МОНГОЛЫГ ХЯТАДЫН ХАРААТ БОЛНО ГЭЖЭЭ

 

МОНГОЛЫГ ХЯТАДЫН ХАРААТ БОЛНО ГЭЖЭЭ

 

Төв болон Баруун Европын сонсогчдын ихэнхийг өөртөө татдаг "Евроньюс” агентлаг өнөөдөр дамжуулсан мэдээндээ Монгол Улсыг БНХАУ-ын хараат болох орнуудын тоонд жагсаасан байна. Тэдний мэдэгдэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийд тэргүүлэгч гүрэн болж, АНУ-ын өмнө жагсахаар эдийн засаг, улстөрийн бодлогоо өдрөөс өдөрт хүчирхэгжүүлж байгаа БНХАУ-тай харилцах харилцаандаа ихэд сонор сэрэмжтэй байх ёстой орнуудын дунд Монгол Улсын нэр оржээ. Учир нь БНХАУ-ын зүгээс Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байгааг "Евроньюс”-ын зүгээс сэрэмжлүүлж, "Энэ байдал удаан үргэлжилвэл Монгол Улс эдийн засгийн талаар төдийгүй улстөр, газар нутгийн хэмжээнд ч БНХАУ-ын хараат болох цаг 2-3 арван жилийн дараа тохиохыг үгүйсгэх аргагүй юм” гэсэн байна. Манай улсын тухайд нийт гадны хөрөнгө оруулалтын 30 гаруй хувь нь БНХАУ-д ногдож байгаа бөгөөд үүн дээр нэмэгдээд Монгол Улсын нийт экспортын 80 орчим хувь нь зөвхөн БНХАУ-д оногдож байгааг тооцвол хятадгүй зүйл ховор болжээ. "Евроньюс”-ын зүгээс БНХАУ эдийн засгийн цоо шинэ бодлого төлөвлөж байгааг ч дурдсан байна. Тодруулвал БНХАУ-ын зүгээс далайн боомт, төмөр зам зэрэг дэд бүтцийн аварга том төслүүд дээрээ асар их хэмжээний хөрөнгө мөнгө шидэж, зээлийн төслөөр санхүүгийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгааг ч Европын эдийн засагчид онцолсоор байгааг дурджээ. Мөн хятадаас томоохон хэмжээний зээл авах бүр нь тухайн улсад ихээхэн эрсдэл дагуулдагийг онцолж байна. Хятад нь Ази, Европ, Африкийг дамжсан эдийн засаг, санхүүгийн аварга том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпиний эхлүүлсэн "Нэг бүс, нэг зам” санаачлагын уршгаар Пакистан, Монтенигро, Конго, Кыргызстан, зэрэг дэлхийн найман улс өрийн хямралд өртөж эхлээд байгааг АНУ-ын ашгийн бус судалгааны Олон улсын хөгжлийн төвийн судлаачид илрүүлжээ. Тэр дундаа БНХАУ-аас 50 гаруй тэрбум ам долларын дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг авч байгаагаараа Пакистан улс хамгийн том эрсдэлд орох магадлалтай гэжээ. Мөн тус байгууллагын судлаачид үлдсэн долоон орны өрийн дарамтыг нэг бүрчлэн тогтоохоор хичээн ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал Жибуту улсын гадаад өрийн 82 хувь нь БНХАУ-аас оруулсан хөрөнгө санхүүжилт байгаа талаар 2016 оны төгсгөлөөр мэдээлж байжээ. Түүнчлэн Кыргызстан улсын тухайд л гэхэд 2016 оны байдлаар нийт гадаад өрийнх нь 37 хувийг БНХАУ эзэлж байсан бол энэ тоо ирэх жилүүдэд 71 хувьд хүрэх талаар мэдээлжээ. Мөн Мальдив, Монгол, Тажикстан, Лаос зэрэг улсуудыг өрийн нийтлэг асуудалд орох ихээхэн магадлалтай байгааг онцлон тэмдэглэжээ. 2011 онд БНХАУ нь газар нутгийн маргаантай бүсээр солилцож зээл өгөх гэрээнд Тажикстан улстай гарын үсэг зурсан бол өнгөрсөн онд Шриланк улстай 99 жилийн эргэн төлөлттэйгөөр 8 тэрбум ам долларын зээлийн гэрээ байгуулсаныг тэмдэглэн бичжээ. Ийнхүү "Евроньюс” агентлаг ирээдүйд хятадаас авсан зээлийнхээ төлбөрт ихээхэн эрсдэлд орж болзошгүй орнуудын тоонд Монгол Улсыг багтаасан нь Манжийн дарлалд 200 гаруй жил нухлуулж байсан Монголчуудын хувьд яагаад ч хүсүүштэй зүйл биш юм. Гэтэл авлига хээл хахуульд идэгдэж, энэ үзүүлэлтээр дэлхийн 185 орноос 103-т эрэмбэлэгдсэн Монголын эрх баригчид байсхийгээд л өмнөд хөршөөс зээл, тусламж нэрээр бадар барьсаар байгаа нь ирээдүйд "Монгол Улс орших уу, эс орших уу” гэх аймшигт үнэнийг алгуурхан дөтлүүлсээр байгаа туйлын харалган, гутамшигтай үйлдэл юм.

Д.Түвшин     

http://www.24tsag.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх