Н.Номтойбаярын тарьсан балгийг С.Чинзориг үүрэхийн учир юу вэ

Өнгөрсөн сарын 26-нд МСҮТ, политехникийн коллежийн захирлаар ажиллаж байсан гэх нэр бүхий есөн хүн ХНХ-ийн сайд С.Чинзоригийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ. Мэргэжлийн боловсрол сургалтын салбар нь унаж доройтсонд санаа зовж, унагаж нураасан буруутныг гэсгээн цээрлүүлэхийг хүсэмжилсэн утга агуулгатай энэхүү албан шаардлагын амин сүнс нь ажлаас халагдсан  захирлуудын асуудал юм билээ.

 

 

Учир юу гэвээс, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар дахь МСҮТ, политехник коллежийн захирлаар ажиллаж байсан энэ хүмүүсийг ажлаас халах шийдвэр дээр дурдсан С.Чинзориг сайдыг ажлаа авахаас бараг жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард гарч байжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг халах тушаалыг С.Чинзориг биш тухайн үед салбарыг удирдаж байсан Н.Номтойбаяр гаргасан байх юм. Бүр тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 40 гаруй сургуулийн 17-гийнх нь захирлыг Н.Номтойбаяр сайд өнгөрсөн оны нэгдүгээр сард чөлөөлж, оронд нь өөрийн хүмүүсийг томилсон нь өдгөө ийн асуудал үүсгээд байгаа аж.

Энэ талаар Н.Номтойбаярын тушаалаар ажлаасаа халагдсан "Улаангом” политехникийн коллежийн захирал асан Д.Баттогтохоос лавлахад "2016 оны УИХ-ын сонгуулийн дараа гэнэтхэн л нэг өдөр сургуулиудын захирал, багш нарыг бөөнөөр нь халсан. Тэгэхдээ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмаар бидний Үр дүнгийн гэрээг шуудхан 59 хувиар буюу хангалтгүй гээд үнэлчихсэн. Хамгийн гол нь, ингэж үнэлэхдээ бидний тайлбар, үгийг огт сонсоогйү төдийгүй 2017 оны нэгдүгээр сард ажлаас халсан. Энэ шийдвэрийг үл зөвшөөрч шат шатны шүүхэд хандахад бүгд бидний талд шийдвэр гаргасан. Дээд шүүхийн шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан. Энэ шийдвэрээс хойш бид ШШГЕГ-т хандлаа, холбогдох бусад байгууллага руу очлоо. Мөн С.Чинзориг сайдтай биечлэн уулзсан” гэсэн хариулт өглөө.

Эндээс харахад мөнөөх л хууль бус халаа сэлгээ, намын харъяаллаар ялгаварлах зэрэг асуудлаас энэ бүхэн үүдэлтэй. Хамгийн гол нь, гурван шатны шүүхийн шийдвэр ажлаас халагдсан хүмүүсийн талд гарсан учраас одоо төр засаг хүссэн, хүсээгүй хариуцлага хүлээж, адаглаад ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг бодож олгохоос аргагүйд хүрч байгаа гэсэн үг. Нэг захирлын сарын цалинг нэг сая орчим гээд тооцвол нэг хүнд дор хаяж 12-13 сая төгрөг төсвөөс нөхөн төлөх хэрэгтэй болох нь гэж хар ухаанаар ойлгогдоод байгаа юм. Харин энэ хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халсан сайд асан Н.Номтойбаяр ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй.

Дээр нь мань эр Засгийн газрын кабинетэд ормогцоо хариуцсан салбартаа баахан халаа сэлгээ хийж, тодорхой шалтгаангүйгээр баахан хүнийг ажилгүй болгосны хариуцлагыг хаа байсан дараагийн Засгийн газрын ХНХ-ийн сайд С.Чинзориг үүрэх болчихоод байгаа нь хачирхалтай.

Гэхдээ энэ бол зайлшгүй анхаарах асуудлуудын нэг мөнөөс мөн. Учир нь өнөөдөр Монгол Улсад аль ч салбарт ажиллах хүчин, бодлогын залгамж халаа хэмээх тун чухал мөрдлөг үгүй болчихсон. Буруутан нь төр, засгийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр том нам гэчихэд хилсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Учир нь аль ч нам нь засгийн эрхийг авлаа гэхэд өмнөх намын үеийнхнийг хуугаар нь халж, өөрсдийн гэсэн хүмүүсээ томилдог. Гэтэл сүүлийн үед парламент биш Засгийн газар солигдоход хүртэл төрийн албыг самарч, бусниулах болсон. Тиймээс үе үеийн төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар энэ асуудалд нухацтай хандаж, жирийн иргэдийг хохироолгүй ажиллах онц шаардлагатай болж байна.

"Өглөөний сонин"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх