Намууд нөхөн сонгуульд бэлэн үү?

 

Намууд нөхөн сонгуульд бэлэн үү?

 

Ч.ЗОТОЛ

Сонгууль шударга явагд­сангүй гэх маргаан ба­раг бүх сонгуулиар гар­даг. 2016 оны УИХ-ын бо­лон Орон нутгийн бүх шат­ны сонгууль, 2017 оны Ерөн­хийлөгчийн сонгууль ч түүнээс тойроогүй. Ха­рин ч бүр их хэл ам татал­сан гэж болно. Өмнө байгаагүй луйвар булхайн хар технологи ч идэвхжсэн. Ялангуяа орон нутгийн сонгууль УИХ-д нэг нам  үнэмлэхүй олонх болсноороо түрэм­гийл­сэн шударга бус үйлд­лээр дүүрэн байв. Тэр нь хууль, шүүхийн байгуул­лага дээр гацсан, орон нутгийн Иргэдийн хурлыг нэг нам барьцаалж нөхөн сон­гуулийн хугацааг зар­лах­гүй байх зэргээр хоёр жил тойров.

Бүх шатны нөхөн сон­гууль хуулиараа аравдугаар сарын эхний ням гариг эсвэл зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт болох заалттай. Энэ дагуу ирэх зургадугаар сард бүх шатны нөхөн сонгуулийг зарлах ёстой. Шилжилт хөдөлгөөн, төрийн албанд орсон, нас бар­сан, өөр ажилд томи­логд­сон ч, түүнч­лэн шүүхийн шатанд яваа маргаануудын эцсийн дүнд үндэслэн сон­гууль зарлах эрх бүхий бай­гуул­лага нөхөн сонгуулийн товыг  зарлах ажээ. Харин үүнд хэрхэн бэлтгэх вэ, хэнийгээ сойх вэ гэдэг нь улс төрийн намуудын энэ хав­рын улс төрийг тодорхойлохоор байна.

Нөхөн сонгуулийн хам­гийн халуун цэгийн жагсаалтыг МАН, АН-ын талцал газар авч, орон нутгийн хөгжил, ард иргэдийнх нь амьдралд "чөдөр тушаа” болоод  буй Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, Орхон аймаг тэргүүлж байна.

 

СҮХБААТАРТ МАН, АН ХАЙНАА ХАГАЛНА

Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай. 2016 оны сонгуульд МАН 16, АН 17 суудал авсан ч  нэг тойрогт маргаан гарч, шүүхээр удтал заргалдсан. Эцэст нь 2016 оны аравду­гаар сард Дарьганга сумд нөхөн сонгууль зарлаж, АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал ялалт байгуулс­наар орон нутагт АН засаглах эрхтэй бол­сон. Гэтэл ИТХ дахь МАН-ын бүлэг хууль бу­саар хуралдаж, ИТХ-ын даргыг  сонгож, тамга тэм­дэг  хуурамчаар үйлдэн  Засаг даргаар З.Энхтөрийг бат­ламжлуулсан. Энэ маргаан шүүх дээр сунжирч, ИТХ нь ху­ралдаж чадахгүй, тө­сөв, үндсэн чиглэл бат­лагдахгүй он дамжсан талцал, маргаан өрнөсөн. 65 суудалтай МАН  айм­гийн АН-ынхныг АТГ, хууль, шүүхээр айлган да­рам­талж, "шүд сугалах” мэхээр ИТХ-ын төлөө­лөгч­дийг татуулж орон нутагт эрх мэдлээ  тогтоо­но хэмээн сүрдүүлж байв. Удал­гүй аймгийн 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын II багт АН-аас  нэр дэвшиж сонгогдсон ИТХ-ын тө­лөө­лөгч Ц.Алтансүхийн төлөө­лөгчийн эрхийг хүчингүй болгож тус той­рогт нөхөн сонгууль  явуу­лахаар болсон. Гэсэн ч айм­гийн ИТХ дахь МАН-ын­хан нөхөн  сонгуулийн хугацааг зарлалгүй хойшлуулж өдий хүрэв. Ж.Эрдэнэбатын үед ЗГХЭГ-ын даргаар ажил­лаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асууд­лыг газар дээр нь шийд­вэрлэхээр очсон ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч аймгийн иргэд­тэй уулзалт хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  биечлэн очсон ч ахиц гар­сангүй. Иймд ирэх зур­га­дугаар сард тус аймагт нө­хөн сонгууль зарлах, эсэхийг харах л үлдэж байна.

 

МАН АЙДАСТАЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд бүдэрсэн. Иймд хариуц­­лагын асуудал ярих ёс­той гэсэн шаардлагыг гишүүд, дэмжигчид нь тавьж ирсэн. Харин намын хорооны дарга нар "Бид  орон нутгийн сонгуульд ялаг­дал хүлээсэн юм биш. Таван хороо, зургаан төлөөлөгчийн асуу­дал шүүх дээр байгаа. Бид ялагдаагүй” гэсэн тайл­бар хэлдэг. Гэтэл Ул­сын Дээд шүүхээс АН-ын талд шийдвэр гарч МАН мар­гаанаа авч чадалгүй өв­дөг шороодсон. 2017 оны аравдугаар сард Баян­зүрх дүүрэгт нөхөн сон­гууль болоогүй. Харин БЗД-ийн X хороон дээр хоёр төлөө­лөгчийн маргаантай асуу­дал шүүхийн шатанд байгаа аж. Ирэх зурга­ду­гаар сараас өмнө шүүхийн шийд­вэр гарч эцэслэгдвэл хоёр  мандат дээр нөхөн сонгууль болно.

 

22 ТОЙРОГТ ДАХИН  СОНГУУЛЬ ХИЙНЭ

Орхон аймгийн сонгуулийн хорооноос АН-аас 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 28 иргэнийг бүртгэж авахаас татгалзсан нь гурван шатны шүү­хээр хэлэлцэгдсэний эцэст Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх хуралдааны 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 320 тоот тогтоолоор  эцэслэгдсэн.  Үүнд  Орхон аймгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойрогт  ИТХ-ын сонгуулийг дахин зарлах үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгосон. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тус аймагт ИТХ-ын нөхөн сонгуулийг  ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх