2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар цасан бүрхүүл Жаргалант, Галт, Цэцэрлэг, Баянзүрх, Цагааннуур сумдын зарим багийн нутгаар 12-25 см, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Ханх, Тосонцэнгэл сумдын нутгаар 5-9 см, цасны нягт нь 0,12-0,19 гр/см3, бусад нутгаар 0-4 см цастай, Чандмань-Өндөр, Бүрэнтогтох сумдын төв орчмоор цасгүй байна.

Мал сүргийн бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн Арбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Галт, Их-Уул, Жаргалант, Мөрөн, Рашаант, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумд, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Түнэл, Тариалан сумдын зарим багийн нутаг, мөн нутгийн баруун, баруун хойд хэсгээр цас их орсоны улмаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах болон учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг барагдуулахад зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 155,3 сая төгрөг, аймгийн мал хамгаалах сангаас 154,0 сая төгрөг нийт 309,3 сая төгрөгийг  орон нутгийн төсвөөс зарцуулжээ.

Хөвсгөл аймгаас отроор Архангай, Булган, Завхан, Төв, Баянхонгор зэрэг 7 аймгийн нутагт Жаргалант, Рашаант, Мөрөн, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Түнэл, Галт зэрэг сумдын 58 өрхийн 31.9 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс бод 4,5 мянган толгой, бог 27,4 мянган толгой мал байна.

Хөвсгөл аймагт отроор Булган, Архангай, Завхан зэрэг аймгуудын 22 сумын 2242 өрхийн 618,5 мянган толгой мал үүнээс бод 150,0, бог 468,5 мянган мал өвөлжиж байна.

Харин дотоод отор нүүдлээр 17 сумын 1017 өрхийн 324,2 мянган толгой мал, үүнээс бод 74,8 мянга, бог 249,4 мянган толгой мал өвөлжиж байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөнд 380 тн байгалийн хадлан, 80 тн өвс, тэжээл бэлтгэх даалгавар өгсөнөөс 822 тн өвс буюу 216.3 хувь, 250 тн үйлдвэрийн  тэжээл  бэлтгэсэн нь 313 хувьтай байсан ба одоогоор 306,4 тн өвс, 145,5 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

Аймгийн нөөц бүрдүүлэх чиглэлээр аюулгүйн  нөөцөд  1713 тн өвс,  243 тн тэжээл бүрдүүлэн, иргэд өөрсдийн нөөц боломжоор бод малын 12607 хашаа, бог малын 14744 хашааг засварлан хувийн бэлтгэлээ 100 хувь хангасан гэж аймгийн Засаг дарга Л.Ганболд танилцууллаа.

Одоогийн байдлаар Галт, Жаргалант, Бүрэнтогтох суманд цасан бүрхүүл 5-17 см зузаантай бөгөөд хүйтний эрч чангарч байгаагаас өвөлжилт хүндэрч байна. Эдгээр сумдын 9 багийн 385 өрхөд жирэмсэн эх 16, 0-5 насны хүүхэд 130, 55 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 78210 толгой мал байна.

Отроор яваа 604 өрхийн 1471 малчдыг эргэж сум хооронд мэдээллээр ханган  ажиллаж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 36, нярай 18, 0-5 хүртэлх насны хүүхэд 190, 65-аас дээш насны иргэд-39, суурь өвчтэй 4, хөгжлийн бэрхшээлтэй  иргэн 42, 65 дээш насны 72 иргэний судалгааг гарган, отор хийж байгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч ажиллаж байна. Мөн отроор яваа иргэдийг болзошгүй гамшиг, хөлдөлт, осголтоос сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар, яаралтай түргэн тусламж дуудах дуудлагын нөхцөл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, суурь өвчтэй хүний хяналт, шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлжээ.

Аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариултуудыг өгч, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

Хөвсгөл аймагтай хил залгаа Булган аймагт зээрээс мал амьтны гоц халдварт шүлхий өвчин халдварласан байж болзошгүй тул тухайн аймагтай хил залгаа сумдад байнга хяналт тавин хөдөлгөөнт пост ажиллуулж байгаа юм байна.

Цаашид Улсын Онцгой комиссоос мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн туслалцаа авах,  урьдчилан сэргийлэх вакцины хангалтад анхаарч үзэх хүсэлтийг  Засаг дарга Л.Ганболд тавилаа.

Хөвсгөл аймгийн хувьд малын халдварт болон гоц халдварт өвчний эрүүл бүс нутаг.  Хил залгаа аймаг, сумдаас малын халдварт өвчний халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй. Тус аймагт одоогийн байдлаар хил залгаа аймгаас 26 тооны зээр орж ирсэн, 7000 зээр орж ирж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байлаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, малыг бүрэн вакцинжуулах, вакцины чанарт анхаарах хэрэгтэйг анхаарууллаа. Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт явуулын шинжилгээний УАЗ автомашиныг  шийдвэрлэн өгч байгаагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга хэллээ.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хэд хэдэн санал, хүсэлтийг тавилаа. Цагаан-Уул, Улаан-Уул сумдад байрлах сум дундын нөөцийн фондын ажилчдын орон тоо, цалингийн санг батлуулах,  Онцгой байдлын газрын Мөрөн суман дахь Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн стандартын дефогийн барилгыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, шуурхай ажиллагааны үед ашиглах цас цэвэрлэх автомашин олгох хүсэлтийг тавьсан. Мөн Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин, Бүрэнтогтох сумын Засаг даргын Tамгын газарт албаны автомашины хангалтыг шийдвэрлүүлэх саналыг тавилаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.