Эрхэм хүндэт, эрдэмтэн буурал багш та амгалан нойрс доо

Монголын орчин цагийн урлагийн нэрт зүтгэлтэн, гарамгай сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн онолч, дуун хөрвүүлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт доктор Дамбийнямын Жанчив насан эцэс болжээ. 

Эрхэм хүндэт, эрдэмтэн буурал багш та  амгалан нойрс доо

 

1940 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, бага, дунд сургуулиар хүмүүжээд, 1957-1962 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийн дэргэдэх Хөгжмийн дунд сургуульд найрал дууны удирдаач, багш, 1966-1971 онд Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг дуурь, симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн Монголын хөгжмийн урлагийн тулах багануудын нэгэн билээ. 
Оросын хөгжмийн дэлхийд алдартай хоёр сургуульд суралцах хоорондоо тэрээр Улаанбаатар хот дахь Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу, хөгжмийн салбарын эрхлэгчээр ажиллаж байв. Тэр л үедээ өнөө цагийн хөгжмийн урлагийн алдартнуудыг сурган хүмүүжүүлж байсан байна. Энэ оны гуравугаар сард юм, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг "Бидний хайрлан дээдлэх, үйлс бүтээлийг нь сурталчилж байх ёстой хүн бол Д.Жанчив багш маань юм. Монголын бүхий л хөгжмийн онолчдын багш, хөгжмийн зохиолчдын ч багш. Хэрвээ Д.Жанчив байгаагүй бол Жанцанноров ч, Шарав ч байхгүй. Мэргэжлийн, мэргэжилтний нь хувьд ярьж байна л даа. Тийм л сурган хүмүүжүүлэгч хүн юм. Тухайн үед урлагийн салбар учир мэдэх удирдах ажилтан цөөн байсан болохоор тэр байх, багшийг чухал мэргэжлээр төгсгөсөн хэрнээ төр ихэвчлэн даргаар ажиллуулж ирсэн. Дуурь, симфонинй удирдаач мэргэжлээрээ тэр бүр ажиллаж байгаагүй ч насан турш хөгжмийн онол, арга зүйтэй "зууралдсан”. Одоогийн хөгжмийн онолч, судлаачдын ашиглаж, баримталдаг бүхий л ном, гарын авлагыг багш бичсэн. Тийм их хүч, нөөц юм. СУИС-иас төрсөн хөгжмийн зохиолчдын дууны бүтээлийн тоглолт хийх гээд, алдартай "Анхны хайр” дууг нь дуулуулахаар бэлтгэж байх үедээ багшид гоё зургаа хүүхдээр өгөөд явуул гэхэд "Миний зургаар яах гэсэн юм” гэж байсан. Тийм л даруу хүн. Дарга байхдаа ч тийм байсан. Гавьяат, доктор болоод ч өөрчлөгддөггүй ийм нэг Бурхан байх юм даа” гэж байлаа. 
Өнөөдөр алдарт багшийн үе үеийн шавь нар, хөгжмийн урлагийн салбарынхан, урлагийнхан, түүнийг мэдэх, таних, хүндлэн дээдэлдэг бүхий л монголчууд харамсан гашуудаж байна. Эрхэм хүндэт, эрдэмтэн буурал багш та, амгалан нойрс доо.

Шавь нарынх нь хүсэлтээр бичсэн Р.Оюунжаргал

2018.5.11

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх