Баадуутай шувууны явдал

Харуки Мураками

Тэргүүн дэвтэр. Хулгайч шаазгай. 1984. 6-7 сар.

12. Дэслэгч Мамийн тогтуухан хүүрнэл (I хэсэг).

 

Түрүүч нь №6, 7-д

 

Бослого амжилттай өрнөсөн бол Зөвлөлтийн арми шууд л оролцон зэвсэгийн хүчээр дарах байсан. Босогчид Японд хандан тусламж хүсвэл Квантуны армид цэргийн хүчээр оролцох шалтаг шууд гарч ирнэ. Монголыг эзэлнэ гэдэг Сибирьт ноёрхолоо тогтоогоод байсан Зөвлөлтийн бөөрөнд хутга шааснаас ялгаагүй болно. Токио дахь эрх мэдэлтнүүд энэ санааг тогтоон хязгаарлах гэж их хичээж байсан. Харин Квантуны армийн дэврүүн их санаатай эрх мэдэлтнүүд тийм боломж гарвал зүгээр суухгүй байсан. Байдал ингэж өрнөвөл хилийн будилаан биш, Зөвлөлттэй өдөөсөн жинхэнэ дайн болох байсан. Манжуур-зөвлөлтийн хил дээр байдал ингэж өрнөсөн бол Гитлер Польш, Чехословак руу шууд дайрах байсан ч байж магадгүй. Хамано дайны тухай ярих даа чухам байдал ингэж өрнөж болзошгүй гэдгийг бодсон байх.

Үүр цайж байсан ч Ямамото алга л байлаа. Би намхавтар элсэн гүвээндээр, Хаманогийн винтов тэврэн, дорно зүг, тэнгэрийн хаяа ширтэн шөнийн сүүлийг үдэж суулаа. Монголд нар мандах үнэхээр бишрэм сайхан. Тэнгэрийн мандалд гэнэт харанхуй мананг зурвас яран тодорсон. Тэгээд өргөжин тэлж, өндөрсөн босож эхэлнэ. Эгээ л сансарын уудмаас аварга гар Дэлхийн нүүрийг таглаад байсан хөшгийг яарамгүй дээш татаж байх шиг сэтгэгдэл төрж байлаа. Гайхалтай! Биднийг хүрээлэн буй орчин миний мэдрэх боломжоос ахдаад байна гэж би хэлж байсан.Би харж, мэдэрч байх зуураа миний амь, амьдрал нарийсан холдож, хүний ажил үйл, халамж мэтийн өчүүхэн зүйлд байр олдохгүй оргүй хоосон руу уусан шингэж байх шиг санагдаж байлаа. Миний харж байгаа энэ дүр зураг өнө эртний цагаас хэдэн зуун сая... живаа удаа давтагдсан байж таарна. Бүр Дэлхий дээр амьдрал гэж зүйлийн шинж ч ороогүй байхад болж л байсан байж таарна. Би ийнхүү харуулын ажлаа ч мартан шинэ өдөр босон сэрж байгааг бишрэн ширтэж байлаа.

Нар бүрэн мандахыг хүлээж байгаад, тамхиа асааж, савтай уснаасаа балган хоолойгоо чийглэсэн. Одоо Японд ямар байгаа бол? Төрлөх хотоо таван сард ямар байдгийг бодлоо. Цэцгийн үнэр, голын хоржигоноон, тэнгэрт нүүх үүл. Нөхөд өө бодлоо. Дал модны навчинд ороосон цагаан будааны боовны зөөлөн, чихэрлэг амт аманд мэдрэгдэх шиг боллоо. Би уг нь амттанд дурлаж зүтгэдэг хүн биш атал тэр үед амиа ч өгсөн хамаагүйидмээр санагдаж байлаа. Бүтэн жилийнхээ цалингийн талыг өгсөн ч бэлэн байлаа. Японы тухай бодол яваандаа ертөнцийн мухарт шидэгдэж гэсэнгомдолдхөтлөсөн. Яагаад амь амьдралаа дэнчин тавин энэ үржил шимгүй, зах хязгааргүй, цэрэг дайны ч, үйлдвэр аж ахуйн ч үнэ цэнэ гэх юмгүй, бохир өвс, элдэв хорхойноос өөр зүйлгүй газрын төлөө тулалдах болов? Би төрж өссөн газар орныхоо төлөө тулалдан амиа өгч болно. Харин энэ эзгүй цөл, ганц ширхэг будаа ч тарьж ургуулах боломжгүй газар орны төлөө хүмүүн надад ганц заяасан амь амьдралаа золино гэдэг дэндүү утгагүй санагдаж байлаа.

 

х х х

Ямамото маргааш, үүрээр ирсэн. Тэр өглөө би бас л харуулд гарчихсан голын ус ганихран ширтэж байсан. Гэнэт ард чимээ гарч, морь үүрсэх шиг болсон. Хурдан эргэн харсан боловч эхлээд юу ч харагдаагүй. Би винтов оо зэхэн бариад чимээ гарсан зүг хамаг анхаарлаа тавин ширтэж эхэлсэн. Тэгсэнээ шүлсээ их чанга залгиж, гарсан чимээнд нь өөрөө цочиж билээ. Урд өмнө хүн рүү нэг ч удаа буудаж үзээгүй болохоор бууны гохон дээр тавьсан хуруу минь чичирч байсан юм.

Хэсэгхэн хугацаа өнгөртөл элсэн манх даван морьтой Ямамото гарч ирсэн. Бууны гохноос хуруугаа салгаагүй чигээрээ эргүүлж тойруулан харсан. Ямамотогийн хажууд өнөө монгол ч, дайсны цэрэг ч алга байлаа. Тэнгэрийн дорно хэсэгт том гэгчийн цав цагаан сар өөхөн чулуу шиг заналтай гээч дүүжлээтэй харагдаж байсан. Ямамото зүүн гартаа шархадсан бололтой, нусныхаа алчуураар боосон нь цус нэвчсэн харагдана. Би Хондаг түлхэн сэрээж, морийг нь авч арчил гэлээ. Харсаар байтал их холын зам туулсан бололтой амьсгаа дээртэй, хөлс тоосонд дарагджээ. Хамано босон над руубиш цаг руугаа харсанаа аптек аван Ямамотогийн гарыг янзалж эхэлсэн.

-Сум нэвт гарсан, цус тогтсон гэж Ямамото хэллээ.

Нээрээ ч үнэн, аз болоход сум ясандхүрэлгүй, зөөлөн эдийг нэвт сүлбэн гарсан байлаа. Би нусны алчуураар хийсэн боолтыг тайлж, шархыг спиртээр арчиж цэвэрлээд шинээр боолт хийсэн. Намайг ингэж байхад Ямамото ядаж ярвайгаагүй. Гэхдээ дээд уруул дээгүүр нь хөлс үл мэдэг дааварлаж байсан. Боож дуусахаар дашмагтай уснаас балган хоолойгоо чийглэснээ тамхи асаан таатай нь аргагүй сорж байсан. Тэгсэнээ гар буугаа гарган, сугандаа хавчин сурмаг нь аргагүй нэг гараараа гурван сум хийж харагдсан. Тэгсэнээ:

-Дэслэгч ээ, хурдхан эндээс хөдлөе. Голын нөгөө талд гарч, Манжуурын армийн хяналтын цэг рүү явъя гэсэн.

Бид тэр дор нь л илүү дутуу үггүй, юмаа бэлдээд мориндоо мордоцгоон голын гарам руу явсан. Ямамотогоос би юу болов, хэн буудав гэж асуугаагүй. Миний байр суурь тийм асуулт тавих эрхгүй, зориглоод тавьсан байлаа гэхэд хариулна гэдэг юу л бол. Чухам энэ үед миний толгойд хурдхан л гол гаталж, сөргөлдөгч талынхаа газар нутгаас гарч, харьцангуй аюул багатай санагдах Халхын голын нөгөө эрэгт гарахсан гэсэн ганц бодол л эргэлдэж байлаа.

Бид өвстэй талаар морио гуядан давхиж байлаа. Бүгд л чимээгүй, дотроо амжиж гол гарч чадах болов уу, яах бол гэж л бодож байсан байх. Монголын хайчин харуулынхан биднээс түрүүлэн гүүр хүрсэн бол өнгөрөө. Орооцолдсон энэ будилаанаас гарах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Суга минь шал норсон байсныг би одоо санаж байна.

-Дэслэгч ээ, та хүнд буудуулж байсан уу? гэж Ямамото удаан дуугүй явсанаа асуусан.

-Үгүй ээ гэж би хариулсан.

Миний хариулт ямар сэтгэгдэл төрүүлсэн бол? Ер яагаад тэгж асуусан юм бол? гэдгийг би олж мэдээгүй. Ямамото богцон дээр гараа тавьсанаа:

-Энд штабт хүргэх ёстой баримт бичиг байгаа. Тун аргагүйд хүрвэл устгах ёстой. Шатаах, газарт булах... хэрэгтэй. Ямар ч юм боллоо гэсэн дайсны гарт орж болохгүй. Юу ч болсон. Энэ бол бидний гол зорилго шүү. Би таныг үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Энэ маш, маш чухал.

-Би бүгдийг ойлголоо.

Ямамото миний нүд рүү нухацтай ширтсэн.

-Бид яах ч аргагүй байдалд орох юм бол хамгийн түрүүнд намайг буудах хэрэгтэй. Огт эргэлзэх хэрэггүй. Би чадвал өөрийгөө буудна. Энэ гараас болоод би чадахгүйд хүрвэл та намайг буудах ёстой шүү. Гарцаагүй, үхэхээр буудах ёстой.

Дуугүй л толгой дохьсон.

 

х х х

Гарам дээр бид үүр цайхын алдад дөхөж очтол миний сэтгэл зовоод байсан үндэстэй болж таарлаа. Аль хэдийнэ цөөн тооны монгол цэргүүд ирээд байрлачихсан байлаа. Ямамото бид хоёр манхны орой дээрээс дурангаараа ээлжлэн ажиглалт хийж эхэлсэн. Хүний хувьд их олон биш, наймуулаа атлаа хилийн эргүүл гэхэд дэндүү гэмээр их зэвсэгтэй харагдаж байлаа. Нэг нь автомат барьжээ. Хажууханд нь харагдах нэгэн өндөрлөг дээр суурин пулемёт байрлуулж, тойруулан шуудайтай элсээр хамгаалаад гүүрийн зүг чиглүүлжээ. Биднийг голын цаана гаргахгүй гэж шийдсэн нь тодорхой байлаа. Голын ойролцоо майханаа босгож, шон зоож арван морь уяжээ. Биднийг барьж авахаас нааш эндээс явахгүй байхаар шийдсэн нь илт харагдаж байлаа.

-Энэ хавьд өөр гарам байхгүй юу? гэж намайг асуухад Ямамото дурангаасаа нүд салган над руу харсанаа толгой сэгсрээд

-Байсан ч дэндүү хол байгаа. Эндээс мордоод явлаа гэхэд хоёр хоног хэрэгтэй болно. Бидэнд цаг байхгүй. Тийм болохоор энүүгээр л гарах ёстой.

-Та шөнө гэж бодоод байна уу?

-Тийм. Бидэнд өөр сонголт алга. Морь доо энд орхиё. Харуулыг нь үгүй хийе. Бусад нь бөх унтах байх гэж найдъя. Бүү сандар, усны чимээнд юу ч сонсогдохгүй. Харуулын учрыг би олно. Бидэнд одоо хийх юмгүй болохоор унтацгаая, жаахан амарч хүчээ сэлбэх хэрэгтэй.

Гурван цагт гол гарахаар шийдлээ. Хонда капрал маань морьд оо холхон аваачаад эмээл, хазаарыг нь тайлан суллаж тавьлаа. Гүнзгий нүх ухан илүүдэл зэр зэвсэг, тоног төхөөрөмж бусад зүйлээ буллаа. Ердөө ганц хоногийн хоол, зэвсэг, цөөн сум л авч үлдсэн. Монголын цэргүүдээс салж чадахгүй бол хичнээн сумтай байгаад ч бид мултарч чадахааргүй байсан. Тэд биднээс галын хүчээр дэндүү их давуу байсан болоод тэр л дээ. Энэ мэтээр бэлтгэл ажлаа амжуулаад тогтсон цагаа хүртэл унтахаар шийдсэн. Боломжийг ашиглан унтаж амрахгүй бол гол гатласны дараа бидэнд амрах боломж бараг олдохгүй байх гэж санацгааж байсан юм. Харуулд эхлээд Хонда гарч дараа нь Хамано ээлж солихоор тогтсон.

Ямамото майхандаа орж хэвтэнгүүтээ л унтсан. Энэ зуур ер нь унтаагүй байсан байх. Толгойных нь дэргэд чухал бичиг баримт байгаа гээд байсан арьсан цүнх харагдана. Төдөлгүй Хамано ч унтсан. Ядарч байсан ч сэтгэл тайван биш болохоор унтаж чадахгүй байлаа. Яаж унтмаар байсан ч болохгүй байлаа. Толгойд бид яаж монголын харуулыг хороох, дараа нь монголчуудын пулемётын гал биднийг гарман дээр яаж сандаргах бол гэсэн бодол эргэлдээд... Юун унтахтай мантай байлаа. Гарын алга шалба норж, чанчигны судас лугшиж байсан. Бас аюул тулгарсан үед офицер шиг байж чадах болов уу? Чадна гэдэгтээ эргэлзэж байсан.Ингээд аргаа барах даа майхнаасаа гаран харуулд байсан Хонда даа дөхөж очин хажууд нь суусан.

-Хонда аа, яаж байна? Амиа алдаж магадгүй байна уу?

-Магадгүй л юм гэж капрал хариулсан.

Хэсэг чимээгүй суусан. "Магадгүй юм” гэсэн тодорхойгүй хариулт сэжигтэй санагдлаа. Нэг л сонин бүрхэг. Зөн билэгийн хувьд хувьд би сүрхий хүн биш ч гэсэн Хондагийн бүрхэг хариултанд ямар нэг зүйл байгааг мэдэрсэн болохоор шалгаахаар шийдлээ.

-Чамд хэлмээр юм байгаа бол хэл л дээ. Бид магадгүй хамгийн сүүлийн удаа ингээд ярьж байгаа ч юм билүү. Сэтгэлээ уудла!

Хонда уруулаа зуун, хөлийнхөө ойролцоох элсийг хуруугаараа тэгшилсэн. Сэтгэлд нь нэг л бодол эргэлдэж буй бололтой надад санагдсан. Тэгсэнээ миний нүд рүү эгцлэн хараад:

-Ноён дэслэгч ээ, бид дөрвөөс хамгийн урт наслах нь та. Японд өөд болно. Та одоо төсөөлж ч чадахгүй тийм урт амьдрал туулах болно.

Үүнийг сонсоод капралыг гайхан харах миний ээлж ирсэн.

-Та яагаад ингэж гэнэт хэлэв гэж гайхаж байгаа байх. Яагаад гэдгийг би тайлбарлаж чадахгүй. Би зүгээр л мэддэг юм.

-Зүгээр зөн гэсэн үг үү?

-Тийм ч байж магадгүй. Энэ үг миний мэдэрч байгааг илэрхийлж чадахгүй, бас дэндүү товч илэрхийлэл. Би бол зүгээр л "мэдсэн” гэж хэлдэг. Ийм л юм.

-Ийм чадвартай болоод удаж байна уу? гэхэд Хонда:

-Удаж байна аа. Тэр л цагаасаа би бусдаас нууж явсан. Харин одоо... амьдрал, үхлийн тухай яриа болж байна. Тэгээд ч танд хамаатай болохоор би хэллээ.

-Бусад хүмүүсийн тухайд? гэхэд толгойгоо сэгсрээд:

-Заримыг нь тааж байна, заримыг нь мэдэхгүй. Гэхдээ ноён дэслэгч ээ, та тэр бүрийн тухай мэдээд хэрэггүй ээ. Би бас ийм юмны талаар ярьж хэтэрхий их хариуцлага өөртөө үүрч байж ч магадгүй юм шүү. Та чинь их сургууль төгссөн хүн. Хүмүүний хувь заяаг өнгөрсөн хойно нь л шинжиж харах ёстой шүү дээ. Урьдчилж биш. Би бол дассан, та бол үгүй.

-Би ямар ч байсан энд үхэхгүй гэсэн үг үү?

Хонда хөл дороосоо элс атгаж аваад хурууныхаа завсраар хэрхэн шажигнан асгарахыг харж байснаа:

-Тийм ээ, тэрийг би хэлж чадна. Энд, хятадад, эх газар, та үхэхгүй, ноён дэслэгч ээ.

Цааш нь яримаар санагдаж байсан ч Хонда гэнэт таг чимээгүй болов. Бодолдоо гүн автан ойр орчимоо мэдрэхээ байх шиг болсон. Буугаа гартаа тас атган атар тал руу ширтэж байсан. Миний яриаг сонсохоо байсан.

Манхны ардахь майхандаа орон Хаманогийн хажуугаар хэвтсэн. Нүдээ анилаа. Энэ удаа нойр шууд хүрсэн. Гүн нойрсолт намайг хөлөөс минь татан далайн гүн рүү аваад орох шиг болсон.

Үргэлжлэл бий.

Орчуулсан Санждоржийн Туяа
ЭХ СУРВАЛЖ ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх