И.Рэнчинханд: Адгуу байдал бол Ишдоржийнхныг бусдаас ялгаруулдаг гол чанар

2007-02-03


И.Рэнчинханд: Адгуу байдал бол Ишдоржийнхныг бусдаас ялгаруулдаг гол чанар 


"Хүн ер нь хожуу ухаан ордог амьтан аж” гэж Рэ ах хэлсэн. Энэ сахалтай нөхөр манай редакцийн /"Өнөөдөр” сонин/ хамгийн хашир, хамгийн туршлагатай, миний мэдэхээр хамгийн хөдөлмөрч нь. Манайхан гаднын хүнийг л сурталчилж од болгохоос биш өөрсдийнхнийхөө тухай ер бичдэггүй дутагдалтай улс шиг санагдаад том толгой гарган Рэ ахтайгаа ярилцлаа.

Тэгсэн тэр аав, ээж, нутаг усаа жигтэйхэн их санадаг, нулимс ойрхонтой зөөлхөн, "өөдгүй” эр байлаа. Дундговийн Сайхан-Овоо сумын Ишдоржийнх гэдэг айлын хамгийн танхил энэ хүүг Рэнчинханд гэдэг. Уншигчид маань одоо л "Аан энэ нөхөр чинь…” гээд танимхайрч байгаа даа. Олон жил хамт ажилласан атлаа энэ эрхэмтэй сая л танилцах шиг санагдлаа.

-Та ядардаг уу?

-Үгүй ээ. Юунд ядрах юм.

-Үргэлж л нэг юм бичиж, эсвэл орчуулж суудаг шүү дээ. Нээрэн ядардаггүй гэж үү?

-Бичих ажлаа хийж байхад ядрахгүй ээ. Зүдэргээ биш, харин ч жаргалтай. Дуртай ажлаа хийж жаргаж байгаа хүн ядарна гэж юу байхав.

-Сэтгүүлч болох гэж дурлаад энэ салбар руу орсон гэж үү?

-Тийм, дуртай байсан учраас л мэргэжлээ орхиод зүтгэсэн хэрэг. Би уг нь орос хэлний багш.

-Орос хэвлэлээс орчуулга хийж байгаад сэтгүүл зүйд урвасан уу?

-Тэгсэн гэж хэлж болмоор санагдаж байх чинь. МУИС-ийг 1975 онд төгссөн. Анхны минь материал дараа жил нь сонинд гарч байлаа. Түүндээ урамшсан. Сүүлдээ ч хүмүүс юм орчуулж өгөөч гэдэг болсон. Иймэрхүү маягаар энэ салбар руу дөхсөн.

-Сургуулиа төгсөөд багшлаагүй юм уу?

-Үгүй, үгүй ч гэж дээ, гурван жил багшилсан юм. Энэ тухай дурсах дургүй. Багш шиг багш байж чадаагүй. Дургүй ч юм билээ. Гурван жил багшилмар аятаад больсон.

-Та ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр цаастай л зууралдаж байдаг шиг байгаа юм?

-Хийдэг ажил ерөөсөө л тэр. Эхнэртэйгээ хоёулхнаа байна, хүүхэд томроод тусдаа гарсан. Манай хүн эрдмийн зэрэг цолтой, ном бичнэ, орчуулна. Орой намайг очиход хоол бэлэн. Тэгээд л хоёулаа нэг нэг өрөөнд ороод юм уншаад, бичээд суучихна даа.

-Та дугаарт орох материалаа голдуу бичээд ирсэн байдаг л даа. Дахин дахин уншаад л нэмж, засаад байдаг харагддаг юм

-Гүйцэт сайн бичнэ гэж ерөөсөө байдаггүй юм шиг надад санагддаг. Нэг зүйлийн тухай арав хоног, сар бодоод бичлээ ч сүүлд нь уншиж байхад энэ хэсгийг ингэдэг байж дээ, энд нэг ийм өгүүлбэр хийсэн бол илүү аятайхан болох байж гэж бодогдоод байдаг юм.

-Пөөх, ямар хэцүү юм бэ. Хэрэв олон ингэж бодвол ажил минь дарамт юм шиг санагдана аа?

-Бичсэн зүйл минь надад дандаа гологдддог. Энэ сонинд тэр хүн ингэж бичжээ. Би энэ баримтыг мэдэж байсан шүү дээ. Яагаад миний санаанд тухайн үед орсонгүй вэ гээд л… бодогдоод байх жишээтэй.

-Шаналгаатай юм аа?

-Нэг бодлын тийм. Гэхдээ гоё. Хүн санаандаа хүртэл бичдэг гэдэгт би эргэлздэг.

-Бичихийнхээ өмнө зөндөө боддог…

-Тэгэлгүй яах юм, бодно. Би харин зарим улсыг гайхаад байдаг юм. "Хүүе ээ, би өнөөдөр бичлэгтэй шүү дээ” гэж оройхон редакцид харайж орж ирнэ. Би бол тэгж чадахгүй ээ.

-Яагаад хүмүүс чадаж л байна шүү дээ.

-Тэгвэл миний хашрынх юм байх. Анх сэтгүүл зүйд орж ирэхэд шаардлага өндөр байсантай холбоотой байж магадгүй. Одоогийн нөхцөлд сэтгүүл зүйд ирсэн бол би сэтгүүлч болж чадахгүй байсан гэж санадаг юм. Би чинь их залхуу нөхөр шүү дээ. Өндөр шаардлагатай үед ирж, түүндээ дадаад, жаахан няхуур, юмыг нухах гэж оролддог болсон байж магадгүй. Нүүрээ буулгачихаад Урт цагааны зүүн үзүүрт хүрч явтал гэнэт нэг аятайхан үг, өгүүлбэр санаанд ороод ирвэл би редакц руугаа буцаад ирнэ. Операторууд андахгүй. "За миний хүү уучлаарай. Энэ гарчгийг ингэж өөрчилье” гэнэ. Ингэх мөртөө л материалаа маргааш нь уншихад сэтгэл дундуур байдаг. Нээрэн ч шаналгаатай юм даа. Эхнэрт минь хүртэл ингэж санагддаг байж мэднэ.

Манай хадам аав телевизийн анхны сэтгүүлчдийн нэг. Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн П.Банзрагч гэж хүн байсан. Тэгэхэд би юун сэтгүүлч, сонин уншихаас цаашгүй амьтан байв. Аав мэдээ үзэж суугаад ийм алдаа гарлаа гээд ажил руугаа утсаар ярьж эхэлнэ. "Гэртээ ирээд ч амарч болдоггүй ямар ч төвөгтэй ажлав” гэж боддог байж билээ. Би одоо яг тиймэрхүү болжээ.

-Оюунчимэг /гэргий нь/ эгч таны хамгийн сайн шүүмжлэгч, бас туслагч биз?

-Телевизийн мэдээллийн хөтөлбөр үзээд тэр нөхөр их шүүмжилнэ ээ. Миний материал дээр ч юм хэлнэ. Мундаг шүүмжлэгч. Миний номын эхийг шивсэн, редакторласан. Хөдөө томилолтоор Багабанди гуайтай явж байхад сумын төв дээр уулзалт хийгээд оройхон тарна. Би мэдээгээ гэр рүүгээ эхнэртээ утсаар хэлж бичүүлнэ. Эхнэр бичсэнээ маргааш ажил дээр аваачиж өгнө. "Ардын эрх” сонинд байхдаа ингэж ажилладаг байлаа. Тэр үед факс энэ тэр гэж байгаагүй юм, 90-ээд оны эх шүү дээ.

-Цаас, харандаа надад дандаа бэлэн явдаг гэж нэг удаа та ярьсан. Одоо таны бага ач өвөөдөө цаас, харандаа дөхүүлдэг болоо байлгүй?

-Тэгнэ ээ. Надад дөхүүлж өгөөд зогсохгүй өөрөө эрээчнэ гээч. Миний бага ач хоёр ойтой.

-Бичих гэж бодож яваа сэдвийн талаар гэнэт санаанд ороод ирэх үе бий. Бодвол ийм шалтгаанаар л бичгийн хэрэгслээ өөртөө ойрхон айлгадаг байх. Ийм үеийг юу гэх вэ, өнөө онгод гээч нь мөн үү?

-Онгод гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. 1990-ээд онд би радиод зургаахан сар ажиллалаа. Авирмэд, Ёолк бид хэд нэг редакцид. Радио миний байх газар бас биш юм билээ. Гэхдээ хэсэгхэн ажилласан.

Эхнэр гадаадад томилолтоорявчихсан. Хүү Дундговийн эгчийнд амраад ирэх боллоо. Хүүгээ тосохоор онгоцны буудал руу автобусаар явж байв. Ашгүй надад цаас, харандаа байжээ. Гэнэтхэн Ишдоржийнх гэдэг айлын тухай санаанд ороод. Би саяхан л энэ айлын хүүхэд байлаа. Гэтэл одоо хүүгээ тосох гээд явж байна. Миний муу аав, ээж хоёр байхгүй болчихсон байдаг гээд л бодоод эхэлсэн. Санаанд орсноо автобусанд цаасан дээр буулгаад байлаа. Тэгээд би "Манайх” гэж нэвтрүүлэг хийлээ. Ишдоржийнх гэж алаг адуутай айл байсан юм гэдгээс эхлээд ээжийнхээ тухай, өөрийгөө, хүүгээ бичсэн. Гайгүй нэвтрүүлэг болж гэлцэж байсан.

-Энэ тэгээд онгод биш юм уу?

-Мэдэхгүй. Юу нь ч юм бүү мэд. Ийм үе байдаг л юм билээ. Сэтгүүлч болох гэж байхдаа хүний материал уншаад таалагдсан өгүүлбэр, их гоё зүйрлэлийг дэвтэртээ тэмдэглээд авдаг байв. Жишээлбэл, 20 хэдэн жилийн өмнө санагдах юм, нэг хүн "Хул зээрдийг нь унаж, хултай айргийг нь ууж өссөн юм” гэж нутгийнхаа тухай бичсэн байлаа. Нутгаа ингэж хэлбэл гоё юм гэж тэр дор нь тэмдэглээд авлаа.

-Санааг нь авч болох юм. Яг тэр  чигээр нь бичихгүй тийм үү?

-Шаардлагатай үед хэрэглэнэ. Уржнан "Дундговийг Японд өгье” гэсэн нийтлэл бичихдээ "Дундговьд ган, зуд болоод байх юм. Хөгжих ч үгүй юм. Нэг л хачин байна. Японд өгчихвөл яасан юм. Тэгээд ч Дундговь манай улсын төвдч юм, тал тал тийшээгээ хаялгатай ч байж болох юм” гэх маягаар бичсэн. Эцэст нь "Энэ бол миний бачимдахдаа л хэлсэн үг. Түүнээс биш хул зээрдийг нь унаж, хултай айргийг нь ууж өссөн энэ нутгаа яаж хүнийх болгох гэж санаархах билээ” гэж оруулсан. Олон жил хадгалсан тэр зүйрлэл миний нийтлэлд их зохисон, зөв газраа орсон байх аа. Тиймээс би нутгийнхаа бичих дуртай. 2003 онд Сайхан-Овоо сумынхаа 80 жилийн ойд оролцоод ирэхдээ "Сумын наадам” гэж жижигхэн тэмдэглэл бичсэн.

-Ажиглаад байхад Та сүүлийн үед нутгаа их санадаг, ярьдаг болоод байх шиг. Өмнө нь анзаардаггүй байж уу?

-Настай холбоотой байх. 1970 онд аравдугаар анги төгсч нийслэлд ирснээс хойш нутагтаа тун цөөхөн очсон байгаа юм. Улаанбаатарын хүүхэнтэй ч суулаа. Аав, ээжийгээ амьд сэрүүн байхад жилдээ нэг золгохгүй хүү г эж яалаа гэж байхав, очдог байсан. Гэхдээ нутгаа нэг их санадаггүй, аав ээжийгээ л гээд Дундговио зорьдог байж. Өнөөдөр хоёр буурал минь алга ч гэлээ би нутгаа их санаж байна. Нутаг гэдэг аав, ээжээс илүү ч байж мэдэх эд. Надад ингэж санагдаад байдаг болсон.

Хүн ер нь аав, ээжийгээ амьдад ухаан суудаггүй юм шиг билээ. Нэг мэдэхэд л өнөө хоёр маань байхгүй болсныг мэдмэгцээ юу болов гэж боддог. Тэгэхэд л намайг одоо үнсэх, зэмлэх аав, ээж байхгүй болж шүү дээ гэж бодогдсон юм. Ухаан суухын эхлэл энэ л байсан болов уу. Бодоод л байх тусам хүн ухаан суугаад байдаг юм шиг ээ. Нас ахих тусам ухаан сууж, ухаан орох тусам нутгаа санадаг юм уу даа… Тийм л юм шиг байна.

-Нэгэн удаа Та "Ээж минь "Залуучуудын үнэн” сонин барихаар хүүтэйгээ уулзах шиг болдог байсан гэдэг” гэж дурсч байсан.

-Сонин бариад суудаг байсан гэнэ лээ. Эгчийн хүүхдүүд шоолоод "Ажаа /Бид ээжийгээ ажаа гэж авгайлдаг байв/ наана чинь юу гэж байна” гэчихээд хариу хэлэхийг нь хүлээлгүй бие биеэ нудраад жуумалздаг байж. Миний муу ээж сонин уншиж чаддаг байгаагүй л дээ. Хүү нь тэнд ажилладаг болохоор л барьж суухнаа нь сайхан санагддаг байсан байх.

-"Өнөөдөр” сонинг минь тэр буурал хэр олон уншиж, хүүтэйгээ холоос ойрхон юм шиг уулзаа бол?

-Миний ээж өлсөхийг үзээгүй ээ.

-Ардчилсан хувьсгалын эхлэлийг хэлж байна уу. Амьдралын үеийг хүртэл улстөрийн нөхцөл, нийгмийн байдал өөрчлөгдсөнөөр ангилаад байхдаа яахав дээ. /И.Рэнчинханд ах "Өнөөдөр” сонины улстөрийн мэдээллийн албанд олон жил сэтгүүлчээр ажилласан, голдуу энэ сэдвээр бичнэ. Одоо албаныхаа дарга нь. Тэгээд л ийн хардсан хэрэг/

-"Өлсгөлөнд оролцсон нэг хүний эцэг, эх нь хүүдээ захидал бичсэн гэнэ” гэсэн онигоорхуу яриа гарсан. "Миний хүү Улаанбаатарт хоол унд муутай байвал эндээ ирвэл яасан юм. Тэнд өлсч суух ямар хэрэгтэй юм” гэж. Миний ээж хотод өлсгөлөн зарлаж гэвэл яг л ингэх хүн байсан даа, хөөрхий.

Олон хүнтэй газар нээрэн хэцүү байдаг байх, хүүдээ ганц хонины мах явуулъя л гэнэ. Түүнээс тэр нарийн ширийнийг нь ойлгохгүй.

-Та тэр сайхан буурлын ачийг хэр хариулаа бол?

-Миний ээж арав гаруй удаа төрсөн шиг байгаа юм. Тэднээс зургаа нь хүн болсон гэдэг. Дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Энэ хүүхдүүдээс хамгийн их зовоосон нь би юм билээ. Өвчин ээрээд салдаггүй өөдсөн чинээ муу хүүгээ нүүдэлд гэдэс нь зайлагдчихна гэж өөжинд суулгаж, тэмээнд тэгнэлгүй, ээж минь үүрээд алхчихдаг. Тэмээн хөсгөөсөө хол хоцорчихгүйн тулд ааваар газрын баримжаа заалгаад, өглөө эртлэн хөдөлдөг байсан гэнэ лээ. "Яагаад ч юм хүүгээ хэчнээн их өвддөг ч хүн болно л гэж аав, бид хоёр чинь боддог байсан” гэдэг сэн. Яг үнэнийг хэлэхэд, би ээждээ илүү байсан юм билээ. Байхгүй болчихсон хойно нь л мэдсэн. Ээжүүдийн тухай сайхан нэвтрүүлэг үзэх, уншихад нулимс ойрхон байдаг болж дээ.

-Илүү олон шөнө босгосон, сэтгэл зовоосон хүүхдэдээ ээжүүд амь байдаг гэдэг л дээ.

-Сургууль соёлоор яваад эцэг, эх, нутгаасаа холдож хөндийрсөн нь ганц би юм. Сумын сургуульд сууснаасаа хойш тэр хоёроосоо холдсоор холдсоор Улаанбаатарын хүн болчихсон.

-Та бас "хойшоо” ч явсан шүү дээ?

-Долдугаар анги төгсөөд 1966 онд ЗХУ-д барилгын ТМС-т явсан. Тэр үеэс ээж минь Москвагаас монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг жигтэйхэн сонсох дуртай, "Миний бор хүүгийн сууж байгаа газарт тэр Москоов хот ойрхон байдаг байлгүй" гэж суусан гэдэг чинь тэр. Долдугаар анги төгссөн хүүгээ ээж минь өдийхөн л амьтан явуулчихсан шиг санаж байсан байх.

-Ээж нь таныг юу гэж магтдаг байв?

-За байз… Миний ээж олон үг хэлдэггүй байсийм. "Миний хүү яаж явахыгаа мэдэхтэйгээ болжээ” гэж нэг хэлсэн шүү. Энэ нь чи алдаж эндэхээргүй мундаг эр болжээ гэсэн үг биш. Сайн явах, муу явах өөрөөс чинь шалтгаална гэсэн үг байх. Би тэгж ухаж ойлгосон. Миний аав дуутай шуутай хүн байсан, ээж тийм биш.

-Ээжийгээ Улаанбаатарт, дэргэдээ байлгах сан гэж бодож явсан уу?

-Нэг ирсэн, хотод өвөлжих зорилготой. Миний ах сумандаа том тэрэг барьдаг байсан, тэр маань хүргэж ирлээ. Хүүхдээ цэцэрлэгт өгч авгай бид хоёр ажилдаа явчихна, хөгшин ээж минь ганцаараа гэр сахиад үлдэнэ. Хүүгийндээ байх там гэж хэлэх хаашаа юм, гэхдээ ээжид минь үнэхээр хэцүү байсан. Хүний мэдэлд, хоолоо хийгээд, цайгаа чанаад уучихаж чадахгүй тийм орчинд байсан. Плитка ажиллуулж мэдэхгүй юм чинь аргагүй. Тэр гэрт хаана нь юу байдгийг мэдэхгүй.

Нэг удаа ажлаасаа ирээд буцаад гарах гэтэл намайг дагуулж хараад л байхыг нь би анзаарсан. Хэрэв тэр нүдийг анзаараагүй бол нүгэл болох байсан. Үнэхээр тийм байсан. "Миний хүү, ээж нь нэг газар гишгэмээр байна” гэнэ. Ирээд хоёр, гуравхан л хонож байгаа шүү дээ. "Гал түлж, галаа үзмээр байна” гэж бас хэлсэн. Ингээд ээж минь хайртай хүүгийндээ долоо хонолгүй буцсан. Ээжийн минь амьдрах орчин Улаанбаатар биш байсан л даа… Нэг л их мундаг хүү дулаан байшинд ээжийгээ зовох юмгүй сайхан өвөлжүүлчихнэ гэж би бодсон, ингээд чадаагүй. Хүний сэтгэл гэдэг их хачин эд юм билээ дээ. Хүн өөрийнхөө байх газар л жаргалтай, өөр хаана ч жаргаж чаддаггүй амьтан. Тэр газар бусад хүнд там ч санагдаж мэднэ.

-Таны хамгийн жаргалтай мөч?

-Ахад нь жаргалтай мөч олон бий. Нүдний хараа торох юмгүй сунах уужуу газар сууж байх мөн ч сайхан шүү. Би хөдөө явах дуртай байдгийн учир энэ. Ухаантай хүнээс үг сонсох салшгүй мөч. Хэн ч саад болохгүй орчинд элдвийг бодож суух аятайхан. Хоёр ачаа эрхлүүлж суух бүр жаргал. Би ганц хүүтэй. "Ганц хүүтэй” гэж хэлэх дургүй. Одоо бидэнд бэр минь, хоёр хөөрхөн ач байна. Намайг сайн мэдэхгүй хүнд "Би дөрвөн хүүхэдтэй. Нэг охин, гурван хүүтэй” гээд л туучихдаг юм.

-Хүүхдүүд тусдаа гарсан биз дээ. Ач нар амралтын өдрөөр өвөөгийнхийг буулгах уу?

-Миний бэр том хүүтэйгээ Бангкогт байна. Магистрантурт сурч буй юм. Том ач 11-тэй. Хүү маань бага хүүтэйгээ бид хоёртой хамт байгаа. Тэр хоёр амьтныг яаж тусад нь байлгах вэ. Өнөө өглөө аав нь эрт гараад явсан чинь бага ач дагаад уйлж байна лээ. Би "Дуугүй унт” гэж зандарсан.

-Таныг мэдэхгүй хүн "Энэ ер нь ямар ширүүн эр вэ” гэх байх. "Шинэков” сурвалжлагчид танаас жаахан сүрддэг. Дотор нь орвол магадгүй хамгийн зөөлөн эр юм.

-Миний аав тийм хүн байсан. Ажил муутайхан алхайж суувал "Мал хуйгаа эргүүлэхгүй ямар юмаан хийгээд энд шаваад байгаа юм” гээд л чанга дуугарна. Ааваас айгаад морио унаад малдаа явна. Толгойн цаагуур ороогүй байхад л аав "Хүү минь яачихав” гээд хотныхоо овоон дээр дурандаад суучихдаг байсан. "Адгуу байдал бол Ишдоржийнхныг бусдаас ялгаруулдаг гол чанар” гэж манай нутгийнхан ярьдаг байсан. Намайг хамгийн их шаналгадаг зүйл бол юм хүлээх, удаан байх, тийм үү. Оюутан байхад гэртээ очиж амраад намар буцах болоход унаа хүлээгээд ирэхгүй болохоор нь зам дагаад алхаж баймаар санагддаг сан. Араас машин ирнэ л биз. Би ийм зантай. Манай хүүхдүүдэд бас ийм зан байна гэж эхнэр хэлсэн. Хүний удмын зан салдаггүй юм шиг байна.

-Ийм зантай болоод л теннис тоглодог байх нь л дээ?

-Надад хүн шатар, даам заах гэхэд нь би сураагүй юм. Суугаад байдаг тоглоомонд дургүй. Хэдэн цагаар суудаг билээ дээ, шатар тоглоход чинь. Тийм юмыг тоглож би чадахгүй. 30 минут сууснаас ийм хугацаанд 3-4 удаа теннис тоглочихоод ажлаа хийж суусан нь дээр биз дээ.

 

"Ээждээ очих улам сайхан, буцаад явах улам хэцүү болоод байлаа. Намайг буцахад уйлах нь нэмэгдээд, бие нь улам жижгэрээд байсан. Миний нүдэнд харагдахгүй болтол гэрийнхээ гадаа зогсч л байдаг сан. Нэг л удаа очиход ээж минь бүүр хол явчихсан байсан. Нутгаасаа эргээд мордоход эцгийн минь гэрийн гадаа намайг үдээд хоцордог жижигхэн хүн алга болчихсон байсан даа” гээд шилээ авч байгаад Рэ ах минь нулимсаа арчсан. Ярилцлагаа түргэхэн буулгачихаад ээждээ очихоор би яарсан.  

  

И.Рэнчинханд: Адгуу байдал бол Ишдоржийнхныг бусдаас ялгаруулдаг гол чанар

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх