Ж.Даваадулам: Их сургуулийн захирал тухайн сургуулийнхаа профессорын рангтай хүн байх ёстой

МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхмийн дэд профессор, доктор Ж.Даваадуламтай боловсролын салбарын зарим асуудлуудын талаар нээлттэй, илэн далангүй ярилцахыг зорилоо.  

Ж.Даваадулам: Их сургуулийн захирал тухайн сургуулийнхаа профессорын рангтай хүн байх ёстой

 

-       Их дээд сургуулиудын төгсөгчид хонхны баяраа тэмдэглээд эхэлчихлээ. Танай сургууль төгсөгчдийн хонхны баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Бусдын адил жишгээр үү, арай өвөрмөц хэлбэрээр үү? Багшийн хувьд, төгсөгчид хонхны баяраа яаж тэмдэглээсэй хэмээн хүсдэг вэ?

-       Их дээд сургууль төгсөнө гэдэг бол хүний амьдралын чухал үйл явдал. Мартагдашгүй сайхнаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй. 1960-аад онд МУИС төгсөгчиддөө зориулан ширээ засч, сургуулийн удирдлагууд, багш нар нь сургамжийн сайхан үг хэлж байсан тухай ахмад төгсөгч дурсан ярьж байна. Хамгийн ойр дотно байсан багш нь сүүлчийн лекц уншдаг сайхан заншил бас байсан. "Мөнгөн хонхны баяр” гэдэг нэг талаар сургуулиа төгсөж нэгэн мөчлөг дуусч байгаа баяр, нөгөө талаар ажил амьдралын гараагаа эхэлж байгаа баяр. Хонхны баярыг гутааж байгаа хоёр зүйл бол архидалт, их хэмжээний зардал хоёр гэж ойлгож байгаа. Миний хувьд хонхны баярыг сургуулийнхаа аль нэг том танхимд эцэг эхээ уриад, багш нартайгаа ёслол төгөлдөр сайхан тэмдэглэх нь зүйтэй гэж боддог.

 

-       Хонхны баяраа тэмдэглэн, бөөн догдлоостой төгссөний дараа ажил хайх асуудал тулгардаг. Энэ хэт олон их дээд сургуулиудын талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-       Боловсрол бол боломж юм. Боломжийг хэрхэн ашиглах нь эзэн хүнээс л хамаарна. Хэн нэгэн хүн, хэн нэгэн хүнд ажлын байр бэлдэх тухай асуудал гол нь биш юм. Хүн өөрөө "би энэ сургуульд сурснаар олж авсан мэдлэг, чадвараа хэрхэн ашиглах вэ, би юу хийж чадах вэ, миний сурсан мэдсэн зүйл хаана хэнд хэрэгтэй вэ” гэж өөрөө өөрөөсөө асуух, мөн судлах ёстой. Өөрөө өөртөө ажлын байр бий болгох тухай асуудал ч байж болно. Олон их дээд сургууль зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдах ёстой гэж боддог. Их дээд сургуулиудыг хаагаад, нийлүүлээд, улаан шугам татаад гэх мэт ярьдаг боддог хүмүүс байдаг. Би эсрэг бодолтой байдгаа нуудаггүй. Хүнийг, хүний хүүхдийг тэгвэл, ингэвэл таарна гэх эрх хэнд ч байхгүй. Дээд боловсрол олж авах эрх хүн бүхэнд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой. Энэ нь нийгмийн ардчиллын нэг хэсэг юм. Миний үзэл бодол бол товчхондоо,  нэг талаас дээд боловсрол хүн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой, нөгөө талаас хувь хүн боловсрол эзэмшсэнийхээ төлөө төр засагт ч юм уу, хэн нэгэнд "ялархдаггүй” байх сэтгэхүйд суралцах хэрэгтэй.

Орчин үеийн оюутнуудын суралцах чиг хандлага ер нь ямархуу байгаа вэ? Өмнөх жилүүдээс өөрчлөгдөж байна уу?

-       Цаг үе өнгөрөхөд өөрчлөгдөх зүйлс ч байдаг. Өөрчлөгдөхгүй зүйлс ч байдаг. Өөрчлөгдөж байгаа нь техник технологи юм. Оюутнуудад мэдээлэл олж авах асар өргөн боломж нээгдэж байна. Тэр хирээрээ хүүхдүүд ирээдүйдээ илүү итгэлтэй болж байгаа мэт санагдаж байгаа. Нөгөө талаас мэдээллийн далайд хөл алдах явдал байж болно. Хичээлээ чөлөөтэй сонгодог болсноор оюутан бүр өөрийн цаг, боломжид таарсан хувийн хөтөлбөрөөр хичээллэх боломжтой болсон. Багшаа өөрөө сонгодог болсноор мэр сэр яригддаг онцгүй ярианууд байх боломжгүй болсон гэж ойлгодог. Товчхондоо,  өнөөдрийн оюутан бол өчигдрийн оюутантай харьцуулахад хамаагүй илүү эрх чөлөөтэй, асар их боломжтой оюутан юм. Оюутнууд ч үүнийгээ мэдэрч байх шиг. Гэхдээ эрх чөлөөгөө эдлэхийн тулд, боломжийг бодит байдал болгохын тулд дээд зэргийн хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх шаардлагатай. Энэ тал дээр оюутнууд барьц алдаж байх шиг санагддаг. Оюутан залууст ч гэлтгүй хүн бүхэнд эрх чөлөөт нийгэмд өөрөө өөртөө эзэн болж амьдарч сурах шаардлага тулгарсаар байгаа шүү дээ. Тэгээд барьц алдахдаа "одоо ийшээ яв, тэг, ингэ” гээд заагаад захиргаадаад өгдөг хэн нэгнийг хүсэмжлэх хандлага ч нийгмийн сэтгэл зүйд ажиглагдах болсон.

Оюутнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа бол? МУИС-ийн шинэ номын санд хэр сууж байна?

-       МУИС-ийн шинэ номын санд маш сайн сууж байгаа гэж номын сангийн эрхлэгч хэлсэн шүү. Өнгөрсөн жилээс 2-3 дахин нэмэгдсэн гэсэн. Хичээлийн бус цагаар оюутнууд ажиллах нь түгээмэл болсон нь ажиглагдаж байгаа. Залуу үе спортоор ч их хичээллэж байх шиг харагддаг. 

 -       Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ боловсролд анхаарах хандлага ямархуу байдлаар ажиглагдаж байна вэ? Ирээдүйн эзэмших мэргэжилд нь хэр ач холбогдол өгч байгаа бол?

-       Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг шүү дээ. Амь, амьдралаараа дэнчин тавьж хүүхдээ сургах гэж зүтгэцгээж байна. Ирээдүйн эзэмших мэргэжилд нь ч асар их ач холбогдол өгч байгаа. Гэхдээ энэ бүх зүтгэл тэмцлийн гол дүр болсон хүүхэд нь өөрөө чухам юу хүсч, юу мөрөөдөж байгааг анхаарахгүй байх шиг санагддаг. Хүний хүүхэд чадаж байгаа юмыг миний хүүхэд чадна гээд л дайрчихна шүү дээ. Хүүхдээ амьсгаа ч авах завгүй болтол нь сургалтанд суулгаж байна. Бас их мөнгө төлөөд үнэтэй сургуульд сургачихвал, сайн багш хөлсөлчихвөл бүх юм болчихно гэж бодоод байх шиг. Үүн дээр ч боловсролын бизнес тогтож байна. Гэвч сурах гэдэг бараг нэг талт процесс. Хүн өөрөө л сурна шүү дээ. Багш бол туслах үүрэгтэй.

Ж.Даваадулам: Их сургуулийн захирал тухайн сургуулийнхаа профессорын рангтай хүн байх ёстой

 

-       Их дээд сургуулиудын багш нарын хувьд хамгийн тулгамдсан асуудал юу байгаа вэ? Үүнд жишээ нь, МУИС-ийн зүгээс хэрхэн анхаардаг бол?

-       Хүн бүрийн хамгийн тулгамдсан асуудал бол цалин шүү дээ /инээв/. Ер нь ялангуяа сүүлийн жилүүдэд төрийн өмчийн их дээд сургуулиудад тулгарч байгаа хамгийн том асуудал бол улс төрийн оролцоо юм. Захирлын томилолт дээд зэргээр улс төржих болсон. Дагаад бөөн бужигнаан болдог. Их сургууль бол академик байгууллага. Эрдэмтэд ажилладаг байгууллага. Багш нар нь насаараа ажилладаг байгууллага. Багш нар бол их сургуулийн хамгийн үнэтэй капитал, бараг бүх юм нь. Багш нар сэтгэл зүйн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хамгийн тав тухтай орчинд ажиллаж байж сургалт, эрдэм шинжилгээ сайн байна. Гэтэл нэг томилолтын захирал хүрээд ирдэг. Ирээд багш нарыг л дарамтлах ажил хийдэг. Багш нарыг дарамтлахын тулд баахан хэрэггүй орон тоо бий болгож, жаал бужигнуулж байгаад явчихдаг. "Үнс нурам" нь бужигнаад л үлддэг. Дараагийн бужигнуулагч ирдэг. Ийм жишиг тогтох шинжтэй байна. Их сургуульд академик эрх чөлөө, тодорхой хэмжээний тусгаар тогтнол олгохгүй бол юун Азийн шилдэг болох нь байтугай, бараг сургуулиа тарааж болзошгүй нь. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академичид дотроосоо сонгогддог сайхан жишиг байдаг. Үүний адилаар Их сургуулийн захирал тухайн сургуулийнхаа профессорууд дотроос сонгогддог байвал илүү үр өгөөжтэй баймаар.

-       Эрдэмтэн судлаачдын үгийг эрх баригчид хэр хүлээж авч байна вэ? Уг нь, эрдэмтэд, инженерүүд л эх орноо хөгжүүлэх юм шиг санагдаад байдаг юм. Гэтэл манайхан урлаг, спортоо илүү шүтээстэй, илүү ихээр урамшуулдаг. Энэ талаар өөрийн тань бодол?

-       Эрх баригчид гэдэг маш тогтворгүй ойлголт. Өнөөдөр нэг эрх баригч байна. Маргааш өөр эрх баригч гарч ирнэ. Ерөнхий утгаараа, манай орны төр засгийн эрх ард түмний гарт бий. Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг. Ард түмэн урлаг спортыг шүтэж байхад тийм л төр засаг байна шүү дээ. Нөгөө талаар, сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан эрдэмтэд, инженерүүд, сэхээтнүүд, ер нь хэвийн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст улс төрд орох боломж хаалттай байна. Уг нь Үндсэн хуулиараа нээлттэй. Харин бодит байдал дээр хаалттай. Сонгууль болно. Эрх баригчид солигдоно. Энэ бол ардчиллын гайхамшиг. Харин дараагийн эрх баригчид хэн байх вэ, ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Нийгмийн гажуудал бүхэн эрх зүйн системтэй холбоотой гэдэг. Гажуудал нь хаана байна вэ. Энэ бол тусдаа том асуудал. Нөгөө нэг том асуудал бол нийгмийн сэтгэл зүй, иргэдийн улс төрийн боловсрол юм. Иргэдийн улс төрийн боловсрол муу байхад тэрэнд нь таарсан төр засаг л сонгогдсоор байх болно.

 - Баярлалаа. Эрдмийн үйлсэд нь амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх