Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг евро стандартаар гүйцэтгэнэ

 

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Хятад, Орос 3 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА энэ онд эхлэх гэж байна.

Энэхүү дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд "ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” сэдэвт өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Уул Уурхай хүнд үйлдвэрийн яам, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хөгжлийн банк, Хас банк, "Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, "Монголын автомашины дистрибьюторүүдийн ассоциаци” ТББ хамтран зохион байгуулсан юм.

Өдөрлөгт тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлого, банкны лизингийн үйлчилгээний талаар мэдээлэл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд дэд бүтцийг хөгжүүлэх замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх зорилгоор дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдээ гурван улс хамтран хэрэгжүүлэхээр Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулсан байдаг. Эдийн засгийн коридор байгуулах энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхээр гурван тал ажиллаж байгаа юм. Тус хэлэлцээр нь хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орнуудын зах зээлд хүрэх, хөрш орнуудын хооронд хийгдэж буй худалдаа тээврийн тодорхой хэсэг манай улсын нутаг дэвсгэрээр дамжин хийгдэх замаар  худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг энэхүү өдөрлөгийн үеэр албаныхан онцлов.

Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ЗТХЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулсан юм. Тэрээр "Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулахын тулд дотоодын баримт бичигээ бүрдүүлж, боловсронгуй болгох ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Мөн тус тээвэрлэлтэд оролцох жолооч нарыг сургаж, чадавхижуулах хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран бэлдсэн бөгөөд цаашид сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, тээвэрлэлтийн баримт бичгүүдэд шинэчлэл хийсэн.  Манай тээвэрчид ОХУ-аар дамжиж Европ руу, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарахад эдгээр улс орнуудын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангах хэрэгтэй болно. ОХУ, БНХАУ 2014 оноос Евро-5 стандартын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийхээр зохицуулалт хийсэн байдаг ч  манай тээвэрлэгчид энэ стандартаар хараахан хийж эхлээгүй байгаа. Тиймээс энэхүү өдөрлөг нь тээвэрлэгч, аж ахуй нэгж байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ач холбогдолтой юм” гэлээ.

Евро стандарт нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүртэй холбоотой стандарт бөгөөд хэмнэлттэй, шаталт бүрэн явагддаг, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай гэх мэт шаардлага тавигддаг юм байна.

Мөн энэ үеэр шатахууны чанар стандартын дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УУХҮЯ-наас мэдээлэл хийж, "TIR” Горимын хүрээнд хийгдэж буй олон улсын тээвэрлэлт, тавигдах шаардлагын талаар Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл өгсөн юм.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх