”МАН-ын есөн эрүү” жүжигт гранпри шагнал хүртээе

Төрийн эрх баригчидтай тэмцэх түмэн олон шалтгаан бий. Бурууд нүд хурц гэдэг шиг алдааг олж харан зөв чигт хандуулах нь сөрөг хүчин төдийгүй иргэдийн үүрэг. Тиймээс өнөөгийн төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж яваа нөхдүүдэд алдаагаа зас гэдэг үгийг ард түмэн дуулгаж байгаа. Парламент дахь сөрөг хүчний зүгээс сануулга өгч жагсаал зохион байгуулав. Ёстой урд хожид ийм жагсаал үзэж байгаагүй болохоор жаал гайхаж харж зогслоо. Урд өмнө нь ийм жагсаал үзээгүй болохоор нүдээ жаал хужирлав.

Ер нь, жагсаж цуглах асуудал улам л төгөлдөржөөд, нэг хэв маягт баригдахаа байж байна уу даа. Чанга яригчаар орилж, уриалан дуудах нь өмнө нь байж л байсан. Тэгвэл өчигдрийнх бол шал өөр. Тавилттай, жүжигчилсэн тоглолттой, ёстой гоё, харууштай, үзүүштэй болсон. "МАН-ын есөн эрүү” хэмээх нэртэй жүжиг талбайн голд тавигдсан юм. Зохиолыг бол мундаг бичсэн байна. За жүжигчидтэй бол ярих юм алга. Тэр ачаа үүрч яваа байдал, эрх баригчид хэрхэн зовоосон, амьдрал ахуй хэцүүдэж байгаа талаархи нүүрний хувиралт гээд яривал байнаа байна.

АН-ынхан яаж ийм жүжгийг дасгал сургуулилтгүйгээр бэлтгэж чадав гэдэг. Индэр дээр гарсан ихэс дээдсүүд нь мөн ч уран цэцнээр толгой холбон жүжгийнхээ тайлбарыг, болсон үйл явдалтай нь ярьж байна билээ. Үнэн сонсголонтой. Мориндоо мордоцгооё монголчуудаа, хүний эрхээр зовохоор өөрийн эрхээр жаргая л гэнэ. Лаг лаг үг, ишлэл, зүйр үгээр булж, чихний хэнгэрэг мялааж дуулдсан. Ийм маягаар жагсаад байвал ядаж уурлаж бухимдсан иргэд бага ч болов инээн хөгжиж, аливаа асуудлаа түр ч болов мартах шинжтэй. Мөн ч бадрангуй сайхан тоглолт үзлээ бид. Цаашид ийм маягаар жагсаад байвал тайз дэлгэцийн одууд цаашаа л болох шинжтэй. Жагсаалын гол баатруудад СТА цол олгочиход бараг л болох байх.

Эндээс ганц л зүйл маш тод ажиглагдсан. АН-ын мундаг том лидерүүд нь хаачсан юм бол гэдэг сэтгэгдэл. Уг нь, энэхүү жүжигт тэд тоглож, гол дүр бүтээсэн бол бүр ч илүү төгөлдөр жагсаал болох байлаа. Гэвч лидер нэртэй Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Батбаяр, Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар гээд нөхдүүдийн бараа сураг алга. Сураг нь ч алдарчээ. АН ялалт байгуулсан он жилүүдэд тэд албан тушаалын бялуу хүртэн, үр шимийг нь хүртэж явсан хүмүүс. Өнөөдөр сулхан байх үед хааччихав. Гадаад руу гараад зугаалаад алга болов уу. Бялуу хүртэх цагаар амь орж, бусад үед нь хаяж тэнүүчилдэг ийм л лидерүүдтэй нам юм уу даа.

Өчигдөр болсон жагсаалын өнгө аяс, өнцөг нь Засгийн газрыг огцруулах эхний алхам байлаа. Сүржин эхэлсэн ч даржин төгссөн жагсаал. Сайхан тоглолт үзүүлэх л гэж жагссан мэт. Ард түмэн ядуу, тоглолт үзэж чадахгүй байгаа энэ үед бол зөв л сэтгэж гэмээр. Харин улс төрийн тэмцэл хийж, асуудлыг хөндсөнгүй. Ард түмний нэрийн дор улс төрийн хүчнийхээ алдрыг мандуулах гэж оролдсон болж гэсэн шүүмжлэлд өртсөнөөр нийгэмд бага ч болов инээдэм бэлэглэснээр жагсаж дууслаа. Ард иргэд тоглолт сайхан боллоо хэмээн алга ташин баяр хүргэснээр хөшиг хаагдсан билээ.

Он гарснаас хойш АН-ын дэглэсэн анхны "МАН-ын есөн эрүү” хэмээх нэртэй жүжиг амжилттай болж, ард түмний таашаалд ихэд нийцэв. Тиймээс оны шилдэг тоглолттой жагсаал гранприд нэр дэвшүүлж, шагналыг нь гардуулан өгөх хэрэгтэй. Удаахь тоглолт хэзээ болохыг иргэд тэсэн ядан хүлээж байгаа шүү.

Ер нь, энэ жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн уран сэтгэмж маш сайжирсан нь илт. Нүцгэнээр, хэвтээгээр, хүүхдүүдтэй жагсах гээд хэлбэрээ өөрчилсөөр. Бүр өмсдөг гутлаа хүртэл өөрийн дуу хоолой болгох, өлгийтэй нялхастай ч жагсаж байгаа юм чинь. Монголын жагсаал, цуглаан ч улам л уран сэтгэмжтэй, төгс төгөлдөр болсоор байна. 

 

Э.Мөнгөнбаяр

http://www.24tsag.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх