"ТУНГАЛАГ ГУНИГИЙН УЛИРАЛ"-Д

Болор цомын эзэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, Их утга зохиолын эрхэм хүмүүн, журмын нөхөр Арлааны Эрдэнэ-Очир маань идэр залуугаараа бурхны оронд морилжээ. Эрхэм нөхрийнхөө гэгээн дурсгалд эмгэнэн зориулав хэмээн Болор цомын эзэн, яруу найрагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ийн бичжээ

"ТУНГАЛАГ ГУНИГИЙН УЛИРАЛ"-Д

 

 

Шандын талд цэцэгс хэнзэлж зун айсуй байхад
Шараа тайлж хөнтөрсөн ганц юм хугасаараа байхад
Шаналангийн гуниг үргээх шад шүлгийг чинь сонсмоор л байхад
Шамбалын орон руу юунд яаран яаран одов доо
Бурхны тансаг үгсийг хүмүүст дамжуулсныхаа хариуд
Буцаад явах хугацаа ийм л хурдан гэж үү
Сэтгэлийн яруу эгшгээр хүмүүнийг хөглөснийхөө төлөөсөнд
Сэмэрч одох амьдрал тийм л богинохон гэж үү
Газрын магнайгаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохойд
Гандиймааг аялж гал залуухан бас халуухан явсан
Ээж чинь сүүгээрээ зөөллөж, эцэг чинь өргөсийг нь түүсэн
Энхэл донхолтой хувь заяаны зам ингээд дууслаа гэж үү
Чимэг маяггүй өөрийнхөөрөө оршсон эгэл атлаа эрхэмсэг
"Чиний цуглуулсан хорвоо"-д хүмүүс хичнээн хайртай билээ
Амьдралын үнэн, хорвоогийн ухаарал, сэтгэлийн гэгээрэлтэй шүлгийг чинь
Айраг мэт залгилахдаа хүмүүс яасан дуртай билээ
"Нар сарны урсгал"-д "Гэнэн шувууд" жиргэхэд
Найргийн "Бэхэн цэнхэр өдрүүд"-дээ чи оршсоор л байх болно
Туулсан зам, дуулсан дуу, хайлсан шүлэг бүхнээсээ
"Тунагалаг гунигийн улирал"-даа чи ургасаар л байх болно
Цэх зогсоод буудуулсан ч сум үл хүрэх
Цээжний алсад байдаг эх орны хүү минь
Цэцэн онгодоор зэвсэглэсэн их найргийн хурандаа минь
Цэцэгт талынхаа хөрсөндөө амар тайван нойрсдоо
Шандын талд цэцэгс хэнзэлж зун айсуй байна
Шанхныхаа үсийг хийсгэн хэнэггүйхэн алхахыг чинь хармаар байна
Шаналангийн гуниг үргээсэн шад шүлгийг чинь сонсмоор л байна
Шанхын говийнхоо тэнгэр дор дахин төрөх болтугай

 

Жамъянгийн Мөнхбат
2018-05-15

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх