Л.Амарзаяа: P3 радиог цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

Өнөөдөр 5 дугаар сарын 1. Түүхэн хуудсыг сөхвөл "1931.5.1-нд Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, "Ленин” клубын үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлэг” байсан тухай Н.Шаравдорж, Ш.Сүхбаатар нарын бичсэн "Монголын радио түүхэн замналын товч хуанли” (УБ, 1994, 4-5 дахь тал) номд бий. Гэтэл 77 жилийн дараа 2008 оны яг энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал СГЗ Б.Пүрэвдашийн тушаалаар залууст зориулсан Р3 (Пий гурав) суваг нээгдэж, FM 100,9 долгионоор шууд нэвтрүүлгүүдээ сонсогч олондоо хүргэжээ. Харин өнөөдөр РЗ радио маань 10 нас хүрч байна. РЗ радиогийн анхны менежер Лайхансүрэнгийн Амарзаяатай ярилцлаа.

Л.Амарзаяа: P3 радиог цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

 

 

РЗ радио үүссэн тухай бас нэрийг тайлбарлаж өгөөч?

"Р” гэдэг нь Program(Хөтөлбөр), Public(Олон нийт), Peace(Энхтайван), People(Хүмүүс) зэрэг англи үгийг илэрхийлэх бөгөөд "З” гэсэн тоо нь Монголын радиогийн гуравдугаар суваг гэсэн утгатай. РЗ радио үүссэн тухайд гэвэл тэр үед  Монголын радио Шведийн хөгжлийн агенлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтран "Радио өргөн нэвтрүүлгийг ардчиллын хэрэгсэл болгох нь” нэртэй төсөл хэрэгжүүлж байсан юм. Энэ төслийн хүрээнд бодлогын болон боловсон хүчний, техникийн гээд олон сургалт семинар, дадлагажих суралцах хичээлүүдийг Шведэд, Монголд  хийдэг байлаа. Төслийн нэг том хэсэг нь залууст зориулсан шинэ суваг нээх. Тэгээд Монголын радиогийн 2-р суваг Хөгжим, мэдээлэл,  сургалтын "Хөх тэнгэр” радио станцынхаа FM-100,9 долгион дээр түшиглэх болсон. "Хөх тэнгэр” радио станц маань 1994.12.14-нд анх 2 цагийн нэвтрүүлэг цацаж байсан Монголын анхны хэт богино долгионы радио шүү дээ. Ерөнхий редактор А.Буйд-Ахмет, найруулагч Д.Сарангэрэл, хөтлөгч редактор Н.Оюунтунгалаг болон идэвхтэн бичигч, хөтлөгчдийг FM-ын сонсогчид санаж байгаа байх. 14 жилийн дараа буюу 2008 онд анхны FM-ынхээ 100,9 гэсэн долгион дээр Монголын радиогийн 3-р суваг Р3 мэндэлсэн түүхтэй  юм.

Тэр үед та "Хөх тэнгэр”-ийн хөтлөгч байсан байх аа?

Тийм тийм. Тэгэхэд би Монголын радиогийн Цэнгээнт нэвтрүүлгийн алба, "Хөх тэнгэр” радио станцын менежерийн ажлыг хавсарч, дуртай болохоор  хажуугаар нь хөтлөгчөө хийчихдэг байлаа. "Хөх тэнгэр”-т найруулагч Д.Сарангэрэл ах, Цэнгээнтийн "Боломж” хөтөлбөрт  хөтлөгч редактор Ж.Ариунгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Нандинцэцэг, Т.Баярмаа, найруулагч Д.Батбаяр нар ажилладаг байсан юм.

Шинэ суваг нээнэ гэдэг нүсэр ажил байх даа?

Тийм юм билээ. Шинэ суваг маань шинэ өнгө төрх, шинэ хэмнэлтэй байх ёстой гээд л үндсэн  шаардлагууд гарч ирсэн. Түүнээс гадна техникийн шинэчлэл маш чухал. Тэр үед радиогийн  техникийнхэн маань завгүй ажиллаж, инженер Т.Нарангарав, У.Зандмаа нар бараг л Р3-ын гишүүн шиг болсон доо. Монголын радиогийн болон "Хөх тэнгэр” радио станцынхаа дуу хөгжмийн фондыг түшиглэхийн зэрэгцээ гадаад дотоодын  шинээр гарч буй дуу хөгжмөөс цуглуулж эхэллээ.  Шинээр баг бүрдүүлэх дээр хэрэг мандлаа. "Цэнгээнт”-ийн охидоо өөртэйгөө хөтлөгч болгочихно гэж тооцоолж байсан маань талаар болж, Шведийн мэргэжилтнүүд "Цоо шинэ дуу хоолой дуугарах ёстой” гэж  шаардаад сандаргалаа. Хос 6 хөтлөгчийн эрэлд гарлаа даа.

Л.Амарзаяа: P3 радиог цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

 

 

Тэгээд хөтлөгчдөө яаж сонгосон бэ?

Цаг тулчихсан байдаг. Бэлдэж байсан хөтлөгчдийг маань авсангүй. Хамгийн түрүүнд Жигжидийн Ариунгэрэл "Боломж” хөтөлбөрөөсөө гарч, шинэ сувагт ирэхээр боллоо. Хэдийгээр монголын радиод сонсогчидтой болчихсон байсан ч шинэ сувагт шинэ дуу хоолой болж чадах төдийгүй бусад хөтлөгчдөдөө үлгэр дуурайл, чиглүүлэгч нь болж чадах хүн байсан. Эфирийн нэр нь Ари. Ари угаасаа мэргэжлийн сэтгүүлч, шинийг сэдэхдээ сайн, аливаад нухацтай ханддаг, маш найдвартай хөтлөгч. Ари эфирт гарч байхад санаа амар байж болно.

Дараа нь Монголын радиод нэвтрүүлэгчээр дагалдан хийж байсан, монгол хэлний багш мэргэжилтэй Батбаярын Эрдэнэцэцэгийг сонголоо. Радиогоор "Номингийн цаг” нэвтрүүлэг уншиж байхыг нь сонсоход хоолой нь тунгалаг, сонсголонтой санагддаг байсан юм. Уулзаад учирлан ятгаж байж урвууллаа. Ингэж Эма гэдэг хөтлөгчтэй болсон. Эма маань их тогтуун намбатай, хэлж ярьсныг хүлээж авахдаа сайн. Эхэндээ шууд хөтлөлт хийнэ, өөрөө нэвтрүүлэг бэлтгэнэ гэхээс эмээж байсан ч дараа нь олон сайхан нэвтрүүлэгтэй болсон.

Радиогийн Захидал харилцааны албаны социалогич Нямсүхийн Саранзаяа гэж охин хааяа надаар уншилт заалгадаг байсан юм. Албаны дарга Т.Батзоригоос нь гуйж байгаад, мэдээж өөрөө маш дуртай зөвшөөрсөн болохоор Сараа хөтлөгчөө багтаа авлаа. Сараа цоглог, идэвхтэй, юманд анхааралтай ханддаг, их санаачилгатай.  Эфирт дандаа инээмсэглэн ярьдаг, өөдрөг охин. 

Тэгээд эрэгтэй хөтлөгчдөө яаж олов?

Эрэгтэй хөтлөгчдийг маань радиогийн Найруулагч нэвтрүүлэгчдийн албаны дарга байсан Гаваагийн Болор эгч олж өгсөн гавъяатай хүн. Радиод найруулагчаар бэлдэж байсан Балжиннямын Батболд, Баатарын Төмөр хоёрыг, дараа нь РТДС-ийн хөтлөгчийн дамжааг дүүргэсэн Сэрээтэрийн Эрдэнэбилэг гэж залууг санал болголоо. Болдоо маань жүжигчин мэргэжилтэй болохоор ч тэрүү их нийцтэй, хос хөтлөлтийн үед маш сайн хамтрагч байж чаддаг. Одоо Р3-ын маань продюссер хийж байгаа.Төмөрөө бас монгол хэлний багш, гэхдээ их хөгжимлөг гитар тоглоно, мэдрэмжтэй, аливааг өөр өнцгөөс харахдаа сайн. Эрка дуу цөөтэй, бүрэгдүү ч дуу хөгжмийн сонголт, DJ стиль нь сайн. Цахилгаанчин мөртлөө хоол сайн хийнэ, юм юманд сонирхоно. Хөтлөгчийн дамжааг сонирхож төгсөөгүй бол радиод орох боломжгүй шүү дээ.

Бэлдэж байсан хөтлөгчид чинь яасан бэ?

Хөтлөгч редактор Б.Жаргалмаа, Ц.Нандинцэцэг нар маань Р3-ын анхны хөтлөлт хийж тусалж байгаад Монголын үндэсний радиогийн "Цэнгээнт нэвтрүүлгийн алба”-ндаа үлдсэн. Энэ хоёрын маань үлгэр дуурайл анхны хөтлөгчдөд загвар болж, хүч зориг өгсөн гэж боддог. Шинэ дуу хоолой болж чадахгүй гэсэн бас нэг хөтлөгч нь би шүү дээ(инээв). Яагаад гэхээр өмнө нь радиогийн "Өглөөний мэнд”, "Улаан шугам”, "Боломж”, "Цэнгээнт” нэвтрүүлгийн хөтлөгч, бас "Хөх тэнгэр” радио станцын хөтлөгч байсан болохоор сонсогчдод танил учраас РЗ-т хөтлөгч болгохоос түдгэлзүүлж, менежер болгосон. Хөтлөгчөөр ажилламаар байна гэж хирэндээ тэмцээд дийлээгүй ээ, Шведийн мэргэжилтэн Марика, Петр нар намайг ятгаад инээдтэй юм болсон. Тэгээд ч удалгүй шууд томилж, захирлын тушаал гарсан. 

Бидний мэддэгээр найруулагч, ФМ-ынхээр бол продюссер гэж чухал албыг Дэнзэнгийн Батбаяр хийх болсон нь Р3-ын аз байсан. Монголын радиогийн чадварлаг найруулагч Баагий маань Р3-ын дуу хөгжмийн бодлогыг маш сайн тодорхойлдог, нэвтрүүлгүүдийн эхлэл, төгсгөл, шторк, реклам хийх гээд бүхий л ажилд үлгэрлэгч, дагуулагч, удирдлагын түвшинд ч чамбай зохион байгуулагч. Удалгүй Болдын Болормаа гэж манай Р3-ын мэдээний редактортай болсон. Эхэндээ идэвхтэн байдлаар ажиллаж байсан ч хамт олондоо бол хэзээний нэг хэсэг нь. Няхуур, мэрийлттэй, үг сайн сонсоно тэр хэрээр тусгаж авахдаа сайн. Их бүтээлч сэтгэлгээтэй, радиод үнэн сэтгэлтэй. Ингээд бид чинь "Ерөөлийн ес” гэдэг багаар ажиллаж байсан даа.

Л.Амарзаяа: P3 радиог цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

 

 

Шинэ баг бүрдүүлж ажиллах ямар байв?

Өмнө нь юу хийхээ мэддэг, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байсан болохоор амар байж. Р3-т Д.Батбаяр, Ж.Ариунгэрэлээс бусад нь дандаа шинэ,  залуу хүмүүс, туршлага байхгүй. Багш, социалогич, жүжигчин, цахилгаанчин мэргэжилтэй хүмүүсийг шууд эфирийн хөтлөгч болгоно гэдэг амар байгаагүй л дээ. РЗ-ын хөтлөгчид маань редактор, найруулагч, техникч, хөтлөгчийн ажлаа хавсраад хийнэ гэсэн үг. Энэ бүгдэд сургах хэрэг гарсан. Нэвтрүүлгийн бодлого, сэтгүүл зүйн болон хөтлөх ур зүй, найруулга, техникийн асуудал гээд л... Гэхдээ манайхан аргагүй л залуу хүмүүс гэсэндээ богино хугацаанд маш хурдан суралцаж, хөгжиж, төлөвшиж, дадаж байсан. Хөтлөгчдөөрөө үнэхээр бахархдаг. Ажлын хажуугаар Эрка, Эма, Сараа нар маань Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлчийн дээд курст сураад авсан авхаалжтай залуус шүү.

Шинэ хамт олныг удирдаж байсан хүний хувьд?

Бид шинэ радиогоо нэр хүндтэй байлгах гэсэндээ өөр хоорондоо чөлөөтэй харилцан ярилцаж, бие биедээ  хэлж, сануулж, сургадаг, суралцдаг, сонсдог, талархдаг, баяр хүргэдэг "Ардчилсан хамт олон” байсан гэж боддог. Амжилт ололтыг ярихад мэдээж сайхан. Харин хөтлөгчдийнхөө эфирт гаргаж байгаа алдаа дутагдлыг менежерийн хувьд тэмдэглэж аваад өөрт нь, заримдаа бусдад нь санамж болгон хэлж өгнө. Эхэндээ энэ байдал надад ч тавгүй, бусдад маань ч дасаагүй болохоор ихэнхдээ таалагддаггүй байсан. Шведийн радиогийн тогтсон хэв маяг нь тийм, алдаанаасаа суралцаж хөгждөг юм билээ. "Хүмүүст, сонсогчдодоо дандаа сайн сайхан сэтгэгдэл төрүүлж байгаасай, миний анзаарсан дутагдал битгий мэдэгдээсэй” гэж  бодно. Алдаагаа дахин давтахгүй байвал баярлана. Олон юм зэрэг сурч байгааг нь бодохоор бахархаж дандаа л урамшуулаад баймаар. Гэвч ажил бол ажил шүү дээ. Би ажлаа сайн хийвэл хөтлөгчид маань сайжирч, радио маань мэргэжлийн байж чадна гэж боддог байлаа. Р3 радио шинэ өнгө хөгтэй, шинэ юм болохоор бас янз бүрийн эсэргүүцэлтэй тулна л даа. Ихэнх нь надад хандаж хэлнэ. Магтахаасаа шүүмжлэх нь их. "Танайхан эфирт их инээх юмаа. Гудамжинд яваа биш дээ”, "Ямар их дуу явуулдаг юм бэ, хөтлөгчийн хэрэг байгаа юм уу?”, "Гуравхан мэдээ уншаад болоо юу?” гэх жишээтэй. Мэдээж анхаарууштай зүйлийг бол тойруу замаар хэлнэ. Ихэнхийг нь өөртөө хадгалчихна. Юм болгоныг тоочоод байвал залуу улс шантарчихна биз дээ?

 РЗ-ын хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

Бид Шведийн радиогийн загвараар ажиллаж байсан болохоор хөтөлбөр маань сонирхолтой санагддаг байлаа. Товчхондоо бол Жүрж (Orange) зураад нэвтрүүлгээ төлөвлөдөг. Манай өрөөгөөр дүүрэн жүржийн зураг. Бид хараад л ямар бүтэцтэй нэвтрүүлэг, хэн хийх гэж байгаа, ямар хугацаатай болохыг мэднэ. Ерөнхийдөө өглөө, өдөр, оройн шоу гэсэн 3 том хөтөлбөртэй, 30 минут тутамд 3 мэдээ дамжуулна, хөтлөгчдийн бие даасан нэвтрүүлгүүд, радиогийн хит парадууд, бусад нь дуу хөгжмийн цаг байсан. Мэдээ гэхэд 3-5 минутанд багтана. Ярилцлага ч бас удаан байж болохгүй. Учир нь залуу сонсогч тогтворгүй байдаг учраас их яриа, олон мэдээг нэг дор хүлээж авч чаддаггүй гэнэ.  Харин хит дууг бол хэд ч сонссон уйдахгүй. Тиймээс дуртай дуу хөгжмийг нь харамгүй сонсгохоос гадна амьдралд хэрэгтэй, мэдүүштэй, гол нь баталгаатай, эх сурвалжтай, баримттай гуравхан мэдээг "Цомхон” булангаараа хүргэдэг байлаа. Монголын радиогийнхоо "Хурд” агентлагийн мэдээг түшиглэнэ. Бас интернэт, сайт, сонин сэтгүүлээс авна, боломжтой үедээ өөрсдөө сурвалжилна. Мэдээг бэлтгэхдээ үг сонголтонд анхаарч албаны биш, ойлгомжтой  хөнгөн үг хэллэг, богино өгүүлбэрээр бичнэ, эх сурвалжаа заавал дурдана. Мэдээний Б.Болормаа маань энэ стандартыг маш сайн баримталж сурсан даа.

Сэтгэлээс гардаггүй тод дурсамжаасаа хуваалцаач?

Олон сайхан дурсамж байна аа. Манайхан шоу, реалити үе үе хийдэг байсан. "Тамхины эсрэг хамтдаа”, "УБ хотоо хир сайн мэдэх вэ?”, "Бэлэг авч үзэх юмсан” гэх мэт. Заримыг нь Монголын Үндэсний телевизтэйгээ хамтраад хийнэ. 2010 он угтсан жил байсан санагдаж байна. Шинэ жил, энэ тэр гээд хөл  хөөрцөг болохтой зэрэгцээд бэлэг ч авч үзээгүй хүүхэд зөндөө байгаа тухай санааг Ари гаргасан юм. Ингээд бид "Бэлэг авч үзэх юмсан” нэртэй ганц нэг нэвтрүүлэг хийсэн чинь сүүлдээ асрах газрын хүүхдүүдэд бэлэг цуглуулах хөдөлгөөн болж өрнөсөн юм даа. Зөндөө бэлэг цуглуулсан. Сонсогчдоос, байгууллагуудаас өмсөхөө болсон, багадсан хуучин шинэ хувцаснууд, тоглоомууд, чихэр, бэлэг, өөрсдөө хийсэн гар урлал, дэлгүүрээс худалдаж авсан, хуучин шинэ ном сэтгүүл гээд хүүхдэд хэрэгтэй, хүүхдийг баярлуулах юу байгаагаа сонсогчид маань өөрийн биеэр авчирч өгч байсан, гоё байгаа биз? "Би хүүхэд байхдаа тоглож байсан хайртай тоглоомоо аваад ирлээ. Өөрөө хүүхэдтэй болохоороо тоглуулна гэж боддог байсан чинь танай радиог сонсоод тэсэлгүй аваад ирлээ.  Нэг хүүхэд ч гэсэн бэлгэнд авч, тоглож баярлаг” гээд бамбарууш барьчихсан зогсож байсан сонсогч залууг тод санаж байна.  Тэгэхэд радио ямар хүчтэй болохыг, радиогийн сонсогчид маань ямар сайхан хүмүүс болохыг мэдэрсэн.

Р3-ын нэг насны төрсөн өдөр бас нижгэр болсон л доо. Сонсогчидтойгоо роликоор гулгаад дараа нь Tedy-гийн гадаа задгай талбайд хамтдаа хамтлаг дуучидтай дуулаад л сайхан байсан. Манайхан чинь анхнаасаа л сонсогчидтойгоо их дотно. Яагаад гэвэл радиогийн гол хамтрагч, зорилтот бүлэг чинь сонсогчид шүү дээ. Хааяа бие даасан нэвтрүүлэг хийхээр ганцаараа хөтөлнө. Тэр үед хань болдог хамтрагч бол яах аргагүй сонсогч. Энэ дашрамд Р3-ын сонсогчиддоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

За тэгээд Монита, салхинд гарах гээд яриад байвал олон дурсамж хөврөхөөр байна. Монита гэснээс "Хурд” агентлагийн сурвалжлагч, дараа нь ерөнхий редактор байсан Эрдэнийн Эрдэнэчимэг гэж найзтайгаа анх Монголын радиод "Монита” тоглоом тоглуулдаг байснаа Р3-ынхандаа уламжлуулсан. 2010 он угтах торгон мөчийг Монголын Үндэсний радиогоор орон даяар, мэдээж FM- 100,9 сувгаараа манай Р3-ынхан дамжуулсан юм. Тэгэхэд хүн бүхэн хүслээ хэлж байсан нь одоо бараг биелцгээжээ. Болормаа ажилдаа жинхлүүлэх юмсан гэсэн, одоо радиогийн албан ёсны  хүн болсон. Сараа гадаадад явж үзэхсэн гэж байсан, удалгүй Швед явсан гэх мэтээр.

Шууд эфирт гарч байсан хөгжилтэй зүйл?

Манай Р3 чинь Монголын FM радиод анхны хос хөтлөлтийг гаргаж ирсэн шүү дээ. Хааяа хөтлөгчдөөс маань хэн нэг нь өвдөнө, ажил гарна, хичээлд явна. Орлох хүн олдохгүй үед би хаа нэг гарчихна. Нэг удаа тийм маягаар эфирт гарлаа. Утасны дуудлага авсан чинь нэг  сонсогч "Шинэ хөтлөгч гэхэд сайн ярьж байна шүү. Хоолойг чинь сонсохоор залуухан юм шиг, яриаг чинь сонсохоор хорь гарчихсан байх” гэдэг байгаа. Тэгэхээр нь би өөрийнх нь насыг асуулаа, 16-тай гэнэ. Хариуд нь "Би чамаас эгч юм байна” гээд өнгөрсөн.  Эма, Ари хоёрын аль нэгтэй нь хамт байсан санагдаад байна. Хоёулаа микрофоноо унтраагаад түс хийтэл инээж билээ. Гэхдээ би баярласан. Эфирт гарахад миний дуу хоолой залуухан сонсогдох юм байна, сонсогчдод тоогдох юм байна гэж. Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ.

Л.Амарзаяа: P3 радиог цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

 

Баярын өдөр мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

Баярлалаа. Р3 сувгийг нээх гэж хүчин зүтгэж, тусалж дэмжсэн Монголын Үндэсний радиогийн удирдлага, хамт олондоо, Шведийн радиогоос ирж зааж, сургаж байсан бүх мэргэжилтнүүддээ, 10 жилийн хугацаанд Р3 радиод ажилласан, ажиллаж байгаа бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Хамгийн халуун дотноор хүлээн авч 10 жилийг хамтдаа угтаж байгаа сонсогчиддоо баярын мэнд хүргэе ээ.


Эх сурвалж: "Өнөөдөр" сонин, Ц.Энхмаа

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх