Монголчууд Мөеө аваргаа эцсийн замд нь үлдлээ

Монголчууд Мөеө аваргаа эцсийн замд нь үлдлээ

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслолын үеэр түүний отгон хүү, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал аавдаа зориулан сүүлчийн үг хэллээ.
М.Даваажаргал:

Энэ гунигт мэдээг Япон улсад байхдаа дөрөвдүгээр сарын 9-нд сонссон. Бидний аав Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсч, мөнх бусыг үзүүлж, тэнгэрийн оронд очих хол замдаа гарлаа. Аавтай маань салах ёс хийхээр ирсэн төр засгийн төлөөлөл, найз нөхөд, хамаатан садан, Монголын ард түмэн, Монголын үндэсний бөхийн үе үеийн бөхчүүд ирсэн байна. Их аварга, Х.Баянмөнх аварга, нутгийн аварга А.Сүхбат, шавь Г.Өсөхбаяр аварга, О.Балжинням аварга, шавь Г.Эрхэмбаяр аварга, Ч.Санжаадамба аварга, С.Мөнхбат аварга маань хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Түүний дотроос "хоёр Мөнх”-ийн маань нэг Х.Баянмөнх аварга хүрэлцэн ирсэнд миний сэтгэл маш их хөдөлж байна. Би өөрөө тамирчин хүн.
Тамирчин хүний гол өрсөлдөгч нь өөрөө болон өрсөлдөгч бөх нь байдаг гэж боддог юм. Яах аргагүй "хоёр Мөнх” бол ХХ зууны үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулсан, тэр дундаа их спортод хоёулаа амжилт үзүүлж, их орон, ард түмнээ баясгасан зүйл болсон билээ. Наадамд нэг нэгэнтэйгээ үнэн шударга даван ялахын төлөө барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн бөхчүүдийг яаж ялах ухааныг хамтдаа хийсэн "хоёр мөнх”-ийн маань нэг түүх болон үлдэж байна. Баянмөнх аваргадаа урт насалж, удаан жаргаж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидний аав Жигжидийн Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Хадан хошуу гэдэг газар Чанцал гэдэг хүний арав дахь хүү болон мэндэлсэн билээ. Нагац ах Жигжид нь өөрийн нэр дээр өргөн авч өсгөн хүмүүжүүлсэн билээ. Бага наснаасаа аав ээжийнхээ дэргэд өсч, мал маллаж, адуу малтай ноцолдож, үеийн хүүхдүүдтэйгээ барилдаж, шатар тоглож, тооны хичээлд дуртай хүүхэд байсан ба Төв аймгийн Лүн сумын дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт Санхүүгийн техникомын сургууль төгссөн болно. 1958 онд сумандаа түрүүлэн сумын заан цол болж, бөхийн спортын гараагаа эхлүүлсэн юм.
Бидний аав 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлэн улсын заан, 1963 онд улсын наадамд ес даван түрүүлэн улсын арслан, улсын наадамд зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэн нийт 22 удаа шөвгөрч, ард түмнээ баярсгаж, даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга аварга цол хүртсэн, Монгол бөхийн зүүн манлай, эгэлгүй хүчтэн байлаа. Тэрбээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Монгол Улсын шигшээ багийн анхны гишүүн болж, 1967 онд Энэтхэгийн Дели хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, 1964 оны Токиогийн олимпод Монгол түмнээ төлөөлөн оролцсон анхны Монгол хүн болж, 1668 оны Мехикогийн зуны олимпоос анхны мөнгөн медалийг хүртэж, тив, дэлхийд төрийнхөө далбааг мандуулж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан гавьяатай хүн байлаа. Удахгүй болох Токиогийн олимпийн наадмын нээлтийн ёслолд аавтайгаа очиж үзнэ гэсэн хүсэл минь биелээгүй ч гэсэн тэнгэрээс харж байгаа аавтай хамтдаа Токиогийн олимпийг үзнэ гэдэгт итгэлтэй байна. 
Бидний аав тамирчин хүнээсээ гадна эх орныхоо хөгжлийн төлөө ардчилсан нийгмийг байгуулахад оролцож, 1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байлаа. Бидний аав "Их шавь”-ийн их сургуулийг үүсгэн байгуулж, олон залуусыг бөхийн спортод хөтлөн оруулж, алдар цолоо мандуулсан олон сайхан шавь нарыг төрүүлсэн багш, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Бидний аавын гавьяаг зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ. Бидний аавын эх орноо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч, эрэмгийн дайчин, нөхөрсөг зан чанар, аатай, омголон дүр төрх, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт нь үр хүүхэд бид болон Монгол түмэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Хайрт минь алаг хонгор үрс тань, алдрай бяцхан ач, зээ нар тань мөнх алдрыг тань өндөрт өргөж бат үйлсийг үеэс үед үргэлжлүүлэн явахаа алтан шарил, ариун сүлдний тань өмнө амлаж байна. Их ухаан, их бярын оргил дэндүү сайхан аав минь эх орон эх нутаг, монгол түмэндээ эргэж төрөөрэй. Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олох болтугай. Ум мани бадмэ хум

Монголчууд Мөеө аваргаа эцсийн замд нь үлдлээ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх