МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.ГАН-ОЧИР:Хотын хүний үндсэн соёл бусдыг хүндэтгэхээс эхлэнэ


 МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.ГАН-ОЧИР:Хотын хүний үндсэн соёл бусдыг хүндэтгэхээс эхлэнэ

 


"Зүүдний зураг”, "Цаг хУгацааг нэрэхүй”, "Бие галбирлаг сарны дор”, "Есенин Монголд” зэрэг нэжгээд ном туурвисан, дууны шүлгийн нэрт мастеруудын нэг бол Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Даваасүрэнгийн Ган-Очир.

Утга, уянгын эрхэм нөхөртэй Улаанбаатар хотоо тойрон эргэлдэж цөөн хором хөөрөлдөв.

-Улаанбаатар. Энэ нэрийг сонсуут санаанд тань хамгийн түрүүнд юун тухай бодогддог вэ, найрагч аа?

-Цээжинд Монгол Улсын нийслэл гэсэн ойлголт л шууд бууна шүү дээ. Уг гарлаараа би Дорнод аймгийн Чулуунхороот сумын хүн. Тэртээх холын Улаанбаатар гэж үлгэрийн хотод очиж үзэх юмсан гэсэн олон төсөөлөл, мөрөөдөл хүүхэд ахуйгаас намайг хөтөлж, амьдрал Улаанбаатарт даллан дуудсанаар хотын иргэн болжээ.

-Хотод амьдрах нэг хэрэг, хотын хүн болох өөр хэрэг юм шиг. Өөрийгөө хотын хүн гэж бардам хэлж чадах уу?

-Нийслэл хотын иргэн мөн. Учир нь хамгийн анх хуучин паспортыг шинэчлэхэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны харьяаллаар би иргэний цахим үнэмлэхээ авч байв. Улаанбаатараа би эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос ирсэн монголчуудын эв нэгтлийн хот мандал гэж бодох дуртай.

Хотын унаган иргэн гэж байхгүй. Удам угсааг нь хөөвөл хөдөө нутгийн хүмүүс л цуглан нийлж аж амьдрал зохион, засаг захиргааны нэгж, улс орны түүхийг бүтээж цаг цагийн жамаар явж ирсэн байгаа.

-Улаанбаатарын гудамжаар айвуу тайвуухан хэр алхдаг вэ. Алхаж чадаж байна уу?

-Хотын гол үзэмж нь зам талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн. Миний хувьд Эзэн богд Чингис хааныхаа талбайгаас 15 дугаар хороолол руу буюу ажлаасаа гэртээ харих замаа л илүүтэй мэдэх юм. Гэрэлтэй гэгээтэй улам л сайхан болж байгаа шүү.

Миний хотын зах хязгаар дүүрэг хороо, гудамж гэрэл гэгээтэй, тэлэн хөгжиж байгаа нь алхам тутамд мэдрэгддэг. Улс төржүүлж л танайхан, манайхан гээд байгаа болохоос аль аль засаглал нь нийслэлийнхээ төлөө чармайн ажиллаж байгаа.

-Нийслэлийнхээ хаана, ямар газарт очих дуртай вэ. Очдог газар тань таныг юугаараа тэгтлээ соронздон татдаг бол?

-Хатан Туулын эрэг дээр урсгал харан суух дуртай. Агуу их Б.Явуухулангаас эхлээд бүх цаг үеийн найрагчдын сэтгэлийг соронздон татсан ариун урсгалт мөрөн. Туулын эргээр явахаар хүн болгон тэндээс ариусал, гэгээрэл, дотносол, амралт, зугаалгыг олж харж байна.

Би Улз, Хэрлэн голын эрэг дээр өссөн болохоор урсгал ус харах дуртай. Одоо Хатан Туулынхаа усыг ширтэн суухуйд нүдний буртаг арилдаг юм.

-Хатан Туулынхаа урсгалыг харж ариусдаг хүнээс нэгэн зүйл лавлая. Нийслэлийн хүн, хотын хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Зэрэгцэн алхаж яваа хүнээ, автобусанд хамт яваа хүнээ, олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй. Хөрш хаалганыхаа айлыг хүндэтгэх хэрэгтэй. Хотын хүний үндсэн соёл бусдыг хүндэтгэхээс эхлэнэ.

-Танд хотын хүмүүсийн таалагддаг зан чанар юу вэ. Бас таалагддагүй нь...?

-Их хотыг өндөрлөгөөс харахад бүгд л ажил амьдралын төлөө, сайхан амьдралын төлөө алхаж яваа нь анзаардагдана. Таалагддаггүй зан гэвэл зарим хүн маш адгуу, тэвчээргүй, тавьтаргүй зангаасаа болж түгжрэл, бухимдлыг үүсгэж байна. Найрсаг байгаасай гэж хэлмээр байдаг.

-Нийслэлийн хүнд байх ёстой хамгийн гол, нандин чанар юу вэ, таны бодлоор?

-Хайр..., хайр л хэрэгтэй. Хамтаараа бусдыг хүндэтгэн бүтээн байгуулалтад оролцож ирээдүйд бахархал бий болгохын төлөө, дэлхийн жишигт нийцсэн гоё сайхан хот хурдхан болоосой гэж мөрөөдөх зүтгэл хотын хүний нандин чанар байгаасай.

-Та ажил, амьдралын эрхээр гадаадын хотуудаар олон явж байсан байх. Тэдгээр хотуудтай манай нийслэлийн адилтгах аргагүй шинж чанараас дурдана уу?

-Би Москва, Варна, Загреб, Черногора гээд зүүн европын орнуудаар явж байлаа. Айвуу, тайвуу сайхан намуухан хотууд санагдсан. Хотын үндсэн амь нь иргэн та.

Та л хотоо дэлхийн энтэй болгох үндэс гэж хэлмээр санагдана. Хотод том том хөрөнгө оруулалтыг хийж эх орондоо олимпийг хүлээн авах хэмжээний л болоосой гэж мөрөөддөг. Хот төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй юм билээ шүү.

-Улаанбаатар хөгжиж байна уу, аль эсвэл сульдаж байна уу?

-Хөгжиж байна, хөгжиж байна. Яах аргагүй хөгжиж байгааг олон харж байна. Зам талбай, өндөр барилгууд... гээд төр, хувьгүй зүтгэж байна.

Харин хотод амьдрагч хүн маань хөгжиж байна уу, үгүй юу гэдэгт л эргэлзээ байгаа. Хотын гол асуудал ч үүнд оршиж байж болох юм. Соён сэнхрүүлэх, хувь хүний боловсрол маш чухал. Үүн дээр л одоо гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй санагдана.

-Хотоос, нийслэлээс явах юмсан, өөр газар амьдрах юмсан гэж бодож байсан үе байна уу?

-Ажил, амьдралгүй хүмүүс нутаг буцья, эсвэл Солонгост очиж ажиллья гэх нь бий. Тийм хүмүүстэй зөндөө таарч байсан. Надад бол тийм бодол санаанд орж ирж байгаагүй.

Надад эх орон, Улаанбаатар хот минь хангалттай. Ийм нийслэлтэй, ирээдүйтэй, Азийн зав залуухан хотоос уйдах завгүй ажиллаж амьдарч байна.

-Улаанбаатартай холбоотой хамгийн гоё дурсамжаасаа өгүүлнэ үү?

-Олон, олон. Хайрт ханьтайгаа дуурь үзэж байсан. Анхны хүүхдээ, том хүүгээ өлгийдөн аваад Эх нялхсын гадаа зогсож байсан. Соёлын төв өргөөнийн тайзнаа 1994 онд "Болор цом”-д шүлэг уншиж байсан. Төрийн ордонд шагнал авч байсан. Энэчлэн дурсамж дуртгал дүүрэн их нийслэл хот маань сүрдмээр, хүндэтгэмээр гайхалтай хот шүү дээ.

-Дэлгүүр хэсдэг үү. Хамгийн сүүлд, хэзээ, ямар дэлгүүрээр оров?

-Эд бараа, хоол хүнсийг эхнэр зохицуулна. Гадаадтай харьцуулбал, дэлхийд нээлтээ хийсэн кино маргааш нь бараг манайд гарч байна. Шинэ гар утас гарч гэнэ гэхэд л дэлгүүрт байж байх жишээтэй. Хүний хэрэгцээ цөм байна.

Би ч сүүлийн хэдэн жилд сүрхий зориод зүтгээд дэлгүүр яваагүй. Надад зав ч байхгүй. Дэлгүүрээс авдаг тоотой хэдэн хэрэглэгдэхүүн бий. Түүнийгээ аваад гүйцээ. Гялгар ганган юманд дургүй. Байгаадаа сэтгэл хангалуун.

-Улаанбаатарын тухай олон дуу, шүлэг байдаг. Таны санаанаас гардаггүй дууг нэрлэвэл...? Хэний шүлгийн ямар мөрүүд цээжинд тань бэлэн байна вэ?

-...Мишээсэн дагина шиг

Миний Улаанбатар... ч юм уу,

...Хотын гэрэлт гудамжаар алхаж явах сайхан..., эсвэл

...Нүдэнд дулаахан Монгол бүсгүйчүүд

Хотын гудамжаар алхална аа... гээд явж өгнө дөө.

-Шинэ мянган, шинэ зуун гарснаас хойш Улаанбаатарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юу вэ? Зөвхөн өөрийн тань бодлоор шүү...?

-Замын бөглөрөл, түгжрэлийг саармагжуулах тал дээр хот хамаг л мөнгөө зарцуулж байна. Үр дүнгээ өгч байна. Уулзвар зам, талбай, гүүр, зогсоол дээр том төслүүд хэрэгжиж байгаад баярлаж байна. 5 дугаар цахилгаан станц, шинэ нисэх буудал гээд Азийн бар болох дөхөөд байгаа юм биш үү /инээв/.

-Танд таалагддаг хамгийн сайхан хот аль вэ, Улаанбаатар хотоос өөр. Тэр хотын онцлог нь...?

-Чойбалсан хот. Дэндүү саруул сайхан. Тал нутаг, Хэрлэн мөрнөө дагасан уужимхан хот. Ер нь Монголын зүүн 3 аймгийн төв гэж ойлгож болно. Тэнд тив дэлхийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулж, олон улсын чанартай хурал зөвөлгөөн алсдаа хийх хэрэгтэй.

 

Төвлөрлийг сааруулахад их чухал нөлөөлсөн хот бол Чойбалсан юм шүү. Би тэнд өсч, сурч хүмүүжсэн. Одоо ч миний ээж аав, ах дүү, амраг садан амьдран суугаа.

-Улсын нийслэл Улаанбаатар хот 400 жилийн ойгоороо ямар болсон байх бол. Та төсөөллөө хэлнэ үү?

-Ёстой Азийн цагаан дагина гэдэг нь болсон байх байх аа. Би ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Энэ хөгжил рүү эрчимтэй явж байна. Дүүрэг, хороо, баг улс төржилгүй ажлаа сайн хий. Хорьдугаар зууны бараан саарал амьдрал дууссан шүү.

 

ГАЗАР ХҮССЭН ӨРГӨДӨЛ

 

Газар өгөөч! түшмэл минь

Гарынхаа үсгээ шүлгээрээ зурж

Гал дөлтэй идэр насны хүслээр дүүрэн надад

Гайхамшигт Монгол оронд минь

 

Үхэх бус, амьдрах

Өргөн дэлхийн ганцхан бичил цэг дээр

Амьд явах бус, амьдран суух

Алтан дэлхийн өвчүүн дээр орших

Газар өгөөч!

 

Алгын чинээ газар дээр

Амьдрал тарих гэсэн юм

Амар амгалан амьдрах

Нар руу харсан цонхтой

Насаараа амьдрах сууц барих гэсэн юм

 

Ирээдүйгээ цаг хугацаанд сургаж

Ирээдүйд ач, зээгээ хүлээх

Сансарын буудал шиг

Сайхан газар өгөөч!

 

Монгол гэсэн зургаан үсэг багтах

Морин туурайгаар хэмжиж авсан их газраас

Мойногхон хуруун чинээ газрыг

Молхи бичээч надад

Өргөдөл,санал гомдол,дугаарлал

Өөр юу ч нэхэлгүйгээр…

Цусны шинжилгээний минь бичгээр

Цусан гавьяатай манай удмынханд

Цугаар амьдрах сөөм газар өгөөч! гэж

Суугаа түшмэл чамаас хүсэхийн учир ийм байна.

2013.02.26

 

НҮД

 

Гэрэлтэгч тунгалаг нүдийг харж

Гэгээн бүхнээ түүний өмнө асгаад

Хайрлахгүй харин дурлачихаад байна гэж

Хамаг чадлаараа хашгирмаар байна

 

Энгийн хүмүүс ойлгохгүй л дээ...

Энэ балайрч л байна гэх байлгүй.

Дурлах тоолондоо урам санаа авч байдаг

Дууч найрагчдын нэг нь би юм шүү дээ

 

Олон сая живаа нүднүүд

Орчлонгоор зөндөө зөндөө

Онцолж харцыг булаах нь

Ондоо байдаг юм аа,би мэдэрдэг

 

Нүдээр нь дамжаад

Сэтгэл рүү нь би ордог

Нүдийг нь хараад л

Түүнийг уншиж орхидог

 

Яруу тунгалаг нүднээс

Яруу найраг л олж уншина

Явдал суудал таарвал

Улам л дөхөж уншина

 

Хил хязгаар давж

Хэмжээлшгүй ихээр уншина

Тэгээд л он онд үлдэх

Бүлэг шүлгүүд төрнө.

2014.04.10

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх