Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн онд "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон билээ.  

БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарсан байдаг. 


"Асар хурдацтай хувиран өөрч­лөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир...” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлдээ тодорхойлсон гэдэг.

Тэгвэл саявтархан Шведийн Нобелийн хорооноос манай улсын ШУА-д 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү гэсэн албан ёсны захидал иржээ. Энэ дагуу МЗЭ тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр зэхээд байгаа юм байна. 

Сонирхуулахад Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг "Дэлхийн нэг шүлгийн ном”-д хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа шалгаруулж зөвхөн нэг л шүлгийг сонгож ном бүтээдэг аж. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн бүтээл "Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтсан байдаг. Тодруулбал, "Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодернь авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн билээ. "Дэлхийн нэг шүлгийн ном”-д Д.Урианхай найрагчийн бүтээл орсноор Ази тивээс анх удаагийнх болсон түүхтэй. Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн найрагчид зохиол бүтээлээ явуулж байсан ч шалгарч чадаагүй юм билээ.  

 

"Дэлхийн нэг шүлгийн ном”-ыг ердөө 50 ширхэг хэвлэж Олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг аж. Номыг хэвлэхдээ орчин үеийн ямар ч техник, технологи шаардлагагүй бөгөөд гар аргаар тусад нь боловсруулсан цаасан дээр гангаар барлаж сонгогдсон шүлгээ бичдэг гэнэ. 50 ширхэг хэвлэсэн номны эхний таван ширхэгийг Францын эрдэмтэн профессорууд өөрсдөө авдаг бөгөөд дэлхийн ховор түүхийн бүтээлтэй номын сангуудад хадгалагддаг аж. Харин номын эзэнд 3-5 ширхэгийг гардуулдаг юм байна. 

Д.Урианхайн хувьд Үндэсний төв номын сангийн эртний ховор номын танхимд, мөн ажлын хамт олондоо, "Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Л.Төрбаярт "Дэлхийн нэг шүлгийн ном”-ынхоо дээжийг өргөн барьжээ. Тэрхүү ёслолд уг бүтээлийг хэвлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ачтан бол уран бичээч Т.Жамьянсүрэн болон Францын эрдэмтдийн төлөөлөл байсан аж. Францад суурин амьдарч уран бүтээлээ туурвидаг уран бичээч, орчуулагч Т.Жамьяансүрэн хоёр жилийн турш монголын сор болсон бүтээлүүдийг орчуулан хүргэж байсан бөгөөд дээрхи бүтээлүүдээс "Инээд шиг хуучин хүний амьдралд” бүтээл шалгарч зохиолчийн болон шүлгийн бүтээлийг хоёр жилийн турш судалсаны үндсэн дээр энэхүү ном хэвлэгджээ. Д.Урианхайн "Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлгийн дараа Францад зохиол бүтээлээ туурвидаг Солонгосын яруу найрагчийн дөрвөн мөрт шүлгүүдээс хэвлэгджээ. 

 

ИНЭЭД ШИГ ХУУЧИН ХҮНИЙ АМЬДРАЛД ... 


Инээд шиг хуучин хүний амьдралд 
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг 
Давтагдахгүй байх!
Нулимс шиг хуучин хүний амьдралд 
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр шагнах 
Харагдахгүй бурханы хутаг олох!
Мартагдахгүй гомдолоо 
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг 
Дахиад яасан ч тэвчихээргүй 
Тэсрэмтгий байх!
Өчигдөрийнх шиг, 
Уржигдарынх шиг, 
Утгагүй тарчилгах удаан өдрөөс 
Яасан ч дахиад амьд үлдэхээргүй 
Тэрсүүд байх!
Тэнэг шүлэг бичихээр 
Дахин төрөхгүй байх!
Инээд шиг хуучин ...
Нулимс шиг хуучин ...
Гомдол шиг хуучин ..., 
Харагдахгүй бурхан шиг 
Хүний амьдралд 
"Байхгүй юм” шиг нь 
Үргэлж шинэ байх!
"Байгаа” бүгдээс нь 
Мөнхөд өөр байх!..

Дамдинсүрэнгийн Урианхайн намтар:

1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолч. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номууд хэвлүүлжээ. 1978 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд МЗЭ-ийн Алтан Өд шагнал авч байжээ.

Д.Түвшин

ЭХ СУРВӨЛЖ:WWW.24TSAG.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх