“Эрдэнэт”-ийн 51 хувь холын Африкийг зорих уу

Эрх баригчид "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн араас үхэн хатан хөөцөлдөөд байсны учиг 51 хувь дээр тайлагдав. "Монголчуудын саалийн ганц үнээ” хэмээн өхөөрддөг ч үнэн хэрэгтээ "Улс төрчдийн саалийн ганц үнээ” нь болоод байсан "Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдлээс гарчээ. Нөгөө талаар "авлигачдын савраас мултарлаа” хэмээн өөдрөгөөр сэтгэж болох ч хамаг л үнэ цэнийг нь агуулсан 51 хувь нь холын Африкийг зорих болсон нь монголчуудын голыг харлуулж байна.

Эрх баригчид дотоодын хөрөнгө оруулагчдын 49 хувийг "дээрэмдэж” олсноосоо 10 хувийг нь ард түмэндээ тараана хэмээн худал амлалтаар бялууруулж байх зуур хэдийнэ хоногт 75 сая ам.долларын хүүгийн өрөнд идэгдэж байсан нь өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Ардчилсан намаас зохион байгуулсан "Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-тай зэрэгцэн олон нийтэд ил болсон.

Өнөөдөр 11 дэх хоног дээрээ бид бүхэнд 825 сая ам.долларын өрөнд орчихсон явж байна. Олон нийтэд ил болсон нь энэ болохоос түүнээс өмнө хэчнээн төгрөгийн хүүгийн өрөнд унасан нь "Улсын нууц”. Ямартай ч саалын ганц үнээнийхээ талаас илүүг нь тавиад туучихсан нь үнэн. Түүнээсээ булзаж мэлзэж, олхиогүйтсээр өдий хирийн өрөнд уначихаад байгаа нь ч үнэн.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай, нэг амтай байхаар тохирч Д.Хаянхярваа дарга алх цохисон ч, хаалга хаагдсаны дараа гишүүд өөр өөрийнхөөрөө тайлбар хэлэв. МАН-ын бүлгийнхээ шийдвэрт Я.Содбаатар гишүүн л үнэнч үлдэв бололтой сонины нүүр дүүрэн ярилцлага сонордуулж, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 51 хувийг барьцаанд тавьсан” хэмээн мэлзэж байх зуур бусад гишүүд нь "Стандарт” банкнаас зээлсэн мөнгө "Эрдэнэт” үйлдвэрийн дансаар ороод гарсан баримтыг дэлгэж, Я.Содбаатар гишүүнийг хөлдөө чирэв. Үр дүнд нь эрхэм гишүүн сошиалаар шоолуулаад өнгөрөв. МАН-ын бүлгийнхэн дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байхаа болиод удсаны нэг л жишээ энэ болов.

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт”-ийг тойрсон улс төр ийнхүү бужигнаантай, будлиантай өнгөрсөн нь 100 гаруйхан хоногийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явдлыг эрхгүй санагдууллаа. Тэгэхэд "Авлигын эсрэг” лобби бүлэг байгуулагдаж, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж байв. Энэ удаа ч эдгээр танил дүр төрхүүд улс төрийн тайзнаа дахин гарч ирж "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг тавиад туучихсан эрхмүүдэд хатуухан хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ.

Тухайн үед Ж. Эрдэнэбатыг огцруулах ганцхан зорилготой байсан тэд энэ удаа УИХ-ыг онилсон бололтой. Өөрөөр хэлбэл, тэд эдийн засагч Ж.Эрдэнэбатыг огцруулж, хурандаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон нь түр зуурын ялалт байв. Тулаанд ялж болох ч дайнд ялахгүйгээр үр дүнд хүрэх боломжгүйг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газрын өргөн барьсан "Цагаач иргэдийн асуудал”-ыг зохицуулах хуулийн төслийг унагаснаас харж болно.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж үүнд ихээр бухимдаж, Засгийн газрын бодлогыг зориудаар ирц муу үед санал хураалгуулж унагалаа гэх гомдлоо УИХ-ын даргад хаяглаж, гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд анхаарахгүй байна хэмээх бухимдлаа бүлгийн дарга Д.Хаянхярваад гаргав. МАН-ын бүлгийн хоёр хуваагдал аажмаар парламент болон гүйцэтгэх засаглал гэсэн хоёр институцийн зөрчил болон хувирчээ.

Үүн дээр "Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал сайхан далим болж байх шиг. Түүнээс УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь бол бидний тогоон дотроо шийдэх асуудал. Цаана нь 51 хувийн асуудал чинь хүндэрлээ” хэмээн жилийн өмнөөс сануулж ирсэн. Тэгэхэд даанч тоогоогүй МАН-ын гишүүд өнөөдөр гэнэт сэрж буй мэт 51 хувиар улс төр хийх нь энэ хаврын улс төр ширүүхэн болохыг зөгнөх мэт.

Хэрэв Монголын төрд сонсох чих, харах нүд байсансан бол С.Эрдэнэ гишүүнийг сануулж, шаардсаар байхад нь арга хэмжээ авсан бол өнөөдөр олон улсын Арбитрын шүүхэд удаа дараа ялагдаж булайгаа чирэхгүй, өдий хэмжээний өрөнд орохгүй л байсан болов уу. Эцсийн дүндээ Монгол Улсаа тэжээж тэтгэсээр өдий хүрсэн нүүр тахлах ганц үйлдвэрээ харийнханд алдаж, хэдхэн улстөрчийн халаас зузаарч, амбицтай улс төрчид албан тушаал ахиснаар энэ асуудал өндөрлөх вий. Мартсанаас МАН-ын маньд амласан 10 хувь ч өнгөрөв бололтой.

Н.БАЯР

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх