Математикийн бодлогыг буруу бодсон бол профессор багш ч оюутанд бууж өгдөг учиртай

 

Математикийн бодлогыг буруу бодсон бол профессор багш ч оюутанд бууж өгдөг учиртайЖ.Даваадулам

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхмийн дэд профессор, Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Онолын математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй эрдэмтэн Жамсранжавын Даваадуламтай ажил, амьдрал, бодол эргэцүүллийнх нь тухай хүүрнэлээ.

 

- Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Намайг Даваадулам гэдэг. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхмийн дэд профессор, МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажил хийдэг. Монголын математикийн нийгэмлэг, Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Боловсролын хувьд МУИС-ийн дэргэдэх төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, МУИС-ийн Математик-Компьютерийн Сургууль, ОХУ-ын Москва хотын Улс Түмнүүдийн Найрамдлын Их Сургууль төгссөн, математикч-математикийн багш мэргэжилтэй, математикийн ухааны доктор хүн байна.

-Та математикийн чиглэлээр хамгийн анхны эрдмийн зэрэг хамгаалсан эмэгтэй эрдэмтэн болсон. Энэ тухайд?
-Онолын математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй эрдэмтэн болсондоо өөртөө бахархаж явдаг даа. Онолын математикийн суурь үндсэн чиглэлийн нэг болох математик анализын чиглэлээр мэргэшсэн.

-Багшлаад хэр удаж байна вэ. Бидэнд түүхээсээ хуваалцаач?
-1997 онд МУИС төгсөөд 21 насандаа Монгол Улсын Боловсролын Их Сургууль гэдэг их айлын өндөр босгыг алхаж олон оюутны өмнө багш нь гээд зогсож байсан хувь заяандаа талархан залбирч явдаг даа. Тэр цагаас хойш Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт зүтгэж байна. 2006 онд докторын зэрэг хамгаалснаасаа хойш Монгол Улсын Их Сургуульдаа багшилсан. Хэдэн арван мянгаар тоологдох шавьтай ахмад багш нарын дэргэд юу байх вэ. Гэхдээ бас л мянгаар тоологдох оюутны өмнө багш нь гэж зогсоод хичээл зааж байсан байх юм. Математик анализ, бодит анализ, комплекс анализ, функционал анализ, шугаман бус анализ гээд хүн төрөлхтний хамгийн сод оюун ухаантнуудын бүтээсэн сонгодог математикийн онолын зах зухаас Монголынхоо залуучуудад танилцуулж зогсоодоо баярлаж явдаг. Оюутнууд минь эхнээсээ эрдмийн зэрэг, цолонд хүрч, албан тушаал хашиж, ажил хөдөлмөртөө гаршиж явааг нь харах сайхан байдаг.

-УИХ-д дуучин Нара өрсөлдөнө гэж байна. Энэ тал дээр таны бодол?
-Болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Монгол улсын 25 нас хүрсэн иргэн бүр өрсөлдөж болно гээд хуулинд заачихсан байгаа биз дээ. Эцсийн эрсдлийг тэр хүн өөрөө л үүрнэ.

-Сүүлийн үед нийгэм эдийн засгийн хямралтай, хүмүүсийн амьжиргааны түвшин доошилсон үзүүлэлт ажиглагдах болсон. Мөн Монгол улсын өрийн хэмжээ улам л өсч байна. Та математикч хүний нүдээр энэ бүхнийг юу гэж харж байна вэ?

-Зүгээр иргэн хүний хувиар бол Монголын заяа түшнэ биз дээ л гэж боддог шүү дээ. Миний нэг эмч найз хэлсэн юм. "Би ямар рентген нүдтэй биш” гэж. Оношлогооны маш сайн эмч. Гэвч тэр хүн аппарат хэрэгсэлгүй бол юу ч гэж хэлж чадахгүй шүү дээ. Түүнтэй адилаар тодорхой судалгаа хийхгүй бол математикч хүний нүд гээд илүү нь юу байх вэ. Эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт хийхийн тулд маш нарийн судалгаа хийх хэрэгтэй гэдэгтэй баргийн хүн санал нийлэх байх. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн үзмэрч маягийн дүгнэлт бол ач тус болохоосоо илүү хор хүргэнэ гэж боддог. Байгаль нийгмийн аливаа үзэгдлийг шууд объект дээр нь судлахаас математик загвар дээр нь судлах нь хамаагүй илүү хямд, үр өгөөжтэй, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байдгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг байсан. Алс холын од гариг, атомын цөм, хар нүх гээд орчин цагийн шинжлэх ухааны олон олон нээлт бол математик судалгааны үр дүн билээ. Атомын бөмбөгний хөнөөх хүчийг судална гээд дэлбэлж үзээд байж болохгүй шүү дээ. Загвар дээр нь тооцоо хийнэ. Бусад олон олон судалгаа бас адил. Үүнд л математикийн шинжлэх ухааны аугаа их хүч чадал оршдог. Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага бол мэдлэгийн эдийн засаг юм. "Мэдлэг бол хүч” гэж аугаа сэтгэгч Френсис Бекон хэлж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Одоо цагт "Мэдлэг бол баялаг” гэж хэлэх цаг ирсэн байна шүү.

Тун удахгүй сонгууль болох гэж байна. Нэр дэвшигч бүр л өөрсдийнхөө хийсэн ажлаа дүгнүүлэх цаг ирлээ. Таны хувьд тэр гишүүн тийм зүйл бүтээсэн эсвэл юу ч хийгээгүй гээд хэлэх хүн байна уу?

- Миний бодлоор их хурлын гишүүн хүн эмнэлэг сургууль бариулах, хийж бүтээх үндсэн үүрэггүй гэж бодож байна. УИХ-ын эрхэм зорилго бол мэргэжлийн хүмүүс, мөнгөтэй хүмүүст үйлдвэр байгуулах, зам гүүр барих, эмнэлэг, сургууль байгуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх явдал гэж ойлгодог. Үүнээс үндэслээд бид хэнийг сонгох ёстой вэ гэдгээ сайтар эргэцүүлэх ёстой болов уу. Миний өмнөөс шийдвэр гаргаж чадах хүн үү, үгүй юу гэдгийг сайн тунгаах ёстой. Хууль тогтоох гэж сонгогдчихоод хууль эрх зүйн анхан шатны мэдлэггүй, төсөв батлалцах эрх мэдэлтэй атлаа эдийн засгийн суурь мэдлэг ч байхгүй бол ямар байх вэ. Одоо бол ихэнх нь тийм л байна. Мэдлэггүй бол мянган сайхан сэтгэлтэй байгаад яах билээ.

-Та сонгуулийн тухай эргэцүүлэл цувралаар бичжээ. Өнөөгийн улс төр нийгэмд шүүмжлэлтэй ханддаг уу, 76 гишүүнийг юу гэж боддог вэ. Ер нь олон гишүүд байх хэрэгтэй юу?

- Би ихэнх монголчуудын адилаар шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын гишүүн хэд байх ёстойг судлах л хэрэгтэй байх. Саяхан болсон "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” хуралд сууж байхад манай БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Бакалавр би докторуудын юу хийхийг заах нь ёс суртахуунгүй хэрэг” гэж хэлэхийг өөрийн чихээр сонссон. Зөв л дөө. Гэвч бид яагаад бакалавр сайдтай байх ёстой вэ? БНХАУ-ын шинжлэх ухааны дэд сайд академич хүн байдаг юм билээ. Дурын хүн академич болчихгүй л дээ. "Математикийн хүрээлэнгийн чиг үүргийг Үндэсний Статистикийн Хороогоор тодорхойлуулна” гээд сууж байсан мэргэжилтэн одоо ч БСШУЯ-д шинжлэх ухааны асуудлаа хариуцаад байж л байгаа. Мал аж ахуйн хүрээлэнгийн чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яамаар тодорхойлуулсан хавьцаа юм бодож л дээ. Математикийн онолын судалгааны эдийн засгийн тооцоо нэхээд сууж байгаа мэргэжилтэн суурь судалгаа хариуцаад сууж байгаа. Теоремыг үнэлээд зарах юм гэнэ. Хэн худалдан авч болохыг нь бич гээд байгаа юм. Ийм хүмүүст юу гэлтэй билээ. Ийм дүр зураг бүх салбарт байгаа гэж бодож байна. Улс төрийн томилгоо замаа алдаж мэргэжлийн нэр хүндийг шавхайтай хутгаж байна. Мэддэг нь хийдэг, мэддэггүй нь удирддаг, зам заадаг тогтолцоог өөрчлөх ёстой.

-Сүүлийн үед БШУЯ-ны бодлого төлөвлөлт хариуцсан дарга Б.Насанбаярын талаар таагүй мэдээлэл гарах болсон. Хариуцлагатай албан тушаал хашдаг энэ хүний тухайд та юу гэх вэ?

- Насанбаяр гэдэг хүнд асуудлын гол нь байгаа биш гэж бодож байна. Мэргэжлийн яаманд ямар ч хамаагүй мэргэжлийн, ямар ч түвшний боловсролтой хүн ажиллаж болдог тогтолцоог өөрчлөх ёстой. Баг бүрдүүлэх нэрийн дор мэргэжлийн байгууллагуудын удирдлагыг сулруулж хүчгүйдүүлдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нэгэнт шилэн данстай болсон юм чинь төрийн албыг бас шилэн болгоё. Яам, агентлаг гээд бүх шатны төрийн байгууллагуудад ажиллагсад ямар мэргэжилтэй, ямар боловсролтой, ямар ажил хийж байсан хийгээд ямар замаар төрийн албанд орсноо тодорхой баримттайгаа ил тодоор олон түмэнд мэдэгддэг байг. Хэнээр удирдуулаад, чиглүүлүүлээд байгаа, хэн бодлого боловсруулж байгааг мэдэх эрх ард түмэнд бий.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *