ШАТАХУУНЫ ҮНЭ: Үнийн зөвлөл дээр маргаан үүсч, шийдвэр нь ажлын хэсгийн дүгнэлтээс зөржээ

-ЕРӨНХИЙ САЙД ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛЫГ НАМЖААХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-

Шатахууны Үнийн зөвлөл /2018.01.09/ хуралдаж, үнийн нэмэгдэл үүсэх болсон бодит шалтгаан нөхцлийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд асуудлыг нягталж, эргээд Үнийн зөвлөл дээр танилцуулахаар болсон юм. Уг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй гэсэн саналаар импортлогчид болон төрийн төлөөллүүд байр сууриа нэгтгэсэн байдаг.

Гэсэн хэдий ч өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахууны хомсдол үүсч, улмаар тансаг зэрэглэлийн шатахуунуудын үнэ 110-150 төгрөгөөр нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас үнийн хомсдол зориудаар үүсгэж, түгээлтээ хязгаарласан гэсэн үндэслэлээр "Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргахаа мэдэгдсэн.

Улмаар Засгийн газраас Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, импортлогчдод "Тодорхой шийдвэр гартал үнэ нэмэхгүй. Хязгаарлалт хийхгүй” гэсэн чиглэл өгөөд байв. Ингэснээр шатахууны үнэ өсөх дүйвээн түр намжиж, Үнийн зөвлөлийн шийдвэрийг хүлээзнэсэн байдалд шилжсэн юм.

Үнийн зөвлөл хуралдаж, ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Үүнээс өмнө шатахууны үнийн өсөлтийг  хэрхэн барих талаар Шадар сайд, Ерөнхий сайдын түвшинд асуудал яригдаж, "ОУВС-гийнхан энэ сарын 25-ны үед ирнэ. Тэр үед татварын нэмэгдлийг буцаах асуудлаар хэлэлцээр хийх тул асуудлыг түр намжаа” гэсэн чиглэл өгөгдсөн гэдгийг эх сурвалжууд тодотгож байна.

-ҮНИЙН ЗӨВЛӨЛ ДЭЭР МАРГААН ҮҮСЧ, ИМПОРТЛОГЧИД ХУРАЛДААНЫГ 
ОРХИН ГАРЧЭЭ-

Үнийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД "Энгийн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Харин тансаг хэрэглээний евро, АИ98 тэргүүтэй шатахуунуудын үнэ нэмэгдэхээр болсон. Ийм төрлийн шатахууныг нийт хэрэглэгчдийн 1 хувь нь хэрэглэдэг тул зах зээлд дарамт учруулахгүй. Мөн дизель түлшний үнийг Үнийн зөвлөл дээр дахин ярилцахаар боллоо.

Үнийн зөвлөлөөс  гаргасан энэ зөвлөмжийг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд болон ШӨХТГ хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргээ гүйцэтгэж ажиллана. Энэ талаархи мэдээллийг Сангийн яам нэгдсэн байдлаар хэвлэлийнхэнд өгөөд явахаар болсон. ОУВС-тай татварын нэмэгдлийн асуудлаар ярилцана. Ер нь үнэ нэмэх шаардлагагүй гэж Үнийн зөвлөлөөс ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэрлэлээ” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Гэвч хувийн хэвшлийн эх сурвалжуудаас үүнээс эрс өөр мэдээлэл ирсэн нь анхаарал татлаа. Тэдний мэдээлж буйгаар, Үнийн зөвлөл дээр танилцуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт импортлогчид үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд орсон болохыг бататгажээ. Гэсэн хэдий ч төрийн төлөөллүүд ажлын хэсгийн дүгнэлтийг эс харгалзан, үнэ нэмэхийг эрс эсэргүүцсэн байна.

Улмаар тэдний хооронд маргаан гарч, "Дүгнэлтээр үнэ нэмэх шаардлагатай нь батлагдчихаад байтал биднийг дампуур гэсэнтэй адил шийдвэр гаргах гэж улайрлаа” хэмээснээр хувийн хэвшлийнхэн хурлыг орхиж гарчээ. Үүний дараа үнийн зөвлөл дэх төрийн төлөөллүүд үнэ нэмэхгүй байх зөвлөмжөө баталсан гэх мэдээлэл өгч байна.

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: ЛИТР ТУТАМД 204-389 ТӨГРӨГИЙН 
АЛДАГДАЛ  ХҮЛЭЭХЭЭР БАЙНА

Үнийн зөвлөлөөс байгуулагдсан шатахууны үнийн нэмэгдлийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг, УУХҮЯ-ны Түлшний газрын мэргэжилтэн Д.Дөлгөөн, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, ШӨХТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Тэрбиш нар багтан ажиллажээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нөхцлийн талаар хэд хэдэн анхаарал татсан хэсгүүд тусгагдсан байгааг доорхи байдлаар хүргэж байна. Үүнд,

НЭГ: "Роснефть” компанийн 2018.01 дүгээр сарын импортын үнэ тонн тутамдаа А80-638, АИ92-668, дизель түлш 631 ам.долларын үнэтэй байна. Үүнийг жижиглэн борлуулалтын үнэд шилжүүлвэл А80-1156, АИ92 -1243, дизель түлш 1289 төгрөг юм. Энэ үнэн дээр онцгой албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ, автобензин, дизелийн түлшний албан татвар зэрэг ДӨРВӨН ТӨРЛИЙН ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙГ НЭМЖ ТООЦОХОД: А80-1508, АИ92-1634, дизель түлш 1750 төгрөг байна.

ХОЁР: "Роснефть” компанийн 2018оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 24-43 ам.доллараар өсөх төлөвтэй байна. Үнийн уг өсөлт нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд бүтээгдэхүүний төрлөөс хамааран, литр тутамд 51-103 төгрөгийн сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

ГУРАВ: Шатахуун импортлогчдын өнөөгийн литр тутам дахь алдагдал 153-303 төгрөг байна. Үүн дээр импортын литр тутам дахь үнийн нэмэгдэл болох 51-103 төгрөгийг суулган тооцвол 204-389 төгрөгийн алдагдал үзүүлэхээр байна.

ДӨРӨВ: "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах днд хөтөлбөр”-т өмнө нь хэрэглэж байсан үр дүнтэй санхүүгийн механизмуудыг ашиглах замаар шатахууны жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж дурдсан байна.

Ж.МЯДАГБАДАМ

ЭХ СУРВАЛЖ:WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх