О.Бум-Ялагч: МАНАН-гаа дахиж байгуулах сурагтай байна

 

О.Бум-Ялагч: МАНАН-гаа дахиж байгуулах сурагтай байна

 

Ч.Зотол

Улс төрийн намууд  Засгийн газрын "100 хоног”-т тус, тусын  үнэлэлт, дүгнэлтийг өгч байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна. Монголын  Ногоон  намын дарга О.Бум-Ялагчтай ярилцсанаа хүргэе.

-Ж.Эрдэнэбат халаагаа өгч, У.Хүрэлсүх танхимаа эмхлэх үеэр та "Энэ засаг богино настай, удахгүй огцорно” гэж хэвлэлд ярьсан байсан. 100 хоногийн тайланг сонссоны дараа тэр  байр суурь өөрчлөгдсөн үү, эсвэл?

-Улс төрийн намын үндсэн зорилго  нь УИХ, Засгийн газарт хяналт тавих юм. "Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд харагдаж байна” гэсэн дүгнэлтийг  У.Хүрэлсүхийн танхим тавьж байна. Ийм  хандлага Ж.Эрдэнэбатын танхимын үед  байсан. Гэлээ гээд тэд үлдэж чадаагүй  огцорсон. Мэдээж засаг барьж байгаа нам эерэг талаа харуулж, үзүүлж явах нь ойлгомжтой. Гэхдээ энэ Засгийн газарт шийдвэрлэсэн асуудал байхгүй.  Тактик, стратегийн хувьд буруу алхмуудыг их хийлээ. Засгийн газар ард түмний хүлээлтийг биелүүлж чадсангүй. У.Хүрэлсүх гэдэг хүний имиж, нэр хүнд уналаа. Энэ хүнд ард түмэн сэтгэл маш гонсгор байна. Хамгийн наад зах нь татварын асуудлаа шийдсэнгүй. Татвар нэмсэн нь МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхгүй, эсрэг бодлого явагдлаа. Нөгөөтэйгүүр, ОУВС-тай ярьж байж шийднэ гэдэг сонин хэллэг бий болсон. Засаг барьж байгаа нам маань олон улсын байгууллагатай ярьж  байж шийднэ гэдэг. Бүх түвшний удирдлагууд нь тэгж яриад сууж байдаг. Ямар асуудлыг яаж шийдэх гээд байгаа юм. Яагаад заавал ОУВС-гаас асуух ёстой юм бэ, энэ тухай мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Гэтэл маш өнгөцхөн, ОУВС гэж нэг эрх мэдэлтэн байдаг шиг. Гадаадын хүн бол Монгол Улсын засгийг ОУВС барьдаг юм байна гэсэн ойлголтод хүрэхээр, яагаад гэвэл байнга ярьж байгаа болохоор. Энэ нь Засгийн газрыг өөрийн гэсэн толгойгүй, бодлогогүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм.

-Татвар нэмсэнийг бүгд л шүүмжилж байна. Та санал нэг байна уу?

-Засгийн газар татвар нэмсэн.  Хүн сайтай, хүнлэг сэтгэлтэй  бол хариуд нь өөрсдийн зардлыг  багасгах ёстой шүү дээ. Гэтэл сайд нар нь  санаатай, санаагүй өндөр зэрэглэлийн машин унасан асуудал гарч ирж байна. Засгийн газрын гишүүн болгон өндөр зэрэглэлийн, 400 сая  төгрөгийн машин захиж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Сайд нар ямар сахилга баттай байгаа нь  үүнээс харагдана.  Зарим нь хийлч хүүхэнд бэлэг гардуулж ч байх шиг. Ерөнхий сайд нь утаа багасгана гэсэн байтал салбарын  сайд  нь ийм юм ярьж болохгүй гэж байх жишээтэй.  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хэмжээний том хурал дээр  Д.Цэрэнбат сайд намайг "Та үсээ цайтал тэмцлээ. Одоо больж үз” гэж хэлсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэвэлтанхимын сайд нар нь олон нийттэй харилцаж чадахгүй байна. Үндсэн хуульд хүнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Тэгэхээр  үс нь бууралтсан хүн тэмцэл хийж болдоггүй юм гэсэн чиглэл өгч байна  шүү дээ, шууд утгаараа. Ингээд харахаар ярьж хэлж байгаа юм нь ч таарахгүй байна шүү дээ,  энэ хүмүүсийн. Утаагүй зуух,  түлшиндээ "Сайжруулсан зуух”, "Сайжруулсан түлш”  гэх мэт сайжруулсан нэр өгч тараана гээд байгаа. Ерөнхий сайд нь тэгж ярьж болохгүй гэж сануулж байх жишээтэй. Энэ нь кабинетын шугамаар ажиллаж чадахгүй байгааг  харуулж байна. Ядаж л ярьж хэлэх зүйлд нь зүгшрүүлэх ёстой шүү дээ, Ерөнхий сайд нь. Манай Засгийн газрын чиглэл ийм шүү гэх мэт бодлогоо нэгтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, утааны эсрэг Улаанбаатарыг орон сууцжуулах чиглэл барьсан бол зуух тараана гэж ярьж болохгүй гэж  салбарын сайдад үүрэг  өгөх ёстой шүү дээ, өмнө нь. Ялангуяа энэ танхимд ёс зүй алга. Өнөөдөр ард түмний гуравны хоёр нь амьдрал маш хүнд ядуу гэсэн ангилалд багтаж байна. Ядуурал хүн амын 34 хувиас ихэсвэл хувьсгалт тэмцэл өрнөх магадлалтай гэсэн олон улсын судалгаа байдаг. Үүний нэг жишээ нь парламентыг тараах тухай асуудал яригдаж байна.

-УИХ-ыг тараах тухай та бүхний өргөн барьсан бичиг юу болсон бэ?

-Бид хямрал гарахаас өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард парламентыг тарааж, хүчний шинэ зохион байгуулалтад орж улс орноо бодъё. АН-д орох нь орж, МАН-д байх нь байгаад МАХН-ыг дагах нь дагаж, эсвэл нэг угшилтай хоёр нам нь хамтраад ч юм уу, хүчний шинэ хуваарилалтад оръё гэдэг уриалгыг бид гаргасан. Үүнийг улс төрийн үүднээс гэхээс илүү бүлэг, фракц, ашиг сонирхлын зөрчлийнхөө хүрээнд харсаар өнөөдөр бүх нийтийн тэмцэл хөдөлгөөн үүсгэхэд хүргэж байна. Бидний хийж буй бас нэг дүгнэлт бол У.Хүрэлсүх засаг барих юм бол гадаад орчинд ч гэсэн дэмжлэг авах магадлал бага. Үнсэрхэг үзлийг хэт барьж, хөрш гүрнүүдтэй дайсагнах бодлого их явагдлаа. Хоёр хөрш маань биднийг маш нарийн ажиглаж байгаа шүү дээ. Энэ утгаараа Засгийн газрыг огцруулах асуудал аль аль талаасаа явагдаад байна уу гэсэн хардлага  байна. Дотоод, гадаад нөхцөл байдал бүрдэж, Засгийн газар нээх удалгүй огцрох шинжтэй байгаа.

-Дараагийн хувилбар нь…?

-Улс төрийн хүрээнийхнийг сонсч байхад МАНАН-гаа дахиж байгуулах чиглэл авсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг гаргаж ирсэн нөхөд АН-тай хамтарч дахин МАНАН байгуулах тохиролцоо явж байгаа сурагтай. Ингэхдээ Ерөнхий сайдаа солих, солихгүй нь тодорхойгүй.

-Тэгэхээр бүтэц ямар байх бол?

-Болохгүй байгаа, Ерөнхий сайд нь  нэр цохож шүүмжлээд байгаа  сайд нарыг  АН-ынхнаар солих бололтой. Жишээлбэл, БОНХ-ийн сайд Д.Цэрэнбат, дээр нь БСШУС-ийн сайд байх шиг байна. Цаашилбал, тансаг хэрэглээтэй Ц.Нямдоржийгоо солих уу, яах бол. Ямартай ч ач холбогдол багатай, дээр нь асуудал үүсгээд байгаа сайд нараа АН-ынхнаар сольж мэдэх хандлага байна. Тэгэхээр энэ бүхэн  төр тоглоом болчихсон, "Тоглоомын Засгийн газар” гэгч л болчихлоо гэсэн дүгнэлтэд хүргэж  байна. Дээр нь бүх зүйлээ ОУВС-тай зөвшилцөж шийдсэн гээд байгаа. Авсан зээлийн  хэмжээ 26.5 тэрбум болж байх шиг байна. Хаанаас юун өрнүүд нэмэгдээд байдаг юм. Өрийн асуудлыг тодорхой ярьж, олон нийтэд таниулан сурталчлах ёстой. Хэн хаанахын ямар баялгийг барьцаажл өр тавиад байгаа юм бэ. Өрийн бүтцийг тодорхой болгох хэрэгтэй. Засгийн газрын тавьсан өр, улсын мэдлийн компаниудын өр, хувийн хэвшлүүдийн тавьсан өр, энэ бүхэн ард түмний нуруун дээр тохогдох учраас тодорхой болгомоор байна. Ямар ч Засгийн газар "Шилэн данс” гэж ярьдаг боловч цагаа тулахаар ганц нууцлаад байгаа юм нь энэ л байна. Өөр зүйл ч бас анхаарал татаж байгаа.

-Нууц биш бол хэлж болох уу?

-Бид анзаарч, ажиглаад байгаа л даа. Энэ Засгийн газар дээр өмнө гарсан  хэргүүд замхрах шинжтэй байна. Тухайлбал, бондын хэргүүд. Прокурор дээр очоод зогсчихоод байна шүү дээ, зарим хэрэг. Гэм бурууг  тогтоогоод шүүхээр шийдүүлэх хэрэгтэй байна гэсэн асуудал олон байна. Хоёр талцаж хэрэлдээд байгаа болохоос шүүхээр шийдсэн юм алга. Монголын хуулиар шүүхээр шийдэгдэж байж тэр хүний гэм буруутай нь тогтоогддог. Их хурлын гишүүд бол бүр "үлгэр” болчихсон. Янз бүрийн ёс зүйгүй зүйлд орооцолдох юм.Их хурал  хүндэтгэлтэй, ёс зүйтэй, нийгмийн манлайлагч хэсэг цугладаг газар биш хамгийн ёс зүйгүй, ёроолгүй шуналтай, доод хэсгийнхэн цугласан мэт сэтгэгдэл төрж байна. Ийм учраас У.Хүрэлсүхийн танхим урт наслахгүй гэсэн бидний прогноз бараг батлагдаж, биелж байна гэсэн ойлголтод хүрч байна даа.

-Энэ хавар жагсаал, тэмцэл ширүүснэ гэсэн таамаг  байна.  Ерөнхийлөгчийн аймаг, дүүргүүдэд хийж яваа уулзалтад иргэдийн оролцож буй байр сууриуд,  ТББ, хөдөлгөөнүүдийн нэгдэл, нийгмийн уур амьсгалаас ийм уур амьсгал мэдрэгдэж байна?

-Хөдөлгөөн, тэмцлүүд ард иргэдийн дундаас гарч байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг. Нөгөө талаас хэн санхүүжүүлж байна гэдэгт анхаарал хандуулдаг. Анхны хөдөлгөөнийг харж байхад ерөнхийдөө АН өөрийнхөө намыг чадавхижуулах үүднээс эхлүүлж, нам нь шинэчлэгдэж, шинэ даргатай болж, салбар зөвлөлүүдээ идэвхитэй ажиллах уриалга гарган жагсаал, цуглаан ийх ажлыг дэмжиж, улс төрийн сөрөг хүчин гэдэг утгаараа ажиллая гэж байна. Тэрэн дээр татвар нэмсэн, ард түмний орлого руу өнгийсөн эрх баригчдын үйлдэл ташуур боллоо. Мэргэжлийн хүмүүс, судлаачидтай хамтран судалгаа гаргахад Монгол Улсад жилийн нэг сая ам.долларын ашигтай бараг зуугаад компани байна. Энэ өндөр ашиг хийдэг компаниудаас манайхан татвараа хэр авдаг билээ. Баячуудын тавтар гэдэг уул уурхайн татварыг нэмэх л ёстой, эхний ээлжинд.Дараа нь нийгмийн дунд давхарга, иргэд рүү асуудал ярьж болох юм. Хамгийн нэгдүгээрт, ард түмний мэдэлд байх ёстой баялгийг ашиглаж баяжаад байгаа хүмүүс, уул уурхайн коомпаниуд руу татвар нэмэх  асуудал ярих ёстой. Тэгэхгүй ард иргэд рүүгээ, нийгмийн ачааг үүрэлцэж байгаа хүмүүс рүүгээ халдаж байгаа Засгийн газар маш ёс зүйгүй, сэтгэлгүй, жудаггүй. Энэ нь сэтгэл эмзэглүүлж байна. Эд хэний төлөө засаг бариад байгаа юм бэ гэдэг асуудал тавигдаж байна шүү дээ. Засгийн газар шатахуун импортлогчдын шантаажид бууж өглөө гэж хэвлэлүүд бичиж байгаа. Энэ тодорхой. Төр, засгийн хямралыг шатахуун нийлүүлдэг хэдэн компани бүрэн хянаж байна.  Шатахуун өгөхөө зогсоогоод гурав хоноход л төр, засаг ганхаж байна шүү дээ.  Энэ компаниудад монополийн тухай хууль үйлчлэхгүй, хоорондоо яриад зохиомол хомсдол үүсгэж, үнээ нэмчихдэг. 34 хоногийн нөөцтэй гэчихээд шатахуунаа зарахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар хууль зөрчиж мөнгө хийж байгаа компаниудын татварыг тэглэчихээд, ард түмний нуруун дээрх татварыг нэмж байна.  Энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлэх асуудал манайд огт урагшлахгүй байгаа учраас  үүнийг биелүүлдэг ямар төр, засаг гарах ёстой вэ, ямар Үндсэн хууль байх ёстой  вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байгаа.

-Энэ гажуудлыг яаж арилгах вэ?

-Хэд хэдэн арга бий. Сайн лидер, карьер  ихтэй У.Хүрэлсүхийн хувьд цөөнхийн талд үйлчилж, бизнес хийж байгаа хүмүүстэй  шууд уулзах  хэрэгтэй. Түүнийгээ нээлттэй байлга. Тэр хүмүүс уулзалтад ирэхгүй бол дараагийн арга хэмжээг авч Орос, Хятадтай яриад шатахуун импортлох, хөнгөлттэй үнээр оруулж ирэх, Роснефтийн  сүлжээг  нэвтрүүлэх асуудлыг ярьчих хэрэгтэй. Тэрийг хийж чадахгүй байна гэхээр энэ төр, засаг Монголынх биш, цөөн импортлогчийн, гадныхны төр болж таарч байгаа юм. Ийм хяналтад орчихсон төр байгаад ч яах юм бэ. Энэ үндэслэлийн  дагуу бид  парламентыг тараах  асуудлаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг бичсэний дагуу УИХ-ын дарга М.Энхболд "Парламент өөрөө энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч санал боловруулж оруулж болох юм гэсэн  үндэслэлээр бид дахин Төрийн тэргүүнд албан бичиг хүргүүлж, хянаж үзээч гэж хүссэн. Түүнээс сарын дараа тохиолдлоор юм уу, өөрөө тийм байр суурьтай байсан уу "Агаарын бохирдлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах асуудлыг тавина” гэсэн асуудал тавьсан. Ер нь бол маш олон асуудал бий, Төрийн тэргүүн утаагаар жишээ авч хэлсэн байх.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх