Хүн төрөлхтөн нойргүйдэлд автаж байна


Калифорниагийн Их сургуулийн сэтгэлзүй, мэдрэлийн профессор Матт Валкерын хэлж буйгаар 1940 оны хүмүүс шөнө дунджаар наймаас илүү цаг унтдаг байжээ. Харин одоогийн нийгэмд хүмүүс ойролцоогоор 6.7-6.8 цаг унтаж байгаа гэнэ.

Ингээд харахаар сүүлийн 70 гаруй жилд бид унтах нойроо 20 хувиар багасгасан гэсэн үг юм. Орчин үеийн дэлхий унтах цагийг богиносгох зүйлсээр дүүрэн болжээ. Бидний нойрыг хулжаадаг кофейн, алкахол агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байна. Түүнчлэн биднийг унтаж амрахад таатай байлгах тухтай орны гудас гээд олон зүйл бий болсон хэдий ч биднийг хяналтдаа авч байгаа хүрээлэн буй зүйлс асуудлуудыг үүсгэсээр байна гэж Валкер мөн хэлжээ.

Мөн технологийн нөлөөлөл мэдээж асар их байна. LED дэлгэц бүхий төхөөрөмжүүдийн хиймэл гэрэл нойронд хүчтэй нөлөөтэй байдаг байна. Учир нь LED дэлгэцийн цэнхэр гэрэл биднийг унтахад туслах "мелатонин” хэмээх дааврыг дарладаг. Мөн технологи биднийг унтаж амрах цагийг хойш татдаг. Сүүлийн "e-mail”-ээ явуулчихъя, дахиад нэг "Facebook” –ээ шалгачихъя гэсээр шөнө дунд болдог.

Энэ бүхний эцэст унтах болдог хэдий ч орчин үеийн эртэч амьдралтайгаа нийцэхийн тулд эртлэн босох шаардлага бий болдог. Ийнхүү өдөрт таваас доош цагийг унтахад зарцуулдаг Доналд Трамп, Барак Обама, Маргарет Тэтчер зэрэг дэлхийн удирдагчдын нэгэн адилаар ажиллахдаа их цаг зарцуулж, амрахдаа бага цаг зарцуулах хэв маягт шилжиж байна.

Харин 10 мянган хүний дунд хийсэн судалгаагаар өдөрт зургаа буюу түүнээс дээш цаг унтдаг хүмүүс мэдрэлийн ямарваа нэгэн согогт өртөөгүй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Харин зургаагаас бага цагаар унтдаг хүмүүс эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч эхэлсэн байжээ. Хөгжиж буй энэ дэлхийд биднийг үхэлд хүргэж буй гол өвчнүүдийг тоочвол алцхаймер, хэт таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, амиа хорлолт зэрэг нь дээгүүр байр суурьт орж байна. Эдгээр нь бүгд нойр дутагдалтай шууд бөгөөд гүнзгий хамааралтай ажээ.

Эх сурвалж: BBС

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх