Улс төр, сонгууль, эмэгтэйчүүд

Ц.ЭРДЭМ

"Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган дөрөвдүгээр сарын 4-нд болж өнгөрлөө. УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаа цаг үетэй давхцан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж байна. Чуулганд 330 сумын, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон 2200 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 450 гаруй төлөөлөгч эмэгтэй, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл нийт 600 гаруй төлөөлөгч оролцсон юм. Үндэсний чуулганы онцлох ишлэлүүдээс уншигчдадаа хүргэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг

-Эмэгтэйчүүд өнөөдөр нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг хэрнээ шийдвэр гаргах түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байдаг.Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдвэрлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь Улсын Их Хурлаар 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 хувь болгож чадлаа.

 

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид зөвхөн квотын хэмжээнд найдалгүйөрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж 

- 1990 оноос хойш Монгол улсад олон намын тогтолцоо төлөвшиж, улс төрийн сонгуульд өрсөлдөж нэр дэвших үйл явц илүү төвөгтэй, өрсөлдөөнтэй болсон, болсоор ч байна. Улс төрийн нам дотор нийт нэр дэвшигчид, ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд сонгууль чухал улс төрийн капитал, эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл болон хувирсан юм. Энэхүү тэмцэлд эмэгтэйчүүд эрх мэдэл, улс төрийн туршлага, хөрөнгө санхүүгийн хувьд хүчин мөхөсдөж ирсэн. Энэ нь эмэгтэйчүүд бид нам дотроо болон намаас гадуур зохион байгуулалтад орох шаардлагатай байгааг баталсан. Намын гадна бид сонирхолын бүлгийн хэлбэрээр, намын дотор эмэгтэйчүүдийн байгууллага, бүлэг жигүүр хэлбэрээр тодорхой зохион байгуулалттай байх нь олон залуу эмэгтэйчүүдэд улс төрийн мэдлэг, туршлага олж авах улмаар цаашид шийдвэр гаргах түвшинд сонгогдох урьдчилсан нөхцөл бүрдүүлэхэд нөлөөлнө.

Бид "эмэгтэйчүүдийн квот” бүгдийг шийдвэрлэж чадахгүй байгааг өнгөрсөн сонгуулийн туршлагаас харлаа. Тиймээс бид зөвхөн квотын хэмжээнд найдалгүйөрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж гэдгийг анхаарах цаг болжээ.

Өрсөлдөх гэдэг бол арцалдах, сөргөлдөх эсвэл барьцах тухай асуудал биш гэдгийг 20 жилийн улс төрийн амьдралын минь түүх надад үргэлж хэлж байсан.Эмэгтэйчүүд өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшинээс өндөрт гарч өсөх нь чухал байна.Бид хорин жилийн дараа ямар болов, хэрхэн туршлагажив, хэрхэн улс төрд хатаагдав гэдгээ дүгнэн цэгнэж буй нь өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох учиртай.

 

 

 

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Эмэгтэйчүүд эмх цэгцийг өөрсдөөсөө эхэлье

 -Эмэгтэйчүүд эрх мэдэл, албан тушаал хуваалцах гэж улс төрд ордоггүй. Эмэгтэйчүүд улс орноо эмх цэгцтэй байлгах, эв эеийг хичээх, хөгжүүлэх гэж улс төрд ордог, үүрэг хүлээдэг. Тиймээс эмэгтэйчүүд эмх цэгцийг өөрсдөөсөө эхэлье. Эмэгтэйчүүд тайван тогтвортой амьдрал, хуулиа дээлдэг, сахилга бат дүрэм журамыг бий болгодог. Манай улс төрийн амьдралд ийм л зүйл дутагдаж байна. Үүнийг засахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноор гарах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүд сэтгэл зүй, оюун санааны төвлөрөл, эрч хүч, эмх цэгцтэй байдлаар улс төрд амжилт олно.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг" санаачлан эхлүүлж байна

Улс төр, сонгууль, эмэгтэйчүүд

-Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаагаас гадна үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орныхоо ажлыг давхар нуруундаа үүрч байдаг эмэгтэйчүүд бидэнд хаана байгаагаасаа үл хамаааран асуудлаа хамтран шийдэх асар том боломжийг шинэ зууны цахим ертөнц буюу "ЗӨӨЛӨН ДЭД БҮТЭЦ” олгож байна. Өнөөдөр цахим ертөнцөд үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон группүүд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр ашигтай, амьдралд хэрэгтэй, сургамжтай зөвлөгөө, нөү хау, амьдралын түүхүүд, шийдэл хичнээн олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж, урамшуулж, зоригжуулж байгааг тооцож баршгүй. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн эрх ашгийг нэгтгэсэн цахим сүлжээнүүд амжилттай ажиллаж байна.

Тиймээс бид "Эх орны эмэгтэйчүүд цахим сүлжээг" санаачлан эхлүүлж байна. Энэ бол хэн нэгний, аль нэг намын бус Монгол эмэгтэйчүүдийн асуудлаа хамтран хэлэлцэж шийдэхиндэр байх болно. Энэхүү сүлжээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд нэгдэхээс гадна гадаад улс оронд амьдарч байгаа монгол эмэгтэйчүүд нэгдэн оржасуудлаа хэлэлцсэнээр цаг алдалгүй шийдлээ олох боломжийг нээх зорилготой юм.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:Улс төр, сонгууль, эмэгтэйчүүд

Өнөөдөр хэдэн хороон даргыг эс тооцвол 21 аймаг, 9 дүүргийн нэгэнд нь ч эмэгтэй Засаг дарга байхгүй

-Энэ нь эмэгтэйчүүдийг улс төр,эдийн засаг,нийгмийн идэвхтэй оролцогч болгон чадавхжуулснаар тэдэнд бодлогын сонголтыг оновчтой хийх,олон салбарын санаа бодлыг илэрхийлэх боломж бүрдэж буйг илэрхийлж байна. Эмэгтэйчүүд улс төрд орох асуудлыг дарга болох,эрх мэдэлд дуртай хүүхнүүдийн хийрхэл гэж тайлбарлах хандлага одоо хэр ч байна.Эмэгтэйчүүдийн хүсээд байгаа эрх мэдэл бол улс орны амьдралыг зөв залж чиглүүлэхэд эхийн ухаанаар л оролцъё гэсэн үг. Хэрэв улс орон, төр засгийн бодлогыг тодорхойлоход Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар,аймаг нийслэлд 15 хувь, дүүрэгт 20 хувь,суманд 25 хувь, хороонд 30 хувиас доошгүй байхаар заасан. Өнөөдөр хэдэн хороон даргыг эс тооцвол 21 аймаг, есөн дүүргийн нэгэнд нь ч эмэгтэй Засаг дарга байхгүй. Хэрэв хуулийн хэрэгжүүлж улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшинг энэ хэмжээнд нь барьсан бол өнөөгийн нөхцөл байдал арай өөр өнгө аястай л байх байсан. Хамгийн наад захын жишээ татахад бүх мөнгө хөрөнгөө зам руу хаях уу,эсвэл сургууль,эмнэлэг,цэцэрлэгийн асуудлаа эхлээд шийдэх үү гэдэг сонголтын хувь хэмжээг өөрөөр л хийнэ.Тулгамдсан асуудлаа оновчтой эрэмбэлж шийдлээ зөв тодорхойлох асуудал өнөөгийн нийгэмд чухал байна.

-Манай Шилүүстэй сумын тухайд сумын Засаг дарга, ИТХ-ийн тэргүүлэгчдийн дарга хоёулаа эмэгтэй. ИТХ-ын 46 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Шийдвэр гаргах төвшинд илүү олон эмэгтэй ажиллаж байна. Эмэгтэйчүүд олон байх тусам аливаа зүйлд ажигч гярхай, нямбай, эмх цэгцтэй, тавьсан зорилгодоо заавал хүрдэг энэ чанараар эрэгтэйчүүдээс илүү. Эмэгтэй удирдлагатай сум орон нутагт хорт зуршил архидалт үгүй болж гэмт хэрэг хэв журмын зөрчил багассан зэрэг сайн нөлөөтэй олон байна.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх