Хорт утааг бууруулахад хотын иргэн миний оруулсан өчүүхэн хувь нэмэр

Амьдралын арга туршлагаасаа хуваалцахуй

Нэг. Манайх гэдэг айл хотын айл болсноор дөчин жил, "Зуун модны” гэх зусланд амьдарч эхэлснээр арван жилийн нүүр үзэж байна. Зуслан ч гэж дээ "Долоон буудлаас” хойшоогоо машинаар долоохон минут явдаг учир их хотын захын хороолол л юм даа. Анх газраа сараалжин төмрөөр хашиж авчихаад жижиг гэр барьж, хашаагаа дагуулаад хоорондоо 20-30см зайтайгаар 500 гаруй зулзаган хайлаас авчирч тарилаа. Хавийн хүмүүс намайг байшингаа бариагүй байж мод тариад байдаг жаахан юмтай эр юм гэж шоолж байгаа ч дуулдав. Худаг гаргаж, хашаагаа хөндлөн гулд онгичиж байгаад усалгааны хоолой суурилуулж, зүлэг тарилаа. Модоо дагуулаад дуслын усалгааны хоолой суулгалаа. 100 гаруй орос сортын үхрийн нүд, Увс чацаргана, Канадад олон улсын хуралд суучихаад буцахдаа хулгайгаар чемодандаа нууж авчирсан өвөлждөг сарнай бөөрөлзгөний хэдэн бутаа суулгалаа. Монгол хайлаас мөн алс холын Америкаас авчруулсан зүлэг, Канад бөөрөлзгөнө, сарнай аль аль нь жигтэйхэн сайхан ургаж, хайлаас маань анх суулгахад тохойн чинээ өндөртэй байсан бол одоо 3м өндөртэй Оросын хус шиг гуалиг гоё биш боловч, жил бүр дээрээсээ дэллүүлж тануулдаг салхи нэвтрэх ч аргагүй өтгөн сайхан төгөл болжээ. Комьпютерийн удирдлагатай автомат услах төхөөрөмжөөр зүлгээ өдөрт хоёр удаа услана, 6 сарын дундаас эхлээд хоёр долоо хоног болгон хадна. Над шиг залхуу хүнд төвөгтэй мэт боловч, манайхаар орсон гарсан ах дүүс найз нөхдөд зүлэгний машин түрж тоглох бол бөөн зугаа. Нөгөө хотын дарга нар олон наст цэцэг гэж байдаггүй гээд жил болгон хэдэн тэрбумаар нэг наст цэцэг тариулаад байсан чинь улаан сарнайнууд маань Монголын тэсгим өвлийг дажгүй давж одоо тав дахь жилээ дажгүй ургаж байна. Ийм зэрлэг сарнайтай би Архангайн "Хадатын” аршаан явах замдаа Их даваан дээр ч таарч байсан шүү.

2000 оны эхээр Хавайд анх харсан амьд ургамлан хашаатай болох хүсэл мөрөөдөл маань биелж ямар ч блок бетонон хашааг дагуулахгүй, үзэсгэлэнтэй амьд орчин бий болсон товч түүх гэвэл энэ. Хашаанаасаа хураасан 50-60литр жимсээ хөлдөөж хадгалаад найруулж уугаад байхад жилдээ хүрэлцээтэй. Ингэж будаг шунхаар өнгө оруулсан, элдэв гаазтай чихэртэй ундаа дэлгүүрээс авах шаардлагагүй болсон. Гол нь намайг анх шоолж байсан хөршүүд маань миний жишгээр хашаандаа элдэв төрлийн жимс мод бут тарих хоббитой болчихсон.

Хоёр. 2008 онд хөрөнгө мөнгөндөө хавчигдаж, дулаалга муухан 4х6м хэмжээтэй жижигхэн тоосгон байшин барин эхний өвөл 6т гаруй нүүрс, 3 портер мод түлж бөөн утаа май, үнс нурамтай хутгалдаж өвөлжив. Дараа жил нь Орос-Германы хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн "ПЛЭН” гэх нэртэй хэт улаан туяагаар халаадаг таазны халаалт сая төгрөгөөр захиалж авчраад суурилуулчихсан чинь зарцуулах түлшний хэмжээ 2 дахин багасч гал зуухны ажил ч арай хөнгөрлөө. Тог ч маш бага зарцуулдаг эд. Хотын утаанаас л хол байвал ямар ч хүч хөдөлмөр гаргасан яахав, хэдэн ач зээ нар маань эрүүл энх л байвал болоо биз гэж би боддог юм.

Гурав. Дөрвөн жилийн өмнө хэдэн төгрөгний зээл авч байгаад дүү нартайгаа хамжилцан өөрсдийн хүчээр 80 кв.м Канад дан модон байшин барилаа. Түлээ түлш, үнс нурамны ажлаас залхасан тул зориглоод пийшингүй барьчихсан. Гол нь тэр жил Алтанхуягийн Засгийн газраас хэрэв пийшингүй, цахилгаан халаалттай байшинтай бол шөнийн цахилгааныг 100% улсаас даана гэж зарласан байлаа. Одоо манайх шөнийн 21-06 цагийн хооронд байшингаа хямдхан 500 мянгын Хятад тогоогоор тултал нь халааж аваад энэ дулаанаар нь өдөржин "шайрагдчихдаг” болсон. Сардаа төлөх цахилгааныхаа 200 гаруй мянган төгрөгийн 150-ыг нь улсаар даалгачихаад дулаахан сайхан өвөлжиж байна. Мод нүүрс, үнс тоостой хутгалдахгүй ёстой амар.

Шалны халаалтын хоолойнуудыг хучсан 2-3см зузаантай 20т шахам бетонон зуурмагийг шөнийн турш халаахад 50С хүрдэг юм билээ. Ингэж халаасан 20 тонн "чулуу” ямар ч өвлийн хүйтэнд өдөржин халаахгүй гүрийхэд дулаанаа алдана гэж ёстой гонжийн жоо шүү. Канад байшин ч дулаан хадгалахдаа "тасархай” юм билээ. Үнэ өртөг нь харьцангуй хямд 40 сая орчмоор боссон санагдана. Дан нарс модон байшинд амьдарч, хотын их утаанд өөрийн оруулах "нэмэр хандиваа” тэглэсэн туршлагаасаа товчхон хуваалцахад ийм байна.

Ш.Пүрэвсүрэн 2018-1-19


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх