Д.Цогтбаатар: АНУ-д богино хугацаанд хөдөлмөр эрхлэх виз олгох шийдвэр гарсан

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр хэд хэдэн чухал асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д ажилласан айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Д.Цогтбаатар "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны айлчлал амжилттай болж өндөрлөлөө. БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалаар утааны асуудлыг шийдэх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхэд онцгойлон анхаарч ажилласан. 500 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү зээлийг 30 жилийн хугацаатай 0.2 хувийн хүүтэй нөхцөлтэйгээр авч байгаа. Энэ хөрөнгийг Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулна. Холбогдох технологи, төслүүдийг боловсруулж ажиллана.

Мөн айлчлалаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс нэг чухал санал тавьсан. Хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд явж байгаа. Үүнийг шат ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх ёстой гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс энэ асуудалд хоёр улсын Гадаад харилцааны яам анхаарч ажиллана. Стратегийн түншлэлийн түвшинд хүрнэ гэдэг бол манай хоёр улс хоорондын худалдаа, эдийн засагт маш сайн нөлөөтэй. Маш өргөн хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлж байна гэсэн үг” гэлээ.

Түүнчлэн айлчлалын үеэр хоёр орны визний асуудлаар яриа хэлэлцээр хийгдсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих ёстой. Одоо байгаа визний асуудлыг хөнгөвчилж өгөх ёстой гэх асуудлыг түлхүү ярьсан” гэв.

Үргэлжлүүлэн "Бизнесийн уулзалт форум хийгдсэн. Энэхүү форумаар уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт хийе. Жишээ, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдэрт, хүнсний үйлдвэрт санхүүжилт олгоё. Ажлын байр нэмэгдүүлж байгаа жижиг дунд үйлдвэрүүдээ анхаарах хэрэгтэй байна гэх асуудлыг ярьсан” гэлээ.

Мөн өнөөдрийнхөө мэдээллээр Европын холбооны  "Татварын асуудлаар хамтран ажилладаггүй жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах асуудлаар мэдээлэв. Тэрбээр "Энэхүү асуудалд Гадаад харилцааны яам, Сангийн яам, ХЗДХЯ хамтран ажилласан. Мөн Европт байгаа бүх Элчин сайдын яамдууд жагсаалтаар гаргах асуудалд идэвх зүтгэл гаргаж ажилласан. Энэ сарын 18-нд буюу өчигдөр Европын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт болсон. Энэ уулзалтаар Монгол Улсыг жагсаалтаас гаргах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Улмаар энэ асуудлыг нэгдүгээр сарын 23-нд болох уулзалтаар хэлэлцэхээр болсон. Эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгаа” гэв.

Өнөөдрийн хурлын онцлох нэг сэдэв нь АНУ-д Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажилласан үр дүнгийн талаар мэдээлсэн юм.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хөдөлмөр эрхлэх визийг монголчуудад олгохоор шийдвэрлэжээ. Олон орон дотроос зөвхөн монголчуудад олгохоор шийдвэрлэсэн нь хоёр орны дипломат албаны үйл ажиллагааны үр дүн гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Удахгүй АНУ-тай зөвлөлдөх уулзалт хийхээр болсон байна. Энэхүү уулзалтаар эцэслэн шийдэгдэж, АНУ-ын талаас Монгол Улсад албан ёсоор мэдэгдэх байх гэв.

Ийнхүү мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-"Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гурван улсын коридорын асуудал маш чухал. Өмнөд хөрш бол "Бүс ба зам” гэдэг нэлээн том олон улсын санаачилга гаргаад хэрэгжүүлээд явж байгаа. Үүний үргэлжлэл, хамрах хүрээг нь тэлээд монгол руу чиглэсэн үйл ажиллагааг нь явуулах ёстой. Дэд бүтэц, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжээд явах ёстой. Энэ хүрээндээ Эдийн засгийн коридорын асуудлыг ярьж байгаа. Өмнө нь ажлын хэсэг нэг удаа ОХУ-д хуралдаж байсан. Дараагийн хурлыг энэ ондоо багтаагаад Улаанбаатарт хийнэ гэсэн зорилготой байгаа. Нийт 32 төсөл, хөтөлбөрүүд яригдаж, тодорхойлогдсон. Энэхүү 32 төслөөс эхний ээлжинд 3 төслийг авч хэрэгжүүлнэ. Энэ нь төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам сүлжээний төсөл байгаа. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг яаж шийдэх талаар ажлын хэсэг хуралдахаар болсон байгаа.

Б.Чимэг


ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх