ХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВТОЙ ХӨХ ХОТОД НЭГ ИЙМ “ХЭРЭГ ТАРИВ”

Нямжавын СҮХДОРЖ

МЗЭ-ийн болон "Алтан Өд”шагналт,

2015 оны "Гэгээн-Муза” наадмын жүжгийн шилдэг зохиолч, яруу найрагчХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВТОЙ ХӨХ ХОТОД НЭГ ИЙМ “ХЭРЭГ ТАРИВ”

Уг нь би Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч Нацагийн Жанцанноров даргатай, Өвөрмонголын "Дэдмаа Соёл урлагийн дээд сургууль”-ийн урилгаар Хөх хотод очиж, нэгэн дуулалт жүжиг бичиж тоглуулчихаад ирлээ гэж цээжээ дэлдмээр байгаа боловч миний хэрийн насны хүнд арай даруу бус санагдах учир, бид хоёр Хөх хотод нэг ийм "хэрэг тарьчихаад” ирлээ гэж хошигновол арай элгэмсү дотно сонсогдох болов уу? Энэ тухай өгүүлэх нь.

 

 

Нэг. Сүхээ Сүхээгээ сурвалжилсны учир

 

Манай өвөрлөгчид галт тэргийг "Галт”, онгоцыг "Нисгэл” гэх нь эхлээд сонсоход солгой сонсогдовч хэд сонсоод ирэх нь харин ч оночтой ч юм шигээ. 2015 оны нэгдүгээр сарын 16-нд би Хөх хотын "Дэдмээ соёл урлагийн их сургууль”-ийн багш, нэрт найруулагч Рашням гуайтай Хөх хотын нислэгийн талбайгаас Альшаа хошуу руу орон нутгийн нислэгийн бэсрэгхэн цагаан онгоцоор хөөрлөө. Өвгөн их яриа хүн юм аа.

Нэг зун мөн энэ Альшаагаас Хөх хот орохоор нисч явтал гэнэт "пан” хийх чимээ гаран юм дэлбэрч, онгоцонд явсан хүмүүсийг цав цагаан хөөс ч юм уу, юу ч юм нэг юмаар будаад хаячихаж гэнэ. Хүмүүс айж сандран орилолдон сүйд болж . Өвгөн ч

-За биш боллоо. Одоо ингээд "нисгэл” маань дэлбэрч үхдэг байж гэж бодоод суудалдаа шигдэн мэддэг ганц "Ум ма ни бадмуй хум”-аа уншаад сууж байтал үйлчлэгч нь гарч ирээд

-Хүмүүсээ айж сандарсны хэрэггүй. Зорчигчийн авч явсан айрагны таглаа буудсан байна хэмээсэнд нүүр ам, толгой түрүү, хувцас хунар нь исч сагаад бөглөөгөө мулт буудан цацарсан тараг айраганд будагдсан хүмүүс сая л нэг санаа амарч учиргүй хөхрөлдөж билээ гэх шиг, бас газар нутаг, аймаг хошуу Альшаагийн тухай сонин болгон ам хуурай явсангүй элдвийг хүүрнэн нэг л мэдэхэд Альшаа аймагт ирлээ. Шөнө орой буусан тул чухам ямар газар болох нь сайн мэдэгдсэнгүй. Гэрэл чийдэн гялалзсан орчин үеийн өнгөлөг хот байна. Биднийг Рашням гуайн шавь Арслан өөр хэн хэн ч билээ хэдэн хүн тосч аваад нэгэн тохилог дулаахан буудалд хүргэж өглөө. Эндээс миний ажил эхлэх юм. За ингээд олон долоон дэмий юм бичилгүй гол сэдэвтээ оръё.

Нэг орой Хөх хотын нэгэн урлагийн сургуульд багшилдаг миний найз, Монгол Улсын гавьяат жүжигчин Дагийсүрэн утасдаж,

-Сүхдоржоо манай сургуулийнхан эндэхийн нэг алдарт бөхийн домгоор дуулалт жүжиг тавих гээд Монголоос зохиолч урьж бичүүлье гэж байна. Чи бичээд өгч чадах уу гэж байна.

-Юу чадах уу гэж. Чи миний бичсэн "Хүслийн гал” жүжигт тоглож байсан биз дээ. Мартсан уу. Би сая "Галдан бошгот хаан” дулаалт жүжгээрээ оны шилдэг жүжгийн зохиолчийн "Алтан өд”, шагнал, 2015 оны Олон улсын драмын урлагийн "Гэгээн муза” наадмын шилдэг жүжгийн зохиолчийн "Алтан цом” авчхаад сууж байна гэж томроход минь,

-Харин тэгээд л чамд хэлж байна. За за эргээд ярья гэлээ. Нээрээ удалгүй Хөх хотоос өвөрлөгч гэхээсээ арай ар монголжуу дуудлагатай, зөөлөн намуухан дуутай эмэгтэй, их л найртай мэндлэн

-Сүхээ багшаа таныг бид залж байна аа. Та бидэнд нэг "жохиол” бичиж өгнө үү? гэлээ.

-Аа тэгье. Тэгье. Би Дагийсүрэн гавьяатаас дуулсаан. Алдарт бөх Цагаанзанаагийн \Цагаанзаан\ тухай гэл үү гэвэл

- Бишээ... бишээ ... Бүр өөр сэдэв болсон шүү. Манай Альшаа аймгийн Эзнээ хошууны Сүхээ гэж нэг алдартай хүний тухай

-Юу хийдэг, ямар гавьяа бйгуулсан хүн бэ гэвэл

-Манай хятадын хэдэн түмэн дүнчүүр хүн дотроос Ши дарга 10 шилдэг хүнийг шалгаруулж, тусгайлан онгоцоор залж ордондоо хүлээж авч уулзсан юм. Тэр арван хүний нэг нь ганц монгол хүн. Энэ Сүхээ гэдэг дарга "шуу” гэлээ.

-Дарга хүн үү? гэвэл

-"Оahай” Манай Эзнээ хошууны дарга, дараа нь Альшаа аймгийн бүр том дарга хийж байсан "шуу”. Тэтгэвэрт гарахаасаа хэдэн жилийн өмнө ажлаа хаячихаад Эзнээ хошуундаа ирж, Хар хотын тэнд мод тарьж "пижигнүүлээд” цөл газрыг ойжуулж гавьяа байгуулсан хүн гэлээ. Уг нь Цагаанзанаагийн \Цагаанзаан\ тухай дуулалт бүжгэн жүжиг бичихэд юу байх вэ? Харин мод тарьдаг дарга хүний тухай дуулалт жүжиг бичих гэдэг бас ч амаргүй.

Гэвч нэгэнт "За” гээд туучихсан хүн чинь яалтай. Тэгээд ч анх удаа жүжгийн зохиол бичиж байгаа биш хэд хэдэн кино жүжиг бичиж, тоглуулж байр шагнал хүртчихсэн хүн юм чинь санаанд багтаж байлаа. Ингээд зохиолынхоо гол баатартай уулзахаар найруулагчтайгаа хоёулаа ирж байгаа минь энэ.

Рашням гуай их нэр хүндтэй, ажил зохион байгуулаад сурчихсан мундаг хүн юм аа. Өглөө нь буудлынхаа цай "бадаа”-ны газар орж хөнгөхөн цайлаад ирвэл Сүхээ гуай ирчихсэн биднийг хүлээж байлаа. Сүхээ гуай дал гарсан гэхэд хөнгөн шингэн манай Дандар баатархуу төрхийн паржигнасан чанга дуутай махлагдуу бор хүн байлаа.

Ингээд мэнд усаа мэдэлцсэний дараа шууд л ажилдаа орж өвгөний намтар түүх, ажил амьдрал элдвийг яриулж дуу хураагчдаа бичиж авлаа. Өвгөн ер нь юм юм л үзсэн, задгай цагаан яриа хөөрөөтэй, энгийн сайхан хүн аж. Ялангуяа мод тарихаар гарч ирсэн эхний жилүүдийнхээ тухай ёстой нөгөө өнөөдрийн хүүхдүүдийн хэлдгээр "өнгөт”-өөр ярьж байна аа. Тэр болгоныг энд дурдаад яах вэ? Цаашдаа зохиолд маань санаа болох, чимэг нэмэх ганц нэг зүйлийг харин цухасхан дурдъя.

Анх түүнийг Альшаа аймгийн дэд дарга байж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд Эзнээ рүүгээ явахад, хүний мууд дуртай зарим нэг нь

-Сүхээ баахан хөрөнгө сүйтгээд баригдаад явчихсан гэж цуурч байж. Зарим нь Хар хотын тууринаас нуусан алт олж түүнийгээ авахаар ирж мод тарьсан дүр эсгэж шөнө сэмээр малтаж байж магадгүй гэж дээшээ доошоо мэдээлж байж. Энэ ч аргагүй юм. Нэгэн цагт Их Монгол Улсын арилжаа наймаа, харилцаа холбооны төв боомт болж байгаад мартагдаж элсэнд дарагдсан энэ хотын туурийн эргэн тойрон ус ургамал ч үгүй, амьтан хүн амьдрах нь байтугай, гүрвэл зараа ч тогтох аргагүй хуурай цөл юм. Думдад улсын Засгийн газраас энд мод тарихаар япон, хятадын эрдэмтэд залж судлуулахад энд мод таривал ургахгүй гэж дүгнээд орхисон юм байж.

Гэтэл нэг зөрүүд монгол өвгөн эмгэнээ дагуулан энд ирж буучихаад, гар худаг малтан энэ цөлийг заавал ойжуулна зүтгээд байхаар яах аргагүй нэг учир байна гэж хардах нь зөв юм аа. Бүр сүүлдээ

-Энэ өвгөн эрүүл биш ээ. Сэтгэцийн өвчтэй болсон байх. Эртхэн шиг эмнэлэгт үзүүлбэл таарна гэж үр хүүхэд, ах дүү нарт хэлж байсан хүмүүс ч байсан гэнэ.

- Та заавал энд ирж мод тарих гэж яагаад зүтгэсэн хүн бэ? гэж лавлан суувал

- Энэ чинь миний төрсөн нутаг аа. Энд чинь заг, тоорой, жигд гээд олон сайхан мод ургасан ус умдаатай сайхан нутаг байсан "шуу”. Би тэгэхэд залуу "байсаар”... Шинэ хүчний кадар болж дэвшээд юу ч мэдэхгүй залуу, хошуу нутагтаа сайн юм хийж байгаа энэ гэж газрыг хагалуулж тариа тариалаад, зоос мөнгө олох гэж загийг нь машин машинаар зөөж сүйтгээд ”баса” их нүгэл хийсэн "шуу”. Энэ муу болсоон. Тэгээд би яав ч энд мод тарилгүй горьгүй гэж бодсоон "шуу”. Ингээд хар гэрээ "ханкинуулж” чирээд, халтар эмгэнээ дагуулаад ирсэн "шуу” гэлээ.

Эхний жилүүдэд мод нь ургаж өгөхгүй хэцүү халшрах үе ч байж. Нэгэнт зориг шулуудаад ирсэн юм чинь гэж мод тарьсан ч юмгүй гуяа ганзагалаад буцвал "Амьтан муу хэлж нэр бааствал яана ваа” гэж бодоод зүтгэсээр байгаад гурван жилийн нүүр үзэхэд мод нь хөөрхөн ургаад ирж л дээ. Тоорой мод гурван жил л тордоод орхивол цаашаа өөрөө ургаад явчих юм билээ. Тарьсан модны ихэнх тал нь бүлээн салхи, бүгчим халуун хоёрт тэсэлгүй ч хатсан ч бас хэдэн бут сөөг ургаад ирэхээр урам оролгүй яах вэ?. Мод бутан дээр нь ганц нэг шувуу ирж суудаг болж гэнэ. Энэ шувуу яагаад ирдэг болоо гэж гайхан ажиглавал оготно хулганы мөр гарсан байна гэнэ. Төдөлгүй могой зараа ч үзэгдэх болж. Ус ургамал дагаад амьдрал эхэлдэг юм билээ гэж сэтгэл дүүрэн инээж суухыг нь хараад би бахархахгүй байхын арга байсангүй. Тавин зургаан үндэстний тэрбум гаруй хүн дотроос монгол хүн хийсэн ажил зүтгэлээрээ шилдэг арван хүний нэгд шалгарч орно гэдэг миний хувьд бахархал байлаа.

Төдөлгүй хүмүүс ч мэддэг болж, төр захиргаанаас ч тусалж дэмжиж ажил нь улам өргөжөөд, одоо гүний худагнаас цахилгаан насосоор усаа татаад зөөврийн машинаар модоо усалдаг болсон гэнэ. Энэ ажлын үлгэр дууриал думдад улс даяар өргөн сурталчлагдан хамгийн шилдэг 10 хүний нэгээр тодруулаад Ши дарга нь тусгайлан урихад мань эр

- Би ямар ганцаараа энэ ажлыг хийсэн биш. Олны хүчээр хийсэн шүү. Би ганцаараа бол очихгүй гэж гэж зөрүүдэлсэнд Ши дарга тусгайлан онгоц явуулж, өвгөнийг Эзнээгийн гучаад хүнтэй залан аваачиж ордондоо хүндэтгэл үзүүлсэн гэж байна. За нэг ийм зөрүүд өвгөн миний зохиолын гол баатар даа.

 

Хоёр. Хар хотын салхи хаадын түүхийг жимбүүрдмүй

Маргааш нь бид хоёр Сүхээ өвгөнийхөө тарьсан заг, тооройн төглийг үзэхээр Эзнээ хошуу руу нислээ. Биднийг очиход Сүхээ гуайн хүү бэр болоод мөн л Рашнямаа ахын шавь нар хүлээж авч Хар хотыг үзэхээр хөдөллөө.

ХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВТОЙ ХӨХ ХОТОД НЭГ ИЙМ “ХЭРЭГ ТАРИВ”

 

Хар хот Эзнээ хошууны төв Далайнхөвөөнөөс зүүн урагшаа 25 км зайд, Бадайнжаран элсний хөвөөнд байдаг юм байна. Хэрмийн өндөр нь 10 метр, суурь нь 12 метр, хотын хэрэм зүүнээс баруун тийш 121 метр, хойноос урагш 374 метр шавар хана хэрмийн үлдэгдэл юм. Зүүн өнцөг талын суваргуудыг сэргээсэн бололтой буддын шашны хэв маягтай атал баруун талын булангийн хэрэмний гадна талд нь лалын сүмийн туурь харагдана. Энэнээс харвал түм түжигнэсэн энэ газар ёстой л нөгөө Чингис хааны маань дөрвөн өнгө, таван хэлийн улс бужигнаж байсан бололтой. Миний багад Ховд хотын Сангийн хэрмийн туурь гэж нэг иймэрхүү шавраар босгосон хэрэмний туурь байж билээ. 1950-иад он гэхэд бараг бүтнээрээ шахуу байсан бөгөөд урдны хүмүүс дээгүүр нь хоёр морин тэрэгтэй хүн зөрөөд өнгөрөхөөр өргөн хэрэм байсан гэлцдэгсэн.

Харин Хар хотын туурь бол түүний дэргэд аварга том бүтээн байгуулалтын үлдэц юм аа. Хар хотыг Баруун Шиа улсын Тангуудууд 1032 онд байгуулсан бол Эзэн Чингис Хаан 1226 онд өөрийн биеэрээ цэрэглэн мордож эзэлснээр, Монголын эзэмшилд орж, улам өргөжин хөгжсөн түүхтэй гэнэ. Хар хот нь өмнө чиг, умар чиг зорин одох их аян зам дайран өнгөрдөг, дамжлага боомт одоогийнхоор бол цэрэг стеартикийн чухал ач холбогдолтой газар байж. Тэр цагт энэ газар Эзнээ гол эргээ даван цэлэлзэж, битүү ногоон ой мод шивээлсэн, үзсгэлэнтэй сайхан нутаг байсан тул ногоон орон гэж нэрлэдэг байж. Би Их Монгол Улсын тэнгэрлэг түүхийн нэгэн гэрч болсон Хар хотын дэргэд ирээд зогсож байхдаа өөрийн эрхгүй сүр цохиндуу алдаж билээ.

Хар хотын хавьд амьдарч байдаг Торгууд, Халх ястны дунд ийм нэгэн домог байна. Юань улсын сүүлчээр Мин улс Хар хотыг эзэлж авахаар цэрэг томилжээ. Тухайн үед Хар хотыг Хар баатар гэдэг монгол жанжин хамгаалж байж. Мин улсын цэрэг давуу их хүчээр Хар хотыг бүслэн дайрсан боловч Монгол жанжин Хар баатарыг дийлж чадсангүй. Тэгээд арга ядахдаа нэг шинжээч томилж шинжүүлжээ. Тэр шинжээч нь "усыг нь боовол дийлнэ" гэжээ. Ингээд Мин улсын цэрэг Эзнээ голын голдирлыг эвдэж, холуур тойруулж урсгасан учир Хар хотын цэрэг ардын уух унд тасарчээ. Хар Баатар хот дотроо 80 тохой газар малтаад ус гаргаж чадаагүй тул тэр малтсан нүхэндээ 80 тэрэг эд эрдэнэсээ хийж булаад, хотын баруун хойд хэрмийг цөм цохин дайрч, бүслэлтийг шувтлан гарчээ. Одоо болтол Хар хотын баруун хойд өнцгөөр хэрэм ханыг нь сэт цохисон онь харагдана. Би тэр хэрмийн сэтэрхий дээр хэрэг болгон очиж зургаа татууллаа.

Эзнээгийн Монголчууд олон зуун жилийн турш Хар Баатар болон Хар хотыг шүтэн сүжиглэж, нууцлан хамгаалж иржээ. Хар хот бол Монголчуудын энх тайван гэж нэрлэгдсэн түүхэн цаг үеийн түүхэн бүтээл юм. Монголчуудыг дэлхийд эзэнт гүрнээ байгуулж байх үед цэцэглэн хөгжсөн агуу их хот байж.

Ийнхүү Хар хотын туурины дэргэдээс бодлоо хурааж, өвгөний тарьж ургуулсан заг тооройн төгөл рүү орлоо. Үнэхээр нуль улаан элсэн цөлд хүний гараар ургуулсан заг тооройн төгөл, элсэн манханы хөвөө завсраар сүгсийн ургасан нь содон харагдана.

Хүн үнэхээр сэтгэлээ өгөөд хийвэл юу ч хийж бүтээж болдогийн амьд жишээг би хоёр нүдээрээ харж зогсоно. Үүнийг монгол хүн хийсэн. Монгол хүний гараар бүтсэн амьд шимт ертөнцийн нэгээхэн хэсгийг би харж, бахархаж зогсоно.

Манайхан мод тарих гэж яадаг билээ. Хавар хавраар Ерөнхийлөгч маань манлайлан мод тарих "коммунист" суботниктоо уухайлан мордоцгооно. Ерөнхийлөгчөө бараадсан баахан сэтгүүлчид ерөнхийлөгчийнхөө зургийг авах гэж аппарат камераа санжигнуулан ийш тийш харайлдаж хөл хөөрцөг болцгооно. Ерөнхийлөгч маань

-Бид цагаан хэрэм биш ногоон хэрэм босгоцгооно. Шударга байцгаая л даа гэж том алаг нүдээ эргэлдүүлэн ард түмнээ уриална. Тэгээд л хавар тарьсан мод нь усалж тордох эзэнгүй хаягдсанаас болж үхэж хатаж хог болоод намар нь сугалж хаян дахиад л хойтон хавар нь мод тарих "коммунист” суботниктоо гарцгаана. Модыг ингэж тарьдаггүй юм байна. Үүнийг бүгд л мэддэг боловч хэн нь энэ өвгөн шиг зүрх сэтгэл, амь амьдралаа зориулан зүтгэсэн билээ. Байгаа байх л даа. Түүнийг л олж, тусалж дэмжих хэрэгтэй юм байна.

Тооройг мянган жил ургаж, мянган жил хатаж, мянган жилийн дараа устаж алга болдог амь бөхтэй ганц мод гэлцэнэ. Эзнээд манай "Ээж мод” шиг тахигдан шүтэгдсэн 3000 жилийн настай гэх "Сахиусан тоорой” байна. Гурван удаагийн түймэрт өртсөн ч шатаж унаагүй үлдсэн түүхтэй мод гэнэ. Энэ модыг хараад сэтгэлд нэг сэрхийлээ шүү. Би зохиолынхоо зохиомжийн ерөнхий санааг олчихов бололтой. Ингээнд би дэвтэр дээрээ "Сахиусан Тоорой”... "Ээж мод”... Сүхээг дуудсан... гэж таталган бичлээ.

Энд тэнд элсэн манханд булагдаж хоцорсон заг тооройн хожуулууд, өөр ертөнцийн сүрлэг амьтдын сүрэг шиг, эртний үлэг гүрвэлүүд тарж хэвтээд намайг сониучирхан харж байгаа юм шиг санагдаад хачин сүртэй. Холгүй харагдах элсэн манханд нэг хэсэг нь булагдаж далд орсон ч ил гарсан хэсэг нь яг л аварга том хирс хэвтэж байгаа мэт хачин сонин дүрстэй том хожуул байхыг хараад

-Энэ мөн том хожуулаа. Яг хирс хэвтэж байгаа юм шиг гээч гэвэл

-Энэ юу ч биш ээ. Үүнээс чинь бүр том том хожуул зөндөө байсныг түүгээд барчихлааваа гэж байна.

Хятдын Засгийн газраас газар тариалангаа хөгжүүлэх зорилгоор Эзнээ голын усыг дээд эхээр нь боож нуур цөөрөм байгуулан тасалснаас болж Эзнээ гол ширгэж, Эзнээ голын усаар тэжээгдэж байсан, энэ газар нутаг улам их цөлжжээ. Үүнээс болж Эзнээгийн хүн ам, амьтан ургамал амьдрах нөхцөлгүй болж сүйдэж эхэлсэн байна. Эзнээд үе үе их шуурга дэгддэг аж. Энэ шуурганаар хийссэн түйрэн тоос, нунтаг наанги шороо агаар салхиар хөлөглөн Бээжин байтугай, Япон Солонгос мэтийн далай тэнгисийн орон руу зоргоор айлчлан тэнгэрээс "шороон бороо”, "түйрэн манан” болон буун гайхшруулж, гамшгийн харанга дэлдэж эхэлжээ. Нэг ийм онигоо хүртэл гарсан байна. Бээжин хотод нэг их салхи шуурга болж гэнэ. Яг энэ үед төрийн ордноосоо гарч явсан Ши даргын толгойд нэгэн гялгар уут хийсч ирээд углагдчихаж. Аваад үзвэл "Эзнээгээс илгээв” гэсэн бичигтэй илгээмж байжээ.

Одоо Хятадын засгийн газраас энэ алдаагаа засах бодлого явуулж, говь цөлийг ойжуулахад анхаарлаа чиглүүлж хөрөнгө хаяж эхэлсэн байна. Биднийг очиход Хар хотын орчмыг өндөр хүчидлийн цахилгаантай холбож, засмал зам тавьж, аялал жуулчлалын нэгэн цогцолбор болгохоор бүтээн байгуулалтын ажил нэгэнт эхэлсэн байлаа.

Тун удахгүй "Хөшөө тийш одох, ардын зам балрахгүй” гэдэг шиг Хар хотыг зорьсон жуулчдын зам тасрахгүй нь бололтой.

 

Гурав. СЭТГЭЛД УРГАЖ, ЗҮРХЭНД ЦЭЦЭГЛЭСЭН "ХАЙР ШИНГЭСЭНТООРОЙН

 

Би номноос уншиж, түүхчдээс сонссон домогт Эзнээ гол, Альшаа хошуугаар дөрвөн өдөр явлаа. Эзнээ хошууныхан цэвэр төв монгол аялгаар ярих юм. Энд 30, 40-өөд оны үед Ардын хувьсгалаас дүрвэж, ар монголоос очсон хүмүүс, Дамбийжааг дагаж Ма-жин-сан ууланд бүгж байгаад зугтаж гарсан хүмүүс болоод бүр эрт ирж суурьсан торгууд түмэн суудаг юм байна. Бүгд л тас тас хөхөрсөн "Ээжээрээ хангинуулад цус ...” гэчихсэн хээвнэгхэн хөвүүд охид гүйлдэж явна. Эзнээгийн гол сүмд Жасрай гэгээн гэж их хүндтэй яриасаг буурал байх юм. Очиж жаахан хууч хөөрүүллээ. Ярианы өнгөнөөс үзвэл Ар монголд байж байгаад хувьсгалын үеэр дүрвэж ирсэн хүн юм байна аа. Дээр үеийн сүм хийд хутагт хувилгаадын талаар сонин ярьж байна. Дамбийжаагийн талаар жаахан тодруулаад асуух нь ээ тоймтой юм хэлсэнгүй. Би Галдан бошготын тухай дуулалт жүжиг бичиж байхдаа Галдангийн ах Сэнгэ хааны хатан Занабазар гэгээний эгч Занадарь гэдэг хатан байсан тухай. Тэр хатан Галданг хаан болоход их хүчин зүтгэл гаргаж түүхэн үүрэг гүйцэтгэсэн тул хожим манжууд Галданг дарсны дараа тэр хатныг хайж олоод хороох гэтэл шивэгчин нь хатныхаа хувцасыг өмсөж оронд нь хороогдсон тухай. Энэ хэрэг бүр хожим илэрсэн боловч манж нар өршөөж түүнд зориулж сүм барьсан тухай аман домог сонссон юм. Энэ тухай сураглавал тийм юм сонсоогүй. Манай энд тийм сүм байхгүй гэж байна. Тэр харин Галдан бошготын талаар сүрхий яриа өрнүүлж, хувилгаан хойд дүр нь хоёр дахин төрсөн. Одоо манай Эзнээ баруун хошуунд байдаг энэ тэр гэж сонирхолтой хууч хөөрлөө. За далан долоон юм дэмий ярихаа больж үндсэн сэдэвтээ оръё.

Газарч болоод орчуулагч өвгөн найруулагч маань тусгай ажилтай тул би Эзнээгээс буцаж ирээд Дэ багштайгаа уулзлаа даа. Дэ багш гэдэг маань алдарт дуучин Дэдмээ шүү дээ. Өвөрмонгол одоогоор миний мэдэх алдарт дуучин Лхасүрэн, Дэдмаа, Тэнгэр гурав л байдаг бололтой. Дэ багш намайг хүлээн авч албан ёсоор ярилцлаа. Дэ багш ярьж байна аа.

ХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВТОЙ ХӨХ ХОТОД НЭГ ИЙМ “ХЭРЭГ ТАРИВ”

Дуучин Дэдмаа

1998 онд Японд урилгаар очиж айлчлан тоглолт хийж байтал гэнэт хүнд хэлбэрийн цус харвалт өгч дуулж байсан тайзан дээрээ унаад, шууд эмнэлэгт хүргэгдэн очиж олон хоног ухаангүй байсан гэнэ. Эмчилгээний зардал сүйтгэл ч их гарч. Алдарт дуучин Дэдмааг Японд тоглолтоор явж байгаад хүндээр өвчилж эмнэлэгт хэвтсэнийг сонсоод алдарт дуучин Дэдмаад тусалж эмнэлгийн зардал сүйтгэлийг нь төлөх сайн дурын хандив тусламжийн аяныг орон даяар өрнүүлсэнд зөвхөн өвөрмонголчуудаас гадна хятадын ард түмнээс санаанд багтамгүй их мөнгө цугларсан гэнэ шүү. Ингээд сайхан эмч нарын ач буян, сайн санааны хандив тусламжийн ачаар хөл дээрээ босч тэнхрээд нутагтаа ирж.

-За одоо би энэ олон түмний ачийг яаж хариулах вэ? Эмчилгээний зардлаас үлдсэн мөнгөөр юу хийх вэ? гэж бодож байгаад монгол соёл урлагаа хөгжүүлэхэд л тустай зүйл хийе гэж шийдээд "Дэдмаа соёл урлагийн дээд сургууль” байгуулж өвөрмонголын олон хошуунаас хүүхдүүд элсүүлэн Монголоос багш нар урьж энэ сургуулийг байгуулан ажиллаж хөл дээр нь босгоод байгаа хүн юм. Овоо нэр хүндтэй сургууль юм аа. Өвөрмонголынхоо урлаг соёлыг нарийн ажиглаад байвал үндсэн хэв шинжээ алдах тийшээ хандаж байгаа тул соёл урлагаар дамжуулан дархлаажуулах санаа гаргасан энэ юм.

Тэгээд эд нар урлаг соёлын ажлаа дахиад жаахан дээшлүүлэх ямар арга зам байна гэж ярилцаж байгаад ер дуулалт жүжиг тоглоё. Харин зохиолыг нь Монголоос зохиолч урьж бичүүлье гэж шийдсэн юм байж. Ингээд хамт ажилладаг сургуулийнхаа монгол багш нараас их том зохиолч ирвэл бид бас ажиллахад хэцүү шүү. Бид нартай санаа нийлээд ажиллачих туршлагатай итгэлтэй боломжийн ямар зохиолч байна гэхэд Дагийсүрэн гавъяат намайг хэлсэн юм байна л даа. Ингээд би уригдаж ирээд байгаа нь энэ дээ. Хэлэлцэж тохироод нутагтаа ирж зохиолоо бичих ажилдаа шуудраад явчихлаа. Нэлээд сүрхий хурц хурц зөрчил, хайрын гурвалжин, янагийн явдал оруулан бичээд найз нэрт орчуулагч, жүжгийн зохиолч Норовын Пүрэвдагвадаа үзүүлбэл

-Арай биш байхаа. Цаад ард түмэн чинь Эв хамт намтай шүү. Намын үзэл бодлыг нь түлхүү оруулах хэрэгтэй болох байх аа даа гэсэн нь үнэн байлаа. Ингээд хэлцэж тохирсон ёсоороо цагаан сарын дараа хөгшнөө дагуулан зохиолоо сугавчлан цохиж очвол тосож аваад тусгай сайхан байранд тухлуулан мөн тэр өдрөө сургууль дээрээ хүрээд ир зохиолоо хэлэлцье гэж байна. Яваад очвол найруулагч, зохиолч, зураач, бүжгийн багш, тайз гэрлийн засалч, нам захиргаа, төрийн албаны удирдах ажилтан гэсэн долоо найман хүн сууж байна.

Зохиолоо уншлаа даа. Тун чимээгүй сонсож байна. Дууссаны дараа өргөн шүүмжлэл өрнөлөө. Минийхээр бол болмоор юмнуудыг нь "шүгэмжлээд” байх юм. Би бас хамгаалаад ганц хоёр юм хэлсэн чинь манай хөгшин хажуунаас

-Пүрэвдагва юу гэлээ? гээд чимхээд авч байна. Тэгэхээр нь нь нээрээ ч тийм юм уу даа гэж бодоод тэгсхийгээд больчихлоо. За ингээд дахин засвар хийхээр болоод гарлаа даа. Гурав хоногийн дараа тэдний санааг оруулаад өөрөө ч бас жаахан нэмж чимээд өгвөл аваад, миний хөндлөн бичсэнийг босоо монголдоо буулгаад, заримыг нь хятадаар орчуулан нөгөө хүмүүстээ тараагаад өгчихлаа. Хоёр, гурав хоноод нөгөө хүмүүс нь дахин цуглаад ярилцлаа. Бас л шүүмжлэл гарч байна. Зохиолын баатрын нэрийг нь сольё л гэнэ. Нас нь буруу байна л гэнэ. Дандаа шүлэглээд биччихсэн байна. Заримыг нь үргэлжилсэн үгээр хэлье л гэнэ. Шүлгийг нь дөрвөн мөрөөр хайрцаглахгүй. Задгай байх ёстой л гэнэ.

Жишээ нь "Саяхнаас би ээжийгээ зүүдлээд байдаг болчихлоо” гэсэн өгүүлбэрийг "Орчмоос би ээжийгээ зүүдлээд байдаг болчихлоо” гэх юм байна аа. "Гар зайл” гэвэл "Эндээс өнхөр ... өнхөр...” гэх юм байна аа. "Хөө хэн бэ” гэвэл "Энэ юуны хүн юм” гэх юм байнаа. Бас Сүхээ ингэж байсан. Тэрийг оруулъя. Энийг оруулъя гэсэн санаа ч гарах юм. Ингээд нөгөө надаар халх аялгаар бичүүлсэн үгээ өвөрмонголоо хөрвүүлэх ажил гараад ирэх янзтай. Энэ бүхнийг учрыг нь олох гэж би зүдрэх нь ээ. Хэллээ.

-Хөөе би уран сайхны зохиол бичих юм уу, Баримтат зохиол бичих юм уу. Драмын жүжиг бичих юм уу? Дуулалт бүжгэн жүжиг бичих юм уу? Дуулалт жүжиг дуулахад зориулж шүлэглэх хэрэгтэй. Ардын дуу шиг биччихвэл ая дан хийхэд амар байдаг. Энд бүжиг гээд орхичихсон байгаа. Энэ бол жүжгийн санааг бүжгээр илэрхийлэх тул хөгжим бүжгийн багш голлох үүрэгтэй шүү. Тэгээд тайз гэрэл гээд анхаарах зүйл их бий. Энэ бүхэн нийлж нэг цогц болж байж сая жүжиг маань сайхан болно. Ялангуяа найруулагч, хөгжмийн зохиолч хоёр голыг нь авч гарна шүү энэ тэр гэж баахан бурав аа. Тэгтэл миний хэлснийг Рашням, бүжгийн багш Шүрээ хоёр дэмжиж байна. Бээжингээс найруулагч бас нэг хөгжмийн зохиолч хоёр ирэх юм гэсэн. Ингээд би тэдний хэлсэн санаануудыг оруулан дахин засварлаж "Тоорой нүдлэх цаг” зохиолоо хүлээлгэж өглөө.

Дэдмаа сургууль байгуулагдсанаасаа хойш 14 жилийн хугацаанд "Хайрын уянга", "Хайрын нутаг", "Хайрын сургууль" хэмээн олон олон концерт үдэшлэгийг зохиож байсан бол энэ удаагийн жүжгээ "Хайр шингэсэн тооройн" гэж нэрлэн хайрыг үргэлжлүүлэхээр болов. Ингээд зохиол маань "Хайр шингэсэн тооройн" нэртэй боллоо. Ингээд л би буцсандаа. Сар орчмын дараа Дэдмаа багш ярьж байна аа.

-Сүхээ багшаа. Жанцанноров гуайтай уулзсан шүү. Манай жүжгийн хөгжмийг

Жанцанноров гуй бичиж өгөхөөр болссон шүү. Хаяа эхлээд зөвшөөрөхгүй байсаараа. Би гуйж гуйж гурав хоногийн дараа сая нэг зөвшөөрсөн. Сайн болсон шүү гэлээ

-Өө ямарг сайн хэрэг вэ? Болж болж. Монголдоо бидэнд олддоггүй хүнийг та олоод авчихдаг та ч мундаг хүн юм аа гэвэл

-Бид чинь хуучны танил аа гэснээ Сүхээ багшаа бид таныг явсны дараа зохиол дээрээ жаахан ажилласан шүү. Жанцанноров багш бас зарим газар дуу аялгуундаа тааруулаад нэмж хасах юм байна. Та зөвшөөрнө үү гэж байна.

-За тэр бололгүй яах вэ? Ингэж санаа бодлоо хуваалцаж бичсэн уран бүтээл сайн болдог доо.

-Оhоi сайн боллоо. Би таныг уурлах болов уу гэж айж байсан шүү гэж байна.

Би юу гэж уурлах билээ дээ. Монголдоо уулзах нь байтугай цөөхөн тааралддаг энэ мундаг хүнтэй ганц дуу хийчих юмсан гэж бодож явснаас цаашгүй надад энэ жүжгэн дээр хамтран ажиллана гэдэг тэр бүхэн олдохгүй ховор аз "жавшаан” байхгүй юу. Ингээд Жанцанноровыг Хөх хотоос Монгод ирсний хойно хэрэг болгон утасдаж ярих нь ээ минь

-Оо санаа зоволтгүй болно болно. Болохгүй яадаг юм хө гэж байна. Миний санаа ч амарлаа. Жанцанноров гэдэг энэ сайхан хүн үнэхээр сэтгэл гаргаж, энэ жүжгийн хөгжмийг бичиж, засч залруулж сайхан болгосныг нь би 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн жүжгийнхээ нээлтэнд оролцохдоо л мэдлээ. Дэдмаа багш ч сайхан авьяаслаг залуу жүжигчид олж тоглуулжээ. Үзсэн хүмүүс сэтгэл их өндөр байгааг хараад би бас үүнд миний хувь нэмэр ч орсондоо хэмээн баярлаж урамшиж суулаа.

Хөгжмийн нэрт зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтай Өвөрмонголд дуулалт бүжгэн жүжиг бичиж тоглууллаа гэж цээжээ дэлдэх гэсний маань учир энэ бөлгөө.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх