 

1 Уул уурхайн салбарын 2017 оны эхний 9 сарын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 9,409.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2,562.1 (37.4%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6,886.3 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2,088.2 (43.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1,101.9 (148.2%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 802.6 (23.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 73.2%-ийг эзэлж байна.

1.2.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 36.2 сая тн нүүрс, 960.0 мян.тн зэсийн баяжмал, 14.8 тн алт, 4.2 мян.тн молибдений баяжмал, 5.9 сая тн төмрийн хүдэр, 2.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 71.8 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,60.6 мян.тн цайрын баяжмал, 104.2 тн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 814.1 кгбуюу 5.8%, нүүрс 14.7 сая тн буюу 68.3%, төмрийн хүдэр 2.5 сая тн буюу 73.7%, төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тн буюу 102.9%, молибдений баяжмал 588.4 тн буюу 16.3%, катодын зэс 37.3 тн буюу 55.8%-аар тус тус нэмэгдсэн. Харин зэсийн баяжмал 128.4 мян.тн буюу 11.8%, хайлуур жонш 46.3 мян.тн буюу 39.2%, хайлуур жоншны баяжмал 11.2 мян.тн буюу 39.7%, цайрын баяжмал 16.3 мян.тн буюу 21.2%, газрын тос 441.0 мян.баррель буюу 7.2%-аар тус тус буурсан байна.

1.3.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1,075.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
-       Алт            33.7 тэрбум төгрөг,
-       Нүүрс       388.3 тэрбум төгрөг,
-       Цайр         44.6 тэрбум төгрөг,
-       Зэс            556.7 тэрбум төгрөг,
-       Төмөр       7.6 тэрбум төгрөг,
-       Жонш        5.1 тэрбум төгрөг,
-       Бусад       39.4 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 581.2 тэрбум төгрөг буюу 117.6 хувиар өссөн. Үүнээс:
-       Алт            7.3 тэрбум төгрөг буюу 27.5 хувь,
-       Нүүрс       305.5 тэрбум төгрөг буюу 368.7 хувь,
-       Цайр         21.0 тэрбум төгрөг буюу 88.8 хувь,
-       Зэс            222.9 тэрбум төгрөг буюу 66.8 хувь,
-       Жонш        1.2 тэрбум төгрөг буюу 30.6 хувь,
-       Бусад       26.5 тэрбум төгрөг буюу 206.6 хувь,
Харин төмөр 3.1 тэрбум төгрөг буюу 29.3 хувиар буурсан байна.

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажилласан.
2. 2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 9-р сарын байдлаар 189.26 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 65% тай байна.
 
2. Яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл
 
2.1. Бодлогын хэрэгжилт цаашид авах арга хэмжээ – УУЛ УУРХАЙ
 
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын  3184, ТТАМ-ын 527 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутгийн эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1789

6.1%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1395

1.0%

ТТАМТЗ

310+217=527

0.03%

Нийт

3711

7.2%

 


Шатахууны ердийн хэрэглээний  42 хоногийн нөөцтэй байна

2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.

Тус яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах асуудалд онцгойлон анхаарч, Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжих эхлэх хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
 
Газрын тосны экспортын гүйцэтгэл 71.81 хувьтай байна

2017 онд нийт 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй. 2017.10.18-ны байдлаар өссөн дүнгээр 6.04 сая баррель буюу 821.9 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.

Экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 71.81 хувьтай байна. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрх  Брент маркийн газрын тосны үнэ 57.88 ам.доллар/баррель Дачин маркийн газрын тосны үнэ 53.1 ам.доллар/баррель байна.
 
2017 оны 8 дугаар сарын байдлаар ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан 70 ордын нөөцийн  хэмжээг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэлээ.

Үүнд: Алтны үндсэн 2 ордын 2070.2 кг, алтны шороон 22 ордын 2737.63 кг, холимог металлын 2 ордын 1761.62 тн цагаан тугалга, гянтболдын 2 ордын 3862.1 тн, зэсийн 2 ордын 134944.28 тн зэс, 749.78 кг алт, 2490.9 тн молибден, төмрийн 4 ордын 11870.85 мян.тн, Ховор металлын 1 ордын 40.84 тн хромит, нүүрсний 9 ордын 1397.31 сая.тн, хайлуур жоншны 5 ордын 435.34 мян.тн жонш, шохойн чулууны 4 ордын 185745.9 мян.тн, мөнгөний 2 ордын 10.5 тн мөнгө, 87.73 мян.тн хар тугалга, 82.85 мян.тн цайр, барилгын чулууны 7 ордын 728266.5 мян.тн дайрга, элс хайрганы 3 ордын 614543.8 тн, цахиурын элсэн чулууны 23.77 мян.тн, цахиурын судлын 1299.5 мян.тн, шаврын 2 ордын 1851.2 мян.тн, элсний 2 ордын 1481.9 мян.м3 нөөцийг тус тус бүртгэсэн байна.

 
2017 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны 339 төлөвлөгөө батлагдсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу  2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 400 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 10 дугаар сарын байдлаар 339 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 68 аж ахуйн нэгжүүдэд холбогдох байгууллагатай хамтран нэгдсэн шалгалтыг хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу бэлтгэл ажил хангагдсан 12 алтны, 1 төмрийн хүдрийн, 1 цагаан тугалганы, 1 жоншны, 1 нүүрсний уурхай, 1 төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авсан. Уурхай, баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор нийт 156,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 833 ажлын байр шинээр нэмэгдсэн.

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдсан бөгөөд уг журам болон холбогдох хууль тогтоомжийг орон нутгийн удирдлага, бичил уурхайчдад танилцуулах, нэгдсэн ойлголттой болгох  зорилгоор бичил уурхай бүхий нийт 15 аймаг, 70 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл 600 гаруй хүнийг хамарсан нийт 4 бүсийн чуулганыг зохион байгуулж, холбогдох мэдээ, мэдээлэл, гарын авлагаар хангаж ажилласан. 
 
2.1. Бодлогын хэрэгжилт цаашид авах арга хэмжээ – ХҮНД ҮЙЛДВЭР
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ:

Үйлдвэр нь газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн цогцолбор байгууламж байх юм. Нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 11-12 жил.
 
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж: евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин, 560 мянган тонн дизель түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
 
•         ТӨБЗГ-ын 2017 оны 4-р сарын 4-ний өдрийн 108 дугаар тогтоолоор "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХКомпанийг байгуулаад байна.
•         Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкаар дамжуулан олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зориулалтыг "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их хурлаар 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганаар соёрхон батлуулаад байна.
 
ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ:

Төсөл хэрэгжсэнээр жилд 1 сая.тн зэсийн баяжмал боловсруулж 257.200тн катодын зэс, 5880кг алт, 57000кг мөнгө үйлдвэрлэж, 580 шууд ажлын байр бий болгоно.
•         Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар "Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай" 88 тогтоол баталж Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах, үйлдвэрийн нийт хувьцааны арваас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихээр тус тус тогтоосон.
•         Үйлдвэр барих талбайг, шинээр баригдахаар төлөвлөж байгаа Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замтай холбогдох Оюутолгойн салаа төмөр замын трасстай уялдуулан тогтоож, орон нутгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн 2018 оны газар хуваарилалтын төлөвлөгөөнд тусгуулан, газрыг зохих журмын дагуу нөөцөнд авах ажил хийгдэж байна.
•         Мөн Өмнийн говьд шинээр хэрэгжих томоохон бүтээн байгуулалт төслүүд болон Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор   Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны "Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийн тухай” 232 дугаар тогтоол гарсан.
Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд төслийн техникийн эдийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдвэрлэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай.
 
НҮҮРСНЭЭС НИЙЛЭГ БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ:

Үйлдвэр нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 100% бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд 1000 ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрийг барьж байгуулахад 2,5 тэрбум ам,долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Жилд 725 сая м3/жил нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын автобензин үйлдвэрлэх хүчин чадалтай.
•         Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн нэгжийг байгуулаад байна.
 
ДАРХАН СЭЛЭНГИЙН БҮСЭД ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Концессийн гэрээгээр хэрэгжиж байна.

Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд 500 мянган тонн.жил шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах ажил 2018 онд, гангийн үйлдвэрт өргөтгөл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг 2019 онд, 2020 онд жилд 500 мянган тонн ангижруулсан төмрийн үйлдвэр, 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж, импортын хэмжээг бууруулах боломж бүрдэнэ
•         "Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ болон БОННҮ-ний дунд шатны тайланг 2016.12.14-ны өдөр хүлээн авсан.
•         ТЭЗҮ болон БОННҮ-ний эцсийн тайланг 2018 оны 01 дугаар сард бүрэн хүлээж авахаар ажиллаж байна.   

2.2. Бодлого, эрх зүйн хүрээнд 
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт голлох 10 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д багтсан салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаатай уялдуулан тус яамны зүгээс ажиллаж байна.

Тухайлбал, газрын хэвлийгээс ус, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн үр ашигтайгаар олборлож хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг зохицуулах үүднээс Уул уурхайн тухай хуулийн анхдагч төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сард багтаан Улсын Их хуралд өргөн барих төлөвлөгөөтэй байна.

Мөн Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
 
2.3. Гадаад хамтын ажиллагаа
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо” арга хэмжээний уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2 хуралдааныг Хятадын талтай хамтран зохион байгуулав.
 
Австрали Улсад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Уул уурхайн олон улсын чуулга уулзалт” /IMARC-2017/ арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд болон УИХ, Эдийн засгийн байнгын хороо, салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байна. Мөн тус чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах  MONGOLIA@IMARC-2017 форумыг амжилттай зохион байгуулж байна.
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнууд, Катар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Канад, Япон, БНСУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааны санал солилцож байна.

ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх