“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НЬ БҮХ НИЙТИЙН ҮЙЛС” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан

 

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НЬ БҮХ НИЙТИЙН ҮЙЛС” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан

 

Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар оюутан, судлаач, эрдэмтдийн дунд  "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах нь бүх нийтийн үйлс”  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.

Зорилго:

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлэх, үр дүнг орчин судалгааны арга зүй, загварчлал, программ хангамж ашиглан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал боловсруулж, шинэлэг хандлага, санаачлага гаргаж тавихад оршино.

 

Уралдааны хугацаа:

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 4 сарын хугацаатай.

Уралдааны зохион байгуулалт:

  1. Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:
  • Гамшиг, аюулт үзэгдэл, ослын зүй тогтол;
  • Гамшгийн онцлог, нөлөөлөх хүчин зүйл, ;
  • Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, амжиж анхааруулах систем;
  • Барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын үнэлгээ, дахин төлөвлөлт;
  • Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа;
  • Гамшгийн аюулын бодит байдлыг мэдрүүлэх дадлага сургуулилтын техник  хэрэгсэл, байгууламжийн технологи, шийдэл;
  • Гамшгаас хамгаалах техник  хэрэгсэл, технологийн шийдэл;
  • Гамшгийн үед ашиглах нөөцийн удирдлага, бүрдүүлэлт, байгууламж, техник хэрэгслийн технологийн шинэ шийдэл.
  1. Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын 203 тоот өрөөнд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
  2. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газрын хурлын танхимд нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач, эрдэмтдийн шилдэг 3, оюутны шилдэг 3 бүтээл болон тусгай шагналын бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлийг шүүн хэлэлцэхэд илтгэгч тус бүр 10 минутын хугацаанд багтаан бүтээлийн гол агуулга, судалгааны арга зүй, шинэлэг тал, судалгааны үр дүн, дүгнэлт, тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, санал, шийдэлийг танилцуулна.

Шагналын сан:

Эрдэмтэн, судлаач: Оюутан:

1 дүгээр байр:                   2.000.000 төгрөг                1 дүгээр байр:                           1.000.000 төгрөг

2 дугаар байр:                   1.200.000 төгрөг                2 дугар байр:                     500.000 төгрөг

3 дугаар байр:                      600.000 төгрөг                3 дугаар байр:                   500.000 төгрөг

Тусгай шагнал:                      300.000 төгрөг                Тусгай шагнал:                 150.000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой тулгамдсан асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна. Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачлага дэвшүүлсэн байх шаардлагатай.
  • Судалгааны материалыг программ хангамж, загварчлал ашиглан боловсруулснаар тодорхой үр дүнг гаргах, дүгнэлт хийх боломжтой байна.
  • Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт нь тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны талаас нь тодорхойлж, оновчтой шийдлийг гаргах урьтал нөхцлийг бүрдүүлсэн байна. 
  • Бүтээл нь тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон санал, шийдлийг дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлд хуудасны тооны хязгаарлалт тавигдахгүй, Ариал фонтоор 12 хэмжээтэй бичвэртэй байна.
  • Бүтээлийг бүрэн эхээр болон түүний товч агуулгыг 1-3 хуудсанд багтаан, хэлэлцүүлэгт тавих 10 минутын танилцуулгын хамт  ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэн нийтлэгдээгүй, хурал зөвлөгөөнөөр хэлэлцэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Онцгой байдлын ерөнхий газрын 203 тоот өрөө, 262340 утаснаас авч болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх