“Хөдөөх найруулагч” Чимэддоржийн ГАНХУЯГ

 

"Хөдөөх найруулагч” Чимэддоржийн ГАНХУЯГ

Найруулагч Ганхуяг хэмээх залуутай миний бие бас ч гэж хэдэн жилийн өмнө УДЭТ-ын найруулагч Б.Баатарын өрөөнд танилцсан. Дараа нь нэг уулзаад жүжгийн зохиол бүтээлийн тухай ярилцаж байгаад нэг л мэдсэн би Карло Гоццийн "Хятад гүнж Турандот” хэмээх жүжиг орчуулж өгөх болчихсон байсан. Орчуулж өгсөн. Тавихаар болох үедээ УДБЭТ-тавигдсан, тэр үед 7 сард тоглогдож байсан "Турандот” дуурийг драмын гурван найруулагч, хоёр зураач гээд нэлээн хэдүүл үзсэн. Дуурь, жүжиг хоёр өөр өөр урлагийн төрөл зүйл л дээ. Ганхуяг зохион байгуулсан хэрэг.Бид монгол хэлээр зохиолоо уншсан байсан болохоор хоорондоо ярьж, тэр үед үзэж байсан гадны үзэгчдэд хялалзуулж, загнуулж байсан.

Юутай ч хүндлэн дээдлэх учиртай үнэт зүйлд ялгаа байх учиргүй талаар бидний дунд халуун яриа өрнөж билээ. Энэ бол дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн, монгол удамт, доголон хэмээх хочит Төмөр хааныг хэрхэн үзүүлсэнтэй холбоотой байсан. Их хаан Төмөр дуурьт ядарч ягдан, хажуугаар гарах хүн гараа өргөх төдийд айн навтас хийн унадаг хөөрхийлөлттэй байдлаар дүрслэгдсэн байсан. Дэлхийн түүхэнд агуу гэж үнэлэгддэг, Монгол удмын Их хааныг монголчууд бид яав ч ингэж дүрсэлж болохгүй тухай ярьцгаасан. Тийм ээ, Карло Гоцци хэмээх италийн их авъяастан юу гэж төсөөлж, хятад гүнжтэй учруулж бичсэнийг бид өнөөдөр яахан мэдэх билээ. Юутай ч жүжигт (Эл бүтээл "Жүжиг... жүжиг” УБ, 2011; "Дэлхийн жүжгийн дээжис” УБ, 2015 он 11 боть түүврийн Ү ботид тус тус хэвлэгдсэн) Төмөр хаан ядарч, ялагдан нутгаасаа эхнэрээ дагуулан явж байгаагаар дуурьт үзүүлж байгаа шиг тийм байдлаар зохиолд лав бичигдээгүй. Юутай ч Ч.Ганхуяг Төв аймгийн театрын нэр дээр, аймгийн зардлаар СУИС төгсөж байгаа ангийнхны дипломын жүжиг болгон тавьсан. Ч.Ганхуяг театрын даргын хувьд хөөцөлдөн, аймгийн удирдлагууд ойлгон дэмжиж, хийгдсэн нэг ажил бол энэ оюутнууд. СУИС-ийн багш нар жүжгийг үзээд сэтгэл харамгүй магтаж, гар татахгүй дүн тавьж байсан. Харин Төмөр хаан навтас болсон дээл, хувцастай ч толгой гэдгэр, цээж тэнэгэр нэгэн харагдсан. Бас болоогүй хар хорон санаат Турандот гүнжийн оньсого тааврыг тааж, хаан эцгийн нь ч, хатан гүнжийн ч сэтгэлийг татсан хүүтэйгээ ордонд учран, хойморт нь эзэн шиг заларч байгаагаарзангидахыг хараад ижил зохиолыг өөр өөрөөр харж болдогюм байж гэж бодсон. Ийнхүү ижлийг ижил бусаар харж хэрэгжүүлдэг хүн нь найруулагч.

Нэг л жүжиг, тоож анхаарах хэрэг юу байна гэх хүн гарах л байх. Улсын нүүр царай болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрт, нөгөөх нь үзэгчид тэр тусмаа гадныхан очиж үзнэ гэж байхгүй хөдөөгийн театрт тавигдаж байгаа жүжиг. Европ дахинд бол хорвоо ертөнцийн хөгжил дэвшлийн гол төв, ядаж л америк тивийг бид нээсэн гэх ихэрхэл ноёлдог болохоор их хаан байсан ч өөрсдийнх нь биш л бол дорд харуулан баясана шүү дээ. Энэ бол ердийн явдал. Харин бид арай өөрөөр харж, өөр тавих ёстой биш гэж үү? Дэлхийн сонгодог жүжгийн зохиол ч ийн хандахыг зөвшөөрдөг, тэгэх ч ёстой гэж үздэг. Тийн харж тавьсан найруулагч нь хөдөөгийн соёлын ордонд л ажиллаж байсан Ч.Ганхуяг. 

“Хөдөөх найруулагч” Чимэддоржийн ГАНХУЯГ

 

Бас та энэ эмхтгэлээс У.Шекспирийн "Ромео, Жульетта хоёр” жүжгийг хэрхэн тавиад "Гэгээн Муза” наадамд сойн БСШУЯ, МУАХ (Монголын урлагийн ажилтны холбоо)-ны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй комисст үзүүлж, хатуу үг сонсон хасагдаж байсан тухай яриаг үзэх болно. Үнэндээ бол гэгээн ариун хайрын тухай хэн ч мөрөөдөж, тэр ч бүү хэл эргэн санагалзаж болно шүү дээ. Ийм л янзаар гэх үү дээ, галзуугийн больницод хэвтэж байгаа хэсэг өвчтөнүүд энэ жүжгийн зохиолыг олж уншаад, түүндээ автан эмнэлгээс оргож яваад тоглож байгаагаар тавигдсан байсан. Миний санахад хөл толгой нь мэдэгдэхгүй, бүгд л ардчилал, эрх чөлөө гэж ам мэдэн бурах хэрнээ ачир дээрээ нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл үгүй байгаа өнөө үетэйгээ арсалдаж тавьсан болов уу гэж надад санагддаг.

Сонгодог зохиолын дэг эвдэж болохгүй хэмээн уралдаанаас татан буулгасан гэж байгааг Та бас унших болно. Тэгвэл зохиолын юуг өөрчилсөн, найруулагч хүн юу хийж болдог юм бэ? гэсэн асуулт гарна. "Галзуурсан” жүжигчид зохиол уншиж байгаад тоглож байсан. Тэгээд бодохоор лав л зохиолыг өөрчлөөгүй. Харин найруулагчийн эрх хэмжээ гэж юу байдгийг мөхөс би даанч мэдэхгүй хойно ганцхан жишээ л татъя. Өнгөрсөн зууны 40-өөд оноос л Их Британийн тайзны урлагийнхны дунд Шекспирийн зохиолыг хэвэнд цутгасан юм шиг тавиад байж болохгүй гэсэн дүгнэлт хийцгээн, уралдаан зарлаж байсан байдаг. Тэр үед цойлон гарсан найруулагч Питер Брук хожим нь ЮНЕСКО-гийн дэргэд байгуулагдсан Олон улсын театр судлалын төвийг удирдах болсон. Энэ хүний "Хоосон орон зай” ном монгол хэлнээ 2014 онд хөрвүүлэгдэн хэвлэгдсэн. Товчоор хэлэхэд манай "хөдөөх” найруулагч шиг тухайн цаг үе, нийгэмтэйгээ уялдуулан тавих ёстой гэж үздэг юм байна. Ч.Ганхуяг энэ жүжгийнхээ талаар өгсөн нэгэн ярилцлага даа "... гадаадын ямар нэг фестиваль бодож хийсэн юм...” гэж хэлсэн байхыг хараад бас л нэг гашуун харуусал өөрийн эрхгүй зурс хийсэн. Хэнд юу санагдаж байгаа юм бол, би мэдэхгүй. Гагцхүү "copy pacte” хийгээд байжлав болохгүй байх. Ч.Ганхуяг шиг ингэж "хөмөрсөн тогоо”-ноос хальж, харж байгаа найруулагч одоо манайд хэн юм бол?...

Энэ бол "хөдөөх” найруулагч хэмээн нэрлэсний эхний тайлбар. Телевиз, интернэт гээд дуртайгаа үзэж болох боломж буй болсон өнөө үед бид яавал монголоороо байх вэ хэмээн амтай болгон ярих болсон энэ цаг үед өгөх гэж зүтгэж байсан энэ хүний хариулт байж гэж л бидэнд санагдана.

Найруулагч Ч.Ганхуягтай үе үе уулзан уран бүтээлийн тухай хөөрөлдөх болсон. Яриа хаашаа ч савж байж магадгүй. Нэг ярианы үеэр өрнө дахинд домог болон яригддаг Клеопатра хатны тухай жүжиг орчуулж тавъя, "хараад байхад манайхан дэлхийн сонгодог жүжиг гэж цөөхөн зохиолчийн хүрээнд эргэлдээд байна. У.Шекспирээс дутахгүй өчнөөн зохиолч бий шүү дээ. Ерөөсөө Бернард Шоугийн "Цезарь, Клеопатра хоёр”-ыг олж орчуулъя” гээд надад ачаа үүрүүлж билээ.Жүжиг орчуулагдаад гарахын цагт "манай ("Монгол туургатан”) театрын одоогийн боломжоос даваад байна. Дорноговь, Эрдэнэтийн театрынхантай хамтаръя. Хоёулаа очиж уулзъя” гэсэн. Уулзахад "тэгье” гэж уриалгахан хүлээж авсан. Хотожсон манай найруулагчдаас ийм санаа гарч, хүчээ хавсран далайцтай бүтээл хийе гэж санал гаргаж байсан, хийсэн эсэхийг би мэдэхгүй, сонсоогүй. Юутай ч "хөдөөх” найруулагчийн санаа бодлын гэх үү, хүсэл мөрөөдлийн гэх үү цар хүрээ энэ.Жүжгийн орчуулга бас л "Жүжиг... жүжиг”, УБ, 2011; "Дэлхийн жүжгийн дээжис” УБ, 2015, 11 ботийн ҮI ботид хэвлэгдсэн.

Орон нутагт ажиллаж байхдаа "Эмч нар”, "Гарын таван хуруу”, "Буурал аав”,”Эрэл”, "Харанхуй заяа”, "Гэгээн тамлан”, "Хөх галын бурхад”, "Бооцоо”, "Найрын ширээний ууц”, "Хувьсгал” зэрэг үндэсний жүжиг, А.Толстой, Арбузов, У.Шекспир, Гоголь, Марбажеев нарын "Алтан түлхуүр”, "Намрын уянга”, "Макбет”, "Гадаад хэлний багш”, "Сэтгэлд харавсан туяа” гээд олон жүжиг тавьжээ. Улсын драмын эрдмийн театрт өөрийн бичсэн "Эр хүн болгож өгөөч" мелодрам, Улсын циркийн тайзнаа Шекспирийн "Ромео, Жульетта хоёр” жүжгийг модерн хэлбэрээр, Сарны чулуу чуулгад С.Жаргалсайханы "Зүүд шиг учрал”-ыг тавьсан. Энэ бол түүний тавьсан жүжгийн ерөнхий тойм. Тийм гэдгийг эрхэм уншигч Та аймаг амгийнхны ирүүлсэн дурсамжаас харах болно.

Мөн Б.Лхагвасүрэн "Үлэмжийн чанар”, "Элсний хатан”, "Гэгээн тамлан", Ш.Гүрбазар "Хар сүлдний дууль” зэргийг сонгодог хэмжээнд тавилаа гэсэн үнэлгээурлаг судлаачидөгч улмаар "Гэгээн Муза- 2005” наадмын тэргүүн шагнал хүртэж байсан байдаг.

БСШУЯ-ны "Оны шилдэг уран бүтээлч”-ээр 2008 онд шалгарч "Мөнгөн мод цом”, улмаар Монгол улсын "Урлагийн гавъяат зүтгэлтэн” цолоор 2009 онд шагнуулсан байна. Хийх бүтээхийн онгодооржигүүрлэсэн "хөдөөх” Ганхуяг зогсохыг мэдэхгүй урагш довтолгон "Хязгааргүй” рок опероор "Гэгээн Муза-2010” наадмын "Жүжгийн шилдэг зохиолч”, "Шилдэг найруулагч” улмаар наадмын тэргүүн шагнал-"Гран-при” авсан байдаг. Аймаг орон нутаг, хөдөөгийн уран бүтээлчидтэй хамтран авсан шагнал, хийсэн бүтээлийг нь монголын мэргэжлийн байгууллага, хариуцсан яам, Монгол Улсын төрийн зүгээс өгсөн үнэлгээ ч гэж болно.

Бид Ганхуягтай ойр ойрхон уулздаг байсан. Гэр нь Зуун модод байдаг болоод тэр үү манайхаар их ирдэг, уран бүтээлийнхээ талаар их ярилцдаг байсан улс. Яриа нэг л мэдэхэд багшийнх нь тухай дурсамж руу хөлбөрсөн байх...Түүний багш бол Гүрсэдийн Доржсамбуу найруулагч. Манай үзэгчид тайз, дэлгэцийн олон дүрээр нь тэр тусмаа "Говийн зэрэглээ” киноны Арслангаар бүр сайн мэднэ. Тайзны урлаачид бол тавьсан олон жүжгээр нь дуу алдах. Ганхуяг ийм л багшийн шавь.Би ч нэгдүгээр курст байхдаа мөн ч хэцүү, сахилгагүй, зодоон цохион хийдэг, архи дарс ч уудаг дэггүй амьтан байсан юм. Манай багш л намайг татаж авсан...гээд л ярих... Нялхарч байгаа нь тэр. Багш маань даанч эрт өнгөрч дээ... Байсан бол... Багш минь миний өнөөдрийн талхыг, миний ажил мэргэжлийг зааж чиглүүлсэн хүн. Өдий зэрэгтэй явааг минь тэнгэрээс харж л байдаг байх даа... Багшийнхаа хийж амжаагүйг шавийнх нь хувьд гүйцэлдүүлэх юмсан...гэх. Ухаарч байгаа нь тэр. Өнөөдөр би гэдэг хүн цол зэрэгтэй сүрхий амьтан болж. Уг нь багш минь намайг сургуулиас хөөгдөн алдаж байхад торгоож тогтоогоогүй бол юун ийм байх билээ. Ёстой л буруу замаар будаа тээх байсан. Ингээд бодохоор би багшийнхаа уран бүтээлийн нэг зах зааг, үргэлжлэл гэж санах юм... гэх. Гүн сэтгэхүй рүү хальж байгаа нь тэр... Сургууль төгсөөд ч будилж явахад минь ярьж хөөцөлдөж, залж чиглүүлж явсан хүн бол миний багш л гэх... Миний Бурхан энэ шүү гээд багшийнхаа зургийг аравнайлуулаад гэрийнхээ Бурхан тахилтай зэрэгцүүлэн тавих...

Ийм л бодолтой бичсэн жүжгүүдийг бид уншиж эхэлсэн. Та бүхэн анхааран уншаад үзэгтүн. "Аав аа” жүжгийн гол баатар Чимид. Хөдөөний, барагтай юм тоохгүй, хэнтэй ч ялгаагүй нэг янзаар хээ шаагүй харьцдаг, цөлх нэгэн толиотой эр. Тэгсэн мөртлөө сэтгэлийн хайлан. Хэнийг санагдуулж байна? Багшийнх нь кино дэлгэцэнд үлдээсэн Арслан нүдэнд тань буухгүй байна уу? Бас "Эр хүн болгож өгөөч”-ийн эх Мэндээ юу бодож, юу сэдэв гээд бод доо. Бас л нэг цөлх хүний ухаанаас гарах алхам. Ингээд бодвол эмэгтэй л болохоос нисэж яваа онгоц буулгаж байгаад зүлэгт талдаа буун уужуу амьсгаа авдаг эр санаанд тань буухгүй байна гэж үү? "Цадиг үгүйлэгдсэн орчин”, "Нүгэл дагсан Сүнс” гэсэн хоёр нэртэй жүжгийн Аав-Сүнсний гаргаж байгаа ааш авирыг тогтоод нэг бодоод үз дээ. Ганхуяг найруулагч багшийнхаа зургийг зүгээр ч нэг аравнайлуулж тавиагүй хүн бололтой санагддаг.

Эндээс үүдээд Ганхуяг багш даа хөтлөгдөөд зохиол бичсэн үү? Ер нь яагаад жүжиг бичих болсон, жүжиг гэж юуг хэлдэг юм бэ? гэж Танд бодогдож байгаа биз.Зохиол бүтээлийн эрэлдямагт хатдаг хөдөөний найруулагчийн зовлонд харшиж залхсан юм болов уу, аль эсвэл аймаг орон нутгийн театрт тавих цөөн хүнтэй, цомхон жүжгийн хэрэгцээнд шахагдсан уу?Тийм бол аймаг болгоны театр чуулгын найруулагчид жүжиг бичдэг байж таарна. Гэтэл үгүй бололтой. Тэгвэл бичиж туурвих авъяас билэг нь сэрсэн үү,юутай ч бол нэлээн олон жүжиг бичсэн болохыг та бидний эмхэлсэн номноос бэлээхэн харж байна. Номоо цааш лавшруулан үзвэл монгол ахуй, тэр тусмаа нэг нийгэм нөгөөгөөр солигдох үеийн гашуун үнэнийг уг мухраар нь ухан төнхөж, элэглэж, хашгарч бичсэн байхыг үзэх болно. Бас залгаад найруулагч гэдэг нэг л зовсон амьтан уу? гэсэн адын бодол ч төрнө.

Ер нь жүжиг гэж юуг хэлдэг юм бэ?ХХ зууны агуу найруулагч, тайз дэлгэцийн урлагийн их онолчдын нэг В.Э.Мейерхольд л лав бичгийн уран бүтээлийг үргэлжилсэн үг, яруу найраг, жүжгийн зохиол гэж гурав хуваасан байна. Жүжгийг урлагийн олон төрөл чиглэлийн нийлэг цогц гэж тодорхойлох ажээ. Хэрэв тийм бол үнэнээс үнэнийг шигшин үзүүлдэг урлаг бол жүжиг. Харин найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, жүжигчдийг үнэний эрэлд хатган мордуулах анхны шалтаг нь жүжгийн зохиол болж таарч байна.

Нарийвчлан К.С.Станиславский, В.Э.Мейерхольд, Б.Е.Захава, П.Брук, Ж.Стреллер, Ё.Гротовски нарын номноос түүн тодруулж болно л доо. Гэхдээ бид энэ чиглэлийн судлаачид биш, энэхүү эмхтгэлийг баринтаглаж байгаа зорилго ч биш байсан гэдгээ уншигч Танд учирлая.

Нэг иймэрхүү бодолтойгоор Ч.Ганхуяг зохиолчийн жүжгийн зохиолын эрэлд анх мордсон. ЦЭДБЧ-аас сүүлийн хэдэн зохиол нь гарсан. УДЭТ-т тавигдсан гурван жүжгийн хоёр нь гарч ирсэн. Гэрт нь зарим нэг гар бичмэл байлаа. Сураг ажиг тавьтал тэнд ч тийм жүжиг нь энд ч ийм жүжиг тавигдсан гэх яриа гарч байлаа. Юутай ч гарсан сургаар асуухад хувь, хувьсгалын архиваа онгичон бидэнд уужуу сэтгэлээр гар сунгасан Дундговь, УДЭТ, Өмнөговь, Баянхонгор аймгийн театрын уран бүтээлчдэд талархалаа илэрхийлье.

Ер нь яаж эрж хөөцөлдсөн, хүмүүс яаж хандсаны нэгэн жишээг дурдъя. "Надад жүжгийн олон зохиол бий” гэж байсан УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдоржоос "Ч.Ганхуягийн зохиолоос байна уу?” хэмээн сурагласан. Гэтэл өмнөөс "Санчигдан найруулагчийн тавьсан жүжиг байх ёстой, үзье” гэлээ. Тэгсэнээ "Хөөе өнөөх чинь алга. Би сураглаж байна. Батбаярт л өгсөн санагдаад байна. Утас нь болдоггүй. Би хөөцөлдөе. Их хөөрхөн жүжиг шүү. Наана чинь орох л ёстой... "Нүгэл дагасан Сүнс” гэсэн нэртэй”...” гээд л их санаа тавин ярьж байлаа. Асуусаар явтал АЖ П.Цэрэндагва "Хөөе, манай Мэндээ энэ хэд олон жилийн өмнө нэг жүжгийг нь тавьж байсан шүү. Би сайн санахгүй байна. Чи өөртэй нь ярь” гээд утсыг нь өгсөн. Ингээд АЖ Ж.Мэндбаяртай ярьж асуувал "Өө тийм, олон жилийн өмнө, за байз 1991 оны 7 сард. Манай театрын дарга Г.Доржсамбуу найруулагч байсан цаг. Тусгай хөтөлбөр бэлдэн урлагийн цөөн хүнтэй бригад орон нутагт гаргах ажил сэдсэн. Манайхан дор дороо л нийлэн юм хийн мордох болсон. Тэр үед Пүрэвдорж Завханаас, Уртнасангийн Уранчимэг (УГЖ), Нанжидын Онон (одоо хошин шогийн) нар дөнгөж ирээд байсан. Дарамын Батбаяр (Ч.Ганхуягийн ангийн) бид хэд нийлэн Ч.Ганхуягаас зохиол авч "Сүнс” нэртэй жүжиг болгон хөдөө явсан. Үзэгчид маш сайн хүлээж авсан” гэв. Хэн найруулсан юм бэ, гэхэд "Ганхуяг өөрөө байх аа”; Ганхуягийг жүжиг бичдэг гэдгийг яаж мэдэв? гэхэд "Багш нь манай дарга байсан болохоор үе үе ирдэг, уран бүтээлийн талаар их ярьж хөөрдөг байсан юм аа. Тэгээд л тэр. Бид тэр жүжигтэй баруун зүүн, хойшоо урагшаа хэд хэдэн удаа явсан. Өнөө жүжиг нь одоо надад байхгүй ээ” гэлээ. Ярьж сурагласаар байтал Дундговийн театрын архиваас гарч ирж, "Цадиг үгүйлэгдсэн орчин” нэрээр Д.Доржсүрэн тавьсан болж таарлаа. Эргээд Ж.Пүрэвдоржоосоо тодруулбал "Үнэн, бид жижиг бригадаар олон аймаг, сумаар фургонтой, дараа нь вагоноор явж тоглосон. Театр олох орлогын 10%-ийг аваад үлдсэнийг, бидэнд өгөх нөхцөл тавьж байсан. Энхтуяагийн Санчигдан найруулагч "Нүгэл дагасан Сүнс” нэрээр тавьсан. Ганхуяг найруулагч их ирдэг, санаа бодлоо хэлдэг байсан болоод Мэндээ эгч андуурч байгаа байх. Олон жил болж шүү дээ. Үзэгчид их үзэж байсан. Бод л доо, тэр үед Мэндээ эгч, Урнаа хоёр "шинэ гутал авах чадалтай боллоо” гээд л баярлаж байсан. Картаар хүнсний бараагаа авдаг байсан хэцүү цаг шүү дээ” гэлээ. Зохиолч оролцон тавьсан гэх нэрийн хувилбар жүжгийн өгүүлэмжид илүү дөхөм сонсогдож байна. УДЭТ-ын архивт энэ зохиол байхгүй юм билээ. Тийм болохоор бид Дундговийн "Төв халхын дуулалт жүжгийн” театрын урын сангийн архивт байгааг баримтлан орууллаа.

Нийлмэл урлаг туурвигч гол хүн бол найруулагч гэсэн санаа дээр хэлэгдлээ. Уншигч Та номоо цааш анхааран унших аваас Ч.Ганхуяг найруулагч Дундговь аймгийн театрыг "Төв халхын дуулалт жүжгийн”, Төв аймгийн театрыг "Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан” театр гэж нэрлүүлэх гэж хөөцөлдсөн, санаандаа хүрсэн, одоо эргээд санахад маш их хариуцлага, нэр хүнд, хөгжлийн гарц заасан ажил юм байна хэмээн өнөө ажиллаж байгаа хүмүүс нь толгой сэгсрэн ярих ажээ. Энэ бол холын бодолтой, зохион байгуулагчийн хийдэг ажил. Бүр шулуухан хэлбэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлогоор хийх учиртай ажил. Ямар ч байсан ийм ажил Ч.Ганхуяг хэмээх энэ эрхэм хариуцан хийж. Бас театраа мэргэжлийн ур чадвар өндөртэй уран бүтээлчдээр бүрдүүлэхийн тулд жишээ нь Ш.Аюуш гуайг залж, морин хуурч Х.Азжаргалыг урхидаж, аймгийн удирдлагынхаа өмнө хойно орон байж хэдэн хүүхэд СУИС-д хэрхэн сурган төгсгөж байсныг Та харах болно. Бас Төв аймагт ажиллаж байх үедээ "Гэгээн Муза” наадамд орох гэж бэлдэж байх үедээ УДЭТ-тай өрсөлдөхүйц хэмжээний театр болохын төлөө хамтран зүтгэхээр уриалж байсан тухай унших болно. Ер нь "Монгол туургатан” театр гэсэн нэрийг цааш нь лавшруулаад нэг бодоод үз дээ. Дэлхийд манай улс үндэстний гоёдог соёл иргэншил бол нүүдлийн соёл иргэншил. Энэ соёл иргэншлийн амин сүнс нь "Монгол туурга”. Ингээд бодвол "Монгол туургатан” театр гэдэг нэр нүүдлийн соёл иргэншлийн төв гэсэн санаа байсан юм биш үү? гэхчлэн асуулт хөврөх бололтой.

Энд "хөдөөх найруулагчийн” сэдэж байсан бас нэгэн ажлын тухай хэлэхгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Тэр бол "Монголын театрын хөгжлийн академи” байгуулъя хэмээн олон жил ярьж, холбогдох яамнаас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл-гэрчилгээ авсан байсныг хэлж байна. Харамсалтай нь тэрээр сүүлийн үед их өвдөж, эмнэлэгт голдуу байсан болохоор барьцтай ажил болгож, олонд хүргэж амжаагүйг бас хэлэх зөв биз ээ.

Ч.Ганхуяг гэх даруухан, давруухан найруулагч-зохиолч-зохион байгуулагч-холын бодолтоны тухай нэхэн өгүүлж номон зул өргөхөөр бид хичээн зүтгэж багагүй зүйл баринтаглав. Уншигч Танд санах сэрэхийн бага ч атугай оч хүрнэ гэж бид найдна. Харин "бид чинь хажуудахаа мэддэггүй хэнэггүй алхсаар л явдаг улс юмсанж” гэх гашуун бодол л сэтгэл урах юм.

Орчуулагч Н.ПҮРЭВДАГВА

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх